Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/171

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                              

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,

         Улсын яллагч Б.Дашням,

         Шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Дд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ...

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.Д 2023 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 6 дугаар 58 айлын орон сууцны гадна цагдаагийн алба хаагч Н.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгой хэсэгт нь 2 удаа гараараа цохиж, Мөн тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд цагдаагийн алба хаагч Н.Быг заамдах, зүүн чихний хэсэгт гараараа цохих, өмсөж байсан дүрэмт хувцсыг гэмтээх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Ч.Д нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар баг, 6 дугаар 58 айлын орон сууцны гадна цагдаагийн алба хаагч Н.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж толгой хэсэгт нь 2 удаа гараараа цохиж, Мөн тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байранд цагдаагийн алба хаагч Н.Б-г заамдах, зүүн чихний хэсэгт гараараа цохих, өмсөж байсан дүрэмт хувцсыг гэмтээх зэргээр хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Б-ын “... Намайг машин дотор сууж байхад Д баруун гараа зангидаж байгаад миний толгойны ар хэсэг рүү 2 удаа цохисон...цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд оруулаад хувцсыг нь тайлах гэтэл Д нь “Та муу сайн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг Түмэн айл уурхайд зөвшөөрөл өгсөн. Та нартай нэгийгээ үзнэ” гэж хэлээд намайг заамдаад баруун гараа зангидаж байгаад зүүн чихний дээд талд 1 удаа цохисон. Тэгээд дахиад цохих гэхээр нь хойшоо болоод бултсан чинь миний зүүн талын мөрдөснөөс татаж урсан...” гэсэн мэдүүлэг /хх 5-6 ху/, гэрч Ц.Ц-ын “...Д нь Б-тай муудалцаж мөрдсийг нь татаж урсан. Тэгээд цагдаагийн газрын эрүүлжүүлэх байран дээр авчирсан чинь Д нь “Та нар муу сайн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг Түмэн айл уурхайд зөвшөөрөл өгсөн та нартай нэгийгээ үзнэ” гэж хэлээд Б-г заамдаж байгаад баруун гараараа нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн “...Н.Бн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэсэн дүгнэлт /хх 25 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн “...хохирогч Н.Б-н өмсөж байсан гэх цагаан өнгийн богино ханцуйтай цамцны зуун талын мөрний дээд талд, ханцуйны залгаас оёдолд дагуу 45мм, зүүн талын мөрдөс тогтоогч унаж, 5х5 ММ, цамцны энгэрийн дээд талын 3 ширхэг товч унаж алга болсон гэмтлүүд байна. Хөх цэнхэр өнгийн дэд ахлагч мөрдөсний доод талын 9х1,2 см хэмжээтэй цавууны наалт салсан гэмтэл байна. Хар өнгий тэлээний саарал өнгийн металл арал салсан гэмтэл байна. Цамцанд үүссэн 45 мм хэмжээтэй гэмтлийн залгаас оёдлын утаснууд хөвөрч унаагүй, ах ирмэгийн дотор тал өнгөө алдаж гандаагүй нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул татаж чангаах хүчний улмаас үүссэн ханзралт байна. 5х5 мм хэмжээтэй гэмтлийн зах ирмэг жигд бус, сунаж хөвөрсөн, зах ирмэгийг нийлүүлэхэд нэг бүхлийг үүсгэж байх тул татаж чангаах хүчний улмаас товч унах үед үүссэн цооролт байна. Цамцны энгэрийн дээд талын 3 ширхэг тов унаж алга болсон гэмтлийн товч тогтоосон утаснууд тасарч унаагүй байх тул татаж чангаах хүчний улмаас үүссэн гэмтэл байна..." гэсэн дүгнэлт үнэлгээ /хх 6-9 ху/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 35-37 ху/, Н.Б-г ажилд томилсон тушаал /хх 43 ху/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/57 дугаартай "Дүрэмт болон тусгай зориулалтын хувцас, хэрэглэлийн үнэлгээг шинэчлэн тогтоох тухай" тушаал хавсралт /хх 55-57 ху/, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 61 ху/, хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 74 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д-н өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид хувцасных нь мөнгийг 3 нугалж 200,000 гаруй төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ч.Д нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Иймд шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Б-д 65,893.71 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн, хохирол төлөгдсөн болох нь хавтаст хэргийн 83 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

         Шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

         Шүүгдэгч Ч.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ч.Д-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Ч.Д-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй бөгөөд битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Ч-ын Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-г 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700.000 /хоёр сая долоон зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

         4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР