Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2018/00968

 

У.Нын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00445 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.Нын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Т ХХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 439 738 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Наас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тинд зээл хариуцсан харилцааны менежерээр ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалаар ажлаас халагдсан. У.Н шүүхэд нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 595 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлал, Дээд шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 995 дугаар тогтоол тус тус гарч Тны гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/1426 тоот тушаалыг хүчингүй болгон, ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эгүүлэн ажилд томилох тухай Б/1718 тоот захирлын тушаал гарч, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2017 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд авах тушаал гарсан үе хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх нийт 8 сарын хугацааны цалинтай тэнцэх, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 595 тоот шийдвэрт тодорхойлсноор нэг сарын цалин 1 581 933 төгрөг, нэг өдрийн цалин 71 906 төгрөг бөгөөд 173 хоногийн цалин болох 12 439 738 төгрөгийг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг Т ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Л.Н нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн дагуу У.Ныг 2017 оны 11 сарын 20-ны өдрөөс  Тинд эгүүлэн ажилд томилсон  Б/1718 тоот захирлын тушаал гарч, 2016 оны 11 сарын 17-ны өдрөөс 2017 оны 03 сарын 22-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинд  6 327 728 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлсөн. Нэхэмжлэгч энэ хугацаанд ажилгүй байгаагүй, Капитрон банкинд ажиллаж, цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалаа төлүүлж байсан. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв нэхэмжлэлийг хүлээн авлаа гэхэд  Капитрон банкинд ажилласан цалингийн зөрүүгээр буюу 3 875 894 төгрөгийн хэмжээнд олговрыг хүлээн зөвшөөрч болох юм  гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Т ХХК-аас 11 695 832 төгрөгийг гаргуулж У.Н-т олгож, нэхэмжлэгчийн 743 906 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, У.Нт олгох ёстой 11 695 832 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 202 083 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 214 000 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Э.Ж нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ажилтан ажилгүй байх хугацаандаа өөр газарт ажил эрхэлсэн. У.Н нь Капитрон банкинд ажиллаж байсан мэдээлэл хариуцагчид байсан, энэ нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд  хариуцагчаас  гаргасан удаа дараагийн  хүсэлтийг хангаагүй, эрх зөрчсөн. У.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчийн  хооронд үүссэн маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  боловч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн заалтыг баримтлаагүйг  залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч У.Н нь хариуцагч Т ХХК-д холбогдуулж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12 439 738 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “нэхэмжлэгч энэ хугацаанд өөр байгууллагад ажиллаж байсан” гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 22-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр У.Н-ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6 327 728 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж олгохоор шийдвэрлэснийг  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 1117 дугаар магадлал, Дээд шүүхийн  хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 09 сарын 21-ний өдрийн 995 дугаар тогтоолоор хянаж , анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  /хх-ийн 6-22 /

 

Т ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг 2017 оны 11 сарын 20-ны өдөр ажилд нь буцаан томилсон шийдвэр гаргасан ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан  2017 оны 03 сарын 23-ны өдрөөс  2017 оны 11 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Учир нь хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэснээс хойш давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянагдах хугацаа, ажилд эгүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэр гарах хүртэлх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамааруулан тооцох юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ.

Дээрх заалт нь ажил олгогч Т ХХК, ажилтан У.Н нарын хоорондын харилцаанд хамааралтай заалт юм. Өөрөөр хэлбэл ажилтан ажил олгогчийн буруугаар ажилгүй байх хугацаандаа өөр байгууллагад ажиллаж олсон цалин орлогыг Т ХХК өөрийн төлөх ёстой дундаж цалин хөлсөнд суутган тооцох үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг  баримтлаагүйг залруулж, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан У.Нт олгох 11 695 832 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татварыг тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 083 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД