Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00798

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2020/00798

Улаанбаатар хот

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ө. С-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д.Т-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.С, хариуцагч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Л  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2004 онд Д.Ттэй гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.У төрсөн. Сүүлийн хэдэн жил буюу 2007 оноос хойш Д.Тийн зан харилцаа нь өөрчлөгдсөнөөс бид тусдаа амьдарч эхэлсэн, цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Уыг эхийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Д.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ө.Сгийн ярьж байгаа зүйл үнэн. Хүүхдийн тэтгэлэгтэй холбогдуулан нэхэмжлэгчтэй тохиролцох хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ө.С нь хариуцагч Д.Төд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Ө.С, Д.Т нар 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсноо 2006 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.У төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа болон хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон байх тул Ө.С, Д.Т нарт Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.Уыг эх Ө.Сгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хүүхдийн эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан хүү Т.Уыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Т-өөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх гэж заасан байдаг тул эцэг Д.Т хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих үнийн дүнгээр” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр заасныг баримтлан Улаанбаатар хотод тогтоогдсон хүн амын амьжиргааны доод түвшин 217 900 төгрөгөөр тооцож 56 787 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.   

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.С, хариуцагч Д.Т нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан     2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Т.У-ыг эх Ө.С-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүү Т.У-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Т-өөс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй. 

 

4. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсгүүдэд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Д.Төд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ө.С тус тус даалгасугай. 

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Д.Төөс улсын тэмдэгтийн хураамжид 56 787 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.МӨНГӨНТУУЛ