| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/120 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Түвшинтөр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Түвшинтөр
Хохирогч Х.М /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Дд холбогдох 2316001770156 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, ...-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, Говь-Алтай аймгийн ... ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ... регистрийн дугаартай, У овогтой Б.Д.
Холбогдсон хэргийн талаар: Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Солонго хорооллын дээд талын засмал замын дээд талын үерийн далангийн ойролцоо Х.Мтой хувцсан дээр пиво асгалаа гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гараараа нүүр хэсэг рүү нь цохиж, хохирогчийн 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Д нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 15 цагийн орчимд хамт ажилладаг байсан Х.Мтой пиво уух зорилгоор Солонго хорооллын дээд талын засмал замын ойролцоо очиж, улмаар Х.М нь пиво хийж өгөх үед хувцсан дээр пиво асгасны улмаас маргалдаж гараараа нүүр хэсэг рүү нь цохиж, хохирогчийн 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Д гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Ды шүүх хуралдаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хагас сайн өдөр байсан. Би ажил дээр юм хэвлэж өгөх ажилтай ирээд хэвлэж байсан чинь тог тасарсан. Тэгээд ажлын үүдэн дээр гараад ирсэн. Х.М бид хоёр хамт ажиллаж байсан. Х.М такситай хүрээд ирсэн. Бид хоёр зун таараагүй байсан, нэг байранд зэргэлдээ амьдардаг. Гар барилцаад машинд сууя гээд машинд суусан. Хоёулаа уулзсан юм чинь пиво ууя гээд дэлгүүрээс хоёр пиво аваад дээшээ Солонго хорооллын амралтын газрын доор нойлд бие засъя гээд таксигаар очсон. Такси нь буцна гэсэн бид хоёр бууж үлдээд пивоо ууна гэсэн. Х.М өөрөө жоохон халамцуу ирсэн. Пиво задлаад өөрөө уучхаад надад хийж өгөх гээд миний өмд рүү асгаад миний өмд рүү пиво асгалаа гээд тэрнээс болж маргаан үүссэн. Х.М өөдөөс юм хэлээд байсан. Тэгээд Х.Мын нүд рүү цохисон. Х.Мыг орхиод гэр рүүгээ явсан. Тухайн өдөр манай ажлын жижүүр байсан Мэндбаатар гэдэг хүн рүү утсаар яриад Х.Мын байгаа газрыг зааж өгөөд гэрт нь хүргэж өгөөч гэж хэлсэн. Ийм л үйл явдал болсон... Хохиролд 1,500,000 төгрөг төлсөн. Гэм буруугаа маш ихээр ухамсарлан ойлгож байна. Төрийн албан хаагч ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна. Гэм буруугаа ойлгон мэдэж байна. Би уугаагүй, Х.М задалж уучхаад хийж өгөхдөө миний өмд рүү асгасан. Миний өмд рүү битгий асга гэсэн чинь Х.М тийм зүйл байдаг шүү дээ яагаад байгаа юм гэж хэлсэн. Энэ өдрийн үдээс хойш нь гэртээ ирсэн байсан чинь хоёр цагдаа ирсэн. Хувцсаа өмс уулзана гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдааг дагаад цагдаагийн машинд суугаад ирсэн. Цагдаа дээр очиход драгер үлээлгэсэн, цуснаас шинжилгээ авсан зүйл байхгүй... Би хөнгөн хохирол учруулсан. Нүд нь хөхөрсөн байсан. Би цохисон хүлээн зөвшөөрч байна... Би төрийн албан хаагчийн хувьд тухайн үед ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амламаар байна. Би 41 настай цаашид төрд 20 жил ажиллах боломж байна. Цаашид өөр ажил хийх болохоор ял шийтгэлтэй гэсэн түүхтэй болохоор харамсалтай байгаа учраас та бүхэн өршөөж хөнгөрүүлж өгнө үү гэж хүсмээр байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Хохирогч Х.Мын шүүх хуралдаанд өгсөн: “...09 дүгээр сарын 01-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Маргааш нь дахиад уугаад явж байгаад Б.Дтай таараад би уугаад явж байна. Хоёулаа пиво ууя гээд хажуугийн дэлгүүрээс пиво аваад тал гарсан. Уг нь таксинд суугаад пивоо уучих байсан. Би тал гараад бие засъя гээд тал дээр гараад бие зассан. Такси нь удаан хүлээж чадахгүй, явахаар бол эргээд дуудчих гэсэн. Тэгээд үлдчихээд авсан пивоо задлаад би дээрээс нь хоёр гурав уусан. Тэгээд аяганд пиво хийж өгөхдөө Б.Ды хувцсан дээр нь пивоны ихэнх талыг асгасан. Тэрнээс болоод яагаад хувцсан дээр пиво асгачих уу гээд юун сүртэй юм чи яагаад байгаа юм гээд би нэлээн давшилсан. Тэгээд тэрнээс болж маргалдаад миний нүд рүү цохисон. Би нүүрээ дараад нам суусан чинь Б.Д яваад өгсөн. Би хүн дуудах гээд утсаа оролдоод сууж байсан чинь манай хуучин ажлын жижүүр залгаж орж ирээд чи хаана байна би чамайг хүргээд өгье гэсэн. Тэгээд би байгаа газраа зааж өгсөн. Би гэр рүүгээ ороод толинд харсан чинь нэлээн хөхөрсөн байсан. Тэгэхээр нь шууд цагдаа дуудаад би хүнд зодуулчихлаа гэж хэлээд Б.Ды хаягийг нь өгсөн. Хохиролд 1,500,000 төгрөгийг хүлээн авсан хохирлыг бүрэн барагдуулсан... Би өгөхөөсөө өмнө өөрөө нэлээн уусан байсан. Тэгээд хийж өгөхдөө хувцсан дээр нь татаж асгасан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Гэрч М.Мн “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цагийн үед Б.Д над руу залгаад Х.М тал дээр байгаа тал хүргээд өгөөрэй гэж хэлсэн. Солонго хорооллын дээд талын засмал замын дээд талын үерийн далангийн ойролцоо Х.М ганцаараа сууж байсан. Тэгээд Х.Мыг гэрт нь хүргэж өгсөн. Х.М нь толгойгоо дарчихсан байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Нүдний доод хэсэгт нь шалбарчихсан харагдаж байсан. Нүүрээ дарчихсан байсан учир сайн харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-р хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 245 дугаартай “1. 2. Х.Мын биед 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 2 нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 11-12-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,500,00 төгрөгийг шүүгдэгч Б.Д нь төлж барагдуулсан, хохирогч Х.М нь гомдол саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болох хуулийн зохицуулалт байгаа. Залуу хүний цаашид хөгжиж дэвших боломжоор хангаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт байгаа. Шүүхэд энэ эрх хэмжээ олгогдсон учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шударга ёсны зарчмыг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг ...нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” гэж заасан байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Би 41 настай, төрийн албан хаагч. Цаашид төрд 20 жил ажиллах боломж байна. Цаашид өөр ажил хийх болохоор ял шийтгэлтэй гэсэн түүхтэй болохоор харамсалтай байгаа учраас та бүхэн өршөөж хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан “...залуу хүн, цаашид өсөж дэвших боломжоор хангаж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн хүсэлт нь дээрх зарчмуудтай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогтой Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Дд мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА