Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/00993

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Б Гт холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 124 714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь 2011 оны 6 сард Б Гтай гэрээ хийж тамгын газрын хурлын заалны засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр 42 494 278 төгрөгийн ажлыг хугацаанд нь гүйцэтгэж, ажил хүлээлцэх комисс томилогдож актаар хүлээлгэн өгсөн. Гэрээний төлбөрийн 5 хувийг чанарын баталгаат 1 жилийн хугацаа дууссаны дараа олгохоор болсон.  Ажлын хөлсөнд дээрх 5 хувь буюу 2 124 714 төгрөгийг аваагүй. Гэтэл Нийслэлийн Аудитын газраас 2 124 714 төгрөгийг Баянгол дүүргийн төсөвт төвлөрүүлэхээр акт тавьжээ. Энэ мөнгө нь төсвийн захиран зарцуулаагүй хөрөнгө биш бөгөөд харин ажлын хөлсний барьцаа болгож дараа авах байсан мөнгө юм. Иймд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2 124 714 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын талаар маргаагүй. Нийт 42 494 278 төгрөгийн ажил хийснээс 30 000 000 төгрөгийг улсын төсвийн хөрөнгөөр, 12 494 278 төгрөгийг дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, 2011 оны 8 сарын 02-ны өдрийн актаар хүлээн авсан. Гэрээний тусгай нөхцөлд  чанарын баталгаат хугацаа 365 хоног байх ба баталгаат хугацаа дуустал гэрээний үнийн дүнгийн 5 хувийг барьцаа хөрөнгийн дансанд байршуулна гэж заасны дагуу баталгаат хугацаа дуусахад Г ХХК нь барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх хүсэлт гаргаад мөнгөө авах боломжтой байсан. Гэтэл Нийслэлийн Аудитын газрын 2017 оны 3-р сарын 27-ны өдрийн 01/126 дугаар актаар “2010-2014 онуудад хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа дууссан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд 107 710 466 төгрөгийг буцаан олгоогүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, Төсвийн тухай хуулийн 7.7 дахь хэсгийг зөрчсөн гэж үзээд төсөвт төвлөрүүлэхээр шийдсэн. ЗДТГ-ын барьцаа хөрөнгийн дансанд байршсан аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь дүүргийн төсвийн хөрөнгө биш бөгөөд энэ данс нь он дамжин үлдэгдэлтэй байж болдог данс тул дээрх актыг үндэслэлгүй гарсан гэж үздэг. Дүүргийн 2018 оны төсөвт дээрх мөнгөний зарцуулалтыг тусгаж өгөөгүй тул Г ХХК-ийн барьцаа 5 хувь болох 2 124 714 төгрөгийг буцаан олгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд төсвийн тодотгол хийх замаар Г ХХК-ний мөнгийг шийдвэрлэх боломжтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 2 124 714 /хоёр сая нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун арван дөрөв/ төгрөг гаргуулж Г ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 945  төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас 48 945 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Д давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дахь заалтыг эс зөвшөөрч байна. Баянгол дүүргийн 2018 оны төсөвт дээрх мөнгөний зарцуулалтыг тусгаж өгөөгүй байхад дүүргийн Засаг даргын Тамгын газар мөнгийг шийдвэрлэх эрхгүй юм. Хариуцагчийн тайлбарт 2018 оны төсөвт тодотгол хийж шилжүүлэх боломжтой гэж тайлбарласан байна.  Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Баянгол дүүргийн орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж Г ХХК-д олгохыг Б Г-т даалгасугай” хэмээн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК нь Б Г-т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 124 714 төгрөг гаргуулахаар шаардахад хариуцагч “төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх боломжтой” гэсэн тайлбар гаргажээ.

 

Б Г нь Г ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус тамгын газрын заалны засварын ажлын гэрээ байгуулж, ажил гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ажлыг бүрэн гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ. 

 

Захиалагч ажлын хөлс 40 369 594 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, харин нийт ажлын хөлсний 5 хувь буюу 2 124 714 төгрөгийг ажлын чанарын баталгаат хугацаа болох 1 жилийн хугацаа өнгөрсний дараагаар төлөхөөр хариуцагч гэрээгээр үүрэг хүлээжээ.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж, үр дүнг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгсөн тул ажлын хөлсний үлдэгдэл 2 124 714 төгрөгийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

 

Талуудын гэрээний 3 дугаар зүйлд баталгаат хугацаа дуусахад захиалагч уг 2 124 714 төгрөгийг ажил гүйцэтгэгчид олгохоор үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй тул түүний “төсөвт тодотгол хийх замаар төлж өгөх “ тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. Уг ажлын хөлс 2 124 714 төгрөгийг төлөхийг хариуцагч агуулгын хувьд хүлээн зөвшөөрсөн бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй нь диспозитив зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/00672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Б Г-ын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

           

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД