Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                         

         Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,

         Улсын яллагч Б.Дашням,

         Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Т нь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашаанд Э.М-г Э.С-тэй хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              1.Гэм буруугийн талаар:

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Т нь согтуугаар 2023 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчимд Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот хашаанд Э.М-г Э.С-тэй хэрүүл маргаан үүсгэлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Э.Мийн "...Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн орчимд ...... руу...мах авахаар болоод очсон...С гэх залуу нь намайг "Ах одоо приус 20 авчхаад хонь авах мөнгөтэй болоо юу? Муу С гуйлгачингууд" гэсэн... тэгсэн хажуунаас нь найз гээд нөгөө залуу нь орж ирээд "Та чиньГ гээд ах мөн бил үү?" гэхээр нь би "Тийм ээ яасан бэ? Ахын дүү" гэсэн чинь шууд миний нүд рүү баруун гараараа зангидаж байгаад цохисон. Тэгээд би нүдээ дараад тонгойсон чинь намайг цохисон залуу дахиж өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/,

гэрч С.Уын "...Би 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өглөө 09 цагийн орчимд... Саа нь "Чи машин авихаараа мөнгөтэй болчихсон юм уу?" гээд хэрүүл хийж байсан. Тэгээд Э.М бид 2 зүгээр зогсож байхад хашааны булангаас 1 биерхүү бүдүүн залуу гарч ирснээ манай хүргэн дүү Э.М рүү дайраад байсан тэгээд манай дүү зүгээр зогсож байхад шууд нүд руу нь цохисон. Тэгээд доошоо суучхаад байхад хүртэл 2 гараараа ээлжлээд цохиод, өшиглөөд байсан..." гэсэн мэдүүлэг /хх 10 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай"...Э.М-н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/, шүүгдэгч Б.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй. Хохирогчтой тохироод 239,000 төгрөгийг 15 хоногийн хугацаанд төлөхөөр тохирсон байгаа...” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

           Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-н эрүүл мэндэд 239,071 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Т-оос 239,071 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-д олгох нь зүйтэй байна.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Т-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч  Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь уг торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

           4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-оос 239.071 төгрөгийг гаргуулж хохирогч Э.М-д олгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОДБАЯР