Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1572

 

           

 

                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК / ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 1,571,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани иргэн Г.Отай 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 19-830 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, компаний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохирлцож байгуулсан. Иргэн Г.О нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр тулаас V2 гэх нийт 520 ширхэг бараа материалыг түрээслэн авсан боловч тохиролцсон төлбөрөөс өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Бараа

Гарсан огноо

Ирсэн огноо

Ашигласан хоног

Тоо

Үнэ

Дүн

1

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/09/25

2019/11/29

65

150

100

975,000

2

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/09/28

2019/11/29

62

50

100

310,000

3

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/10/01

2019/11/29

59

70

100

413,000

4

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/10/06

2019/11/29

54

50

100

270,000

5

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/10/14

2019/11/29

46

95

100

437,000

6

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/10/14

2019/12/16

63

55

100

346,500

7

Тулаас,V2,Цагаан, хуучин

2019/10/14

2019/12/16

63

50

100

315,000

                            Нийт дүн: Түрээсийн төлбөр

520

 

3,066,500

                            Нийт дүн: Төлбөр төлөлт

 

 

2,019,000

                            Нийт дүн: Нэхэмжлэх

 

 

1,047,500

 

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алданги 523,750 төгрөг. Иймд хариуцагч Г.Оаас барилыг туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 1,047,500 төгрөг, алданги 523,750 төгрөг, нийт 1,571,250 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээний үндсэн төлбөр  1 047 500 төгрөг, алдангид 523 750 төгрөг, нийт 1 571 250 төгрөг гаргуулна. Хариуцагчтай 2019.9.25 өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр тулаасыг түрээслүүлсэн. Үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. Гэрээний 7.2-т зааснаар алданги тооцсон. Алдангийг 50 хувиар тооцсон. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Манайх бэлэн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг. Төлбөрөө төлөөгүй тул алданги төлөх ёстой гэв.

 

Хариуцагч Г.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.О нь “Х” ХХК-иас V2 гэх нийт 520 ширхэг бараа материалыг түрээслэн авсан үнэн болно. Уг бараа материалын сүүлийг нь 2019.12.16 өгч дуусгасан ба үлдэгдэл төлбөр 1,547,500 үлдсэнийг 2, 3, 4-р саруудад хувааж төлөхөөр ам гэрээ хийгдсэн. Уг гэрээ нь манай ажил зогссон тул харж үзнэ гэж хийгдсэн. Уг төлбөрөөс 500,000-г 2020.02.11 өдөр хийсэн. Нэхэмжилж байгаа 1,571,250₮-ний алданги гэх 523,750₮-г төлөх боломжгүй. Учир нь цар тахалаас болж манай ажил одоо зогсонги байгаа тул үндсэн төлбөр болох 1,047,500 төгрөгийг 2020 оны 07 сарын 01-ний дотор төлнө.

2019 оны 12 сард тооцоо нийлсэн. 1 547 500 төгрөг үлдсэн байсан. 3 сараар хувааж төлөхөөр тохирсон. Би 2 сарын 12-нд 500 000 төгрөг төлсөн. Үлдэгдлийг 4 сардаа хувааж төлөхөөр тохирсон. Гэтэл наана нь шүүхэд өгсөн байна. Вирустай холбоотойгоор ажил зогссон тул алданги төлөх боломжгүй. Амаар хувааж төлөхөөр тохирсон байсан. 1 047 500 төгрөг гэдэг нь миний төлсөн 500 000 төгрөг хасагдаж байгаа юм. Би төлөхгүй гэж хэлээгүй. Тухайн үед бартераар бараа өгөх санал болгож байсан. 4 сардаа төлнө гэж бодож байтал шүүхэд өгсөн байсан тул төлөөгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт нийт 1,571,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.О нь үндсэн төлбөр болох 1,047,500 төгрөгийг зөвшөөрсөн боловч цаг үеийн байдалтай холбоотойгоор алданги болох 523,750 төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулжээ. /хэргийн 3-5 дугаар тал/ Энэхүү гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 520 ширхэг гэрээний зүйлийг тодорхой үе шат, тоо хэмжээтэйгээр түрээслүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарласан бол хариуцагч үүнийг зөвшөөрсөн.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж тодорхой эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүрэг хүлээнэ.

 

Хариуцагч нь гэрээний дагуу 520 ширхэг тулаас төмрийг авч ашигласан бөгөөд одоо 1,047,500 төгрөгний үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй гэдгийг зөвшөөрсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй зүйлийг шүүх нотлох шаардлагагүй юм.

Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 1,047,500 төгрөг гаргуулах нь зүйтэй.

 

Гэрээний 8.2-т зааснаар түрээслэгч буюу хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн авсан өдрөө төлбөр төлөхөөр тохиролцсон байна. Мөн гэрээний 7.2-т төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан байна.

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний зүйлийг буцаан хүлээлгэж өгсөн хамгийн сүүлийн өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэл алданги тооцоод хуульд зааснаас их байсан тул 50 хувиар алданги тооцсон гэж тайлбарласан.

Алданги шаардах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарах тул ийнхүү алданги тооцож эхлэх хугацааг хойшлуулсаныг буруутгахгүй юм.

Үүнээс алдангийг тооцвол төлбөр төлөх хугацааг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 106 хоног хэтрүүлжээ.

Үлдэгдэл төлбөр болох 1,047,500 төгрөгний 1 хоногт ногдох алданги нь 5,237,50 төгрөг тул 106 хоногт 555,175 төгрөг тооцогдоно. Гэвч нэхэмжлэгч нь алдангид 523,750 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцнэ.

Эдгээрээс тооцвол хариуцагч нь үндсэн төлбөрт 1,047,500 төгрөг, алдангид 523,750 төгрөг, нийт 1,571,250 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Г.Оаас түрээсийн гэрээний үүрэгт нийт 1,571,250 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,090 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД