Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Дашням,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн ......дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ...

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Аыг 2021 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт, 2023 оны 08 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд тус тус Дорноговь аймгийн .... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны тэр асуудал бас л архинаас их болдог, 22, 24-ний өдөр болсон тэр явдлын тухайд 24-ний өдөр бид нар бөөндөө явж усанд орчхоод хоол цай ууя гээд хоол хийж байтал найз нь дуудаад хөмүүл хэрчээдэхье гээд аваад явсан, дөнгөж оччихоод 1 цаг болоод ирнэ гэж явчхаад, 5 цаг гаруй болоод ирэхдээ согтуу. Намайг базаж, чимхсэн гээд байгаа, тэрийг мэдрэхээргүй согтуу ирсэн. Машин дотор 10 лааз пиво хийчихсэн байсныг машинаа ухтал гараад ирсэн, талыг нь аваад зугтаасан, тэгэхээр нь явуулахгүй гээд араас нь чангаасан, бие нь ер нь базахад л хөхөрчихдөг. Тэгээд пудволкноос нь чангаасан урагдчихсан, тэр нь бас татсан хэсэгт нь хөхөрчихсөн. Ер нь жоохон юманд хүрэхэд л, юманд цохиход л хөхөрчихдөг. Түүнээс биш өөрөө бол мэдрэлгүй ирсэн, хүүхдүүд ч гэсэн дотор байж байсан. Би энэ хүнтэй 2017 онд 3 хүүхэдтэй байхад нь суусан, 2019 онд миний ганц хүү гарсан. Бүгд ээжийнхээ талд орно уу гэхээс биш намайг өмөөрөх хүн бол байхгүй. Охиныг нь хүртэл оюутан болгоод төгсгөөд, энэ жил төгсөөд ирж байгаа. Намайг анх ирэхэд 9 дүгээр ангийн хүүхэд байсан, ээжийгээ 1 удаа архи уулаа гэж юм хэлэхгүй мөртлөө бид нар л бурууддаг...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр... гэртээ оройн 20 цагийн орчимд ирэхэд нөхөр Б нь намайг пиво уусанд уурлан намайг зодох гээд баруун гарын бугалга хэсгээр барин базалж хумслахаар нь би зугтаасан чинь миний араас лаазтай пиво шидэн зүүн гарын шуу, баруун гарын булчин хэсэгт оносон...2023 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 06 цагийн орчимд ирээд намайг "Дансанд байсан 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийг үрсэн байна" гэж хэлээд намайг хэвтэж байхад "Бос" гэж хэлэн гэдэс хэсэгт цохиод байхаар нь "Унтаж, амраахгүй" гэж хэлээд босон хэрэлдэхэд намайг үг хэлээр доромжлоод байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2019 онд Б нь намайг жирэмсэн байх үед юм хийсэнгүй гэж хэлэн маргалдаж, намайг түлхэж унагааж байсан. Мөн Б нь 2021 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд намайг зодож нүүрийг минь хөх болгож байсан. Би Б-д зодуулсан талаараа гомдол гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

Гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Б ах, ээж 2 гэрийн гадна хоорондоо муудалцсан, зодолдсон. Ээж намайг "Фудволка аваад ир" гэхээр нь би гэрээс ээжид фудволка аван ээж рүү очиход ээжийн өмсөж байсан фудволка нь урагдсан байсан. Мөн ээжийн гар нь бугалгын ар хэсгээрээ маажуулсан юм шиг улайсан байсан. Б ах архи уусан эсхүл уугаагүй байх үедээ ээжийг зодох гэж дайрдаг. Би ээжийн урдуур орж болиулдаг. Ээжийг өмнө нь Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2021 онд зодож гэмтээж байсан удаа байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн “...Ц.Аын биед цээж, баруун бугалга, зүүн бугалга зүүн шууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо... Учирсан гэмтлүүд нь нийдээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 6 ху/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 36 ху/ зэргийг шинжлэн судлав.

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Аыг 2021 онд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт, 2023 оны 08 дугаар сарын 22, 24-ний өдрүүдэд тус тус Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн байнга зодсон гэж зүйлчилж тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллагдах үндэслэлтэй гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шийдвэрлэсэн.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо зөвхөн уг зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн аль нэг үйлдлийг нь 3 удаа хийхийг ойлгох биш уг зүйлд заасан үйлдэл, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа үйлдсэн байхыг хамааруулан ойлгоно.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ц.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2019 онд Б нь намайг жирэмсэн байх үед юм хийсэнгүй гэж хэлэн маргалдаж, намайг түлхэж унагааж байсан. Мөн Б нь 2021 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд намайг зодож нүүрийг минь хөх болгож байсан....” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрч М.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...Б ах, ээж 2 гэрийн гадна хоорондоо муудалцсан, зодолдсон. Ээж намайг "Фудволка аваад ир" гэхээр нь би гэрээс ээжид фудволка аван ээж рүү очиход ээжийн өмсөж байсан фудволка нь урагдсан байсан. Мөн ээжийн гар нь бугалгын ар хэсгээрээ маажуулсан юм шиг улайсан байсан. Б ах архи уусан эсхүл уугаагүй байх үедээ ээжийг зодох гэж дайрдаг. Би ээжийн урдуур орж болиулдаг. Ээжийг өмнө нь Б нь Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 2021 онд зодож гэмтээж байсан удаа байгаа...” зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...2021 онд согтуу машин унаж давхиж байгаад дотор нь түлхүүрийг нь хугалаад, манай хүн архи уухаараа жаахан агсам хоёулаа согтуу байж байгаад би цохичихсон. Би хүлээн зөвшөөрч байна. ...22, 24-ний өдөр болсон тэр явдлын тухайд 24-ний өдөр бид нар бөөндөө явж усанд орчхоод хоол цай ууя гээд хоол хийж байтал найз нь дуудаад хөмүүл хэрчээдэхье гээд аваад явсан, дөнгөж оччихоод 1 цаг болоод ирнэ гэж явчхаад, 5 цаг гаруй болоод ирэхдээ согтуу. Намайг базаж, чимхсэн гээд байгаа, тэрийг мэдрэхээргүй согтуу ирсэн. Машин дотор 10 лааз пиво хийчихсэн байсныг машинаа ухтал гараад ирсэн, талыг нь аваад зугтаасан, тэгэхээр нь явуулахгүй гээд араас нь чангаасан, бие нь ер нь базахад л хөхөрчихдөг. Тэгээд пудволкноос нь чангаасан урагдчихсан, тэр нь бас татсан хэсэгт нь хөхөрчихсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг 3 удаа зодсон гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна.

 

Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Шүүх хэргийн үйл баримт, шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон бусад нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг зөв, тохирсон эсэхийг хянаж  хуулийг нэг мөр хэрэгжүүлэх ёстой.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн үндсэн шинжийг бүрдүүлэг “Байнга” гэх ойлголт нь тооны давтамжаас хууль зүйн ойлголт руу шилжихдээ хууль зүйн алдаагүй байх ёстой бөгөөд гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хоорондох зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх шаардлага нь тухайн гурван үйлдлийг нэгтгэн дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд Зөрчлийн тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг гурав, түүнээс дээш удаагийн үйлдэл бөгөөд дээрх зөрчлүүдийн нэг нь дангаараа гэмт хэргийн шинжийг хангахгүй тул сүүлийн үйлдлээс хойш Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг ашиглах боломжгүй, харин үйлдэл болон зөрчлүүдийн нийлбэр нь Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэрэгт шилжиж байгаагаас үүдэлтэйгээр Зөрчлийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нарийвчлан тооцох нь зүйтэй юм.

 

Үүнээс үндэслэн Д.Б-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчлийн шинжтэй үйлдлийн давтамж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Байнга” гэсэн шинжийн тооны давтамжийг агуулж байгаа боловч нэг дэх болон хоёр дахь үйлдлийн хооронд нь зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн нь байх тул сүүлийн 2 удаагийн үйлдэл буюу тооны давтамжаар нь Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэрэг гэж үзэх, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б-ын эхний үйлдэл нь 2021 онд үйлдэгдсэн, харин 2 ба 3 дахь удаагийн үйлдэл нь 2023 оны 08 сард үйлдэгдсэн байх бөгөөд 2021 оны эхний үйлдэл гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад түүний үйлдлийг тооны давтамжаар гэмт хэргийн шинж хангагдсан гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй бөгөөд 2023 оны 08 дугаар сард үйлдсэн 2 удаагийн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж болох “Байнга” гэсэн шинжийг хангахгүй юм.

 

Харин хохирогч Ц.А нь шүүгдэгч Д.Б-тай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу эхнэр нь бөгөөд түүний эрүүл мэндэд Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...цээж, баруун бугалга, зүүн бугалга зүүн шууны цус хуралт...”  бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд энэхүү гэмтэл нь шүүгдэгч Д.Б-ын 2023 оны 08 дугаар сарын 22, 24-ний өдрийн хийсэн үйлдлийн үр дүнд бий болсон буюу шүүгдэгчийн шууд санаатайгаар биед нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдан цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Д.Б-ын үйлдэл нь идэвхтэй, хохирогч руу шууд чиглэсэн үйлдэл бөгөөд тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасан.

 

Иймээс прокуророос шилжүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэж, хянан үзэхэд шүүгдэгч Д.Б нь хохирогч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.А-ыг 2023 оны 08 дугаар сарын 22, 24-ний өдөр удаа дараа зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” үйлдсэн байх тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Д.Б-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Мөн улсын яллагч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээх хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн нөхцөл байдлыг дахин тодотгож, шүүгдэгч Д.Б-н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хариуцлага хүлээлгэх саналыг гаргасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эхнэр Ц.А-ын биед халдан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдал нийцсэн байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн болон шүүгдэгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэрэв шүүгдэгч Д.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Б.ОДБАЯР