Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2016/0758

 

Р.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Р.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Сонгуулийн хорооны даргад холбогдох захиргааны хэргийг Г.Билгүүн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: “Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүлийн 161.1, 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрийн “Увс аймгий сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүнг нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж, Г.Нямбаярын төлөө өгсөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн “Түр үнэмлэх” олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Төмөрчөдөр давж заалдах гомдолдоо: “...Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “Тухайн сонгуулын саналын хуудасны загвар, тоог Сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ” гэж заасан бөгөөд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь Увс аймгийн Өмнөговь сумын сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчдын тооноос дутуу саналын хуудас ирүүлсэн нь миний болон 17 нэр дэвшигчийн үндсэн эрхийг зөрчих үндэслэл болсон нь тодорхой байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодит үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Түүнчлэн нэмэлт саналын хуудсаар санал өгсөн 17 сонгогчийн саналыг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Сонгуулийн үндсэн зарчим нь сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох зарчмын үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ”, 4.2-т “Сонгууль нь бүх нийтийнх байх бөгөөд түүнд сонгогч бүр оролцох эрхтэй” 4.3-д “Сонгогч хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэлт зоригоо илэрхийлж, саналаа нууцаар гаргах боломжоор хангагдсан байна” гэж заасан сонгуулийн үндсэн зарчмыг алдагдуулсныг, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг ноцтой зөрчсөнийг шүүх анхаараагүй...

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хамгийн олон санал авсан тухай тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно” гэж заасан ба бодит байдал дээр Увс аймгийн Өмнөговь сумын иргэд Монгол Ардын намаас нэр дэвшигч Р.Төмөрчөдөр надад итгэл хүлээлгэн, 877 сонгогч иргэн санал өгснөөр би Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр Өмнөговь сумаас сонгогдсон байхад Увс аймгийн Сонгуулийн хороо саналын дүнг нэгтгэхдээ нэмэлт саналын хуудсаар санал өгсөн 17 сонгогчийн саналыг хасаж тооцон сонгуулийн дүнг нэгтгэснийг анхан шатны шүүх зөв гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүнг нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж, Г.Нямбаярын төлөө өгсөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн “Түр үнэмлэх” олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгаж, нэхэмлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчээс “Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 тоот тогтоолын 04 дүгээр хавсралтын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүн нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж, Г.Нямбаярын төлөө өгсөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн “Түр үнэмлэх” олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

            Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоолоор санал авах байруудад дутагдаж байгаа саналын хуудасны тоог хавсралтаар тогтоож, уг тогтоолын хавсралтад дурдсан тоогоор саналын хуудас хэвлэж, санал авах байруудад хүргэх ажлыг зохион байгуулахыг аймаг, сумын сонгуулийн хороодод даалгасан байна.

Санал хураалт дуусч, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 33 дугаар тойрогт нэр дэвшигчдийн төлөө өгсөн саналыг нэгтгэхэд Р.Төмөрчөдөрийн төлөө 877 сонгогч саналаа өгсөн байжээ.

            Гэтэл 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Сонгуулийн ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10 /Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, дүүргийн хэмжээнд нэгдсэн дугаартай байна/, 84.11 /Тухайн сонгуулийн саналын хуудасны загвар, тоог сонгуулийн төв байгууллага баталж, эрхлэн хэвлүүлнэ/, 84.14 /Баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно/, 97 дугаар зүйлийн 97.4 /Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна/, 99 дүгээр зүйлийн 99.3 /Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсыг хүчингүйд тооцно/-д заасныг тус тус үндэслэн 182 дугаар тогтоол гаргаж, аймаг, сумын сонгуулийн хороодоос хэвлүүлж, санал авах ажиллагааг зохион байгуулсан саналын хуудас болон түүнд тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцсон байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дээрх тогтоолыг хэрэгжүүлж, Увс аймгийн Сонгуулийн хорооноос “Сонгуулийн дүнг батлах тухай” 16 дугаар тогтоол баталж, санал хураалтын дүнг нэгтгэн нэр дэвшигч Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн сонгогчдийн саналын тоог 868 гэж тооцсон нь Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.15, 97 дугаар зүйлийн 97.4, 161 дүгээр зүйлийн 161.4-д заасантай нийцжээ.

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно” гэж заасныг хуульд заасан шаардлагыг хангасан, хүчинтэй саналын хуудсаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч сонгогдсонд тооцогдоно гэж ойлгох учиртай юм.

Нөгөөтэйгүүр Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай” 182 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа тул уг тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан Увс аймгийн Сонгуулийн хороог буруутгах үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

            ШҮҮГЧ                                                                             Э.ХАЛИУНБАЯР

              ШҮҮГЧ                                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

              ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН