Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/626

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Л.Дашравдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303003790339 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-1, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй *** (РД:***).

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч *** нь “Тоёота ландкрузер 200” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан заалтыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг гаргахгүй. гэсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн 2303003790339 дугаартай хэргээс:

1.Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 13-р хороо, Шувуун фабрикийн замд Тоёота ландкрузер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Субару маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан.гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

2. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хан-Уул дүүргийн 13-р хороо шувуун фабрикийн замд 2023 оны 06 дугаар  сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

3. Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: Тухайн осол болсон 2023 оны 06 дугаар сарын 04-ний 22 цагийн үед 2023 оны 03 сард хувь хүнээс хувь лизинг хийж худалдан авсан өөрийн эзэмшлийн Subaru froster маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байсан. Ингэхдээ нисэхээс гараад Өлзийтийн уулзвар орох гээд уулзварын наана явж байхад эсрэг урсгалаас ирж байсан машин зүүн гар тал руугаа гэнэт эргээд замаас гүйцэд гаралгүй зогсчихсон. Тухайн үед би тоормосоо гишгэсэн боловч машин гулгаж очоод тэр машины баруун хойд хаалга орчимд мөргөсөн. Тэр машин тэгшрээд замын хажууд гарч зогсоод, миний машины хойд хэсэг нь шидэгдээд хөндөлссөн байдалтай зогссон. Ослын дараа миний цээж хэсгээр хөндүүрлэж 2 өвдөг шалбарсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Цээж өвдөөд амьсгалж чадахгүй бачуураад байхаар нь түргэн дуудсан. Намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний зүүн талын 5, 6-р хавирга хугарсан байсан. Тиймээс замын цагдаа дээр очиж байцаагчаас шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол авч үзүүлсэн. Осол гаргасан жолооч ах надад 10,500,000 төгрөгийг өгч миний хохирлыг барагдуулсан. Эмчилгээний зардалд 450,000 төгрөг  өгсөн. Надад одоо гомдол санал байхгүй. Тухайн үед би ойролцоогоор 60 км цагийн хурдтай явсан. Гадаа харанхуй болсон, зам хуурай, цаг агаар тогтуун, зам гэрэлтүүлэггүй байсан. Би ганцаараа явж байсан, тэр машин гэнэт л миний урдуур эргээд ороод ирсэн, ойролцоогоор 10 метрийн зайнд эргэхийг нь хараад тоормосоо гишгэхэд зам дээр гулгаж очоод мөргөчихсөн. Тухайн ослын улмаас миний машин дахин ашиглагдах боломжгүй болсон учраас би машинаа задаргаанд зарчихсан, одоо надад байхгүй. Осол болохоос өмнө машинаа оношилгоонд орж тэнцсэн байсан. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй надад гомдол санал байхгүй, би хохирлоо бүрэн барагдуулж авсан. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

*** иргэний нэхэмжлэгчээр 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр бид хоёр Түвшинбаяр гэдэг хүнээс 2023 оны 03 дугаар сард уг авто машиныг 9,0 сая төгрөгөөр бодож 6,5 сая төгрөгийг бэлэн өгөөд үлдсэн мөнгийг сар болгоны 15-ны өдөр 500,000 төгрөг өгөөд явахаар тохиролцож гэрээ хэлцэл хийхгүйгээр авсан. Би 2022 оны 12 дугаар сард тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нь үнэн. Миний буруу... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

4. Иргэний нэхэмжлэгч *** 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: Би Subaru froster маркийн *** улсын дугаартай автомашиныг 2022 оны 09 дүгээр сард 9,0 сая төгрөгөөр бодож Тоёота приус 20 маркийн автомашинаар сольж аваад өөрийн нэр дээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулан авсан. Дараа нь 2023 оны 03 сард зарын дагуу 40 орчим насны залууд 9,000,000 сая төгрөгөөр бодож 6,500,000 төгрөгийг бэлнээр авч үлдэгдэл 2,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөг төлж байхаар тохиролцож машинаа өгсөн. Одоо үлдэгдэл 1,000,000 төгрөгийг авч тооцоо дуусах үед *** улсын дугаарыг өөрийн нэр дээр үлдээнэ гэж ярилцсан. Би тэр залуутай гэрээ хийгээгүй, амаар тохиролцож өгсөн. Надад тэр хүмүүс үлдсэн 1,000,000 төгрөгөө өгөөд ярьснаараа улсын дугаарыг маань буцаагаад өгчихвөл миний зүгээс хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй, тэр хүмүүс үнэлгээ хийлгэх асуудлаа өөрсдөө шийдээд явах байх. гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

5. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өгсөн: ...гэмт хэргийн улмаас хохирогч нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 247,000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №2513 дугаартай:

            - Хэргийн газраас бэхжүүлэн авсан тоормосны мөр нь шинжилгээнд тэнцэнэ.

            - Шинжилгээнд ирүүлсэн ослын материалд тэмдэглэгдсэн Subaru маркийн 44-66 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны мөрийн уртаар хурдыг тогтооход 54 км/цаг гарч байна. Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж зогссон, мөр цааш үргэлжлэх боломжтой буюу доод хурд юм. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 32-37 дахь тал),

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №7363 дугаартай:

-*** биед зүүн 5,6-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

-Зүүн 5, 6-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, хоёр өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

8. Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн эзэмшлийн Тоёота ланд крузер маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа шувуун фабрикаас Улаанбаатар хот руу явж байх замдаа айлаар орох гээд зүүн гар тал руугаа эргээд шороон гарц хэсэг рүү орох үедээ би аваарын гэрлээ асаагаад зогсож байсан. Тухайн үед миний машины хойд дугуй замын ирмэг дээр байсан. Би тухайн айлыг мөн үү, биш үү гээд эргэлзээд аваарын дохиогоо асаагаад зогсож байсан. Намайг эргээд зогсож байх үед холоос нэг машин ирж байгаа харагдсан, би хажуугаар өнгөрөөд явах байх гэж бодсон. Гэтэл миний машины баруун талын урд хаалганы хойд хэсэг болон хойд хаалга руу мөргөсөн. Тэр үед миний машин замаас ойж гараад тэгшрээд шороон дээр гарсан байсан. Би буугаад харахад цэнхэр өнгийн порестор маркийн машин байсан,  дотроос нь нэг эмэгтэй бууж ирээд чи миний машины урдуур орчихлоо цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгтэл тэр жолоочийн эгч нь бас хүүхэд нь гээд нэг залуу ирээд над руу уурлаад байсан. Мөн цагдаа нар ирж үзлэг хийсэн. Нөгөө машины жолоочийг түргэний машин ирээд аваад явсан ...Би тэр машины жолоочид нийт 10,950,000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал),

9. Subaru Forester загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *** эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон лавлагаа (хавтаст хэргийн 112-113 дахь тал),

10. *** улсын тээврийн хэрэгсэл нь ***ын эзэмшилд бүртгэлтэй тухай тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон лавлагаа (хавтаст хэргийн 94-95 дахь тал),

11. Бан Хас ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №177 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: Subaru Forester загварын *** улсын дугаартай авто машинд 7,086,400 төгрөгийн эвдрэл үүссэн. гэсэн тайлан, хавсралт (хавтаст хэргийн 53-57 дахь тал),

12.Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: Иргэний үнэмлэхийн, жолоодох эрхийн, байнга оршин суугаа хаягийн, тээврийн хэрэгслийн лавлагаанууд,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 91-94, 102 дахь тал) болон бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, шувуун фабрикийн замд өөрийн эзэмшлийн “Toyota land cruiser” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас Subaru froster маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж *** эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогчид хохирол барагдуулсан, иргэний нэхэмжлэгчид Эрүүл мэндийн даатгалын санд 247,000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан: Миний үйлчлүүлэгч гэм бурууд  маргахгүй, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Хохирогч нь машины мөнгө гэж нэхсэнээс биш эрүүл мэндийн зардал нэхэмжлээгүй.гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

1.1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн замд өөрийн эзэмшлийн “Toyota land cruiser” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэснийг зөрчсөний улмаас Subaru froster маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хохирогч *** эрүүл мэндэд зүүн 5, 6-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дахь тал),

- Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хан-Уул дүүргийн 13-р хороо шувуун фабрикийн замд 2023 оны 06 дугаар  сарын 04-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-12 дахь тал),

- Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал) болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хүний биед хийсэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №7363 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дэх тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн хийсэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №2513 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 36-38 дахь тал),

- Бан Хас ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №177 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, хавсралт (хавтаст хэргийн 53-57 дахь тал),

- Яллагдагч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал) зэрэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан, шинжлэн судалсан дээрх нотлох баримтыг хууль, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар бүхэлд нь хянаж, харьцуулан шинжлэх, эх сурвалжийг магадлах аргаар шалгахад хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт тогтоогдсон тул хууль ёсны нотлох баримтууд гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

1.2 Хууль зүйн дүгнэлт:

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно. гэж хуульчилсан.

Мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих тухай хууль зүйн ойлголт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд хохирол учруулах шинжээр тодорхойлогдох бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирол хор уршгийн хооронд шалтгаант холбоог шаардах ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинжийг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” бол гэж тодорхойлжээ.

Хэргийн үйл баримт, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *** нь Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байх ба хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр, тухайн гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой нь тогтоогджээ.

Шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалт баримтлаагүй, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй хандсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Иймд шүүгдэгч ***ын үйлдлийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй, хэргийн бодит байдал болон хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.3 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. гэж тус тус заасан ба гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд  эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн зардлыг хор уршигт тооцно. гэж тус тус заасан.

Түүнчлэн Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хуульчилжээ. Хохирлын тухайд:

1/ Хохирогч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан , мөн  эд хөрөнгөд буюу Subaru Forester загварын *** улсын дугаартай авто машинд 7,086,400 төгрөгийн эвдрэл учирсан талаар хөрөнгийн үнэлгээний байгууллага үнийг тогтоожээ.

Хохирогч *** жолоодон явсан Subaru froster маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл иргэн *** эзэмшилд бүртгэлтэй гэрчилгээ болон лавлагаа байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ***г иргэний нэхэмжлэгчээр тогтоож оролцуулахад 9,000,000  төгрөгөөр тухайн автомашиныг худалдсан тул тухайн хүмүүс өөрсдөө үнэлгээ хийлгээд явах байх гэж мэдүүлжээ. Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч *** нь эд хөрөнгийн хохирлыг шаардах эрхтэй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хор уршгийн зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй ба  шүүгдэгч *** нь Subaru froster маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд  учирсан хохирлыг тогтоогдсон үнэлгээ 7,086,000 төгрөгөөр тооцож, мөн хохирогчийн эрүүл мэндэд нь учирсан хохиролтой холбоотойгоор нийт 10,500,000 төгрөгийг бэлнээр 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч  ***д төлсөн талаар мэдүүлэх бөгөөд мөн хохирогчоос хохирлыг барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал байхгүй.гэх хүсэлтийг бичгээр гаргаж хэрэгт хавсаргажээ. (хавтаст хэргийн 115-116 дахь тал).

2/ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх тухай хуульчилсан ба тус зүйлийн 12.1 дэх хэсэгт дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1 дэх заалтад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. гэж заасан. Шүүгдэгч *** нь Эрүүл  мэндийн даатгалын ерөнхий газрын даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд хохирогч *** даатгалын сангаас авсан тусламж үйлчилгээний төлбөр 247,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шилжүүлж төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.  Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            2.1 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:                      

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.гэж тус тус хуульчилсан.

2.2 Яллах, өмгөөлөх талын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх гэсэн., Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Дашравдан: Анх удаа болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэрэгт холбогдсоныг харгалзан үзэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.гэсэн  дүгнэлтийг тус тус гаргасан.

2.3 Хууль зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

      Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Иймд шүүгдэгч ***ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайг тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчийн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            3. Бусад асуудлын талаар:

            Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан хугацаагүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***ад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдан эд мөрийн баримгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч ***ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан хугацаагүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болох, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус төлөх төлбөргүй болохыг дурдсугай.      

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ДОРЖСҮРЭН