Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б ,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга нарын хоорондын жагсаал цуглаан хийхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оч хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 тоот албан бичгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

Хэргийн нөхцөл байдлын талаар:

1.Иргэн Б.Б  нь 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Үндсэн хуулийн цэцийн ордны хашааны гадна хаалганы баруун талд нийтийн эзэмшлийн талбайд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх, цуглаан хийх хүсэлт” гаргажээ.

2.Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаар албан бичгээр “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байх  газар жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн байр төрийн тусгай хамгаалалтад байдаг тул цуглаан хийх тухай таны мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж байна” гэсэн хариу өгсөн байна.

3.Нэхэмжлэгчээс “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 тоот албан бичгийг хүчингүй болгох ” шаардлагын үндэслэлээ.

3.1. “...Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэлийг тодорхой тусгаж өгсөн байтал Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь хууль бусаар татгалзсан хариу өсгөн юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн байр нь Төрийн тусгай хамгаалалттай байр боловч миний бие нь Цэцийн байр болон дотор хашаанд биш харин хашааны гадна нийтийн эзэмшлийн талбайд хийхээр хүсэлт өгсөн юм” гэжээ.

4. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн Засаг дарга нь иргэн Б.Б  миний Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрх буюу жагсаал цуглаан хийхийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэл нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суугч Б.Б  миний бие нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “жагсаал цуглаан хийх эрхтэй”, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Жагсаал цуглааныг  Монгол Улсын иргэн, ... зохион байгуулах эрхтэй” гэж заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ордны хашааны гадна баруун талд нийтийн эзэмшлийн талбайд Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д заасны дагуу Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх зорилгоор цуглаан хийх болсныг Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч Хан-Уул дүүргийн Засаг дарга нь бүртгэхээс татгалзсан.

Үндсэн хуулийн цэцийн байр болон хашаан дотор нь биш, харин хашааны гадна нийтийн эзэмшлийн талбайд хийхээр хүсэлтээ өгсөн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаартай албан бичгээр Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д цэрэг цагдаа болон төрийн тусгай төрийн хамгаалалтад байх газрын жагсаал цуглаан хийхийг хориглоно гэж заасан. Үндсэн хуулийн цэцийн байранд жагсаал цуглаан хийхийг хориглож байна гэсэн хариу өгсөн. Би төрийн тусгай хамгаалалттай байр болон хашаан дотор биш гадна талын нийтийн эзэмшлийн талбайд жагсаал цуглаан хийхээр хүсэлтээ өгсөн.

Хэрэгт Төрийн тусгай хамгаалалтын газрын “...Үндсэн хуулийн цэцийн байр төрийн тусгай хамгаалалтад байдаг, тус объектын хашааны гадна хэсэг нь төрийн тусгай хамгаалалтад байдаггүй” гэсэн албан бичиг ирсэн. Иймээс хариуцагчаас үндэслэлгүйгээр цуглааныг бүртгэхээс татгалзсан.

Засаг даргын тамгын газрын дарга бүртгэхээс татгалзсан хариу өгсөн, цагдаагийн байгууллагаас “таны жагсаал цуглааныг бүртгээгүй, жагсаал цуглаан хийвэл албадан тараана” гэж 2 удаа утастсан, иймээс цуглаанаа хийж чадаагүй, хууль бус Засаг даргын тамгын газрын даргын албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б ийн нэхэмжлэлтэй Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б  2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндсэн хуулийн цэцийн байрны орчим 05 дугаар сарын 02-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд цуглаан зохион байгуулахаар мэдэгдэл ирүүлсэн. Дээрх мэдэгдлийг судлан үзэхэд Үндсэн хуулийн цэцийн байр Засгийн газрын “жагсаалт батлах тухай” 2012 оны 65 дугаар тогтоолын дагуу Төрийн тусгай хамгаалалтад байнга байх зүйлийн жагсаалтад байдаг. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байх газар жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж заасан байдаг тул иргэн Б.Б ийн мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж энэ тухай дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Хуульд тусгайлан заасан үндэслэлээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“...Хуулийн үндэслэл гэхээсээ өмнө Хан-Уул дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн шалтгааны улмаас албан үүргээ түр орлон гүйцэтгэгчээр дүүргийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байгаа энэ хугацаанд маргаан гарсан учир дүүргийн Засаг даргаас итгэмжлэл авч оролцож байна. Монгол Улсын Засаг захиргаа,  нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар Засаг даргын ажлын алба Засаг даргын Тамгын газар нь 3 үндсэн үйл ажиллагаа явуулах бөгөөд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэргэжлийн чиг үүргээр хангаж ажиллах чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс иргэдээс гаргасан өргөдөл гомдол хүсэлтийг шийдвэрлэх эрх нь хуулиар олгогдсон. Хан-Уул дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн шалтгаантай байсан, түр орлон гүйцэтгэгчийг томилсон захирамж гараагүй байсан учраас Засаг даргын Тамгын газраас хариу өгсөн болно” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар маргаж” байна.

1. Нэхэмжлэгчээс “Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх” зорилготой цуглааныг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд Үндсэн хуулийн Цэцийн байрны хашааны гадна нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулах тухай хүсэлт, мэдэгдлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасан байна.

2. Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаар албан бичгээр “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д “Цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байх газар жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн цэцийн байр төрийн тусгай хамгаалалтад байдаг тул цуглаан хийх тухай таны мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгч, түүний жагсаал, цуглааныг бүртгэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...Үндсэн хуулийн цэцийн байрны гадна нийтийн эзэмшлийн талбай нь төрийн тусгай хамгаалалтад байдаггүй, гэтэл хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...хүсэлтэд бичсэн байршил нь тодорхойгүй байсан” гэх агуулгаар татгалзлаа тайлбарлан маргаж байна.

3.Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 2-т заасан “цэрэг, цагдаагийн болон төрийн хамгаалалтад байгаа газар”-т жагсаал цуглаан хийхийг хориглохоор заажээ.

Нэхэмжлэгч Б.Б ээс Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасан мэдэгдэлд “цуглаан хийх зорилгыг Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлын талаар олон нийтэд мэдээлэх” гэж, цуглааныг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг дуустал өдөр бүр 10:00-17:00 цагийн хооронд Үндсэн хуулийн Цэцийн ордны хашааны гадна баруун талд нийтийн эзэмшлийн талбайд хийх” гэж тодорхойлсон ба нэхэмжлэгчийн цуглаан хийхээр төлөвлөсөн Үндсэн хуулийн цэцийн хашааны гадна талбай нь төрийн тусгай хамгаалалтад хамаарахгүй болох нь Төрийн тусгай хамгаалалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 381 дүгээр албан бичигт “...тус объектын хашааны гадна хэсэг нь төрийн тусгай хамгаалалтад байдаггүй болно” гэж дурдсан байгаагаар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгчээс “хуульд заасан хориглосон газарт хамаарахгүй байхад цуглаан хийх мэдэгдлийг бүртгээгүй нь хууль бус” гэж маргасан нь үндэслэлтэй, түүний цуглаан хийх мэдэгдлийг бүртгээгүй захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч иргэний тайван жагсаал, цуглаан хийх үндсэн эрх, эрх чөлөө, зөрчигдсөн гэж үзлээ.

 Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-д “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” З-д “Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар жагсаал цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх, эсхүл татгалзах шийдвэрийг Засаг дарга гаргахаар байх боловч, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн цуглаан хийх мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ...Засаг дарга өвчтэй байсан, тамгын газрын дарга хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх иргэний хүсэлтийг шийдвэрлэж хариу өгсөн” гэж тайлбарладаг.

Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 тоот албан бичгээр нэхэмжлэгчийн цуглаан хийх мэдэгдлийг бүртгээгүйн улмаас нэхэмжлэгч нь жагсаал цуглаанаа зохион байгуулж чадаагүй үр дагавар үүссэн байх ба энэ талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Дүүргийн Засаг даргын шийдвэрлэх асуудлаар түүний ажлын албаны дарга, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргаас “мэдэгдлийг бүртгэхээс татгалзаж” өөрт чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь “илт хууль бус” захиргааны актын шинжийг агуулж байна.

Гэвч Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаар албан бичгийн улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан жагсаал, цуглаан зохион байгуулах эрх зөрчигдөж жагсаал, цуглаанаа зохион байгуулж чадаагүй үр дагавар үүссэн, тэрээр уг албан бичгийг хүчингүй болгуулснаар “жагсаал цуглаанаа зохион байгуулах тухай мэдэгдлийг Засаг даргад дахин гаргах” ашиг сонирхол байгаа тохиолдолд маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаар албан бичгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байх тул, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон тохиолдолд хариуцагч Засаг даргаас нэхэмжлэгчийн цуглаан зохион байгуулах субъектив эрхэд халдах буюу цуглааныг бүртгэхээс татгалзах үндэслэл бий болохоор байгааг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11/637 дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Засаг дарга даргын тамгын газраас 70,200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б т олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОТГОНТУЯА