Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2020/01011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Нарны зам, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Батаагийн Халиунжаргал нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоотод оршин суух, Боржигин овогт Мөнхбатын Баасансүрэнд холбогдох 

3,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Халиунжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тодгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов.

ТОДОРХОЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Халиунжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Халиунжаргал миний бие 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр М.Баасансүрэнд 5 ханатай, давхар бүрээстэй, шалтай, битүү брезентэн бүрээстэй, 3.500.000 төгрөгийн үнэ бүхий гэрийг хүлээлгэж өгсөн ба тэрээр төлбөрийг 2019 оны 10 сарын 08-ны өдөр шилжүүлнэ гэсэн ч одоо болтол өгөөгүй.

Надад гэрийн дээвэр, туурга л байдаг бөгөөд бусдыг нь би хүмүүсээс зээлж авч өгсөн. Төлбөрөө дахин дахин шаардсаны эцэст 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр уулзан төлбөр барагдуулах хэлцэл хийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өгнө гэсэн ч мөн л өгөөгүй болно. Иймд 5 ханатай гэрийн үнэ 3.500.000 төгрөгийг М.Баасансүрэнаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.Баасансүрэнын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тодгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хуульч хүний хувьд уучлалт гуйж байна. М.Баасансүрэн нь 3.500.000 төгрөгийн үнэтэй гэр авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. М.Баасансүрэн нь өөр хүнээс бас мөнгө авахаар нэхэмжлэл гаргаад шүүхээр шийдүүлж байгаа тул түр хүлээх санал тавьж байна. Хуулийн дагуу 3,500,000 төгрөгөө өгнө гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Халиунжаргал нь хариуцагч М.Баасансүрэнд холбогдуулан 5 ханатай, давхар бүрээстэй гэрийн үнэд 3,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.          

Нэхэмжлэгч Б.Халиунжаргал нь хариуцагч М.Баасансүрэнтай 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр амаар худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Б.Халиунжаргал нь худалдан авагч М.Баасансүрэнд 3.500.000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай давхар бүрээстэй, шалтай, иж бүрэн гэрийг хүлээлгэн өгч, худалдан авагч М.Баасансүрэн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр харилцан тохирчээ.

Талууд дээрх тохиролцоогоо хожим буюу 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулан гэрээний дагуу мөнгө төлөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэмээн харилцан тохирсон ба  уг гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзсэн болно.

/ХХ-ийн 3 дугаар тал/

Хариуцагч буюу худалдан авагч М.Баасансүрэн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан хэлцлийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй байсан ба тэрээр гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй нь тогтоогдлоо.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу худалдан авагч М.Баасансүрэн нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М.Баасансүрэнаас  3.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Халиунжаргалд олгох нь зүйтэй.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч М.Баасансүрэнаас 3.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Халиунжаргалд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Халиунжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Баасансүрэнаас 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Халиунжаргалд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН