Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/242

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат,

шүүгдэгч Г.М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ялын төрөл хэмжээний талаар санал бичиж ирүүлсэн Д овогт Г-н М ад холбогдох эрүүгийн 2334000000184 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт Г-н М , .............. регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Г.М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр багийн төвд иргэн Г.Л тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зүүн талын хөлний шагай хэсэгт хөлөөрөө дэвсэлж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ нь эрүүгийн  2334000680146 хэрэгт авагдсан:

 

Хохирогч Г.Л гийн өгсөн: “...Би Улаанбаатар хотоос 2023 оны 04 дүгээр 19-ний өдөр Баян-Өнжүүл сум орж ангийн судалгаа хийх ажлаар Эгэх ахынд очиход айлын хүмүүс унтаж амарцгаасан байсан. Хамт явсан М тай авсан экс нэртэй 0,5 литрийн архинаас нэг нэг уугаад Эахынд ороод амарч байтал гаднаас танихгүй хүн ороод ирэхээр нь босоод мэнд мэдээд танилцаад айлд ширээн дээр байсан архи ууж байтал гаднаас хамт явсан хүн нь орж ирээд бид гурав нийлээд архиа ууж байгаад намхан Б  гэх хүнтэй маргалдаад хоорондоо барилцаад автал нөгөө өндөр М  гэх хүн нь миний зүүн талын хөлний шагай хэсэгт хөлөөрөө дэвссэн. Тэгээд би миний хөл хугарчихлаа намайг босгооч гээд хашгиртал гэрт унтаж байсан хамт явсан М  гарч ирээд араас нь Эах гарч ирээд бид гурвыг салгаад миний хөлийг даавуугаар боогоод машиндаа суулгаад хамт явсан хүнээрээ машинаа бариулаад хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлтэл хугарсан байсан. Маргааш нь цагдаад гомдол гаргасан. Би энэ хүнийг огт танихгүй зүс ч харж байгаагүй. Би тухайн үед Эахынд ирсэн Б , М  гэх хоёр хүнтэй танилцаад архи уусан өөр хүн байгаагүй бусад хүмүүс нь амарцгаасан байсан. М аас өөр хүн намайг цохисон зүйл байхгүй. Зүүн хөлний шагайн хэсэгт хугарсан. Тухайн үед өндөр биетэй М  гэгч миний хөлөн дээр дэвсэж хугалсан. Би тэр хоёр хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ гэмтлийн зэрэг тогтоолгох хүсэлтэй байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулж, эмчилгээний зардал мөнгөө нөхөн төлүүлэх хүсэлтэй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 6 хуудас/,

Гэрч Б.Энхтөрийн өгсөн: “Манайд 2023 оны 04 дүгээр сарын 19-нд орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос миний таньдаг дүү Б  нь найзын хамт манайд ноолуур авахаар ирээд гэрийн хойно байдаг скалданд авсан ноолуураа буулгаад танд тэр хоёр архи ууцгааж байгаа харагдсан. Цаг орой болсон болохоор би гэртээ ороод унтаад өгсөн. Унтаж байтал үүдний хэсэгт чанга чанга дугараад Төр ахаа гээд орилоод байхаар нь босоод очтол Л хөлөө бариад сууж байсан Яасан юу болов гээд асуухад миний хөлийг хугалчихлаа гэхээр хэн гэсэн чинь Б тэй хамт ирсэн өндөр нуруутай М  нь миний хөлөн дээр дэвсээд хугалсан гэж хэлсэн. Тэгээд эхнэр Н ыг дуудаад бид хоёр хөлийг нь даавуугаар боож өгсөн. Л хамт ирсэн хүнээрээ машинаа бариулаад хот орж үзүүлнэ гээд явсан. Манайд үлдсэн Б  хамт ирсэн М  нар хоноод маргааш нь авсан ноолуураа аваад буцсан. Тухайн үед Л ирнэ гэж ярьж байсан намайг унтсанаас хойш манайд ирсэн. Тэгээд өмнө нь ирсэн хүмүүстэй архи уусан. Л нь Ан агнуурын судалгааны ажилтай ирсэн. Би унтаж байсан Төр ахаа гээд орилоод байхаар нь гарч очсон чинь Л хөлөө бариад сууж байсан. Юу болсон талаар хараагүй өөрөө хэлэхдээ өндөр биетэй М  миний хөлөн дээр дэвсээд хугалсан гэж хэлсэн. Би эхнэрийн хамт унтаж байсан мөн Лтэй хамт явсан М  бас унтаж амарч байсан. Б , М  Л гурваас өөр хүн байгаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 8 хуудас/,

Гэрч Ш.Б ийн өгсөн: "Би 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед Баян-Өнжүүл сум орж ноолуур авахаар очсон. Тэгээд танил ах Энхтөрийн гэрт ороод байж байтал Адаацаг сумаас 80 гаран кг ноолуур ирэхээр нь авч тооцоог нь хийгээд явуулчхаад Эахын гэрт ойрд ирээгүй болохоор би дэлгүүр ороод экс нэртэй 0,75 литрийн гурван шил архи аваад Эах, надтай хамт явсан М , Далай нарын хамт авсан архийг хуваагаад ууж байтал Эах тасраад унтаад өгсний дараа Улаанбаатар хотоос Эахынд танихгүй хүн орж ирсэн. Тэгэхээр нь зөрөөд М  бид хоёр Далайг гэрт нь хүргэж өгөөд эргэж Эахынд ирсэн. Эахын гэрт ирээд үргэлжлүүлээд хотоос ирсэн танихгүй хүнтэй танилцаж үлдсэн архиа хувааж ууж байтал хамт явсан М  машинд унтаж байгаад гаднаас орж ирээд танилцсан. Лтэй маргалдах тэр үед би муудаж согтсон байсан түүнээс хойш болсон зүйлээ мэдэхгүй унтаад өглөө боссон чинь Л гэх хүний хөл нь хугараад хот явсныг мэдсэн. М  надад хэлэхдээ Лг "Хужаа" гээд хэлчихсэн чинь уурлаад тэр хоёр маргалдаад зодолдсон. Тэгээд М  нь Лгийн хөлийн шагай хэсэг нь хөлөөрөө дэвсчихсэн. Тэгтэл Л нь хөл өвдөөд байна гишгэж болохгүй байна гэж хэлэхээр нь Энхтөрийн авгай Н  нь хөлийг нь боож өгөөд явуулсан гэж хэлсэн. Би тэр үед согтоод унтчихсан байсан. Намайг унтаж байхад М , Л нар нь маргалдаж байсан. Л, М  би бид гурав хамт байсан. Өөр хүн байгаагүй. Цаана нь гэрийн хүмүүс Энхтөр, Н  нар нь гэртээ унтаж байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/,

Гэрч Д.М ын өгсөн: "Би гэрээний дагуу судалгаа хийх ажлаар Төв аймгийн Баян- Өнжүүл сум руу жолооч Лгийн хамт Эгэх айлд очсон. Айлын гадаа машиндаа экс нэртэй 0,5 литрийн архинаас нэг хүний гурван хундага уугаад амарч байтал гэнэт хүн орилж шуугилдаад байхаар босоод хартал хажууд байсан Л байхгүй байсан. Тэгээд үүдний амбаарт хүмүүс шуугиад байхаар нь гартал хамт явсан Л сөгдөөд сууж байсан. Босгох гэсэн чинь хөл эвгүй болчихлоо гэхээр нь даавуугаар хөлийг нь боогоод машинд нь суулгаад хот руу яваад шууд гэмтлийн эмнэлэг ороод үзүүлсэн. Зураг авхуултал хугарсан байна гэсэн. Тэгээд гэрт нь хүргэж өгөөд би гэртээ харьсан. Намайг гарч очих үед Лтэй, М  гэх хүн зууралдаад байж байсан. Надад Л хэлэхдээ намайг М  хужаа гээд хэлэхээр нь бид хоёр түүнээс болоод маргалдсан. Тэгээд М  миний хөлөн дээр хөлөөрөө дэвсчихсэн гэж хэлсэн би маргаан болоод дууссаны дараа гарч ирсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуудас/,

Гэрч Я.Н ы өгсөн: "Би 2023 оны 04 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад гэртээ очиход гаднаас хүн байгаагүй. 20 цагийн үед Улаанбаатар хотоос Б  гэх хүн ирээд нөхөр Энхтөрийн хамт архи уусан. Удаагүй нөхөр бид хоёр унтаад амарч байтал хотоос Л танихгүй хүний хамт гэрт орж ирж байсан. Нөхөр Эбосоод ор засаж өгөөд амарсан. Тэгээд шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна гэнэт үүдэнд түчигнэлдээд унахаар нь би босоод очиход Б тэй хамт явсан өндөр биетэй М  Л хоёр дээр доороо орцон ноцолдож байсан. Тухайн үед М  нь Лгийн дээр нь гарцан бие биенийгээ цамцаар боолцож байхаар нь би М ыг болиоч гээд түлхсэн чинь гараад явсан. Л босож ирээд Нараа эгчээ хөл эвгүй болчихлоо гишгэж болохгүй өвдөөд байна гэхээр нь үзсэн чинь ил харагдах шархгүй байсан. Өвчин намдаах эм өгөөд хөлийг нь боогоод явуулсан. Тухайн үед намайг гарч очих үед Л М  нар хоорондоо дээр доороо орсон ноцолдож байсан. Түүний дараа Л хөл эвгүй болчихлоо гээд хөлөө бариад гишгэж болохгүй байна гэхээр нь хөлийг нь боож өгсөн. М аас өөр хүнтэй маргалдаж зодолдсон хүн байхгүй байсан яаж цохисныг нь хараагүй. Б , М , Л энэ гурваас өөр хүн байгаагүй." гэх мэдүүлэг /хх- ийн 14 хуудас/,

Шүүгдэгч Г.М ын өгсөн: "2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр найз болох Б ийн хамт Төв аймгийн Баян-Өнжүүл сумруу Б ийн танил болох айл руу очсон. Очоод тухайн айлын эзэн болох Энхтөрийн хамт 3-4 шил архи уугаад суусан. Тухайн 3-4 шил архийг ууж дуусаад Энхтөрийн гэрээс гараад машины суудал дээр унтаж байтал харанхуй болсон байсан. Гэтэл гаднаас машины хаалга онгойлгохоор нь би хэн бэ гэтэл машины хаалга хаачхаад цаашаа явсан. Тэгээд би сэрээд Энхтөрийн гэр лүү ортол манай найз Б , Л гэх хүнтэй архи уугаад сууж байсан. Б , Л хоёр надад архи хундагалж өгөөд би хамт 2-3 хундага архи уугаад юм ярьж байгаад Лтэй маргалдаад гарч үзье гээд гэрээс гараад би Лгээс уучлал гуйгаад буцаж гэр лүү ороод архи ууж сууж байгаад дахиад Л бид хоёр маргалдаад барилцаж аваад бид хоёр давхралдаад газар унаад босч ирээд би гадагш гараад явсан. Гадагш гарчхаад эргээд гэр лүү орж ирсэн чинь Л хөл болохгүй байна гээд сууж байсан. Тэгээд би машин дотроо ороод унтаад өгсөн Л хөлөө үзүүлэхээр Улаанбаатар хот руу явсан гэж байсан. Л бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон ер авлагын асуудал байхгүй. Би Лг таньдаггүй байсан. Тухайн үед хамт архи ууж сууж байгаад ул ялих зүйлээс болж маргалдсан. Тухайн үед би болон Л, Б  бид гурав нэлээн согтсон байсан. Би зарим үйлдлээ санахгүй байна. Би Лгийн бие рүү цохисон зүйл байхгүй. Ямар ч байсан барилцаж аваад ноцолдоод дээр дээрээсээ давхралдаад газар унахад Лгийн хөл гэмтсэн байх гэж бодож байна. Газар унахдаа би Лгийн дээр нь дарж унасан. Тэр үед Л намайг зодож цохисон асуудал байхгүй. Бид хоёр хоорондоо барилцаж аваад л газар давхралдаж унасан. Өөр асуудал болоогүй. Би Лгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Би Лд эмчилгээний зардал 2,500,000 төгрөг өгсөн байгаа. Одоо Л надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Мөн би Лгээс уучлалт гуйсан байгаа.” гэх мэдүүлэг /хх 34-35/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Чулуунбаатарын гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн: "1.Г.Л гийн биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн рентген зургаар оношлогдсон байна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 17, 18 хуудас/,

 

2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дүрслэл оношилгооны илгээх бичиг /хх-ийн 19-22 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Г.М  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирогч Г.Л  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн /хх 9, 11/ мөн шүүхэд шүүгдэгч Г.М аас 4.500.000 төгрөг авсан гэж мэдэгдсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.М ыг Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Эрүүгийн 2334000000184 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Г-н М ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Г.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000 000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.М ад оногдуулсан 1.000 тэнцэх хэмжээний буюу 1.000.000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Болдбаатарт шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5.Шүүгдэгч Г.М ад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

 

6.Эрүүгийн 2334000000184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Л д 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн 2334000680146 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.ОТГОНЖАРГАЛ