Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2026/0013

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын

Прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын

дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

                                                                                       

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа

           Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн  

 

Давж заалдах гомдол гаргасан: Дүгнэлт гаргагч З.А

Дүгнэлт гаргагч: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.А

    Хариуцагч: Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0070 дугаар шийдвэртэй

Шүүх хуралдаанд оролцогчид: Дүгнэлт гаргагч хяналтын прокурор З.А /цахимаар/, хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Б/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б /цахимаар/ нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 125/2025/0064/3

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ховд аймгийн Булган сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор З.А нь “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 0070 дугаар шийдвэрээр: Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-т холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Дүгнэлт гаргагч З.Аос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...Прокурорын дүгнэлтийн зорилго, хууль зүйн үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй. Прокурорын дүгнэлтийн үндэслэлд "Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Т.Б-д 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 9 хайрцаг, 216 лааз хийжүүлсэн ундааг хураан авч шийдвэрлэсэн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, учир нь холбогдогч Б.Гнь 384 ширхэг хийжүүлсэн ундааг хувийн Хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохироогүй" талаар тайлбарласан. Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үндэслэлээ дэмжин оролцсон.

3.2. Тодруулбал холбогдогч Т.Б-ийг буруутгагдсан зөрчлийн шинжийг хуульд "Хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүн хамаарахгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд тооцсон нь үндэслэлгүй. Холбогдогч Б.Гнь 384 ширхэг хийжүүлсэн ундааг хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулж тогтоосны эцэст хүнс импортолсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм. Учир нь Дэлхийн худалдааны байгууллагын WTO/-ын ойлголтоор импорт гэдэг нь тухайн улсын гаалийн хилээр "худалдааны урсгалын зорилгоор" бараа оруулж байгаа үйлдэл юм. Энэ утгаараа "импорт" бол бизнесийн зориулалттай худалдаа, эдийн засгийн урсгалын нэг хэсэг. Хувийн хэрэглээний бага хэмжээний хүнс нь арилжааны импорт гэж үзэгддэггүй, тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй, зөвхөн хорио цээрийн хяналтад хамаарахаар Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд журамласан байна.

Гэтэл анхан шатны шүүх Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "Хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно" гэж заасан тул гэсэн заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгож тайлбарласан үндэслэлгүй болжээ. Хүнсний тухай хуулийн 11.2 дугаар зүйлд хүнс импортлоход тавигдах шаардлагыг тусгайлан заасан бөгөөд энэхүү шаардлага нь зөвхөн хүнс импортлох үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд хамааралтай гэж үзэхээр байна.

3.3. Шүүх маргааны үйл баримтад илтэд хамааралгүй Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ыг шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 13.2-т "Хувь хүний нэр дээр илгээсэн болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааны үнийн дүн 3.000.000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош бол "Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас" /Маягт №2/-аaap, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ" гэснээс дүгнэхэд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс доош барааны үнийн дүнтэй барааг хилээр "Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас"-аар мэдүүлэн гаалийн хилээр оруулах эрх зүйн боломжтой байна.

3.4. Зөрчлийг нотлох ажиллагаа хангалтгүй хийгдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой", 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэх журмуудад нийцээгүй зөрчил бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэхээр байна. Үүнд:

-Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос авсан мэдүүлгээс дүгнэхэд зөрчилд холбогдогч Т.Б нь тухайн хийжүүлсэн ундааг ямар зорилгоор Хятад

улсаас гаалийн хилээр оруулж ирсэн нь тодорхойгүй, энэ талаар тодруулан мэдүүлэг аваагүй, мэдүүлгийн агуулга хэт товч,

-Холбогдогч Т.Б нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх гаалийн мэдүүлэг материалд нотлох баримтаар авагдаагүй, мэдүүлэг авах ажиллагааны явцад тодруулан шалгах боломжтой байсан боловч шалгаагүй,

Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл гэсэн баримтуудад "...хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон" тухай зөрчил илрүүлсэн гэж тэмдэглэсэн боловч уг бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй болохыг нотлох баримтаар тогтоож, энэ талаарх баримтыг материалд тусгаагүй байна.

3.5. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Засгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам"-ын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт прокурор тайлбарласан. Тодруулбал зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Т.Бийн эзэмшлийн 9 хайрцаг, 216 ширхэг лаазтай хийжүүлсэн ундааг хураан авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тус журмын 2.8 дахь заалтад "Хураагдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, химийн болон цацраг идэвхт бодис, нян, өсгөвөр, эм, эмийн түүхий эд, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрх бүхий албан тушаалтан заавал шинжилгээнд хамруулсны дараа Зөвлөлд хүргүүлнэ",

Мөн журмын 4.1 дэх заалтад "Эрх бүхий байгууллага, албан тушаалтан, эсхүл шинжээч тухайн хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд Зөвлөлөөс тэдгээрийг устгах шийдвэр гаргаж, устгах ажлыг зохион байгуулахыг Устгалын комисст даалгана" гэж тус тус заасан. Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад албадлагын арга хэмжээний хүрээнд хураагдсан хүнсний зориулалт бүхий 216 ширхэг лаазтай хийжүүлсэн ундаа нь ашиглагдах боломжтой эсэхийг тогтоохын тулд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй эсхүл эрх бүхий албан тушаалтан өөрөө энэ талаар дүгнэлт гаргаагүй нөхцөл байдалд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

3.6. Эрх бүхий албан тушаалтан нь дээрх журмын заалтыг хэрэгжүүлэн ажиллахын тулд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан эд зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад "Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ" гэж заасны дагуу 216 ширхэг лаазтай хийжүүлсэн ундаанд шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан. Гэвч энэ ажиллагааг орхигдуулсан тул шийтгэл оногдуулсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхээргүй байна.

Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 125/ШШ2025/0070 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан прокурорын гомдол гаргав” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2. Ховд аймгийн Булган сум дах Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.Аос Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-ийн үйлдсэн 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Б-т холбогдуулан гаргажээ.

3. Хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Бнь 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “...зорчигч Т.Б нь тус бүрдээ 330 мл-ээр савласан 9 хайрцаг, нийт 216 лааз хаяг, шошгын зөрчилтэй хийжүүлсэн ундааг холбогдох дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бусаар тээврийн хэрэгслээр импортлон улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан” гэх зөрчлийг илрүүлж, холбогдогч Т.Б-ийг 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна гээд 1.1-д хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн гэж зааснаар улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрхийг, мөн хуулийн 1.12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Эрх бүхий албан тушаалтан, эсхүл прокурорын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг энэ зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч хянасан прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 8.1-д шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох гэж, 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 1.1-д зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, мөн зүйлийн 4 дэх хэсэгт Прокурор энэ зүйлд заасан гомдлыг шийдвэрлэхэд энэ хуулийн 1.12 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт заасан журмыг баримтална гэж зааснаар прокурорт эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянах бүрэн эрхийг хуулиар олгосны дагуу хяналтын прокурор З.Аос дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

5. Дүгнэлт гаргагч хяналтын прокуророос 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дүгээр дүгнэлтийн үндэслэлээ “...холбогдогч лаазтай хийжүүлсэн ундааг ямар зорилгоор Хятад улсаас гаалийн хилээр нэвтрүүлсэн талаарх нөхцөл байдлыг тодруулаагүй, ...хаяг шошгийн зөрчилтэй бүтээгдэхүүн байсан гэдгийг нотлох баримтыг эрх бүхий албан тушаалтан цуглуулаагүй, энэ талаар нотолж чадаагүй, ...хураан авсан бүтээгдэхүүнд дүгнэлт гаргуулаагүй, ...шийтгэлийн хуудасны 5 дахь заалтад ямар эд зүйлсийг ямар хэмжээ, шинж тэмдэгтэй эд зүйлийг хураан авч зөвлөлд шилжүүлсэн талаар бичээгүй, ...шийтгэлийн хуудас үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй” гэж,

Хариуцагч гаалийн улсын байцаагчаас “...улсын хилээр татваргүй нэвтрүүлэх эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн тул зорчигчийн хэрэглээний эд зүйл биш болох нь нотлогдсон, ...иргэн холбогдох дагалдах бичиг баримтгүй зориулалтын бус тээврийн хэрэгслээр хууль бусаар оруулж ирсэн, ...зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлж барагдуулсан, ...эд зүйлийг хураасан талаар шийтгэлийн хуудаст бичигдсэн, ...хятад үсэгтэй, лаазтай ундааны зураг болон тэмдэглэл, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд зөрчлийн хэрэгт авагдсан, ...дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

6. Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хүнс" гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг хэлнэ гэж, мөн хуулийн 11 дүгээр зүйлд Хүнс экспортлох, импортлоход тавих шаардлага гээд 11.1-д Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлоно гэж, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг ...импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр... торгоно гэж тус тус заасан.

 Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж; 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсон байна.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зөрчилд холбогдогч Т.Б нь 216 лааз хүнсний бүтээгдэхүүн /хийжүүлсэн ундаа/-г холбогдох дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр Хүнсний тухай хууль зөрчин хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил гаргасан болох нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, хураан авсан хүнсний бүтээгдэхүүний гэрэл зураг, эд зүйлийг хураан авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу холбогдогч Т.Б-д 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

7. Өөрөөр хэлбэл, маргааны тохиолдлын хувьд Хүнсний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн болох нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалд авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдож байх төдийгүй,  зөрчилд холбогдогч нь эрх бүхий албан тушаалтны 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, 1.000.000 төгрөгийн торгуулийг төлж барагдуулсан, зөрчлийн үр дагавар нь шууд илэрсэн байх тул түүнд шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл нь зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага зайлшгүй хүлээлгэх хуульд заасан шийтгэлийн зорилгод нийцсэн гэж үзэхээр байх тул энэ талаарх дүгнэлт гаргагчийн “...зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохироогүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

8. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалын хавсралтаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ыг баталсан байх ба уг тушаалын 2-д “Улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн бараанд гаалийн болон бусад албан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураан авахыг гаалийн улсын байцаагч нарт үүрэг болгосугай” гэж, мөн журмын 2.1-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аяллын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна” гэж, 2.2.6-д “”арилжааны зориулалттай хүнс” зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй” гэж тус тус зохицуулснаас үзэхэд “...зөрчилд холбогдогч Т.Б нь нийтийн тээврийн автобусанд явсан зорчигч учраас энэхүү журамд зааснаар хувийн хэрэглээний эд зүйлээ зохицуулж авч явахаар байх атал 216 лааз /ширхэг/ ундаа авч явсныг хувийн хэрэглээний хүнс гэж үзэх үндэслэлгүй” энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих Хүнсний тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.А-ын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 04 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1028036 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдол дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 70 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, дүгнэлт гаргагч З.А-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т заасныг баримтлан дүгнэлт гаргагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

                               ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

                    ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

                 ШҮҮГЧ                                                    Н.ДОЛГОРСҮРЭН