Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 37

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

            Улсын яллагч Б.Байгалмаа,

            Шүүгдэгч Д.Батсүх, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Саруул од овогт Дашдамбын Батсүхэд холбогдох 201625032054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 12-нд хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3910 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Саруул од овогт Дашдамбын Батсүх (РД:ЧР77112374),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Д.Бямбадоржоос Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 8.7 тонн хуш модны самрыг хямд үнээр авч өгнө гэж Улсын мэргэжлийн хяналтын газрын “Лаборторын шинжилгээний хариу хүргүүлэх тухай” гэсэн хуурамч бичиг үзүүлж итгэл төрүүлэн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ХААН” банкны салбараас өөрийн дансанд 13.000.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгчээс шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:-Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би энэ санааг телевизийн мэдээгээр харсан. Би ойр зуурын өр ширтэй байсан болохоор энэ мөнгийг өсгөе гэж бодсон. Тэр бичгийг интернэтээс татаж аваад тамгыг ашигласан. Цэлмэг гэдэг хүнийг санаанаасаа зохиосон. Байгаль орчны яамад ажиллаж байгаагүй. Нийт 13.000.000 төгрөг авснаас 9.710.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлсөн. 1.790.000 төгрөгийг үеэл ахаасаа авч өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулж өгсөн. Манай эхнэр хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Мөнгийг аваад хөдөө явж, ченжүүдээс хямдхан самар авъя гэж бодсон. Буруу үйлдэл хийснээ хүлээж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

Д.Батсүхээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 9 дүгээр сард Бөхболд бид хоёр байрны гадаа таараад жоохон юм ярьж сууцгаасан юм. Тэгэхдээ би Бөхболдод “Байгаль орчины яаманд хураагдсан самар байна, энэ самрыг хямдхан аваад буцаагаад зараад хамтарч ажиллах боломж юу байна, өөр хүн байна уу, би бас мөнгө төгрөгний хэрэг болоод өр ширээ дармаар байна” гэсэн чинь хүнээс асууя гэсэн. Тэгээд маргааш нь Бөхөө, Бямбадорж нар над руу яриад “ямар учиртай самар юм бэ, хэдэн төгрөгөөр яаж авах юм, борлуулахыг нь бид нар өөрсдөө хариуцъя” гэж яриад бид нар уулзсан. Тэр үед зурагтын мэдээ үзэж байхад доогуур “самар хураагдсан” тухай мэдээ гарсан, би яг хаана хураагдсан гэдгийг нь мэдээгүй. Ямар ч байсан Яамнаас самар хураан авлаа гэж гарч байсан, тэгэхээр нь би тэрийг сонсчихоод Бөхболд, Бямбадорж хоёртой уулзахдаа өөрийгөө “Байгаль орчины яаманд ажилладаг” гэж хэлээд “манай яаманд 8.7 тонн самар хураагдчихсан байгаа, 0.7 тонн самрыг нь хорогдлоор тооцоод үлдсэн 8 тонн самрыг дээд тал нь 3500 орчим төгрөгөөр гарган авах боломж байна” гэж худлаа хэлсэн. Тэгсэн чинь Бөхболд, Бямбадорж хоёр “чи наадахаа бүтээчих, бид хоёр мөнгийг нь гаргая, тэгээд гарсан ашгаасаа тодорхой хувийг өгье” гэсэн. Маргааш нь Бөхөө хүүхдээ хараад гэрээсээ гарах боломжгүй байсан болохоор Бямбадорж бид хоёр хүнсний 1-р дэлгүүрийн урд талын өндөр шилэн банкны гадаа уулзаад, би Бямбадоржид “энэ самар нь агуулахад байгаа юм байна, гаргаж болох юм байна, бичиг баримтыг нь би бүрдүүлье” гэхэд Бямбадорж “21.000.000 төгрөг олоход хэцүү байна, гэхдээ би олъё” гэсэн. Тэгэхээр нь би “мөнгөнийхөө 60-70 хувийг нь олчих юм бол болох юм байна. Харин та нар үлдэгдэл мөнгийг нь өгөхгүй бол болохгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримт бүрдүүлэхдээ интернэтээс “самар хураагдсан, хүнсний зориулалтаар ашиглахад боломжтой” гэсэн зүйл татаж байгаад тэрийгээ засаад гаргачихсан. Уг бичиг баримтаа Бямбадоржид өгөөд явуулчихсан чинь тэр өдрөө буюу 2016.09.21-ний өдөр 16 цагийн үед самар авах урьдчилгаа 60% мөнгө гэж 13.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Тэгээд би маргааш нь Амгалангийн вокзалаас Хэнтий явна гэсэн машинд суусан. Миний Хэнтий болон Дорнод явсан зорилго нь Бямбадорж, Бөхболд нарт хураагдсан 8.7 тонн самар байгаа гээд хэлчихсэн мөн тэр самрыг БОАЖЯ-наас гаргаж өгнө гээд урьдчилгаа 13.000.000 төгрөгийг авчихсан болохоор тэндээс самар цуглуулах зорилготой явсан юм. Тэгээд Хэнтий, Дорнод аймгаас самар авах гэсэн боловч бүтээгүй харин би мөнгийг нь архи ууж, баян хүний дүрд орж тансагласаар байгаад дуусгачихсан. Би тэр үед худлаа санаанаасаа зохиогоод Цэлмэг гэж хүн хариуцна гээд худлаа хэлчихсэн юм. 88187527 гэсэн дугаар нь би өөртөө авсан байсан дугаар юм. Тэр дугаар руу Бямбадорж мессэж бичихээр нь би цаг хожих гээд хариуг нь “би өнөөдөр заавал бүтээнэ, Батсүх бүтээгээрэй гэж хэлсэн” гэж итгэл үнэмшил төрүүлээд бичдэг байсан гэжээ.

Хохирогчоос мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 9 сарын 19-ний өдөр Налайхад гэртээ байхад Бөхболд өөрийнхөө дугаараас миний дугаар руу залгаад “Байгаль орчины яаманд манай байрны таньдаг залуу Батсүх хэвлэл мэдээллийн албанд ажилд орсон” гэж хэлсэн. Тэгээд Батсүхэд байгаль орчины яаманд хураагдсан 8.7 тонн хуш модны самар байна. Яамнаас уг самрыг хямд үнээр худалдаж аваад цааш зарж борлуулна гэсэн. Бөхболд надад хэлэхдээ бүх бичиг баримт бүрэн ямар нэг асуудал байхгүй, харин намайг мөнгө олохыг хүссэн. Тэгээд гурвуулаа хамтарч ажиллая гэсэн. Бөхболд нь кг-ыг нь 2700 төгрөгөөр бодож яамнаас авна гэсэн. Яамнаас худалдаж авахдаа 700 кг-ыг тооцохгүй авна гэж байсан. Уг самар нь гаалийн баталгаат агуулахад байгаа гэж байсан. Самрыг авахын тулд урьдчилгаа болгож 60 хувь буюу 13.000.000 төгрөгийг эхлээд өгөх хэрэгтэй гэсэн. Би зөвшөөрсөн. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 5 дугаар сургуулийн урд Батсүхтэй уулзсан. Батсүхтэй уулзахад Бөхболдын надад хэлснийг хэлсэн ба надад хэлэхдээ би сая мэргэжлийн хяналтын газраар орчихоод самрын шинжилгээний хариуг аваад ирлээ гээд надад Улсын мэргэжлийн хяналтын газар, БОАЖЯ-ны ойн ашиглалтын газарт гэх толгойтой хаягтай 8.7 тонн самрыг ашиглаж болно гэсэн утгатай бичиг үзүүлсэн. Би уг бичгийг хараад итгэсэн. Бусад холбогдох бичиг баримтуудыг найз Цэлмэг гэх хүн зохицуулж байгаа гэхээр нь би ах Цэгмидээс 13.000.000 төгрөгийг Батсүхийн надад өгсөн бичгийг үзүүлээд ахаасаа зээлсэн. Тэгээд Батсүхтэй эргэж холбогдоод мөнгө шилжүүлье гээд байгууллагын дансаа өгчих гэтэл үгүй ээ миний өөрийн хувийн данс руу хийчих гээд Хаан банкны 5447094199 гэх дугаартай дансыг өгсөн. Би уг дансанд 2016 оны 9 сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 13 сая төгрөгийг шилжүүлэн хийсэн. Батсүхээс яагаад байгууллагын дансанд уг мөнгийг хийхгүй байгаа юм бэ гэхэд цаг хожих гээд ингэж байна, би өөрөө зохицуулна гэж байсан. Мөнгөө шилжүүлснээс хойш уулзахад хяналт шалгалтын газрын даргын гарын үсэг дутуу байна гэж байсан. Хяналт шалгалтын газрын даргын гарын үсгийг зуруулах гэж Соёлын төв өргөөний ард байрлах "Номадс" гэх газрын үүдэнд Батсүхтэй хамт хүлээж байсан. Ойролцоогоор 2-3 цаг хүлээсэн. Хүлээж байтал Батсүх хяналт шалгалтын газрын дарга нь архи уучихсан байна маргааш болъё гээд хойшлуулсан. Маргааш нь уулзахад Бөхболдын иргэний үнэмлэхний хуулбарыг аваад ир гэж хэлээд хуулбарыг аваад утсаа унтраачихсан. Дахин утсаа нээгээгүй. Одоог хүртэл ямар нэгэн сураг чимээгүй байна. Хохирлоо барагдуулж авмаар байна гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

1.Б.Бөхболдоос:-Миний бие Бямбадоржийг 1991 оноос хойш 10-н жилд сурч байхаасаа хойш танина. Нэг сургуульд сурдаг байсан. Бастүхийг харин одоогоос 5-н жилийн өмнөөс танина. Батсүх нь миний амьдардаг 39 дүгээр байрны 10 тоотод амьдардаг. Нэг байранд амьдардаг гэдгээр нь танина. 2016 оны 6 дугаар сард Батсүх сонгуулийн сурталчилгааны ажилд явж байсан. Тэгэж байгаад сонгууль дууссаны дараа Байгаль орчны яаманд ажилд орох гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байрны гадна уулзахад Байгаль орчны яаманд хэвлэл мэдээллийн хэлтэст хэвлэлийн ажилтнаар орсон ажиллаж байгаа гэсэн. Тэр үед би Батсүхээс самар түүх зөвшөөрөл авч өгч чадах уу гэж асуусан. Тэр үедээ Батсүх нь болно гэсэн. Тэр үед тэгэж яриад л өнгөрсөн. Тэгсэн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Батсүх надтай уулзаад Байгаль орчны яаманд хураагдсан Төмөр замын гаалийн агуулахад 8,7 тонн самар байна гэсэн. Тэр хураагдсан самраа Сэлэнгийн товчооноос хураагдсан самар гэж байсан. Би Батсүхээс ийм самрыг чинь дуудлага худалдаагаар зардаггүй юм уу гэхэд үгүй сонгууль болоод өнгөрсөн учир мөнгө хэрэгтэй гээд дуудлага худалдаагаар оруулахгүй зарна гэсэн. Тэгээд би авна гэж хэлээд мөнгө төгрөг олоодхоё гэсэн. Тэгтэл уг яриа өрнөснөөс хойш 2 хоногийн дараа Батсүх эргэж холбогдоод 8,7 тонн самрын 700 кг-ийг нь хорогдлоор тооцоод 8 тонн гэж тооцоод нэг кг-ийг нь 2800 төгрөгөөр бодож авахаар болж байна, уг самрын дээжийг мэргэжлийн хяналтын газар өгсөн, хариу нь зүгээр хэвийн гэж гарсан гэсэн. Тэгэхээр нь би авъя гэж хэлээд самрыг харъя гэтэл Батсүх нь “Гаалийн баталгаат агуулах нь байнга онгойдоггүй юм байна худалдаж авах болсон, төлбөрөө төлсөн тохиолдолд авдаг” гэж хэлсэн. Би мөнгө хайгаад найз Бямбадоржид хандаж болж байгаа нөхцөл байдлыг хэлсэн. Тэгтэл Бямбадорж самрыг үзэж харъя гэсэн. Бямбадорж болон Батсүх нар нь бие биенийгээ таньж мэддэг учир хоорондоо шууд уулзчих гэсэн. Тэгтэл маргааш нь Бямбадорж Батсүхтэй Байгаль орчны яамны гадна уулзсан гэж Бямбадорж надад хэлсэн. Батсүх нь Бямбадоржид байгаль орчны лабораторын бичиг үзүүлсэн гэж байсан. Батсүх нь худалдаж авах гэж байгаа самарныхаа 60%-ийг төлчих гэж Бямбадоржид хэлсэн байдаг. Тэгээд Бямбадорж нь ахаасаа авах гэж байгаа самрын мөнгөний 60%-ийг төлөх хэрэгтэй гээд 13.000.000 төгрөг авсан гэсэн. Бямбадорж нь тэгээд Батсүхийн хамт банкны салбар дээр очоод Батсүхийн данс руу 13.000.000 төгрөг хийсэн гэдэг. Бямбадорж нь надад мөнгөө Батсүхийн дансанд хийсны дараа түүний данс руу хийчихлээ гэсэн. Тэгэхээр нь би яах гэж хувь хүний данс руу хийж байгаа юм, албан байгууллагын данс руу хийхгүй яасан гэхэд Бямбадорж нь гайгүй биз дээ гээд өнгөрсөн. Тэр өдрийн орой нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой Батсүх нь гэрийнхээ гадаа надтай уулзахдаа самрын зөвшөөрөл гэх бичиг авчирч өгсөн. Тэр үедээ Бямбадоржийн шилжүүлсэн мөнгийг тушаах ёстой газар нь тушаачихсан гэж байсан. Би яагаад хувийн данс руугаа хийж авч байгаа юм бэ гэхэд данснаасаа аваад байгууллагын дансанд хийчихсэн гэж байсан. Тэгээд гэр гэртээ орсон. Тэгсэн маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өглөө Бямбадорж нь над руу утсаар залгаад “чиний иргэний үнэмлэх хэрэгтэй байна хүрээд ир” гэсэн. Бичиг баримтын бүрдэл нь чиний нэрээр яваад байна гэж хэлсэн. Тэгээд би өөрийн иргэний цахим үнэмлэхээ аваад Бямбадоржийн байсан Соёл урлагийн их сургуулийн зүүн урд талд машиндаа сууж байхад нь очиж уулзсан. Тэгсэн удалгүй Батсүх ирж уулзаад миний иргэний үнэмлэхний хуулбарыг аваад явсан. Бямбадоржид Батсүх хэлэхдээ уг асуудлыг Цэлмэг гэх хүн хариуцана шүү, гаалийн баталгаат агуулахыг хариуцсан ажилтан шүү гээд 88187527 гэх утасны дугаар өгөөд явсан гэсэн. Цэлмэг гэж хүн хаана юу хийдэг, ямар ажилтай хүн гэдгийг мэдэхгүй. Тэгээд орой нь Батсүхийн 94601326 гэх дугаар руу болон Бямбадоржид өгсөн Цэлмэг гэх хүний 88187527 гэх дугаар руу залгатал, аль аль нь утсаа авахгүй байсан. 88187527 гэх дугаар руу юу болсон бэ гээд мэссэж бичихэд хариу болгож, “өнөөдөр заавал болгоно. Батсүх заавал бүтээгээрэй гэж хэлсэн гэж” хариу мэссэж бичиж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчим Батсүх рүү утасдаж ярьтал, хурал сая тарлаа болгох гэж байна одоохон гээд утсаа салгаад ор сураггүй алга болсон. Тэрнээс хойш сураггүй байж байгаад 3 хоногийн дараа манай гэрт Батсүх нь ороод ирсэн. Би юу болсон яасан талаар асуутал Батсүх нь өөр хүнд өртэй байсан тэр хүндээ өрөө төлчихсөн гэсэн. Тэр дор нь би Бямбадоржийг дуудаж уулзуулсан гэжээ.

2.Г.Баярдэлгэрээс:-Манай гэр Хэнтий аймагт байдаг юм. Тэгээд
Хэнтий явах гээд Баянзүрх дүүргийн авто вокзал дээр явах хүн хайгаад зогсож байхад хар өнгийн цүнх барьсан 30 гаруй насны залуу ирээд “Хэнтий явах машин байна уу, шууд гарах машинд сууна” гэсэн. Би тэр үед 1 хүн хайж байсан болохоор тэр залууг аваад явсан юм. Замдаа бид хоёр хоорондоо юм ярьж байгаад танилцаад, би өөрийгөө Хэнтий аймаг руу явж машинаа зарах гэж байгаа тухайгаа хэлэхэд тэр залуу миний машиныг сонирхох болсон. Надад өөрийгөө танилцуулахдаа Байгаль орчины яаманд хэвлэл мэдээллийн ажилтан гэж байсан юм. Тэгээд миний машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм. Тэгсэн чинь тэр өдрөө орой 19 цаг өнгөрч байхад над руу залгаад “машинаа авъя” гээд утасдахаар нь би буусан байсан буудалд нь очиход тэр залуу ганцаараа байсан. Би гэрийхэнтэйгээ ярьсан юмуу гэж асуухад “ярьчихсан байгаа, жолооны үнэмлэхээ захисан байгаа” гээд миний машиныг авах гээд миний данс руу бэлнээр 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Батсүхийн эгч нь гэх хүн миний утас руу залгаад “Батсүх хотод ирчихсэн байгаа, чамаас 3.000.000 төгрөгөөр машин авсан гэж байна, манай энэ дүү хүнээс мөнгө залилчихаад явж байгаа юм” гэж хэлсэн. Тэр эгч нь миний гар утасны дугаарыг Батсүхээс авсан юм шиг байсан. Би тэр үед машинаа зарчихсан юм чинь гээд мөнгийг нь ахын эмчилгээнд явуулчихсан байсан болохоор тэтгэвэрийн зээл аваад өөртөө байсан мөнгөө нэмээд 3.000.000 төгрөгийг нь босгож байгаад эгч рүүгээ шилжүүлээд эгчийгээ хотод тэр хүнд нь нотариатаар батлуулаад өгчих гэсэн гэжээ.

3.Б.Ганцэцэгээс:-Би Д.Батсүхтэй 2006 оноос хойш хамтран амьдарч
байгаа юм. Гэхдээ бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байгаа. Бид хоёр нэг хүүхэдтэй одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо 39-10 тоотод оршин сууж байгаа. Он сарыг нь санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ноос хойш нэг өдөр би ажил дээрээ байж байхад Батсүх над руу залгаад “би хөдөө явлаа, гэрээс гарч байна” гэж хэлж байсан. Ямар ажлаар хаашаа явж байгаагаа хэлээгүй. Тэгээд хөдөө явчихсан. Тэгээд маргаашнаас нь эхлээд 3 хоног утас нь холбогдохгүй болсон байсан. Тэр хооронд манай 5 давхарт байдаг Бөхболд 2-3 удаа орж ирж Батсүхийг “хаашаа явсан юм бол” гээд асуугаад байсан. Тэгсэнээ 1 дэх өдөр өглөө 08 цаг өнгөрч байхад Бөхболд над руу залгаад “ирсэн үү?” гэж асуухаар нь би “ирээгүй байна” гэсэн чинь “Батсүх хүнээс мөнгө авчихсан” гэхээр нь би гайхаад лавлаад асуухад “хүнээс 13 сая төгрөг авсан” гэж хэлсэн. Яг ямар зорилгоор авсан гэдгийг хэлээгүй. Тэгээд маргааш нь Батсүх над руу залгаад асуухад Батсүх согтуу, Дорнод аймагт явж байна, маргааш хотод очно гэж хэлсэн. Тэгээд маргааш нөгөөдөр нь ирэхээр нь би Батсүхийг “юун мөнгө хүнээс авчихсан юм бэ” гэж баахан загнаад ажил руугаа явсан. Харин Батсүх нөгөө мөнгө авсан гэх хүмүүстэйгээ учраа олно гэж байсан. Батсүхээс би тэр авсан гээд байгаа мөнгөнөөс нь үлдсэн хэдэн төгрөг байгаа талаар асуухад 500-600 мянган төгрөг байгаа гэж байсан. Бусдыг нь яасан гэдгийг би мэдэхгүй байна. Машин авсан сураг байсан гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Д.Батсүх нь ямар нэг албан тушаал эрхэлдэггүй атлаа өөрийгөө Байгаль орчны яаманд хэвлэл мэдээллийн хэлтэст хэвлэлийн ажилтнаар ажиллаж байгаа гэж хуурч мэхлэн,  шунахай зорилгоор 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 8.7 тонн хуш модны самрыг хямд үнээр авч өгнө хэмээн хохирогч Д.Бямбадоржид Улсын мэргэжлийн хяналтын газрын “Лаборторын шинжилгээний хариу хүргүүлэх тухай” гэсэн хуурамч бичиг баримт үзүүлж, итгэл төрүүлэн түүний 13,0 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “ХААН” банкны салбараар дамжуулан өөрийн дансанд шилжүүлэн авсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “…Батсүх надтай уулзаад Байгаль орчны яаманд хураагдсан Төмөр замын гаалийн агуулахад 8,7 тонн самар байна гэсэн. ...  .…Бямбадорж нь тэгээд Батсүхийн хамт банкны салбар дээр очоод Батсүхийн данс руу 13.000.000 төгрөг хийсэн гэдэг. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний орой Батсүх нь гэрийнхээ гадаа надтай уулзахдаа самрын зөвшөөрөл гэх бичиг авчирч өгсөн. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны орой 22 цагийн орчим Батсүх рүү утасдаж ярьтал хурал сая тарлаа, болгох гэж байна, одоохон гээд утсаа салгаад ор сураггүй алга болсон” гэх мэдүүлэг, гэрч Б.Бөхболдын “…Батсүх надтай уулзаад Байгаль орчны яаманд хураагдсан Төмөр замын гаалийн агуулахад 8,7 тонн самар байна гэсэн. ... Батсүх эргэж холбогдоод 8,7 тонн самрын 700 кг-ийг нь хорогдлоор тооцоод 8 тонн гэж тооцоод нэг кг-ийг нь 2800 төгрөгөөр бодож авахаар болж байна уг самрын дээжийг мэргэжлийн хяналтын газар өгсөн хариу нь зүгээр хэвийн гэж гарсан гэсэн. Би мөнгө хайгаад найз Бямбадоржид хандаж болж байгаа нөхцөл байдлыг хэлсэн. Батсүх нь Бямбадоржид байгаль орчны лабораторын бичиг үзүүлсэн гэж байсан. Бямбадорж нь тэгээд Батсүхийн хамт банкны салбар дээр очоод Батсүхийн данс руу 13.000.000 төгрөг хийсэн гэдэг.” гэх мэдүүлэг, гэрч Г.Баярдэлгэрийн “…Тэгээд миний машиныг 3.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон юм. ...миний данс руу бэлнээр 3.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.Ганцэцэгийн “…манай 5 давхарт байдаг Бөхболд 2-3 удаа орж ирж Батсүхийг “хаашаа явсан юм бол” гээд асуугаад байсан. ... Тэгээд маргааш нь Батсүх над руу залгаад асуухад Батсүх согтуу, Дорнод аймагт явж байна, маргааш хотод очино гэж хэлсэн. Батсүхээс би тэр авсан гээд байгаа мөнгөнөөс нь үлдсэн хэдэн төгрөг байгаа талаар асуухад 500-600 мянган төгрөг байгаа гэж байсан” гэх мэдүүлэг, хохирогчоос шүүгдэгчийн данс руу мөнгө шилжүүлсэн ХААН банкны баримт, Улсын мэргэжлийн хяналтын газар “БОАЖЯ-ны Ойн ашиглалтын газарт” гэх хуурамч бичиг, Д.Батсүхийн ХААН банкны хуулга, хохирлын мөнгө өгсөн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Саруул од овогт Дашдамбын Батсүхийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авснаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн нэр дээр ямар нэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байгаа эсэх нь тогтоогдоогүй тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг тавиас дээш нэг зуун хорин тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцов.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан болно. 

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Д.Батсүхийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Саруул од овогт Дашдамбын Батсүхийг бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авснаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар шүүгдэгч Д.Батсүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батсүхэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Батсүхэд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Батсүхэд урьд авсан батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ