Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0033

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ө п” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

 

Давж заалдах гомдол гаргасан:       

 

Нэхэмжлэгч: “Ө п” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага:Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай,

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0746 дугаар шийдвэртэй,

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б /цахимаар/ нар

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг

Хэргийн индекс: 128/2025/0409/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ө п” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0746 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг баримтлан Ө п ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц-аас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0746 дугаартай шүүхийн шийдвэрийн 11-т. "Хэдийгээр хариуцагчаас маргаан бүхий тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 48.1 дэх заалтыг үндэслэсэн байх боловч Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаар шийдвэр илт хууль бус захиргааны актыг хүчингүй болгох журмын зохицуулалт энэ маргаанд хамаарахгүй, нэхэмжлэгчийн тус үндэслэлээр маргасан тайлбаруудыг хүлээн авах боломжгүй байна" мөн шийдвэрийн 12-т "Ө п" ХХК-ийн хайгуулын XV-02163** дугаартай талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал илэрсэн энэ тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох харилцаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулагдана, иймд тус хуулийн 17 дугаар зүйлийн 171-д "түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасан бүрэн эрх "Ө п" ХХК-д хадгалагдах тул Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24 1-д заасан онцгой бүрэн эрхийг зөрчсөн гэх тайлбар мөн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26 1-т "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" 26 2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ" гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллагаас захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдэд сонсох ажиллагаа явуулах үүргийг хуульчилсан байна. Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр шийдвэр/х.х-55/ гаргахын өмнө сонсох ажиллагаа огт явуулаагүй буюу манай компанид олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож буй үндэслэлд холбогдуулан бидэнд тайлбар өгөх боломж болон илэрсэн зөрчлийг арилгах боломж олгоогүйгээр шууд захиргааны акт гаргаж байгаа нь хууль зөрчиж байна

3.2. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 665 дугаартай /х.х-54/ шийдвэрээр манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 11/5569 дугаартай "шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт "тусгай зөвшөөрлийг төлбөрийг төл гэж мэдэгдэл хүргүүлсний дагуу үүнээс цааш ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгож, үүний дагуу "ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг танай компанид олгохоор шийдвэрлэлээ. Та тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөр 19.137.535 төгрөгийг Сангийн яамны Төрийн сан дахь Улсын төсвийн 100900000712 тоот төгрөгийн дансанд мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тушаах үүрэгтэйг мэдэгдье" гэж бидэнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигчийн үүрэг үүссэний дагуу манай компани зүгээс тухайн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Манай компани зүгээс өөрсдийн эзэмшлийн XV-02163** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл маань ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон гэдэгт бүрэн итгэсэн. Иймд хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулалгүйгээр шууд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж үүргээ гүйцэтгэсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн итгэлийг эвдсэн үйлдэл юм.

3.3. Түүнчлэн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн болно. Тодруулбал, Тус захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр болох 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдаан хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүхийн албан ёсны имэйл хаяг болохx [email protected] -руу илгээсэн.

Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нь 2025.10.20-2025.10.27-ны өдрийн хооронд БНХАУ-д ажил хэргээр зорчиж байсан бөгөөд 2025.10.27-ны өдрийн 17 цагт Монгол Улсад ирэхээр байсан. Гэтэл "А М" ХХК-с урьдчилан мэдэгдэлгүйгээр нислэгийн хуваариа өвлийн хуваарьт шилжүүлсний улмаас миний нислэгийн хуваарь нь 2025.10.28-ны өдрийн 12 цагт буухаар өөрчлөгдсөнийг миний бие 2025.10.27-ны өдөр мэдсэний дагуу шүүхэд хүсэлтээ холбогдох баримтын хамтаар хүргүүлсэн.

Мөн өмгөөлөгч Т.Ц миний бие нь шүүх хуралдаан давхацсан гэх хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болж шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс бидний хүсэлт болон хавсаргасан баримтуудыг харгалзан үзэлгүйгээр "шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй" гэж хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр, мэтгэлцэх боломж олголгүйгээр шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

3.4. Цаашилбал нэхэмжлэгч "Ө п" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Засаг даргад хүсэлтээ гарган шийдвэрлүүлэхээр 2025 оны 07 дугаар сард хандсан боловч хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын зүгээс Засаг даргын Тамгын газрын холбогдох нэгжээрээ дамжуулан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэх ямарч үндэслэлгүй хариуг 2025.08.18-ны өдрийн 05/2803 тоот албан бичгээр өгсөн байдаг ба уг баримт хэрэгт авагдсан боловч энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор шүүхээс огт дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцэхгүй.

Учир нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024.12.30-ны өдрийн 665 дугаар шийдвэрээр Өмнөговь аймаг, Ханбогд сум, "Ш д" нэртэй газарт орших 2639 гектар талбай бүхий газарт нэхэмжлэгч компанид ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон боловч 24 хоногийн дараа буюу 2025.01.23-ны өдрийн 64 дүгээр шийдвэрээр өмнө нь нэхэмжлэгч компанид тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрээр хүчингүй болгож, өргөдлийг нь хүлээн авахаас татгалзсан.

Гэтэл Өмнөговь аймгийн Засаг даргын зүгээс Засаг даргын Тамгын газрын 2025.08.18-ны өдрийн 05/2803 тоот албан бичгээр мөн л нэхэмжлэгч компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн.

3.5. Мөн урьд нь буюу 2022.10.11-ний өдрийн А/115 дугаартай, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаал, 2022.10.12-ны өдрийн 46 дугаартай, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдээр нэхэмжлэгч "Ө п" ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг "...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудал нь харьяалах нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул..." гэсэн үндэслэлээр Өмнөговь аймгийн Засаг даргад шилжүүлсэн байдаг.

Гэвч Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023.07.06-ны өдрийн 04/2125 тоот албан бичгээр нэхэмжлэгч "Ө п" ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн материал бичиг баримтыг буцаан хүргүүлсэн байдаг. Тиймээс аливаа төрлийн ашигт малтмалтай холбоотой тусгай зөвшөөрлийг олгох чиг үүрэгтэй 2 төрийн байгууллага, албан тушаалтнууд болох хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн 2022 онд гаргасан өргөдлийг одоо хүртэл шийдвэрлэхгүй, харилцан бие бие рүүгээ түлхэж, эцэст нь аль аль нь шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрүүдийг гаргаж байгаа нь "Ө п" ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах", Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах" гэж тус тус заасан эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

3.6. Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч компани одоо ч ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, хүчин төгөлдөр хэвээр байгаа, үүнийхээ дагуу нэхэмжлэгч нь хайгуулын ажлаа явуулж, Эрдэс Баялагийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн талбайд хийсэн хайгуулын үр дүнд тогтоогдсон нөөцийг хүлээн авч, 2021.07.09-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, тэмдэглэл гарсан, цаашлаад 2022 онд дээрх хуулиудад заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй, хууль бусаар шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрүүдийг гаргасаар өдий хүрсэн.

Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байгаа байдлыг харгалзан үзээгүй, холбогдох дүгнэлтийг хийгээгүй, мөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг хангалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцэхгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т "Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах" гэж заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2025/0746 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хангалгүйгээр хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 20.1.2-т “... шүүх хуралдаанд оролцох”, 20.1.3-т “... шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж нэхэмжлэгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрхийг тусгайлан зохицуулсан.

2.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 6932 дугаар захирамжаар “Ө п” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-ын “...2025.10.20-2025.10.27-ны өдрийн хооронд ажлын шугамаар БНХАУ-руу зорчих гэж байгаа ...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 8 хоногоор хойшлуулж, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 09 цагт товлон зарлаж, энэ талаар хэргийн оролцогч нарт шүүхээс 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгджээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э-аас “...миний ирэхээр төлөвлөж байсан “А м” ХХК нь нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсныг надад мэдэгдээгүйгээс 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагт нисэх нислэг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 09 цагт болж, надтай адил нислэгт хамрагдаагүй 20-30 хүн хоцорсон байна. Иймд ...шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул тус шалтгааныг харгалзан үзэж шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг холбогдох баримтын хамт анхан шатны шүүхийн [email protected] хаяг руу 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 54 минутад явуулсан байх бөгөөд уг хүсэлтийг шүүх 10 дугаар сарын 28-ны өдрийн 08 цаг 42 минутад хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан шүүхийн дардас бүхий баримтаар тогтоогдож байна.

2.3. Гэвч 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны 3016 дугаар тэмдэглэлээс үзэхэд тус шүүх хуралдаан 09 цаг 08 минутад эхэлсэн байх бөгөөд “Даргалагч: Ирцтэй холбоотой санал, хүсэлт байна уу? гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгч талаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гэснээс үзэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг шүүх хэлэлцүүлэлгүйгээр “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хэрэгт нотлох баримт хангалттай авагдсан” гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “…анхан шатны шүүхээс бидний хүсэлт болон хавсаргасан баримтуудыг харгалзан үзэлгүйгээр "шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй" гэж хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр, мэтгэлцэх боломж олголгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.

2.4. Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгааныг (нислэгийн цагийн хуваарь өөрчлөгдсөн) тайлбарласан зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзалгүйгээр “..хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх,  тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцуулах зарчимд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахаар байна.

2.5. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хувьд 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн гэх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурьдах нь зүйтэй.     

2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс “…ашигт малтмалтай холбоотой тусгай зөвшөөрлийг олгох чиг үүрэгтэй 2 төрийн байгууллага, албан тушаалтнууд болох хариуцагч нар нь нэхэмжлэгч компанийн 2022 онд гаргасан өргөдлийг одоо хүртэл шийдвэрлэхгүй, харилцан бие бие рүүгээ түлхэж, эцэст нь аль аль нь шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрүүдийг гаргаж байгаа нь "Ө п" ХХК-ийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. …нэхэмжлэгч компани одоо ч ашигт малтмалын газраас олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй, хүчин төгөлдөр хэвээр байгаа, үүнийхээ дагуу нэхэмжлэгч нь хайгуулын ажлаа явуулж, Эрдэс Баялагийн мэргэжлийн зөвлөлөөс тухайн талбайд хийсэн хайгуулын үр дүнд тогтоогдсон нөөцийг хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, тэмдэглэл гарсан, цаашлаад 2022 онд дээрх хуулиудад заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлэгдээгүй, хууль бусаар шийдвэрлэхээс татгалзсан шийдвэрүүдийг гаргасаар өдий хүрсэн…” хэмээн тайлбарлан маргаж буй энэ тохиолдолд шүүхээс энэхүү нөхцөл байдалтай холбоотойгоор талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд зэргийг харьцуулан үзэж, маргааны үйл баримтад холбогдуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

3. Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0746 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

       ШҮҮГЧ                                                   Ц.САЙХАНТУЯА

        ШҮҮГЧ                                                      С.МӨНХЖАРГАЛ

        ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН