| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 183/2020/00487/И |
| Дугаар | 183/ШШ2020/00821 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2020/00821
2020 оны 04 сарын 03 өдөр Дугаар 183/ШШ2020/00821 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Г.Б-ын нэхэмжлэлтэй,
хариуцагч- “А” ХХК -д холбогдох,
гэрээний үүрэгт 3.611.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017-12-04-ний өдөр А байгууллагтай Хятад улсын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлэгт хамруулах нөхцөлтэйгээр 2017015 дугаартай гэрээ байгуулсан. Зуучлалын төлбөрт 4500 ам.доллар төлөх бөгөөд урьдчилгаа 2500 ам.долларыг миний ээж Д.П төлж, үлдэгдэл 2000 ам.долларыг суралцах урилга ирсний дараа төлөхөөр болсон. Гэвч А ХХК нь хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2018-09-19-ний өдөр дахин нэмэлт гэрээ хийж, хүлээхээр болсон ч дахин худал залилан хийж намайг сургуульгүй болгож хохироосноос гадна 2500 ам.долларын 1000 ам.долларыг л буцааж өгсөн, үлдэгдэл мөнгөнөөс удаа дараа зугатааж одоо болтол өгөөгүй тул шүүхэд хандаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК нь манай хүүхдийг хятадын засгийн газрын тэтгэлэгт 100 хувь хамруулж чадна гэж гэрээ байгуулснаар бид хүүхдээ Монгол дахь сургуулиас нь гаргаж, энэ компанид төлбөр, мөнгөө шилжүүлсэн боловч өөр нөхцөлтэй сургууль олсон талаар мэдэгдснээр хүүхдээ сургуульгүй болчих вий гэж санаа зовож 2018 оны 09-р сард нэмэлт гэрээ байгуулснаар өөр сургуульд явуулаад суралцаж байхад хүүхдээ сургуулиас нь гаргачих, засгийн газрын тэтгэлэгт хамруулна гэхэд нь хариуцлагатай хандаарай гэж би зөндөө хэлээд хүүхдээ сургуулиас нь гаргачихсан байхад дахиад сургуульгүй болчихсон. А компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, тухайн үед TV5 телевизийн мэдээ гарснаар хөөцөлдөж 1000 ам.доллар буцааж авсан. Бидний тохирсон нэмэлт гэрээгээр хэрвээ гэрээний үүргээ биелүүлэхгүй бол 2500 долларын тал хувь буюу 1250 долларыг буцаан авахаар тохирсон байсан. Гэтэл А компани шүүхэд тайлбар гаргахдаа 2020 онд гараад байгаа корона вирусийн талаар дурдсан байх бөгөөд бидний хооронд 2017, 2018 онуудад гэрээ байгуулагдсан байгаа. Ингээд А компанид төлсөн төлбөрөө буцаан авч чадахгүй болсон тул шүүхэд хандахын тулд хүүхдээ Хятад улсаас дуудснаар нэмэлт зардалууд гарсан. Одоо 1250 долларыг л гэрээнийхээ дагуу нэхэмжилж байгаа. Мөн манай хүүхэд буцаж ирэхдээ газраар ирсэн тул тээврийн зардал мөн нэхэмжилж байгаа. Энэ байгууллагаас бол миний хүүхэд хохирсон гэдгийг хэлмээр байна. Хүмүүсийн итгэл дээр тоглож бусармаг үйлдэл гаргаж залуучуудыг хохироож байгаад гомдолтой байна. Хариуцагчийн хариу тайлбартай холбогдуулан одоо анх өгсөн 2500 ам.доллараас буцаан өгсөн 1000 ам.долларыг хасаж, гэрээний дагуух суутгалыг хасаж, 1300 ам.долларыг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани 2008 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 600-аад хүүхэд залуучуудыг хүссэн сургуульд нь тэтгэлэгтэй зуучилж өгсөн байдаг. 2017 оны 12 сарын 4-ний өдөр манай компанитай нэхэмжпэгч тал Хятад улсын их сургуулиудад сургалтанд зуучлах гэрээ байгуулан, гэрээнд заасан урьдчилгаа төлбөр болох 2500 ам.долларыг төлсөн. Тэтгэлэгтэй суралцах урилга нь 2018 оны 4 сарын 19-ний өдөр Анхуйн Худалдаа эдийн засгийн сургуулиас ирсэн бөгөөд манай компани гэрээний үндсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Тухайн тэтгэлэг нь сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр төлөхгүйгээр 2018 оны 9 сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 сарын 30-ны хүртэл суралцах урилга ирсэн. Анхуйн худалдаа эдийн засгийн сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт нь сар бүрийн мөнгөн тэтгэмж /стипенд/ хамрагдаагүй тул Г.Б-ын зүгээс дахин нэмж мөнгөн тэтгэлэгтэй хөтөлбөрт оруулахыг хүсэн нэмэлт гэрээг үлдэгдэл төлбөр болон нэмэлт төлбөр төлөхгүйгээр 2018 оны 9 сарын 19-нд байгуулсан бөгөөд 1 жил тухайн сургуульдаа хятад хэлний оноо авахаар үнэгүй суралцуулсан бегөөд гэрээ биелэгдээгүй тул 2019 оны 10 сарын 5-ны гэрээ цуцлах өргөдөлийн дагуу нэхэмжилсэн 1500 ам.долларын 1000 ам.доллар төлсөн бөгөөд үлдэгдэл 500 ам.доллар үлдсэн. Гол харилцагч Хятад, Итали улсууд бөгөөд халдварт короно вирусын тархалтын улмаас давагдашгүй онцгой хүчин зүйл үүсэн компаний үйл ажиллагаа түр зогсоод байгаа тул нэхэмжлэлд дурдсан бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай. Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж охин Г.Б-ыг БНХАУ-ын их дээд сургуульд засгийн газрын тэтгэлэгт хамруулж чадаагүй тул 2018-09-19-ний өдрийн нэмэлт гэрээний үүрэг, нэхэмжлэл гаргахаар БНХАУ-аас ирсэн замын зардлыг гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарласан.
Нэхэмжлэгч Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-01-15-ны өдрийн 59 тоот итгэмжлэлээр Д.П-д гурван жилийн хугацаатай /хх-3/, хариуцагч “А” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-03-04-ний өдрийн итгэмжлэлээр М.Тайширт нэг жилийн хугацаатай /хх-20/ тус тус олгосон байна.
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “А” ХХК-д холбогдуулан зуучлалын гэрээний үүрэгт 1250 ам.доллар буюу 3.432.500 төгрөг, БНХАУ-аас ирсэн замын зардалд 179.000 төгрөгийг тус тус шаардсаныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа 2017-12-04-ний өдрийн гэрээний дагуу төлсөн 2500 ам.доллараас 1000 ам.долларыг төлсөн, гэрээний дагуу суутгагдах 200 ам.долларыг хасаж, үлдэгдэл 1300 ам.долларыг гаргуулах гэж тодорхойлсон.
Шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр болох талаар 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Б болон хариуцагч “А” ХХК-иуд 2017-12-04-ний өдөр “хятад улсын их дээд сургуульд суралцахад зуучлах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “А” ХХК нь Г.Быг БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцуулахад зуучлалын үүрэг гүйцэтгэхээр, зуучлалын үүргээ биелүүлээгүй, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаагүй тохиолдолд Г.Бд бүртгэлийн хураамж болох 200 ам.долларыг суутган үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно гэж, зуучлалын үйлчилгээ үзүүлсэний нийт төлбөр 4500 ам.доллар бөгөөд урьдчилгаа 2500 ам.долларыг гэрээ байгуулах үед дансаар тушаана гэж харилцан тохирчээ /хх-4/.
2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “нэмэлт гэрээ”-гээр оюутан Г.Б нь “А” ХХК-д БНХАУ-н их дээд сургуульд тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцахад шаардлагатай материалыг дахин бүрдүүлж өгөх, 2019 оны хичээлийн жилээс Г.Быг БНХАУ-н засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна гэж, 2017015 дугаартай гэрээнд заасан нийт 4500 ам.долларын төлбөрөөс урьдчилгаа төлбөр болох 2500 ам.долларыг төлсөн, үлдэгдэл 2000 ам.долларыг засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн урилга ирсний дараа төлж урилга авна, А ХХК нь Г.Быг 2019 оны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж чадаагүй тохиолдолд 2017015 дугаарын гэрээнд зааснаар нийт төлөх 4500 ам.долларын зуучлалын төлбөрийн 50 хувийг буцаан олгоно гэж харилцан тохирсон байна /хх-5/.
Талууд дээрх гэрээний дагуу урьдчилгаа 2500 ам.долларыг Г.Баас хариуцагчид төлсөн болон хариуцагч “А” ХХК-иас 1000 ам.долларыг буцаан нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар маргаагүй /хх-25/ боловч нэхэмжлэгчийн шаардсан 1250 ам.долларын шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, татгалзлыг хариуцагч шүүхэд гаргаагүй болно.
Зохигчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээний харилцаанаас үзэхэд Иргэний хуулийн 410 дугаар зүйлд заасан “Зуучлалын гэрээ”-ний харилцаа үүссэн байх бөгөөд хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалт юм.
Тиймээс талуудын хооронд тохиролцсон 4500 ам.долларын зориулалт нь БНХАУ дахь их дээд сургуульд зуучлалын үйлчилгээ үзүүлж, засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд зарцуулагдах төлбөр байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б нь хариуцагчийн зуучлалын үйлчилгээний тусламжтайгаар БНХАУ-н Анхуйн худалдаа эдийн засгийн их сургуульд тодорхой хугацаанд суралцсан боловч хариуцагчийн хүсэлтээр тухайн сургуулиас гарч талууд 2018-09-19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан ч БНХАУ-д их дээд сургууль болон засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тал шаардлагын үндэслэлийг тодорхойлсон.
Хариуцагч талын гаргасан тайлбараар ...Анхуйн Худалдаа эдийн засгийн сургуулиас ирсэн, уг сургуулийн тэтгэлэг нь сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр төлөхгүйгээр 2018 оны 9 сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 сарын 30-ны хүртэл суралцах, сар бүрийн мөнгөн тэтгэмж хамрагдаагүй тул Г.Б-ын зүгээс дахин нэмж мөнгөн тэтгэлэгтэй хөтөлбөрт оруулахыг хүссэн нэмэлт гэрээг үлдэгдэл төлбөр болон нэмэлт төлбөр төлөхгүйгээр 2018 оны 9 сарын 19-нд байгуулсан бөгөөд 1 жил тухайн сургуульдаа хятад хэлний оноо авахаар үнэгүй суралцуулсан тул байгаа боловч халдварт короно вирусын тархалтын улмаас давагдашгүй онцгой хүчин зүйл үүссэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
Хариуцагч нь зохигчдын хооронд байгуулсан гэрээний үүргээ биелүүлсэн болохоо нотолж чадаагүй, нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн англи, хятад хэл дээр бичигдсэн, монгол крилл үсгээр бичигдсэн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулсан байх шаардлагыг хангаагүй канондсон баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг дурдав.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулна.
Хариуцагч 2017-12-04-ний өдрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, нэхэмжлэгчийг БНХАУ-н Анхуйн худалдаа эдийн засгийн сургуулид суралцуулсан байх боловч 2018-09-19-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээ хэрэгжээгүй 2019-10-05-нд цуцлагдсан болох нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчдийн хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан ба хариуцагч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч 2018-09-19-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцааж шаардсан нь гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч зуучлалын гэрээний үүрэгт шилжүүлсэн 2500 ам.доллараас гэрээний дагуух суутгалд 200 ам.долларыг, буцаан авсан 1000 ам.долларыг тус тус хасаж, үлдэгдэл 1250 ам.доллар нэхэмжлэлд дурдаж, шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1300 ам.доллар гэж шаардлагаа тодорхойлсон байх боловч шүүх иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид гардуулсан нэхэмжлэлд дурдсан 1250 ам.долларын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхтэй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1300 ам.доллар гэж тайлбарласан боловч нэмэгдүүлсэн гэх шаардлагыг тухайлан гаргаагүй, ногдох хураамжийг төлөөгүй, хариуцагч товлогдсон шүүх хуралдаанд оролцоогүй тул хариуцагчид гардуулагдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасан бөгөөд тухайн үеийн ханш гэдэг нь нэхэмжлэл гаргах үеийн ханшийг ойлгох тул нэхэмжлэгч нь 2020-01-22-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул мөн өдрийн ханш 2748,32 төгрөгөөр 1250 ам.долларыг тооцож 3.435.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Харин нэхэмжлэгч Г.Б нь БНХАУ-аас ирсэн болон замын зардалд 179.000 төгрөг зарцуулагдсан гэх байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул замын зардалд 179.000 төгрөг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлын үндэслэл, тайлбараа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг тул хариуцагч тал нотлох баримт бүрдүүлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзсан үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 72.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 69.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч “А” ХХК-иас 1250 ам.доллар буюу 3.435.400 /гурван сая дөрвөн зуун гучин таван мянга дөрвөн зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 179.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ХХК-иас 69.916 /жаран есөн мянга есөн зуун арван зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ