Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 323

 

105/2019/1741/Э

 

 

 

 

  2020            3              19                                       2020/ДШМ/323                                    

 

Б.С-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Я.Сансар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаяр,

шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч П.Гансүх,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.С-т холбогдох 1906020870932 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С-,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

 Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 5 дугаар гудамжны 243 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас Т.С-ыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С-ийг “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 248 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.С-ээс 1.707.350 /нэг сая долоон зуун долоон мянга гурван зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сартуул овогт Төмөрбаатарын Атарбаяр /РД:ЖИ85111514 /-т олгож, Б.С-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “..би хийсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байна. Би өрх толгойлсон эмэгтэй. Бие муу ээж, бага насны дүү болон бага насны охины хамт амьдардаг. Хувиараа бизнес эрхлэн, хувцас захиалга засвар ажиллуулдаг байсан. Би талийгаачтай хамт амьдраад 4 жил болж байсан. Одоо миний ээж, дүү, охин гурвыг харж хандах, асран хамгаалах хүнгүй үлдсэн. Би ходоодны хүнд хагалгаанд орж, ходоодноосоо тайралт хийлгэсэн, байнгын эмчийн хяналтад байдаг. Би талийгаачтай анх 2014 онд найзаараа дамжуулан танилцаж, 2016 оноос эхлэн манай гэрт хамт амьдарч эхлэсэн, тэр хугацаандаа бие биенээ хайрлаж, халамжилж, маргалдах үедээ нэг нэгнээ уучилж улам ихээр хайрлаж, ойлгож хүндэлдэг байсан. Бие биеэ үзэн ядаж, хар буруу санаж явсан зүйл огт байгаагүй. Эцсээ хүртэл хайрлаж явсан минь үнэн. Хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр талийгаач бид хоёр манай найз нартай уулзаад манайд пиво ууцгаасан. Би бага зэрэг, харин талийгаач нилээн уусан. Талийгаач тэр өдөр намайг найзтайгаа хардаж зодон, улмаар газарт унагааж миний сав руу дэвсэж өшиглөсөн. Намайг босоход талийгаач алх авч намайг цохих гэж байхад нь би айсандаа өөрт хамгийн ойр байсан хутгыг авч талийгаачийн биед хүнд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Энэ өдрөөс хойш би хоёр сар гаруй доошоогоо цус алдаж цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Ийм байдлаас болж хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би талийгаачид санаатай гэмтэл учруулаагүй минь үнэн. Арга буюу өөрийнхөө амь насыг хамгаалах гэж байгаад талийгаачийг гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Мөн талийгаачийг гэмтээсэн үйлдлээ цагдаагийн газар өөрөө очин мэдүүлж, нотлох баримт болох хутгыг мөрдөгч Батцэнгэлд өгсөн. Талийгаач нь “надад хутгалуулаагүй, өөр хүнд хутгалуулсан” гэж мэдүүлсэн. Хамгийн сүүлд эмнэлэгт түргэнээр буцаж ирэхдээ хүртэл анхны өгсөн мэдүүлгээ өөрчлөхгүй гэсэн байдаг. Би ийм хэрэг хийсэндээ үнэхээр харамсаж байна.

Талийгаачийг эмнэлгийн тусламж авч, эмчилгээ хийлгэж байхад нь байнга эргэж тойрч байсан. Талийгаач нь эмчилгээ хийлгээд биеийн байдал нь сайн болсон байхдаа эмнэлгээс гарч, архи ууж, согтуу манай гэрт ирэхэд нь би эмнэлэгт хүргэж өгсөн. Талийгаач гэмтэл авснаасаа хойш 33 хоногийн дараа эмчилгээ хийлгэж, эмнэлгээс гарснаас хойш 20 хоногийн дараа эмнэлэгт нас барсан. Шинжээчийн дүгнэлтээр шархаа бохирдуулснаас болж буюу /сепсис/ амьсгалын дутагдалд орж нас барсан гэж гарсан байсан. Талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөөд явсны дараа эмнэлгээс архи уусан гэдэг шалтгаанаар далимдуулан хөөсөн байсан. Талийгаач гадуур архи ууж, боолтоо солиулалгүй явж байгаад амь насаа алдсан байсан. Тухайн үед хариуцсан эмч нь эмнэлгээс гаргалгүй хариуцлагатай хандаж эмчилж байсан бол өнөөдөр амьд үлдэх бүрэн боломжтой байсанд би маш их харамсаж байна. Анхан шатны шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн эмчилгээний зардал болох 1.707.350 төгрөгийг ар гэрийнхэн төлж барагдуулсан гэсэн. Би залуу ээж хүн. Хайртай охиныхоо өмнө үүрэг хариуцлага хүлээн ээж, дүүгээ асран хамгаалж, үлдсэн амьдралдаа үүрэгтэй, хариуцлагатай амьдрахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүний амь нас эндсэнд маш их харамсаж байна. Иймд хэргийн байдал, хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, надад оногдуулсан 10 жилийн хорих ялыг багасгаж, дэглэмийг нээлттэй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч М.Идэрхангай давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж зааснаар Б.С-ийн өмгөөлөгч М.Идэрхангай миний бие дараах үндэслэлүүдээр шүүгдэгч Б.С-т оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд үндэслэн явагддаг. Гэвч өмгөөлөгч миний бие шүүхийн шатанд, шүүх хуралдаанд гэрээний дагуу оролцож байхад миний үйлчлүүлэгч Б.С-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх нөхцөл байдал дараах байдлаар алдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, хохирогч Т.С- нь олон жилийн турш, байнга Б.С-ийг тэвчиж байж болохгүй байдалд оруулан дарамталдаг байсан тухай мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчийн зүгээс удаа дараа мэдүүлсээр байтал хэтэрхий нэг талыг барьж хавтас хэрэгт тусгаагүй, хохирогчийн гэм буруугийн асуудлыг бүхэлд нь нотлох баримтаас хасаж шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, мөн хуульд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох боломжийг огт хайхралгүй мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэргийн бодит байдалд түшиглэн тогтоогүй. Эрүүгийн хэрэг хянаг шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэсэн заалтыг илт зөрчсөн. Энэ үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар дараах мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байдаг.

Иймд гэм буруугийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд ял хүндэдсэн гэж үзэх үндэслэл болж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ял хүндэдсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.С-ийн өмгөөлөгч П.Гансүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлэлгүй Б.С-т хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Б.С-т ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шудрага ёсны зарчим алдагдсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхой хуульчилж өгсөн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.7 дахь заалтад “байнгын хүчирхийлэл, дарамтад өртсөний улмаас өөрийгөө хамгаалах зорилгоор хохирогчид халдаж гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх хэрэглээгүй. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн гэрч Отгонзаяагийн мэдүүлгээс харахад амь хохирогч нь хүчирхийлэл үйлддэг байсан нөхцөл байдал харагддаг. Иймд шүүгдэгч Б.С-т оногдуулсан ял, ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...манай дүүг байнга хүчирхийлэл үйлддэг байсан гэж яриад байна. Б.С-ийн мэдүүлсэн шиг түүнийг байнга дарамтад байлгасан зүйл байхгүй. Манай дүү өмнө нь хүнд хутгалуулсан бөгөөд хэн хутгалсан талаар огт хэлээгүй. ...” гэв.

 

Прокурор Я.Сансар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч болон өмгөөлөгч ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх гомдлыг гаргаж байна. Прокурорын зүгээс ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх тал дээр хэлэх санал байхгүй. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.С- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн 5 дугаар гудамжны 243 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Т.С-тай маргалдаж, улмаар түүний цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний хэнхэрцгийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрч хий болон цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Атарбаярын “...С- анх С-ийг нуугаад хутгалсан талаар  юм хэлэхгүй, өөр хүнд хутгалуулсан гэж байсан. Харин сүүлд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 17-ны хавьцаа намайг гэртээ байж байхад 20 цагийн үед С- ирсэн. Гэртээ эмээ уугаад эмийн сангийн худалдагчаар нэг удаа боолт хийлгэсэн. Би нэг удаа шархыг цэвэрлэж боож өгч байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад С- над руу 11 цагийн үед залгаад “ах аа, би түргэн дуудчихлаа” гэхээр нь “ах нь яваад очъё” гэхэд “хэрэггүй, зүгээр. Одоо түргэн ирж яваа, би өөрөө явчихъя. Түргэн ирэхээр би яръя” гэж хэлээд утсаа салгасан. ...20 цаг өнгөрч байхад над руу С- залгаад “эмч ирж уулз гэж байна” гэж хэлсэн. Би ажлаа дуусгачихаад 23 цагийн үед эмнэлэг дээр ирж уулзсан. ...2019 оны 4 дүгээр сарын 24-ний өглөө хагалгаанд орсон. 2-3 хоногийн дараанаас бие нь муудаж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нас барсан. ...” /1хх 36-38/,

 

гэрч Т.Отгонзаяагийн “...С- С-тай муудалцаад хэрэлдээд байсан. Маргалдаж байх үедээ С- гараараа С-ийн нүүр лүү нь алгадсан. Тэр хоёр хэрэлдээд болихгүй байсан. С- дахиад С-ийг алгадсан. С- уурлаад хутга бариад С-ыг эргэж харах үед хутгалчихсан. ...” /1хх 20-21/,

 

гэрч Д.Ариунболдын “...С- гэх залуу манай өрөөнд намайг хэвтэхэд байсан. ...2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр С- “миний бие их гайгүй болчихлоо, гараад ирье” гэж хэлээд 11 цагийн үед гараад явсан. Орой 20 цагийн үед намайг тамхи татчихаад эргээд ороход тасгийн үүдэнд ганцаараа халамцуу сууж байсан. “Чи яасан юм бэ” гэхэд “би жоохон уучихлаа” гэхээр нь “чи орохгүй юм уу?” гэхэд “би сууж байгаад орно” гэж хэлсэн. ...Удалгүй Энхбаяр эмч “Т.С- хаачсан юм бэ, орж ирээгүй юу” гэж асуухаар нь “мэдэхгүй байна” гэж хэлэхэд “ар гэрийнхэн лүү нь утсаар ярих хооронд алга болчихлоо” гэж хэлж байсан. Шөнийн тариа хүртэл Энхбаяр эмч 2-3 удаа орж ирж, “Т.С- ирсэн үү” гэж асууж байсан. ...” /1хх 39-41/,

 

гэрч Л.Энхбаярын “...С- согтуу, цээжний баруун талдаа, далны дунд шугамаар 6-7 дугаар хавирганы түвшинд шархтай ирсэн. Өвчтөнд шаардлагатай шинжилгээг бүрдүүлж цээжинд гуурс тавих мэс ажилбарыг өвчтөнд танилцуулж, өөрөөс нь зөвшөөрөл авсны дараа цээжний баруун хөндийд гуурс байрлуулж хуралдсан хий шингэнийг гадагшлуулж авах эмчилгээг хийсэн. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр буюу эмчилгээний 12 дахь хоног дээр цээжний гуурсыг салгаж авсан. Эмчилгээний 13 дахь өдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өвчтөн нэг хүүхэнтэй хамт явж байхыг харсан. Өглөө рентген харсны дараа С- алга болчихсон, өрөөний хүмүүсээс нь асуухад “ойрхон гарчихаад ирье” гээд гарсан гэж надад хэлсэн. 16 цаг 30 минутын үед тасгийн үүдэнд С-тай таарсан. Гадуур хувцастай согтуу гуйваад явж байхаар нь “чи эмнэлгийн дотоод журам зөрчиж архи уулаа, ар гэрийн хүмүүсээ дууд, наанаа сууж бай, ар гэрийнхнээ ирэхээр уулзуулаарай” гээд би цааш ажлаа хийгээд явсан, ...хэсэг хугацааны дараа тасгийн үүдээр өнгөрөхөд С- байхгүй байсан. Хамт эмчлүүлж байсан хүмүүсээс нь асуухад өглөөнөөс хойш орж ирээгүй байж байгаад сая утсаар яриад өөрийн эд зүйлсээ гаргуулж аваад явсан гэж хэлсэн. ...Эдгэрэлт 70-80 хувьтай байснаас гадна шархны боолт хийлгэхээс өөр эмчилгээ байхгүй байсан. С- 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр түргэнээр манай эмнэлэгт дахин ирж хэвтсэн байсан. С- гүн хордлогын байдалтай цусан үжил буюу эмнэлгийн хэллэгээр сепсис болсон байсан. Гуурс тавигдсан, шарх идээлсэн, зөөлөн эдийн дутмагшил үүссэн байдалтай байсан. ...Ар гэрээс нь хүн байхгүй, ирээгүй учраас С-аас өөрөөс нь зөвшөөрөл авч яаралтай мэс засалд оруулсан. ...Өвчтөнд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж байсан боловч эмчилгээнүүд үр дүн өгөлгүй байсаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 07 цаг 15 минутад нас барсан. Өвчтөн С- нь эмнэлгээс гараад эмнэлэгт дахин ирэхээс өмнө 5 хоног архи уусан гэж өөрөө надад хэлж байсан. Архи дараалан олон хоног хэтрүүлэн уух нь хүний эрүүл мэндэд их хортой, биеийн эсэргүүцэл муудаж, идээт хүндрэл болж цусаар биеийн бусад хэсэгт дамжиж үхэлд хүргэх шалтгаан болсон. ...Хутгалуулж ирээд, эмчилгээ хийлгээд амь нас алдах буюу нас барах аюул байхгүй болсон байсан. Шарх цэвэрлээгүй бохир оруулсанаас болж идээт хүндрэл үүссэн. ...” /1хх 29-32/,

 

шинжээч эмч М.Энхбаярын “…амь хохирогч тухайн үед эмчилгээг бүрэн хийлгэсэн бол амьд үлдэх боломжтой. ...Хүндрэл үүсээгүй тохиолдолд амьд үлдэх боломжтой. …” /1хх 201-202/,

шинжээч эмч С.Наранцэцэгийн “...амь хохирогч Т.С- нь тухайн үед шаардлагатай гэх эмчилгээг хийлгэсэн бол бүрэн эдгэрэх боломжтой байсан. …” /1хх 203-204/,

Б.С-ийн яллагдагчаар өгсөн “...хоёр цаг орчмын дараа сэрэхэд Алдарбаяр, С- хоёр 0.75 литрийн “Хараа” архи уугаад дуусч байсан. Нэмж архи уулаа гэж уурлаад, хэрэлдээд байж байхад миний гар утсанд дуудлага ирсэн. Найз Жаргалсайхан залгаж бид хоёрыг утсаар ярьж байхад С- хардаад намайг алгадаж унагасан. Миний уур хүрээд өөдөөс нь зодолдсон. ...С- үүдний орчим байсан алхыг авах гэж тонгойхоор нь намайг цохих гэж байна гэж бодоод хөргөгчин дээр байсан шаргал иштэй хутгыг аваад нуруунд нь дүрчихсэн. ...” /1хх 54-58/ гэх мэдүүлгүүд,

 

“...Т.С-т цээжний хэнхэрцгийн баруун талд цээжний хөндий рүү нэвтэрч хий болон цусан хураагаар хүндэрч хатгагдсан шарх бүхий хүнд гэмтэл. ...” учирсан болохыг тогтоосн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 72 дугаартай акт /1хх 44-45/,

 

“...талийгаач Т.С-ын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Т.С- нь дээрх гэмтлийн хүндрэл болох цээжний хөндийн идээ хуралдалт, хоёр уушгины буглаа, цээжний хөндийн болон уушгины гялтан, уушгины идээт, өнгөрт үрэвсэлийн улмаас амьсгалын дутагдалд орж нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1037 дугаартай дүгнэлт /1хх 46-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.С-ийн хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж, Т.С-ын цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэдийгээр амь хохирогч нь шүүгдэгч Б.С-ийн буруутай үйлдлийн улмаас хүнд гэмтэл авсан хэдий ч цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйчилгээ авч эмчлүүлж байх хугацаандаа эмнэлгээс дур мэдэн гарч, 10 гаруй хоног гадуур явахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн, шарх цэвэрлээгүй бохир оруулсанаас болж идээт хүндрэл үүсч, гүн хордлогын байдалтай цусан үжил буюу эмнэлгийн хэллэгээр сепсис болж нас барсан болох нь эмчлэгч эмч, шинжээч эмч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан гэж үзэж, шүүгдэгч Б.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.С-ийн хохирогчийг алх авч өөрийг нь цохих гэж байсан талаарх мэдүүлдэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус довтолгооны эсрэг хийсэн аргагүй хамгаалалт байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нар нь “...анхан шатны шүүх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг анхаарч үзээгүй тул ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ял оногдуулсаныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад зааснаар 5 жил болгон өөрчилж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.С- нь Т.С-тай маргалдаж байхдаа гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, эсхүл аргагүй хамгаалалтын улмаас хөргөгчин дээр байсан хутгыг авч амь хохирогч Т.С-ыг хатгаж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэх, түүнчлэн анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарын гаргасан “...ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Б.С- нь 6 настай хүүхэдтэй гэх боловч энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, түүний мэдүүлснээр хүүхэд өөрийн ээжийнх нь асрамжинд байгаа гэснийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.С-т 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Б.С-т 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 851 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоосугай. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.С-т оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. …” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарын гаргасан “...ял шийтгэл болон ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авсныг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН