| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2023/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/106 |
| Огноо | 2023-10-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Шинэбал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж
Нарийн бичгийн дарга С.Төртулах
Улсын яллагч Д.Шинэбал
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн ******* суманд 1986 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 1 дүгээр баг, 179 дүгээр точик гэх газарт оршин суух бүртгэлтэй, одоо Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар баг, 5а тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, урьд өмнө 2 удаа ял шийтгүүлж байсан.
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн 06 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар мөн хугацаагаар тэнссэн,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №171 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хурниад овогт ******* *******/рд:*******/
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн 8-5а тоотод байх өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр *******ийг “хэнтэйгээ янхандаад байгаа юм” гэсэн тодорхой шалтгаангүйгээр хардан түүний бие эрх чөлөөнд халдаж түүний зүүн доод 4 дүгээр шүд хөдөлсөн, зүүн нүдний дээд доод зовхи зүүн хацар зүүн гарын бугалга, зүүн мөр, баруун гарын шуунд цус хуралт хүзүүнд зулгаралт зүүн нүдний дээд доод зовхи, хацар зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: …. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад цагдаа дээр өгсөн мэдүүлгээс өөрөөр мэдүүлэх зүйл байхгүй, өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. ...гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ...2023 оны 08 дугаар сарын 27-ны үед өглөө ажил хийнэ гээд ******* нь гарч явсан. Тэгээд үдээс хойш гэртээ согтуу хүнээр машинаар хүргүүлж ирсэн. Гэрт ороод ирэхэд нь хоол ундаа ид гээд хоол цай хийж өгөөд би гараад үүдний амбаарын гадна шаврыг буулгаж байгаад гэртээ орсон чинь хаагуур янхандаад байгаа юм гээд юу юугүй гараа атгаж байгаад миний нүүр нүд рүү цохисон. Тэгээд хүүхдүүд байхгүй байсан бага охин унтаж байгаад босож ирээд аавыгаа яаж байгаа юм гээд болиулсан. Тэгээд удалгүй гаднаас том охин орж ирээд ээж яасан бэ гэхээр нь ******* зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд охин *******ыг та яахаараа ээжийг байнга зодож байдаг юм бэ гэсэн чинь ******* охины нүд рүү цохиод та нарыг ална шүү гээд гал тогооны томбучикээс хутга аваад дайрсан. Тэгээд охин бид хоёр ноцолдож байгаад хутгыг нь булааж аваад охин цагдаа дуудсан юм. Тэгээд миний утсыг булааж аваад газар шидээд нүүрийг нь хагалсан. Одоо надад гомдол санал байхгүй. Би энэ хүнээс хурдан салмаар л байна. Би шүүхэд өргөдөл гаргасан байгаа өргөдөл дээр гэрлэлтээ цуцлуулна гээд гарын үсэг зураад өгөөрэй гэж хэлмээр байна. Би эмнэлэгт үзүүлж харуулсан зүйл байхгүй гэжээ.
Эрүүгийн ******* тоот хавтаст хэргээс
Хохирогч ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2023 оны 08 дугаар сарын 20-ны өглөө нөхөр ******* нь ажил хийнэ гээд гарсан юм. Тэгтэл 16 цагийн үед нөхөр нэлээн согтуу хэрнээ нэг шил 0.5л архи барьчихсан орж ирсэн. Би архи уусан гэж хэрүүл хийхгүй хоол ундаа ид гэж хэлтэл хоолоо идчихээд унтаад өгсөн. Би гараад амбаарын үүдний шавар нураагаад байж байтал ******* гэрээс гарч ирээд хэнтэйгээ янхандаад байгаа юм гээд шууд л миний зүүн нүд рүү гараа атгаад цохиод чамайг ална гээд хоолойноос багалзуурдаад авсан чинь манай бага охин унтаж байснаа сэрээд орилоод аав боль гэтэл больсон. Удалгүй гаднаас том охин болох орж ирсэн. Надаас авч ирсэн архиа ******* нэхэж байгаад авдраас өөрөө архиа олоод ганцаараа уусан. Надаас уучлаарай гэхээр нь би одоо болъё чи дандаа л намайг зодож байх юм гэсэн чинь ******* энэ муу ингэж дургүй хүргэдэг байхгүй юу муу гичий гээд зүүн гараас базаж дарж унагаж байгаад зүүн нүд рүү өвдөглөсөн. Тухайн үед бага охин ааваа болиоч ээ гээд орилтол ******* болих үед би гүйж гараад Анударийг дуудсан. Охин орж ирээд та одоо болиоч ээ дахиад нүдээд байхдаа яадаг юм гэсэн чинь ******* шууд Анударийн нүүр рүү цохиод авсан./атгаж байгаад цохисон эсвэл алгадсан эсэхийг нь анзаараагүй/Охиныг цохичхоод ална аа пиздаануудыг гээд хоолны шүүгээ рүү хутга авах гээд явж байхад болиулах гээд араас нь очтол үүрээд шидчихсэн. Хутгаа авчхаад том охины гуя руу далайгаад байхаар нь би “болиоч ээ чи, би бичлэг хийж байна шүү” гэтэл над руу хутгаар далайснаа ноцолдож байгаад миний утсыг аваад газар савчихсан. Одоо миний утас байгаа хэдий ч дэлгэц нь хагараад эвдэрчихсэн байна. Тэгээд надтай нийлж байгаад арай хийж дарж байгаад цагдаа дуудсан. Тэгээд л цагдаа ирээд аваад явсан. ...Бид хоёр хамт амьдраад 3 жил болж байна. Гэрлэлтээ 2023 оны 01 дүгээр сард батлуулсан. Дундаасаа 1 хүүхэдтэй, би өөрөө дагавар 3 хүүхэдтэй. ...Намайг 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ******* цохих үед харсан хүн байхгүй. Тухайн хүмүүс нь явсны дараа бид хоёр хоёулаа байхад нэг удаа цохисон юм. Тухайн үедээ гэмтэл шарах учраагүй ураас цагдаад хандсан зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гэж эмнэлгээс гаргаж өгсөн зүйл байхгүй. Би гомдолтой байна. Одоогоор бол 2023 оны 08 дугаар сарын 20-ноос хойш эмчилгээ хийлгэж явсан зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. ...******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ зан аашны хувьд бол зүгээр байдаг. Архи уучихаараа зан ааш нь эвдрээд байдаг юм. Хий хардалтаас болж агсан согтуу тавьдаг. ...гэх мэдүүлэг/Хх-ийн 19-20 дугаар хуудас/
Насанд хүрээгүй гэрч О. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тоглож байгаад 19 цагийн үед гэртээ ортол аав ******* авдар дотроос архи гаргаж ирж байсан, ээж болохоороо орон дээр зүүн талын шанаа хэсэг нь хавдчихсан сууж байсан. Тэгээд “яасан юм” гэсэн чинь ээж “хүнтэй гар утсаар ярилаа гээд цохиод авсан” гэж хэлсэн. Тэгээд аав архиа уугаад сууж байхаар нь би нойл орох гээд гарсан, тэгээд хэсэг хугацааны дараа ээж намайг дуудаад орилоод байхаар нь орсон чинь ээжийн зүүн шанаа нь бүүр их хавдчихсан хамраас нь цус гарчихсан байж байсан, тэгээд би гэр лүү ороод ааваас “яаж байгаа юм” гэсэн чинь өөдөөс “би яасан юм, яагаа ч үгүй” гэж хэлэхээр нь би “наад архиа ууж байгаа юм бол уусан шиг уугаад унт” гэж хэлсэн чинь намайг аав заамдаж аваад миний зүүн хацар хэсэгт гараараа цохиод авсан, тэгэхээр нь би “та яаж байгаа юм” гэж хэлсэн чинь аав “би гарч ус уулаа” гээд байхаар нь би “та наанаа байж бай” гээд ээжийн гар утсаар нь цагдаа дуудсан, цагдаад хэлсний дараа гарч явах гээд байхаар нь ээж бид хоёр хойд өрөө рүү оруулах гээд ноцолдсон. Тэгсэн чинь босож ирснээ “та нарыг бүгдийг чинь ална” гээд хоолны шүүгээ рүү явах гэхээр нь би болиулах гэсэн чинь намайг үүрээд аваад шидчихсэн, тэгснээ хоолны шүүгээнээс хутга гаргаж ирээд ээж рүү хутгаа бариад байсан, тэгэхээр нь би хутгатай гарыг нь бариад болиулах гэж байх үед миний хөл рүү зоогдох гэж байсан, тэгээд би гараас нь хутгыг нь авсан чинь ээжийн гар утсыг нь авснаа газарт савчихсан юм. Тэгээд би гараад хойд айл руу орсон чинь хүн байхгүй байсан. Нээх удалгүй цагдаа ирсэн. ...Хойд аав ******* нь бага дүү болон өөрийг нь ад үзлээ гээд уурлаад байдаг юм. Зан аашны хувьд сайхан ааштай хүн биш. Архи уугаагүй үедээ ээжийг цохиж зодоод байдаггүй. Архи уучихаараа ээжийг хардаад агсан согтуу тавиад байдаг юм. ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манай эгч надад нөхөртөө зодуулж цохиулж байсан талаараа ярьж байсан. 2023 оны 04 дүгээр сард байх ******* ах манай эгчийг зодож гэмтэл учруулаад, цагдаад би өргөдлийг нь бичиж өгөөд шалгагдаж байсан. Өөрөөр бол цагдаад шалгуулж байсан юм байхгүй. 2023 оны 06 сарын сүүлээр эгч нөхөртэй зодуулсан гэж хэлж байсан. Би эгчийг харахад баруун нүд нь гэмтэлтэй харагдаж байсан. Тэр үедээ цагдаад хандаагүй. Өөрөөр надад зодуулсан гэж хэлсэн зүйл байхгүй. Хэрэв нөхөр нь агсан согтуу тавих юм бол надад байнга хэлж байдаг. Болсон зүйлээ надаас манай эгч нуугаад байдаггүй юм. 2022 оны намар 08 сарын сүүлээр нөхөртөө бас зодуулчихсан байсан. Жирэмсэн байх үед нь бас зодож байсан санагдаж байна. Өөрөөр бол мэдэх зүйл байхгүй байна. ...Би бол манай эгчийг зодож байхад нь харж байсан удаа байхгүй. ******* ахтай ярилцахаар “ах нь архи уусандаа муухай зан гаргачихсан байна лээ, тасарчихсан байна лээ” гэх зэрэг үг хэлдэг юм. ...гэх мэдүүлэг/хх-ийн 25 дугаар/
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /Хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогч *******ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн ******* сум дахь Цагдаагийн хэсэгт гаргасан гомдол/хх-ийн 2 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмч гийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч *******ийг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 37 дугаар хуудас/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол/хх-ийн 05 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №157 дугаартай дүгнэлт
Дүгнэлт хэсэгт:
1.*******ийн биед зүүн доод 4-р шүд хөдөлсөн, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн мөр, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3.Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6.******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ШУГТЭ-НМЗТ-ийн эпикризд баруун хараагүй нүдний цус хуралт оношоор баруун нүдийг авч имплант суулгах мэс засал хийлгэсэн байна. Амбулторийн карт 2022 оноос бичигдсэн байгаа тул анх зүүн нүдний бэртэл авсан үеийн амбулторийн карт, эмчийн үзлэгүүд, ШУГТЭ-НМЗТ-ийн өвчний түүх зэргийг бүрдүүлж Шүүх анагаах ухааны шинжилгээний газраар дүгнэлт гаргуулах шаардлагатай” гэсэн дүгнэлт /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-ийн 53 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх-ийн 59 дүгээр хуудас/зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хэргийг нотлох чадвараа алдсан, шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн үйл баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй болно.
Нэг.Шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар баг, 8-5а тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал харилцаатай хүн буюу эхнэр *******ийг хардалтын улмаас нүүр, зүүн нүд орчимд гараараа цохиж, өвдгөөрөө өвдөглөж цохиж зодож зүүн доод 4-р шүд хөдөлсөн, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн мөр, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: ...хохирогч *******ийн зөрчлийн болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг/хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг/хх-ийн 25 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмч гийн 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч *******ийг үзсэн тухай тодорхойлолт/хх-ийн 37 дугаар хуудас/,Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №157 дугаартай дүгнэлт/хх-ийн 35-36 дугаар хуудас/зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
Гэр бүлийн харилцаатай хүн гэж сайн дурын үндсэн дээр нэг гэрт хамтран амьдрахаар Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн эрэгтэй эмэгтэй хүнийг, мөн гэрлэлтээ хуулийн дагуу бүртгүүлээгүй ч сайн дурын үндсэн дээр нэг гэрт хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон, гэр бүлийн харилцааг бий болсон гэсэн эрэгтэй эмэгтэй хүнийг ойлгоно. Шүүгдэгч ******* хохирогч ******* нар нь 2020 оноос эхлэн нэг гэр орж хамтран амьдарч байгаад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон байна./хх-ийн 56 дугаар хуудас/
Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр.Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч *******ийн эрүүл мэндэд нүүр, зүүн нүд орчимд гараараа цохиж, өвдгөөрөө өвдөглөж цохиж зодож зүүн доод 4-р шүд хөдөлсөн, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн мөр, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтлийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцож, хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгах, эмчилгээний зардалд нотлох баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжилсэн нэхэмжлэлгүй, гомдол саналгүй гэжээ.
Хохирогч ******* нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгах, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна
Гурав.Шүүгдэгч *******ад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* 3 дугаар баг, 8-5а тоотод байрлах өөрийн гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал харилцаатай хүн буюу эхнэр *******ийг хардалтын улмаас нүүр, зүүн нүд орчимд гараараа цохиж, өвдгөөрөө өвдөглөж цохиж зодож зүүн доод 4-р шүд хөдөлсөн, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацар, зүүн гарын бугалга, зүүн мөр, баруун гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, хацарт зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хуульд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тусгайлан зохицуулсан байна.
Иймд шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тус зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж хувь хүний төлөвшил, гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн ******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хараагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжин ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хурниад овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 360/гурван зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ