Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 320

 

Д.А-т холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа,

иргэний хариуцагч Г.Саруултуяа,

шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Энхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.А-т холбогдох эрүүгийн 1903012460544 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Д.А-, 1989 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Д.А- нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр буудлын замд 42-01 УНМ улсын дугаартай, “Honda Insight” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-т заасан “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэснийг тус тус зөрчсөний улмаас О.Даваасүрэнгийн жолоодон явсан 71-09 УНР улсын дугаартай, “Toyota MarkX” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Алтантуяагийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

             Тээврийн прокурорын газраас: Д.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.А-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би зам тээврийн осол гаргаж хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж, гэр бүлээ хүнд байдалд оруулсандаа гэмшиж байна. Дахин ийм болчимгүй үйлдэл гаргахгүй, анхаарал болгоомжтой байх болно. Талийгаачийн оршуулгын зардалд 1.682.350 төгрөг, бусад зардалд 600.000 төгрөг /баримтгүй/-ийг төлж тусалсан. Ц.Мөнхзаяа, Ц.Батзаяа, Ц.Ууганзаяа нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохоор энэ тухай баримт аваагүй. Харин О.Даваасүрэнтэй харилцан тохиролцсон. Би ар гэрээ тэжээн тэтгэхийн тулд 2008 оноос үйлдвэрт ажиллаж эхэлсэн. Ажиллах явцдаа эсгүүрийн машинд гурван хуруугаа таслуулж, группд орсон. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг ба ар гэрээ ганцаараа тэжээж, автомашины зээл төлдөг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлэн тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, өөрийн гэм бурууг анхнаасаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Тэрээр ам бүл 4 эхнэр, 0-5 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Б.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.А- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн ба талийгаачийн оршуулгын зардалд 1.682.350 төгрөг зарцуулснаа мэдүүлж, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгсөн. Мөн талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа, түүний төрсөн охин Ц.Ууганзаяа, Ц.Мөнхзаяа нарын Говь-Алтай аймаг руу буцах зардал болох 400.000 төгрөгийг төлсөн гэх боловч хэрэгт баримтыг хавсаргаагүй байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа, иргэний нэхэмжлэгч О.Даваасүрэн нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тухайгаа мэдүүлж, бичгээр илэрхийлсэн ба Ц.Батзаяагаас “...ял шийтгэлийг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ялыг оногдуулж өгөхийг...” хүссэн байдаг. Д.А- нь багаасаа өнчирч, эцэг дүү нарын хамт үлдэхдээ эхийнх нь оронд эх болсон талийгаачийн амь насанд хохирол учруулсандаа маш их гэмшдэг. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт эсхүл мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...ах Д.А-аас нэхэмжлэх зүйлгүй бөгөөд хохирлоо бүрэн барагдуулсан. Тэрээр талийгаачийн оршуулгын зардалд 1.682.350 төгрөгийг төлснөөс гадна, мөнгөөр үнэлэгдэхгүй олон тусламж үзүүлж бидэнтэй үргэлж хамт байсан. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөр төлсөн зарим баримтуудаа алга болгосон ба Ц.Ууганзаяа, Ц.Мөнхзаяа бид нарын Говь-Алтай аймаг руу буцах зардал болох 400.000 төгрөгийг төлсөн. Бид ах дүүс болохоор мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй, харин би шүүх цагдаад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичиж өгсөн. Одоо ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бидний эх, эцэг хоёр хамт амьдарч эхэлсэн үеэс эхлэн бид нар сайн ах дүүгийн харилцаатай байсан. Гэтэл бид эхийгээ алдаж, бас ах маань шоронд орсноор давхар сэтгэл санааны хүнд байдалтай байна. Иймээс эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

            Иргэний хариуцагч Г.Саруултуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа, иргэний нэхэмжлэгч О.Даваасүрэн нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо бичгээр илэрхийлсэн. Нөхөр Д.А-ыг цагдан хоригдож байх хугацаанд бага хүү маань мэндэлсэн. Би бага насны хоёр хүүхдээ гэртээ хардаг тул ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй. Иймээс нөхөр Д.А-ыг өршөөж өгөхийг хүсье...” гэв.

            Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.А-ыг үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Д.А- нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 08 цаг 55 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, 4 дүгээр буудлын замд 42-01 УНМ улсын дугаартай, “Honda Insight” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч чиг өөрчлөхдөө аюул, осол үүсгэхгүй байх нөхцлийг хангана.”, мөн дүрмийн 10.13-т заасан “Дараах газруудад буцаж эргэхийг хориглоно: а/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр” гэснийг тус тус зөрчсөний улмаас О.Даваасүрэнгийн жолоодон явсан 71-09 УНР улсын дугаартай, “Toyota MarkX” загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж өөрийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Алтантуяагийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Д.А- нь “...гэрээсээ аав Дашбаатар, хойт эх Алтантуяа, хүү Анхтөгс нарын хамтаар өөрийн эзэмшлийн, эхнэр Саруултуяагийн нэр дээр байдаг 42-01 УНМ улсын дугаартай, “Honda Insight” загварын автомашиныг жолоодон гарсан. Замдаа явж байхдаа хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх байснаа мартсан байсан. Зам нарийхан байсан тул нэлээд уруудаж байгаад автобусны буудал дээр зүүн гар тийш эргэтэл хажуу талаас автомашин ирж мөргөсөн. Энэ ослын улмаас хойт эх Алтантуяа нас барсан явдалд маш их харамсаж байна. Орчноо сайн харалгүй чиг өөрчлөх үйлдэл хийсэндээ гэмшиж байна. Миний буруу. ...” /хх 77-78, 137/ гэж зам тээврийн осол гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - зам тээврийн осол гарсан нөхцөл байдлын талаар мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч О.Даваасүрэнгийн “...ээж Мөнхгэрэл, дүү Даваадорж, эхнэр Аюурзанын хамт өөрийн эзэмшлийн 71-09 УНР улсын дугаартай, “Toyota MarkX” загварын автомашиныг жолоодон хөдөлгөөнд оролцсон. Доош уруудаад явж байхад 4 дүгээр автобусны буудал дээр нэг автомашин дохио өгөлгүй гэнэт урдуур гараад ирсэн. Би тухайн автомашины хажуу тал руу нь мөргөсөн. ...” /хх 45, 47/,

            - гэрч Д.Дашбаатарын “...4 дүгээр автобусны буудал дээр бүтэн эргэх үйлдэл хийтэл ардаас автомашин орж ирээд манай автомашины хажуу бөөр лүү мөргөсөн. ...” /хх 64/,

            - гэрч Н.Мөнхгэрэлийн “...нэг автомашин автобусны буудал дээрээс хөндлөн гарч ирээд осол болсон. Хүү Даваасүрэн автомашинаа зогсоох гээд тоормос гишгэж байгаа харагдсан. ...” /хх 66/,

            - гэрч О.Даваадоржийн “...бидний сууж явсан автомашины урдуур хар өнгийн жижиг автомашин шууд дараад бүтэн эргэсэн. Тэр автомашин дохио өгөөгүй, шууд л эргэсэн. ...” /хх 69/ гэсэн мэдүүлгүүд,

- зам тээврийн осол, хэргийн газарт болон цогцосны гадна байдалд үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-16/,

- цагдаагийн байгууллага, түргэн тусламжид өгсөн дуудлагын лавлагаа /хх 20/,

- талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2376 дугаартай дүгнэлт /хх 104-108/,

- зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 553 дугаартай дүгнэлт /хх 129/,

- осолд өртөж эвдрэл учирсан 71-09 УНР улсын дугаартай, “Toyota MarkX” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх 120-124/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Д.А-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, шүүхээс тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулж, хорих ял эдлэх байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байна.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Шүүгдэгч Д.А- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа, иргэний нэхэмжлэгч О.Даваасүрэн нараас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүссэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ нь “Нэгдсэн Үндэстний байгууллага”-ын хорихоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм /Токиогийн дүрэм/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Хорихоос өөр төрлийн арга хэмжээнүүдийг сонгох бололцоотой нөхцөлд шүүхийн байгууллага шийдвэр гаргахдаа эрх зүйн зөрчил үйлдэгчийг засан хүмүүжүүлэх шаардлага, нийгмийн болон хохирогчийн ашиг сонирхлыг хамгаалах асуудлыг анхааралдаа авбал зохих бөгөөд хохирогч этгээдтэй шаардлагатай тохиолдолд зөвлөлдөж байгууштай.” гэсэн зөвлөмжид нийцэх ба Монгол Улсын Эрүүгийн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хуульд харшлахгүй юм.

Ингэхдээ шүүгдэгч Д.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Энхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батзаяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Д.А-т мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.” гэж,

- тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Д.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.” гэж тус тус өөрчилж,

- тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ыг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.А- нь 71 хоног цагдан хоригдсоныг дурдаж нэн даруй суллан, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН