| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2020/01463/И |
| Дугаар | 101/ШШ2020/01822 |
| Огноо | 2020-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2020/01822
2020 05 20 101/ШШ2020/01822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н.Б холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: би 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Батсайхан/хуурамч нэр нь Чулуунбаатар, Чука/ гэрчээс Бонго жи-2 маркийн ачааны машиныг үзэж авах гэсэн боловч уг машин асахгүй, нилээн эвдрэлтэй, хийх юм ихтэй тул авахгүй гэж хэлсэн. “Би асаагаад явуулаад өгье, эвдрэлийн нь засаад нэг жилийн дотор ямар ч төлбөргүйгээр засвар үйлчилгээг нь хийж өгч байна” гэхэд нь би итгээд 2,800,000 төгрөг шилжүүлэн өгөөд тэр даруйдаа Батсайхан болон түүний хүүхдүүдийнх нь хамт Төв аймгийн Батсүмбэр суманд ачаа буулгахаар явахад замдаа эвдрээд явахгүй байсан тул, өөрт нь засуулахаар өгч явуулсан. Энэ мэтээр 4-5 удаа засуулаад засал аваагүй тул Батсайхан гэгчид 2017 оны 10 дугаар сард чирж гэрийнх нь гадаа өөрт нь хүлээлгэн өгөөд мөнгөө буцааж авахыг шаардсан. Тэрээр удахгүй мөнгийг чинь буцааж өгнө хэмээн хэлчихээд 4 жил намайг хохироон бултаж, зугтаан, хуурч залилсаар өдийг хүрлээ. Иймд машины зардал гэх 2,800,000 төгрөг, засвар сэлбэг үйлчилгээний 460,000 төгрөг нийт 3,200,000 төгрөгийг Батсайханаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: нэхэмжлэгч Б.Б- нь 2016 оны 7 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний засварын газарт ирж надаас 0000 дугаартай Вонго маркийн автомашиныг 2,800,000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авч машинаа шалгах зорилгоор Баярхүүгийн барилгын засварын материалыг ачиж Төв аймгийн Батсүмбэр суманд хамт явж буулгасан юм. Энэ үед машинд ойр зуурын засвар үйлчилгээг нь хийж өгөөд явуулсан. Үүнээс хойш Б.Б- надтай уулзаагүй, машинаа ч засуулаагүй байж байгаад 3 сарын дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын сүүлчээр нөгөө машины моторыг нь цохиулчихсан асахгүй болоод чирээд миний гараашид авчирсан юм. Би буцааж авахгүй талаар ярихад чи 400,000 төгрөгийг нь хасаад 2,400,000 төгрөгийг надад буцааж өгөөрэй гэж хэлээд явсан. Дээрх машин нь мотор цохигдсон засвар аваагүй одоо болтол хашаанд байгаа. Үүнээс хойш 1 жилийн дараа 2017 оны 3 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажилладаг өөрийн төрсөн хүүхдээр өргөдөл гарган намайг шалгуулсан ба миний хүүхдүүд цагдаагийн байгууллагад байдаг чамайг шалгуулж ажил амьдралыг нь шийднэ гэж заналхийлж байсан. Энэ дагуугаа ч Цагдаагийн байгууллагад шалгуулаад шийдвэр нь гарсан ба миний гэр бүлийг хүртэл үймүүлж гэрт худал хэлж эрэн сурвалжилж айлын гэр бүл үймүүлсэн мэтээр маргаан худал хэлж үүнээс болж би гэр бүлээсээ салаад байгаа. Энэ талаар би ЦЕГ-т өргөдөл гарган шалгуулж байсан асуудал байгаа. Б.Б- нь нэхэмжлэлдээ машинаа надаар 4-5 удаа засуулсан гэж худал бичсэн байна. надаар засуулаагүй. Мөн нэхэмжлэлд машины засвар үйлчилгээний зардалд 460,000 төгрөг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. учир нь уг машинд 460,000 төгрөгний засвар үйлчилгээ хийсэн ба мотор цохигдоогүй байх ёстой юм. Тэгээд ч энэ маргаан 4 жил болж хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. би Б.Б-гийн тохиролцсон 2,400,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байсан юм. Бусад тооцоо нь надад хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Н.Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3,200,000 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б- бид хоёр 2,400,000 төгрөгт эвлэрсэн тул бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдон зарлагдсан хуралдааны товтой Н.Б- 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр танилцаж Баримт №9-д гарын үсэг зурсан болно.
Хариуцагч хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдов.
2. Авто машины үнэ 2,800,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Б- нь 2017 оны 8 дугаар сард хариуцагч Н.Б-аас KIA WIDBONGO маркийн, 0000 улсын дугаартай, Б.Б-н эзэмшлийн авто машиныг 2,800,000 төгрөгөөр худалдан авчээ.
KIA WIDBONGO маркийн, 0000 улсын дугаартай, KNCSC0362TS134926 арлын дугаартай, 1996 онд үйлдвэрлэгдсэн, цагаан өнгийн авто машин нь Б.Баярмаагийн эзэмшлийн автомашин болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон.
Зохигчдын хооронд KIA WIDBONGO маркийн, 0000 улсын дугаартай авто машиныг худалдах, худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулан нэхэмжлэгч Б.Б- автомашины үнэ болох 2,800,000 төгрөгийг хариуцагчийн хүүгийн дансанд шилжүүлсэн, хариуцагч мөнгийг хүлээн авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар талууд маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдагч худалдан авах гэрээгээр Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч “худалдан авсан авто машин нь эвдэрсний улмаас 2017 оны 10 дугаар сард хариуцагчийн гэрт чирч буцаан хүлээлгэн өгсөн”, хариуцагч “автомашин манай гараашид байгаа, хүлээн авсан” гэх зохигчдын тайлбар, гэрч О.Мөнхтулгын мэдүүлгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзсан гэж үзэх ба энэ тохиолдолд талууд гэрээгээр өгсөн болон авснаа буцааж өгөх учиртай.
Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж автомашиныг хариуцагчид хүлээлгэн өгсөн тул хариуцагч нэхэмжлэгчээс хүлээн авсан 2,800,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
Хариуцагч “би 2,400,000 төгрөгийг Б.Б-д өгөхөөр бид хоёр харилцан тохиролцсон” гэж маргах боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
3. Авто машин засварт төлсөн 400,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч худалдан авсан авто машин эвдрээд явахгүй байсан тул 2017 оны 10 дугаар сард Ш.Ариунболдоор 350,000 төгрөгөөр засуулсан, 55,000 төгрөгөөр сэлбэг авч машинд тавьсан учраас хариуцагчаас 400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-д “худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө төрлийн шинжээр тодорхойлогдох хөрөнгө байвал тухайн төрлийн ижил эд хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй”;
253 дугаар зүйлийн 253.2-т “энэ хуулийн 253.1-д зааснаар доголдлыг арилгахтай холбогдсон /ачих, тээвэрлэх, гүйцэтгэсэн ажлын хөлс, зарцуулсан материалын үнэ гэх мэт/ зардлыг худалдагч хариуцна.”;
энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй” гэж заажээ.
Нэхэмжлэгч худалдан авсан KIA WIDBONGO маркийн, 0000 улсын дугаартай авто машины доголдлыг арилгуулахаар засварчин Ш.Ариунболдоор 350,000 төгрөгөөр засуулсан нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байх тул засварын ажлын хөлсийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад 55,000 төгрөгийн гэрэл, сигнал, толь сэлбэг авч автомашинд тавьж хөдөлгөөнд оролцсон гэх тайлбарлах боловч хавтас хэрэгт авагдсан “зарлагын баримт №26” худалдан авагчийн нэр бичигдээгүй, дээрх нэр төрлийн сэлбэгүүдийг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан хариуцагч Н.Б-с 3,150,000 төгрөгийг гаргуулж, .Б.Б-д, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 50,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 63,350 төгрөгийг, улсын орлогоос 3,850 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид тус тусолгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ