Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

            Шүүгдэгч Н.Батхүрэл, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татсан тогтоол баталж ирүүлсэн Нарантуяагийн Батхүрэлд холбогдох, 201625032180 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр зүйлийн 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, хуучин цэргийн хотхон гудамж, 5-35 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, төрөөс авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хошуут овогт Нарантуяагийн Батхүрэл (РД:МР83121412),

            нь (сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд) 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Наранбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус хэсэгт цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Батдаваагийн багын найз намайг ирэхэд халамцуу байсан. Би ирээд 0.5 литрийн архинаас уусан. Тэгсэн өөрөө бууж ирээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохьсон. Хохирогчид 220.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Н.Батхүрэлээс хэрэг бүртгэлтэд сэжигтнээр мэдүүлэхдээ:-Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13.00 цагийн үед урьд нь хамт ажиллаж байсан Батдаваа ахтай уулзахаар гэрийнх нь гадаа яваад очтол байрныхаа гадна машиндаа Наранбаатар гэх залуутай 1 шил 0.5 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэгээд бид гурав архийг нь хувааж уучихаад Батдаваа ах бид хоёр Дэнжийн 1000-ын цагаан байранд очиж хүнтэй уулзах гээд такси барих гэтэл Наранбаатар дагаад цуг явъя гээд байсан ба Батдаваа ах чи архи уучихаараа янз бүрийн авиртай юм чинь шууд гэртээ харь гээд байсан. Тэгсэн Наранбаатар таксинд орж ирээд арын суудал дээр миний хажууд суучихаар нь аваад явъя гээд хамт явсан. Тэгсэн замдаа Наранбаатар намайг нохойн гөлөг, муу банди гэх мэтчилэн элдвээр хэлээд байхаар нь та одоо тэгж болохгүй, юу яриад байгаа юм гэдгийг хэлсэн. Сүүлдээ миний уур хүрээд хоорондоо маргалдсан. Ингээд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр цагаан байрны орчим ирээд таксинаас буутал Наранбаатар чи муу гөлөг гээд дахиад хэл амаар доромжлоод миний цээж рүү цохиод авахаар нь зөрүүлээд нүүрэн тус газар гараараа 2 удаа цохьсон. Батдаваа ах таксинаас бууж ирж салгаад Наранбаатарыг аваад явсан гэжээ.

            Хохирогч Н.Наранбаатараас хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-Би 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 13.00 цагийн үед өөрийн найз Батдаваатай уулзахаар Улаанбаатар их дэлгүүрийн замын урд талд байрлах гэрийнх нь гадна очиход гэрээсээ гарч ирээд машин дотор нь уулзаж 0.5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уугаад сууж байх үед түүнтэй урьд нь хамт ажиллаж байсан Батхүрэл гэдэг залуу ирсэн. Батхүрэл ирэхдээ жаахан халамцуу архи уусан байдалтай ирсэн ба бид гурав архи ууж дуусаад Улаанбаатар их дэлгүүрийн ойр хавиас такси барьж Батдаваа урд талын суудал дээр Батхүрэл бид хоёр арын суудал дээр суугаад явсан. Батдаваа, Батхүрэл хоёр дэнжийн мянга дээр очиж хүнтэй уулзана гэхээр нь би тэр хавиас нь Улиастай дэнжийн 1000 чиглэлийн автобусанд суучихъя гэж бодоод машинд нь хамт суугаад явсан юм. Таксинд суугаад явж байх үед Батхүрэл нь надтай хэл амаараа муудалцаад миний хэлсэн үгийг өлгөж аваад надтай муудалцах гээд байхаар нь Батхүрэлд хандаж “ахын дүү чи иймэрхүү яриатай байж болохгүй шүү” гэж хэлэхэд Батхүрэл тухайн үедээ миний хэлсэн үгийг ойлгож байгаа дүр үзүүлж байсан. Тэгээд бид гурвын сууж явсан такси Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр цагаан байрны хойд талд зогсож байхад Батхүрэл гэнэт чамаар хэлэх үгээ заалгахгүй шүү гэж уурлан намайг шууд машинаас чирч буулгаад миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд нь би газар уначихсан ба дөнгөж өндийтөл шууд миний нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөхөд нь шүд уначихлаа гээд дээш өндийх гэж байтал гараараа баруун талын нүүр хэсэгт 1 удаа цохьж, ална гээд дайраад байсан бөгөөд Батдаваа тэр залууг надаас холдуулах үед өөрөө зодуулчих гээд байсан. Тэгээд бид хоёр Батхүрэлийг ингэж болохгүй гэж тайвшруулаад зугтах шахуу явсан. Би тэр залууг зөрүүлж зодсон асуудахл огт байхгүй. Ер нь бол Батхүрэл нь архи уухаараа их авир муутай, асгам хүн байна лээ гэжээ.

            Гэрч Д.Батдаваагаас хэрэг бүртгэлтэд мэдүүлэхдээ:-2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай 10 жилийн ангийн хүүхэд Наранбаатар манай гэрийн гадаа ирж уулзаад бид хоёр миний машин дотор 0.5 литрийн Хараа нэртэй архи 1 шилийг уугаад сууж байтал надтай уулзах гээд өмнө нь надтай хамт ажиллаж байсан Батхүрэл ирээд бид гурав үлдсэн архиа хувааж уусан. Тэгээд би дэнжийн 1000-д байдаг найз руугаа ярьж очиж уулзахаар болоод Улаанбаатар их дэлгүүрийн хажуу талаас такси бариад бид 3 гурвуулаа маргалдаад байсан. Цагаан байрны буудал дээр ирэхэд би таксины тооцоо хийгээд таксинд сууж үлдсэн, тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Нэг харсан хоорондоо харилцан барьцалдчихсан байсан ба Батхүрэл Наранбаатарын нүүр рүү гараараа цохиод унагачихсан. Тэгэхээр нь очоод салгах хооронд Батхүрэл дахиад Наранбаатарын нүүр хэсэгт 2 удаа цохиод авсан. Тухайн үед Наранбаатар дуугүй байхгүй үгээр идээд чимээгүй болохгүй байсан. Тэгээд би тэр хоёрыг салгаад Батхүрэлийг явуулчихаад Наранбаатарыг гэртээ авчирч байлгаж байгаад явуулсан. Гэтэл цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулж байгаа юм байна гэжээ.

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.11.07-ны ¹15044 тоот актын дүгнэлтэд:

            1.Наранбаатарын биед нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл, зүүн нүдний эргэн тойрон, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Н.Батхүрэл нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажиллаж байсан Д.Батдаваа, түүний найз Н.Наранбаатар нартай архи ууж, согтуурсан үедээ Н.Батхүрэл, Н.Наранбаатар нар нь харилцан бие биенээ хэл амаараа доромжлон маргалдаж, улмаар Н.Наранбаатарын нүүрэн тус хэсэгт цохьж зодсоноос хохирогчийн биед нэг шүдний хугарал, нэг шүдний эмтрэл, зүүн нүдний эргэн тойрон, баруун нүдний дотор булан, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Наранбаатарын “…Таксинд суугаад явж байх үед Батхүрэл нь надтай хэл амаараа муудалцаад миний хэлсэн үгийг өлгөж аваад надтай муудалцах гээд байхаар нь Батхүрэлд хандаж “ахын дүү чи иймэрхүү яриатай байж болохгүй шүү” гэж хэлэхэд Батхүрэл тухайн үедээ миний хэлсэн үгийг ойлгож байгаа дүр үзүүлж байсан. Тэгээд бид гурвын сууж явсан такси Чингэлтэй дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр цагаан байрны хойд талд зогсож байхад Батхүрэл гэнэт чамаар хэлэх үгээ заалгахгүй шүү гэж уурлан намайг шууд машинаас чирч буулгаад миний нүүр хэсэгт гараараа 2 удаа цохьсон. Тэгэхэд нь би газар уначихсан ба дөнгөж өндийтөл шууд миний нүүр рүү хөлөөрөө 1 удаа өшиглөхөд нь шүд уначихлаа гээд дээш өндийх гэж байтал гараараа баруун талын нүүр хэсэгт 1 удаа цохьж ална гээд дайраад байсан бөгөөд Батдаваа тэр залууг надаа холдуулах үед өөрөө зодуулчих гээд байсан…” гэх мэдүүлэг, гэрч Д.Батдаваагийн “…Цагаан байрны буудал дээр ирэхэд тэр хоёр хоорондоо муудалцаад байх шиг байсан. Нэг харсан хоорондоо харилцан барьцалдчихсан байсан ба Батхүрэл Наранбаатарын нүүр рүү гараараа цохиод унагачихсан. Тэгэхээр нь очоод салгах хооронд Батхүрэл дахиад Наранбаатарын нүүр хэсэгт 2 удаа цохиод авсан. Тухайн үед Наранбаатар дуугүй байхгүй үгээр идээд чимээгүй болохгүй байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.11.07-ны ¹15044 тоот акт, хохирлын 200.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, бичгийн бусад баримтаар тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Хошуут овогт Нарантуяагийн Батхүрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Батхүрэл нь шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуульд заасан хүндэвтэр гэмт хэрэгт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар тэрээр ялгүй болсон тул түүнийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлаж баривчлахгүйгээр торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ. Торгох ялын хэмжээг Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцлоо.

            Шүүгдэгч нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд 5 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т заасныг баримтлан түүний цагдан хоригдсон нэг хоногийг тухайн үед мөрдөгдөж байгаа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэхэд 1.200.000 (240.000 төгрөг х 5 хоног) төгрөг болж байгаа тул торгох ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчээс хохирогч Н.Наранбаатарт хохирлын 200.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Хошуут овогт Нарантуяагийн Батхүрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Н.Батхүрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 (есөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3-т заасныг баримтлан шүүгдэгч Н.Батхүрэлийн цагдан хоригдсон 5 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж, торгох ялаас хасч, түүнийг ял эдэлж дууссанд тооцсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Н.Батхүрэлээс хохирогчид 200.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Н.Наранбаатар нь цаашид гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Батхүрэлд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ