| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 126/2025/0015/З |
| Дугаар | 221/МА2026/0054 |
| Огноо | 2026-01-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0054
Б.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, П.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нар
Нэхэмжлэгч: Б.О
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамал нар
Гуравдагч этгээд: П.Ч
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0025 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, гуравдагч этгээд П.Ч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 126/2025/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Оаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалд тус тус холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9 дэх Б.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг Мөрөн сумын Газрын даамалд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0025 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9-д Б.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалд даалгаж шийдвэрлэжээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, П.М нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. “...Тус газар нь Газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тодотгол оруулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2 дугаар Тогтоолын хавсралтаар 253 дугаар баганад батлагдсан. Сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтаар 11 дэх багананд тус иргэнд эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Тус газар нь Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2.2 дахь заалтыг зөрчсөн байсан тул Сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжаар газар эзэмшүүлэн эрхийг цуцалсан шийдвэр гаргасан.
Дээрх захирамжтай холбогдуулан иргэн Б.О нь Хөвсгөл аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дагуу Б.О-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох газрын маргаанд хариуцагчаар оролцсон. Анхан шатны шүүх хурал 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болсон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь О-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс 2025 оны 11 дүгээр сарын 18-ны 126/ШШ2025/0025 дугаартай захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Мөн сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9-д Б.Од холбогдох хэсгийг хүчингүй хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө-оос дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
4.1. ...Мөрөн сум 6 дугаар хороо, 3* дугаар гудамж, 0* тоотод байрлах П.Чинзориг миний өмчлөлийн газрын урд 163 м.кв газар нь иргэн Б.Од олгогдсоныг олж мэдээд Мөрөн сумын Засаг дарга Т-т 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор хандаж шалгаж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Мөрөн сумын Засаг дарга Т нь миний гаргасан өргөдлийн дагуу холбогдох хүмүүсийн хамт газар дээр нь ирж шалгаад хууль зөрчиж олгогдсон гэж үзэж 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр “Газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/197 тоот захирамжаар иргэн Б.Од олгосон газрын эрхийг цуцалж шийдвэрлэсэн байдаг.
Дээрх захирамжтай холбогдуулан иргэн Б.О нь Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Үүний дагуу П.Чинзориг миний бие иргэн Б.О-ын нэхэмжлэлтэй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох газрын маргаанд гуравдагч этгээдээр оролцсон. Анхан шатны шүүх хурал 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болсон Шүүх хуралд би болоод манай хууль ёсны төлөөлөгч холбогдох хууль, дүрэм журмыг ноцтой зөрчсөн талаар эрх зүйн үндэслэлийг хангалттай тайлбарласан.
Мөн холбогдох эрх бүхий байгууллагын тухайн газрыг нийтийн эзэмшилд олгож болохгүй гэсэн дүгнэлт тодорхойлолтыг шүүхэд нотлох баримт болгон ирүүлсэн байхад аль алийг авч үзэлгүй Б.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж гаргасан шийдвэрийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх шүүхийн шийдвэр нь холбогдох хууль, дүрмийг үндэслээгүй мөн хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, дараах байдлаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Б.О-аас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга, Мөрөн сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалд тус тус холбогдуулан “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хавсралтын хүснэгтийн 9 дэх Б.Од холбогдох хэсгийг хүчингүй болгож, Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг Мөрөн сумын Газрын даамалд даалгах”-аар маргасан байна.
3. Маргаан бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжаар “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтууд, 40.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.2 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.О-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
4. Анхан шатны шүүхээс “…нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй, ...газраа 2 жил дараалан ашиглаагүй нөхцөл нь гэрээ байгуулагдсан хугацаанаас эхлэн тооцох учраас нэхэмжлэгчийн хувьд уг хугацааг тоолох боломжгүй, ...сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамж хууль зүйн үндэслэлгүй...” гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримт, хууль хэрэглээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан атал маргаан бүхий тушаал нь эдгээр хууль зүйн үндэслэлийн алинд ч үл хамаарахаар байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “...тухайн газарт төлбөр ногдуулах, газрын эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу мэдээллийн санд дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцох учиртай, ...нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй, гэрээ байгуулаагүй нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчид газрын төлбөр төлөх үүрэг үүсээгүй, ...газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулаагүй нь нэгэнт тогтоогдсон байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэх дүгнэлт үндэслэлтэй.
5. Учир нь эрх бүхий захиргааны байгууллагаас газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол хуульд заасан газар ашиглах үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол газрын эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай байх атал хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан аливаа үндэслэл тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
6. Энэхүү маргааны тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2 дахь заалт, мөн инженерийн шугам сүлжээ болон тэдгээрийн хамгаалалтын зурвасыг зөрчсөн” зөрчил гаргасан гэж буруутгаж байх боловч тус үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.
7. Тодруулбал, хэрэгт авагдсан ГХБХБГ-ын мэргэжилтэн Ц.Б-ийн иргэн Б.О-ын эзэмшиж байсан газарт хяналтын хэмжилт хийсэн газрын байршлын зургаас үзэхэд тус хашаалсан газар нь нийт 211 м.кв хэмжээтэй гэж үзэхээр байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...эцсийн байдлаар хашаагаа бариагүй учир нь газрын албанаас миний газрыг зааж өгөөгүй учир багцаалаад жоохон татаад барьчихсан, дотогш татуулаад барихад бэлэн байгаа...” хэмээх тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн хашаалсан газар нь бодит байдалд түүнд эзэмших эрх олгосон 163 м.кв газраас зөрүүтэй хэмжээгээр баригдсан болох нь тогтоогдож байх төдийгүй талуудаас уг үйл баримтыг үгүйсгэж маргаагүй тул тус хашаалсан хэмжээгээр хэмжилт хийж, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвас газарт хамаарч байна хэмээн нэхэмжлэгчийг шууд буруутгах үндэслэлгүй.
8. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 2.2-т “Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл, хэмжээг баримтлан тогтооно” гээд 2.2.1-ийн б/-д “Хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд шугамын захын утаснаас хоёр тийш 2 м” байхаар тогтоосон байна.
9. Гэтэл хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11-33-02/035/09 тоот дүгнэлт, шүүхээс маргаан бүхий газарт 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаас үзэхэд дээр дурдсан нэхэмжлэгчийн 211 м.кв хэмжээгээр хашаалсан төмөр хашаанаас хэмжин “Цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утасны захын утаснаас 1 метр хүрэхгүй зайд олгогдсон зөрчил илэрсэн” гэж үзэж буй нь бодит байдалд нийцээгүй, үндэслэл бүхий болоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
10. Зүй нь, захиргааны байгууллагаас нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоол, Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан 163 м.кв хэмжээгээр газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгосноор эрх бүхий байгууллагаас олгосон бодит хэмжээгээр газраа хашаалсан эсэхэд хяналт тавьж, эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг зөрчсөн эсэхийг тогтоохоор байх атал хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасны улмаас бодит нөхцөл байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн болох нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчид олгосон газар нь цахилгаан дамжуулах агаарын шугамын дамжуулагч утасны захын утаснаас 1 метр хүрэхгүй зайд олгогдсон хэмээн шууд буруутгах боломжгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/197 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчид анх газар эзэмшүүлсэн Мөрөн сумын Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/175 дугаар захирамжийн хавсралтын 11-д заасан хэмжээгээр нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ бичиж олгохыг Мөрөн сумын Газрын даамалд даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
12. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоох, захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсонгүй.
13. Түүнчлэн гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо “...2011 онд газар эзэмших хүсэлт гаргасан ч төлөвлөгдөөгүй, эсхүл гэр бүлийн зориулалттай газар олгохгүй гэх шалтгаанаар хүлээж аваагүй, ...миний бие өөрийн эзэмшлийн хашааныхаа урд хэсэгт үйлчилгээний зориулалттай 2 давхар объектыг 2026 онд барихаар төлөвлөсөн байсан. Гэтэл Мөрөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тухай үеийн Засаг дарга Д.Идэрмөнх нар хууль зөрчиж уг газрыг иргэн Б.Од олгосон нь манай үйлчилгээний зориулалттай барилга барих талыг хаасан тул өөрийн эзэмшлийн газрыг ашиглах боломжгүй, гарах гарцгүй болгосон” хэмээн тайлбарлан маргасныг хүлээн авч, маргаан бүхий актыг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
14. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол оруулахдаа тухайн сумын газрын даамал иргэдээс ирсэн саналыг танилцуулдаг. Энэ танилцуулгад нэхэмжлэгчийн газрын талаар танилцуулагдаагүй. Хурлын тогтоол албажиж гарахад нэмэгдсэн байсан. Тус хурлын дууны бичлэгийг сонсоход хүсэлт илгээсэн талаар огт байдаггүй, ...сүүлд нэмж оруулсан хууль бус үйлдэл...” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар шүүхээс аливаа хууль зүйн дүгнэлт хийх үндэслэлгүй. Харин тухайн асуудлаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандан маргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр, магадлал хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН