Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2020/00656

 

 

 

 

 

                                                                                                             

 

     2020        02          17                                         101/ШШ2020/00656          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

      Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, О плаза 0 тоот, “Д Т” ХХК-ийн /РД: 0000000/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хэсэг, 0 дугаар гудамж, 0 тоотод оршин суух, Амарсанаагийн Мөнхдүүрэнд /РД: УУ00000000/ холбогдох

Автомашин түрээслэх гэрээг цуцалж, 32-47 УБУ улсын дугаартай, соната маркийн автомашиныг буцаан гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 2.410.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Д Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Хулан нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Д Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           “Д Т” ХХК нь А.Мтэй 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Т/18-001 тоот автомашин түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасан 30 сарын хугацаагаар А.М-ийн эзэмшил, ашиглалтанд тус компанийн өмчлөлийн 32-47 УБУ улсын дугаартай, хьюндай соната YF маркийн авто машиныг шилжүүлэн А.М сар бүр 600.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлж гэрээний хугацаа дууссаны дараа авто машиныг түрээслэгч А.М өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон.

Ингээд А.М-д 32-47 УБУ улсын дугаартай, хьюндай соната YF маркийн авто машинаа хүлээлгэн өгсөн ба тэрээр авто машины үнэд гэрээ ёсоор 18.000.000 төгрөг төлөх байсан.

Авто машиныг хүлээлгэж өгснөөс хойш А.М 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 600.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1.500.000 төгрөг тус тус төлсөн ба 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн барьцаа 1.000.000 төгрөгийг нэмээд нийт 4.300.000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн.

А.М түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлөөгүй бөгөөд түүний төлсөн 4.300.000 төгрөг гэрээ хийсэн өдрөөс 2019 оны 8 дугаар сарыг дуустал, мөн 2019 оны 9 дүгээр сарын төлбөрөөс 100.000 төгрөг хасагдаж тооцоо таарч байгаа.  

А.М 32-47 УБУ улсын дугаартай, хьюндай соната маркийн авто машиныг жолоодон явах үедээ 70.000 төгрөгөөр торгуулсан байсан ба үүнтэй холбоотой баримтаа авчраагүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа 2.300.000 төгрөг болгон багасгасан ба машин маань одоог болтол түүний эзэмшилд байгаа.

Иймд А.Мтэй байгуулсан гэрээг цуцалж, 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарын дуустал хугацааны түрээсийн төлбөрт 2.300.000 төгрөг болон 32-47 УБУ улсын дугаартай, хьюндай соната YF маркийн автомашиныг гаргуулж өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Д Т” ХХК нь хариуцагч А.Мд холбогдуулан автомашин түрээслэх гэрээг цуцалж, 32-47 УБУ улсын дугаартай, соната маркийн автомашиныг буцаан гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 2.410.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 110.000 төгрөгөөр багасган 2.300.000 төгрөгийг нэхэмжилсэн болно.

/2019.09-12 сарын түрээсийн төлбөр 2.400.000 төгрөг-100.000 төгрөг=2.300.000 төгрөг/

 

“Д Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Мд холбогдох автомашин түрээслэх гэрээг цуцалж, 32-47 УБУ улсын дугаартай, соната маркийн автомашиныг буцаан гаргуулах, түрээсийн гэрээний үүрэгт 2.410.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20989 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хариуцагч А.М шүүхийн дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул тус шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1171 дугаар захирамжаар түүнийг шүүхэд албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалган 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр түүнд зохигчийн эрх, үүргийг тайлбарлан, нэхэмжлэлийн хувийг гардуулан өгчээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч А.Мд нэхэмжлэлийн хувийг 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр гардуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

/ХХ-ийн 11, 13-18 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Д Т” ХХК нь хариуцагч А.Мтэй 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр “Такси ажиллуулах тухай гэрээ” байгуулан А.М нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 32-47 УБУ улсын дугаартай, соната YF маркийн тээврийн хэрэгслийн сарын түрээсийн төлбөрт 600.000 төгрөг, хоногт 30.000 төгрөг, нийт 30 сарын хугацаанд нийт 18.000.000 төгрөгийг төлж, уг үүргээ биелүүлсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг  өөртөө шилжүүлэн авахаар тус тус харилцан тохиролцжээ.

Талууд дээрхи гэрээнд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 /ХХ-ийн 3-7 дугаар тал/

 

Түрээслэгч А.М нь 32-47 УБУ улсын дугаартай, соната YF маркийн авто машиныг 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс түрээслэж байгаагаа хүлээн зөвшөөрч үүнийгээ гэрээгээр баталгаажуулан тухайн авто машиныг мөн өдрөөс нь өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгасан байна.

Тэрээр 32-47 УБУ улсын дугаартай авто машиныг өөрийн эзэмшил ашиглалтандаа байлгах явцдаа түрээслүүлэгч “Д Т” ХХК-д 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр барьцаа хэмээн 1.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр 600.000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр 600.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 1.500.000 төгрөг, нийт 4.300.000 төгрөгийг төлсөн нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 9 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “Д Т” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр 2.300.000 төгрөгийг, 32-47 УБУ улсын дугаартай авто машины хамт нэхэмжилсэн ба гэрээнд заасны дагуу  түрээсийн төлбөрөө төлөөгүй нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болсон гэж тайлбарлаж байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т “Жолооч гэрээнд заасны дагуу өдөр тутам таксийн орлогыг /төлбөр/ компанид тушааж байх ба өдрийн орлогыг ажлын таван өдрөөр тооцно. Төлбөрийн доод хэмжээ нь хоногт 30.000 төгрөг  /600.000 төгрөг/ байна....”,

5 дугаар зүйлийн 5.4-т “Жолооч нь ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өдөр тутмын орлогыг 3-аас дээш хоногоор тасалдуулсан бол”,

5.5-д “Жолооч гэрээний аль нэг заалтыг зөрчсөний улмаас компанийн санаачилгаар гэрээг цуцалсан буюу энэхүү гэрээний 5.2, 5.3, 5.4, 5.5 заалтын дагуу гэрээ цуцлагдсан тохиолдолд жолоочийн төлсөн барьцаа төлбөрийг эргүүлэн олгохгүйгээр үл маргах журмаар авто машиныг хураан авч төлбөл зохих төлөгдөөгүй орлого болон компанид учруулсан хохирлыг иргэний журмаар нэхэмжилнэ” гэж тус тус заасан ба хариуцагч А.М нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч “Д Т” ХХК гэрээгээр тохирсоны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, тээврийн хэрэгслээ гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. 

 

Талуудын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр 600 хоногийн хугацаатай байгуулагдсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байх тул түрээслэгч А.М нь 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 2.300.000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Түрээслэгч буюу хариуцагч А.М нь түрээслүүлэгчийн өмчлөлийн 32-47 УБУ улсын дугаар бүхий авто машиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас 70.000 төгрөгөөр торгуулсан гэх ба нэхэмжлэгч тал уг шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар дүгнэх шаардлагагүй.

 

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ”,

315 дугаар зүйлийн 315.1-д “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ”,

227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид залшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус заажээ.

 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг гэрээг цуцалж хариуцагч А.Мгээс 2.300.000 төгрөгийг болон 32-47 УБУ улсын дугаартай, KMHEC41LBCA474681 арлын дугаартай, соната маркийн авто машиныг гаргуулан нэхэмжлэгч “Д Т” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч А.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй, мөн тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болохыг дурьдлаа.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1-т зааснаар хариуцагч А.Мгээс 2.300.000 төгрөгийг болон 32-47 УБУ улсын дугаартай, KMHEC41LBCA474681 арлын дугаартай, соната маркийн авто машиныг гаргуулан нэхэмжлэгч “Д Т” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “Д Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Д Т” ХХК-иас 70.200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч А.Мгээс 121.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д Т” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх  хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.САРАНГҮН