Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 012

 

М.Х нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Х нарт холбогдох эрүүгийн 1913003120236 дугаартай, 2 хавтаст хэргийг шүүгдэгч М.Х-ын давж заалдах гомдлын дагуу 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүх, шүүгдэгч М.Х, Д.Н, Д.О, Б.Б, шүүгдэгч М.Х-ын өмгөөлөгч С.Алтай, орчуулагч А.Еркегүл нар оролцов.  

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 1982 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн /нэг талын нүд хараагүй болсон/, хэрэг хариуцах чадвартай, Д овогт Д-ын Н, РД: БЛ00000000.

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 2001 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ц сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11 “а” бүлгийн сурагч, ам бүл 3, эцэг эхийн хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Г овогт А-ийн Г, РД: БЛ00000000.

3. Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 1996 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, аав, ахын хамт Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн, Д овогт Д-ын О, РД: БЛ00000000.

4. Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 1978 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-ын Б, РД: БЛ00000000.

5. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1970 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, ам бүл 1, ганц бие, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн М-ийн Х, РД: 00000000.

6. Монгол Улсын иргэн, яс үндэс Тува, 2003 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, ам бүл 3, ээж дүү нарын хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ц-ын О, РД: БЛ00000000.

Д.Н, Д.О, Б.Б, А.Г, Ц.О, М.Х нар нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд удаа дараа Ц сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ны гянтболдын далд уурхайд хууль бусаар нэвтэрч, вольфромын чулуу хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч Д.Н, А.Г, Ц.О, Б.Б, Д.О нарыг бүлэглэж, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

- мөн шүүгдэгч М.Х-ыг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Н, Б.Б, Д.О, М.Х нарын тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч А.Г, өсвөр насны шүүгдэгч Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.О-ийг 3 (гурван) жилийн хугацаагаар хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.О-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Б.Б, М.Х нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ял,  шүүгдэгч Д.О-д оногдуулсан 4 (дөрөв) жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж шийдвэрлэжээ. 

 

            Шүүгдэгч М.Х-ын давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа урьдчилан цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч М.Х би Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020\ШЦТ\27 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Х надад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

1. Шүүгдэгч М.Х би “С” ХХК-аас олборлон гаргаж тавьсан болон агуулахад хадгалж буй баяжмалыг огт хулгайлж байгаагүй бөгөөд харин тус компанийн эзэмшлийн бус хэсгээс өөрийнхөө хөдөлмөрөөр гянт болд гаргаж авч байсан. Иймд би надад тулгаж буй гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй гэж үзэж байна.

2. Шүүгдэгч М.Х би ходоодны шарх өвчний учир олон арван жил эмчлүүлж байгаа ба одоо ч биеийн байдал сайнгүй байна. Хорих ял авсны дараа урьдчилан хорих байранд очиход бие маань гэнэт муудаж өвдсөн ба одоо хүртэл бие маань сайжраагүй байна. Миний эрүүл мэндийн байдал өдрөөс өдөрт дордож байна. Иймд шүүгдэгч М.Х миний эрүүл мэндийн байдлыг ч гэсэн харгалзан үзэхийг шүүхээс хүсэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020\ШЦ\27 дугаартай шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг шүүх бүрэлдэхүүн хянан үзээд шүүгдэгч М.Х надад хилсээр тулгаж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйл ангийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгч М.Х-ын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

           

Шүүгдэгч Д.Н, Д.О, Б.Б, А.Г, Ц.О нар нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө бүлэглэн, шүүгдэгч М.Х нь 2019 оны 8 дугаар сарын үед тус тус Баян-Өлгий аймгийн Ц сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, гянтболд олборлох үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тусгайлан хамгаалсан байр буюу “С” ХХК-ийн гянтболдын далд уурхайд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, гянтболд чулуу хулгайлсны улмаас хохирогчид нийт 3.035.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. Үүнд:

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн “Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багт байрлан үйл ажиллагаа явуулж байгаа “С” ХХК-ны уурхай байх ба уурхайн байршилд орж ирсэн зам, уурхайн 3 дугаар амны газар зүйн байрлал, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- хохирогч Б.М-ын “...хууль бусаар хүмүүс нэвтэрч хулгай хийж байна гэх асуудлыг харуул хамгаалалтын албаныхаас сонсоод 2019 оны 9 дүгээр сарын 01-02 шилжих шөнө харуулын хүмүүстэй хамтран отолт хийж үзсэн. Гэтэл шөнийн 01 цагийн үед байсан байх манай уурхайн 3 дугаар амаас гарсан хэсэг хүмүүс гэрэлтэй яваад байхаар нь араас нь хөөж очтол 5 хүн байсан байх, уурхайн гүнээс хулгайлан авч явж байсан чулуунуудаа уулын бэлээр хаяж, манай “С” ХХК-ны доод талд байрлах айлууд руу чиглээд явсан ба бид тэд нарыг гүйцэж барьж авч чадаагүй. Тэгээд тэдний замд хаясан чулуунуудыг түүж аваад маргааш өглөө нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр уурхайн доод талд байрлах айлуудад очиж ярилцтал 3 хүүхэд хулгай хийдэг талаар сонсож, тэр гурван хүүхэдтэй уулзаад болсон асуудлыг хэлэхэд тэд урьд өдрийн шөнө хулгай хийхээр уурхайд орсон талаар хүлээн зөвшөөрсөн тул энэ асуудлыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсон” гэх мэдүүлэг,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- иргэн М.Х-аас 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж өгсөн 38.4 кг вольфром чулуу, 53.9 кг баяжмалыг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,   

- “Мөнх эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 19/30 дугаартай вольфром чулуунд үнэлгээ тогтоосон тухай дүгнэлт,

- Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, Дэд бүтэц, хэмжил зүйн хэлтсийн хэмжил зүй, уул уурхайн хяналтын улсын байцаагч М.Азаматын мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нараас хураан авсан вольфром чулуу нь Баян-Өлгий аймгийн Ц сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” ХХК-ны гянтболдын уурхайгаас олборлодог вольфром чулуутай ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байгаа тухай гаргасан дүгнэлт,

- гэрч И.Г-ын “...Би “С” ХХК-ны уурхайд 2019 оны 8 дугаар сард байсан байх О, О, Г нарыг дагаж уурхайд сонирхож 2 удаа шөнийн цагаар нууцаар 23:00 цагийн үед сонирхож ирж үзээд айгаад буцаад гарч явж байсан ба харин тэд уурхайн ам буюу нүх рүү орж тэндээс чулуу цохиж болон түүж авдаг юм” гэх мэдүүлэг,

- гэрч Х.Б-ын “... Г нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Ц сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах манай гэрт ирээд амьдрах болсон. Тэр ирэхдээ цэнхэр өнгийн мотоциклтой, майхантай, солих хувцастай ирээд манай гэрт сар гаруйн хугацаанд амьдарсан, ...харин би түүний яах гэж ирснийг огт асууж байгаагүй. Сүүлд нэг удаа хөөж гэртээ харь, сургууль соёлдоо яв гэхээр би мод бэлдэхээр ирсэн хэмээн хариулж байсан. Г нь манай гэрт байх хугацаанд шөнө зурагт үзээд манай байшинд байж байгаад шөнө гарч яваад өглөө үүрээр ирдэг болсон. Түүнтэй цуг О, О нар байнга уулзаж шөнө дунд гарч явдаг болсон” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дахин хэлэхэд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр О бид өдөржин хамт байгаад орой нь 22 цагийн үед манай худ болох Б-ын гэрээс О бид хоёр хамт гарсан юм. Тэдний гэрээс гарахаас өмнө О хэдэн минутын өмнө гаднаас ганцаараа орж ирээд цай уугаад сууж байсан юм. Тэгээд 22 цагийн үед О бид хоёр хамт гараад “С” ХХК-ний гянтболдын далд уурхайгаас чулуу авахаар очоод уурхайн баруун хойд талаар нь уулаар дамжин уурхайн 2 дугаар амаар ороод цаашаагаа ойролцоогоор 600 гаруй метр газар яваад О бид хоёр хасуур лантуугаараа чулуу цохиж, би тэндээс ойролцоогоор 20 гаруй килограмм чулуу авсан. Харин О-ын чулуу нь хэд байсныг мэдсэнгүй, бас л нилээн хүнд байсан. Бид хоёр чулуугаа аваад гарч байхад Бува буюу О, Мушук буюу Н болон дахин нэг хүн байсан, тэр хүнийг танихгүй юм байна, тэд нартай таарсан бөгөөд тэд нар бид нарт гарахгүй хүлээж байгаарай, хамт гаръя гэж хэлэхээр нь О бид хоёр чулуугаа үүрээд уурхайн ам руу дөхөж очоод ойролцоогоор 1 цаг гаруй хүлээсэн. Тэгээд нөгөө гурав гарч ирээд тавуулаа цуг уурхай амаар гараад ирсэн замаараа уулаар дамжаад буугаад яг уулын бэлд ирэх үед уурхайн харуулууд гэрэл тусгаад бид нар луу орилж, хөөхөөр нь бид нар өөр өөрсдийн шуудайгаа тэнд нь үлдээгээд тал тал тийшээ тараад зугтаад яваад өгсөн юм.

Сүүлд нь 2019 оны 9 сарын 01-ээс 2-нд шилжих шөнө орсон байсан. Тухайн үед 20.1 кг чулуу авсан байсан. Уг чулууг мөрдөгчид гаргаж өгсөн гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өглөө нь босоод өдөржин гэртээ байж байгаад орой нь 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад “С” ХХК-ний уурхайн гадна талын уулын бэлд О, Г, Х нартай уулзсан. Би гэрээс гарахдаа Н, Б нартай цуг гарсан байсан. Тэгээд зургуулаа уулзаад хүн бүр тус тусдаа чулуу аваад гаръя гэж хэлж тохиролцоод шууд уурхай руу ороод 2 дугаар амаар ороод шөнө 03 цагийн үед зургуулаа тус тусдаа шуудайнд чулуу хийж аваад гараад ирсэн. Бид зургуулаа уурхайн 2 дугаар ам руу дээд талын нүхээр орсон байсан. Харин шөнө гарахдаа уурхайн амаар нь гарч ирээд шалганаар нь гарах гээд явж байтал харуулууд нь таараад бид нарыг хөөгөөд тэгээд бүгдээрээ чулуугаа хаяад тал тал тийшээ зугтаад тэгээд О-тай цуг тэднийд амарсан. Тэр үед үүрийн 05 цаг болж байсан. Тэгээд маргааш өглөө нь уурхайн хүмүүс ирээд О бид хоёрыг аваад явсан, харин тухайн үед уурхайн ажилчдын машин дотор Г байсан” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Н нь надад уурхай руу орж, чулуу аваад гараад ирье гэж хэлэхээр нь би эхэндээ болох уу гэж асуутал болно гэхээр нь Н, түүний дүү О-ийн хамт гэрээс гараад уурхайн уулыг тойроод дээгүүр нь байсан нүхээр гурвуулаа орсон. Тухайн үед О, Н хоёр уурхайн гүн рүү яваад өгсөн ба би цааш нь оролгүй, нүхний харалдаа байж байсан, тэгээд нилээн хэдэн цагийн дараа нөгөө хоёр нь хажуудаа Г, О, Х нарыг дагуулаад гараад ирсэн ба тус бүр нь гартаа шуудайтай чулуу өргөсөн байсан ба Н надад нэг шуудайг өгч, бариад гар гэхээр нь шуудайтай чулууг өргөөд уурхайн амнаас гараад ирж байтал доороос уурхайн харуулчид бид нарыг хараад орилоод, гүйхээр нь бид шуудайгаа тэнд үлдээгээд тус тусдаа зугтаад яваад өгсөн. Урд өмнө авч байгаагүй. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө нэг л удаа Н хамт явъя гэхээр нь дагаад орсон юм” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ц сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “С” нэртэй компанийн олборлож гаргаж тавьсан чулуу болон баяжмалыг хулгайлж байгаагүй бөгөөд харин тус компанийн эзэмшил гянтболдын далд уурхайд 10 гаруй удаа шөнийн цагаар нууцаар нэвтэрч, чулууг өөрийнхөө хөдөлмөрөөр гаргаж авдаг байсан. Тэгээд гаргасан чулуугаа гэртээ авчраад гар аргаар буталж, усанд угаагаад баяжмал гаргаж авдаг байсан. Гаргасан чулуунуудаа үл таних ченж нарт худалдаж байсан ба яг хэдэн килограмм чулуу тушааснаа санахгүй байна. Ямар ч байсан гар аргаар гаргаж, хадгалж байсан 53,9 килограмм баяжмал болон 38,4 килограмм чулуугаа мөрдөгч Р.Жанат гэх хүнд сайн дураараа гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өглөө манай гэрт Б ирээд миний хүүхэдтэй цуг гурвуулаа Бийн гэрт нь очсон бөгөөд Б бид хоёр оройн 17 цаг хүртэл түлээний мод бэлтгээд тэгээд тэднийхээс цай ууж аваад Б хүүхэд бид хоёрыг гэрт хүргэж өгсөн. Тэгээд орой нь уурхай руу орохоор болоод би Б үеэлээ дагуулж аваад О-ийн хамт уурхайн баруун талаар очиж, уулаар дамжиж хойд талаас нь орсон ба уурхай руу нэвтрэх нүхээр орсон. Тэр үед Б наад талд нь үлдээд, цаашаагаа О бид хоёр гүн рүү нь орсон. Тухайн үед уурхайн гүнд О, Г нар байсан ба дөрвүүлээ тэндээс чулуу аваад наашаа гарч ирээд би нэг илүү шуудайнд чулуу хийгээд авсан ба наад талд нь байсан Бид үүрүүлээд гадагшаа гарсан. Бид нар гараад ирэхэд харуулууд бид нарыг хараад орилохоор нь бид нар чулуутай шуудайгаа хаяад тус тусдаа зугтаад яваад өгсөн. Анх 2019 оны 8 дугаар сарын дундуур 5, 6 удаа орсон, тэгээд сүүлд нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө орсон. Сүүлийн үйлдэлдээ баригдаад байгаа юм. Анх орохдоо 30 кг чулуу авсан, уг чулууг хулгайд алдаад авсан, дараа нь орохдоо 20 кг чулуу авсан, уг чулууг Хараман гэх хүнд зарсан, 1 кг чулууг 4000 төгрөгөөр худалдсан байсан. Дараа нь нэг удаа орох гээд орж чадаагүй, сүүлд нь ороод гарч яваад чулуугаа хаяад зугтаад явсан” гэх мэдүүлэг,

- өсвөр насны шүүгдэгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би 22 цагийн үед уурхай руу орж чулуу авахаар өөрийнхөө гэрээс ганцаараа гараад “С” ХХК-ний гянтболдын уурхайн баруун талаар нь уулаар дамжаад уурхай руу орох нүхээр орох гэж байхад Н, О, Г, Б нар хүрээд ирсэн бөгөөд тэгээд тавуулаа тэр нүх рүү хамт ороод тэд нар цаашаагаа уурхайн гүн рүү яваад өгсөн. Харин би уг нүхээр ороод цаашаагаа 100-150 метр гаруй яваад тэнд үлдээд, нөгөөдүүл бүр цаашаагаа чулуу авахаар яваад өгсөн. Би үлдсэн газраасаа жоохон л чулуу түүсэн. Хэдэн килограмм гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд чулуу түүж дуусаад шуудайнд хийж аваад уурхайн гадна тал руу гарахаар хэсэг яваад амраад байж байтал хойноос нөгөө 4 хүрээд ирсэн. Тэгээд тавуулаа гадагшаа хамт гараад уулаар дамжаад доошоо бууж байтал уурхайн харуул мэдчихээд тэгээд бүгдээрээ чулуутай шуудайгаа хаяад тал тал тийшээ тараад зугтсан. Би зугтаж яваад өөрийнхөө гэр лүү очсон. Гэрт хоносны маргааш нь уурхайн ажилчид ирээд намайг аваад, уурхайд очсон. Урд нь дараалаад  хоёр өдөр орсон. Нэг өдөр нь Г-тай цуг орсон, тэрэнтэй цуг орсон өдрийн он сарыг нь санахгүй байна. Г бид хоёр цуг ороод би 10 гаруй килограмм чулуу авсан. Дараагийн өдөр ганцаараа ороод айгаад чулуу авч чадалгүй, хоосон ирсэн. Дараа нь буюу 2019 оны 9 дүгээр сарын 01-ээс 9 дүгээр сарын 02-нд шилжих шөнө О, Н, Г, Б нартай цуг ороод чулуу авсан ба маргааш нь өмнө нь цуглуулж байсан чулуунуудаа “С” ХХК-ний дарга М-д гаргаж өгөөд, сүүлд нь авсан чулуунуудаа нийлүүлэхэд нийтдээ 54 гаруй килограмм чулуу гарсан. Уг чулууг мөрдөгч нар хураагаад авсан” гэх мэдүүлгүүдээр тус тус тухайн болсон үйл баримтыг гэрчилж, хэргийн үйл баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн нотлох баримтууд, энэ хэрэгт хамаарал бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасан, хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлж, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийн яллах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон бөгөөд шүүх хэргийн нотлох байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр зөв явуулж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт тохирсон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрчгэж шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн шинжийг тодорхой заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Б.Б, Д.О, М.Х нарын тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч А.Г, өсвөр насны шүүгдэгч Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсэн нь хууль ёсны, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн, гэмт хэргийн үйл баримтад тохирчээ.

 

Шүүгдэгч Д.Н, Д.О, Б.Б, А.Г, Ц.О, М.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас “С” ХХК-нд нийт 3.035.600 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба шүүгдэгч тус бүрээр авч үзэхэд шүүгдэгч Д.Н нь 19.1 кг гянтболд чулуу буюу 229.200 төгрөгийн, өсвөр насны шүүгдэгч Ц.О нь 54.5 кг гянтболд чулуу буюу 654.000 төгрөгийн, шүүгдэгч А.Г нь 20.1 кг гянтболд чулуу буюу 241.200 төгрөгийн, шүүгдэгч Д.О нь 25 кг гянтболд чулуу буюу 300.000 төгрөгийн, Б.Б нь 24 кг гянтболд чулуу буюу 288.000 төгрөгийн, шүүгдэгч М.Х нь 38.4 кг гянтболд чулуу буюу 460.800 төгрөгийн, баяжмал 53.9 кг буюу 862.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд, шүүгдэгч Д.Н, Д.О, Б.Б, А.Г, өсвөр насны шүүгдэгч Ц.О нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүн “тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол” оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэхээр тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өмгөөлөгч нарын саналыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, Б.Б, Д.О, М.Х нарын тус бүрд 1 (нэг) жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, мөн 18 насанд хүрээгүй шүүгдэгч Ц.О, 18 насанд хүрсэн боловч 21 насанд хүрээгүй шүүгдэгч А.Г-ын хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч А.Г, өсвөр насны шүүгдэгч Ц.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Д.О өмнө нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар Д.О-ийг 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.О-д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосон нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах заалтад нийцжээ.      

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.Г, өсвөр насны шүүгдэгч Ц.О нарт хянан хүмүүжих хугацаанд “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г, өсвөр насны шүүгдэгч Ц.О нарт хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг эх нарт тус тус даалгаж шүүхээс хорих ял шийтгүүлсэн шүүгдэгч Д.Н-ын асрамжид насанд хүрээгүй Н.Н байсан байх тул түүний асрамжийг шийдвэрлэжээ.

Сум, дүүргийн Засаг дарга нь Гэр бүлийн тухай хуулийн 71.1 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар “асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаарх мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материалыг  бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргана” гэж заасан тул шүүгдэгчийн асрамжид байсан түүний хүүхэд болох 10 настай Н.Н-ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шийдвэрлүүлэх холбогдох материалыг бүрдүүлэн, харьяалах дүүргийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст үүрэг болгож асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асуудлыг шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтад нийцсэн байна.

Шүүгдэгч М.Х нь давж заалдах гомдолдоо “би “С” ХХК-аас олборлон гаргаж тавьсан болон агуулахад хадгалж буй баяжмалыг огт хулгайлж байгаагүй бөгөөд тус компанийн эзэмшлийн бус хэсгээс өөрийнхөө хөдөлмөрөөр гянт болд гаргаж авч байсан. Иймд би надад тулгаж буй гэмт хэргийг санаатайгаар үйлдээгүй.” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэж, ялыг ялгамжтай оногдуулсан тул түүний гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Х-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-ын цагдан хоригдсон 50 хоногийг, шүүгдэгч Д.Н-ын цагдан хоригдсон 53 хоногийг, шүүгдэгч Б.Б-ийн цагдан хоригдсон 50 хоногийг, шүүгдэгч Д.О-ийн цагдан хоригдсон 50 хоногийг тус тус тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                            Д.МӨНХӨӨ