| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/01179/И |
| Дугаар | 1583 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 1583
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.А холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 4,502,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.А нь тус компанийн худалдан борлуулдаг Кирби хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2015 оны 03 сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6 200 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 300 000 төгрөг төлж үүнээс хойш cap бүр 300 000 төгрөгөөр тооцоо хийж 20 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон. Ийнхүү биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан байдаг. Хариуцагч гэрээний дагуу урьдчилгаа болон хуваарьт төлөлтөөр нийт 2 698 000 төлсөн боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байна. Улмаар БЗД-н иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргатал хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдож улмаар ХУД-н шүүхийн 2018.03.22-ны өдрийн шийдвэрээр эрэн сурвалжлуулсан. ХУД-н цагдаагийн 1-р хэлтсээс хариуцагчийн хаягийг тогтоож, тодорхойлолтыг 2019.11.14-ний өдөр тус шүүхээс гардаж авсан тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Хариуцагчийн хүсэлтээр төлбөр төлөх хугацааг нь хангалттай хойшлуулсан боловч өөрөө алга болж үр дүн гараагүй. Ийнхүү хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2016 оны 11 сарын 20-ны өдөр дуусгавар болсон бөгөөд сүүлийн төлөлтөөс хойш 1185 хоног төлбөр төлөөгүй. Үүнийг гэрээний 7.3-ын дагуу хүү тооцвол 20,749,350 төгрөг болсон байна. Хариуцагч нь 2019.06.19-ний өдөр өөрийн гараар бичиж өгсөн бичгээр төлбөрийг cap бүр төлнө гэсэн бөгөөд тухайн гар бичмэл дээр оршин суугаа хаяг, холбоо барих утсаа үлдээсэн болохыг анхаарч үзнэ үү. Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3 502 000 төгрөг болон хүү 1 000 000 төгрөг, нийт 4 502 000 /дөрвөн сая таван зуун хоёр мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөрт 3 502 000 төгрөг, хүүнд 1 000 000 төгрөг, нийт 4 502 000 төгрөг гаргуулна. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2015.3.23-нд гэрээ байгуулсан. Гэрээний үнэ 6 200 000 төгрөг. Урьдчилгаа 300 000 өгсөн, улмаар 20 сарын хугацаанд сар бүр 300 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь төлбөр төлөх боломжгүй гээд төлөлт тасалдсан. Улмаар утас нь холбогдохгүй байсан тул нэхэмжлэл гаргаад хэрэг хэрэгсэхгүй болсон. Дараа нь эрэн сурвалжлуулсан. 2018.3.22-ны өдөр эрэн сурвалжлуулах шийдвэр гараад 2019.11.14-нд хаягийг цагдаа тогтоосон. Ингээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай 2019.6.19-нд уулзсан. Хариуцагч нь төлөхгүй гэдэггүй. Төлнө гэхдээ сар бүр 100 000 төгрөг төлнө гэсэн. Энэ талаар бичиж өгсөн. Энэ хугацааг хүлээсэн боловч төлөлт хийгээгүй. Ингээд гэрээний 7.2-т зааснаар хүү тооцсон. 1 185 хоног хэтэрсэн тул их хэмжээний хүү тооцогдсон. Гэвч бид хүүнд 1 саяыг нэхсэн юм гэв.
Хариуцагч Ж.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015.3.23-нд Кирби гэр цэвэрлэгч авсан. Анх Т ХХК нь манай ах дүү хамаатан садан руу залгаад миний дугаарыг олж авсан байсан. Тэгээд байнга залгаад танай гэрийг үнэгүй цэвэрлэж өгнө гээд танайд элдэв нян вирус тоосны хачиг байна гэсэн. Тэгээд тэдний ажилтан нь би таныг манай хамаатан гээд хэлчихье та ганц энийг авчих л даа тэгвэл би Америк явах гээд байна дүүдээ тусалчих л даа гээд байж суулгахгүй янз бүрээр хүний тархи угааж та сардаа ердөө 300,000 өгөөд байхад болно, ийм гоё боломж танд олдохгүй гэх мэтээр зараад явсан. Тэгээд урьдчилгаа 300,000 бэлэн өгөөд дараа сараас нь тасралтгүй 9 сарын турш сар бүр 300,000 төгрөг төлсөн, сүүлийн төлөлт нь 298,000-р төлөөд нийт 2,998,000-г төлсөн байгаа. Гэтэл тэр тоног төхөөрөмж нь маш их дуу чимээтэй, тоос сорох нь муу байсан. Тэр үед манай хүүхдийн бие муудаж эхнэр бид 2 эмнэлгээр байнга явж эмчийн хяналтад хүүхдээ хөдөө орон нутагт рашаан сувилал, ардын эмнэлгээр явж хотод байхаа больсон. Эхнэр бид 2 хувиараа хөдөлмөр эрхэлдэг байгаад тэр ажлаа зогсоосон. Энэ хугацаанд тус компани руу залгаж энэ төхөөрөмжөө буцаая, бид 2 хүүхэд өвчтэй ажлын байргүй болсон, тэгээд ч энэ төхөөрөмж чинь муу юм байна, буцааж өгөөд төлсөн 2,998,000 төгрөгөө буцааж авья гэж хэлсэн. Манайх тэр үед хувиараа бизнес эрхэлж байхдаа сар бүр төлж байсан. Тэгээд буцаая гэхэд жил гаруй чимээгүй болсон. Над руу дахин утасдаж танай 4 сая гаруй дутуу байна гэхэд нь танайх дансаа сайн шалга манайх 2,998,000 төлсөн байгаа гээд баримтуудаа өгсөн. Олон жил болсон болохоо 3 ширхэг баримт дутуу байсан. Тэгээд шалгаад 2 нь олдлоо одоо 300,000 тушаасан баримт олдохгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр би тэрийгээ олчихоод дахиж холбогдоорой гэсэн. Одоо болтол тэрийгээ олоогүй байж илүү мөнгө нэхээд байна. Ер нь одоо би цаашдаа мөнгө төлж чадахгүй. Би өөрөө хөдөө орон нутагт улирлын чанартай ажил хийдэг эхнэр нялх биетэй, дунд охиноо эмчилгээнд авч явдаг, том охин оюутан. Ийм болохоор би цаашдаа төлж чадахгүй. Харин би төхөөрөмжийг нь буцааж өгч өгсөн 2,998,000 төгрөгөө олж авах хүсэлтэй байна. Эдний компаний айл өрхийн хаалгыг балбаж утсаар залгаж, ард иргэдийн тархийг угааж, гэр орноор эргэлдэж худал сурталчилгаа хийж юмаа албаар шахаж зардаг луйврын компанид гомдолтой байна. Бид энэ компанид мэхлэгдсэн. Одоо өгсөн мөнгөө олж авмаар байна. Манайх өмнөх хаяг дээрээ бүртгэлтэй боловч одоо амьдардаггүй хүний хашаа оргон зайлсан юм байхгүй.
3 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө. Би тасралтгүй 9 сар төлсөн. Хүүхэд өвчтэй байсан тул нэхэмжлэгчид хүсэлт гаргасан. Тоног төхөөрөмжөө авахыг хүссэн боловч хариу өгөөгүй. Ингээд би нэх талтай уулзаад сар болгон 100 000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Гэтэл миний төлсөн мөнгөнөөс 1 сая дутуу гэсэн. Би дахиж шүүж өгөхийг хүсэхэд дахиж шүүгээд өгсөн мөнгөнөөс дахиж 300 000 төгрөг дутуу гэсэн. Ингэхээр нь би сард 100 000 төгрөг өгнө гэснээ биелүүлээгүй. Би бүтээгдэхүүнийг авья гээгүй нэхэмжлэгч нь өөрөө ирсээр байгаа өгсөн гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 4,502,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Ж.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн боловч шүүх хуралдаанд 3,200,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 5-6 дугаар тал/
Гэрээний үнэ нь 6,200,000 төгрөг байх бөгөөд гэрээний зүйлийг худалдан авагч буюу хариуцагчид хүлээлгэж өгсөн болон гэрээний хавсралтаар тогтоогдож байна. /хэргийн 7 /ар/ дугаар тал/ Эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч нь 2015 оны 03-10 дугаар сарын хооронд 8 удаа тус бүр 300,000 төгрөг, 12 дугаар сард 298,000 төгрөг тус тус төлсөн гэж тайлбарласан бол хариуцагч нь эдгээр төлөлт дээр нэмж 11 дүгээр сард 300,000 төгрөг төлсөн гэж маргаж байна. Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн 2015 оны 11 дүгээр сард 300,000 төгрөг төлсөн гэх тайлбараа нотолж чадаагүй. Иймд зохигчийн маргаж буй 11 дүгээр сарын 300,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж үзэх боломжгүй. Дээрх үндэслэлээр хариуцагчийг гэрээний дагуу 3,502,000 /6,200,000-2,698,000/ төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Хариуцагч нь гэрээний зүйлийг биет байдлыг доголдолтой гэж тайлбарлаж, түүнийг буцаан өгөх буюу гэрээнээс татгалзах тухай тайлбар гаргасан. Гэвч гэрээний зүйл доголдолтой байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй, энэ талаар хариуцагч ямар нэг баримт, хүсэлт гаргаагүй. Иймд хариуцагчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
Гэрээний 7.3-т заасныг судалж үзвэл 0,5 хувийн хүү гэсэн үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарахгүй байна. Тодруулбал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь алданги болон торгуулиас бүрдэх тул хүү гэдэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргад хамаарахгүй юм. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний энэхүү заалт нь анз гэж харагдахгүй байна гэж тайлбарласан. Иймд худалдах худалдан авах гэрээний дагуу хүү тооцох хуулийн зохицуулалтгүй тул 1,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Түүнчлэн гэрээний 3.3.2-т зааснаар хариуцагч нь төлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүрэн төлж дуусгахаар тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ....... дугаар шийдвэрийн хуулбараар тогтоогдсон. Үүний дараа хариуцагчид холбогдуулан 2 удаа нэхэмжлэл гаргаж, тус бүр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09335 дугаар, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00928 дугаар шийдвэрээр тус тус тогтоогдсон. Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд хандах үед Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ. /хэргийн 12-17 дугаар тал/
Гэвч хэргийн 10 дугаар талд байх 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн гараар бичсэн баримтыг хариуцагч өөрийн бичиж өгсөн баримт гэж зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ.
Эдгээр үндэслэлээр хариуцагчаас 3,502,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагч Ж.Ааас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,502,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,982 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД