Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 1636

 

                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ББСБ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,259,900.53 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 01 дугаар сарын 21-ний өдөр "А ББСБ’" ХХК нь иргэн ....нар харилцан тохиролцсоны дагуу 19/27 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3 500 000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, 14 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлдэгч Л.Б нь 2019 оны 01 дугаар сарын 21 -ний өдөр 19/27 дугаартай зээлийн эргэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 53-67 УНБ улсын дугаартай NHW200132124 арлын дугаартай TOYOTA PRIUS 0 маркийн цагаан өнгөтэй автомашин барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зээл авсан сараасаа эхлэн төлөлтөө хийхгүй удаа дарааллан зөрчсөн, холбоо барих тоолонд шалтаг хэлдэг зэрэг хүндрэлүүд гарч байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д “Л.Б зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”

Зээлийг дараах нөхцөлөөр олгоно Үүнд:

  1. Үндсэн зээлийн мөнгөн дүн: 3 500,000 төгрөг
  2. Зээлийн хүү /төлбөр/ сарын: 4 хувь
  3. Зээлийн гэрээний хугацаа: 365 хоног

2.1.4 Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20/ хорин/ хувь байна.” гэж заасны дагуу үндсэн зээлийн болох 1 563 008.11 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр төгрөг 587 690.82 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 109 201.60 төгрөг, нийт 2 259 900.53 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд 2019 оны 01 дугаар сарын 21-ний өдрийн 19/27 зээлийн гэрээний дагуу төлөх Нийт 2 259 900.53 төгрөгийг нэхэмжилсэн мөнгийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээл 1 563 008.11, хүүнд 587 690.82, нэмэгдүүлсэн хүүнд 109 210.60, нийт 2 259 900.53 төгрөг гаргуулна. Хариуцагч нь анх 3,5 сая төгрөгийн зээл авсан. 2019.9.5-ны өдөр хүртэл төлж байгаад төлөхөө больсон. Олон удаа шаардсан. 2020.1.21-нд гэрээний хугацаа дууссан. 9 сарын 5-ны өдрөөс хойш нэмэгдүүлсэн хүүг тооцсон. Бид төлбөрөө төлбөл нэмэгдүүлсэн хүү тооцохгүй гэсэн боловч төлөөгүй. Хугацаа өгөх боломжгүй гэв.

 

Хариуцагч Л.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2020.05.05 өдөр шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авсан болно. Нэхэмжлэлд тусгагдсан 2,259,953₮-г төлөх татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Гэвч одоогийн байдлаар төлөх боломжгүй байгаа учир хугацааг хойшлуулж өгнө үү. Миний бие нүүрс тээврийн жолоочоор ажилладаг боловч 2020.01.26 өдрөөс өнөөг хүртэл цаг үеийн байдлаас болж зогссон учир төлөх боломжгүй байна. Иймд шүүх хурлыг яаралтай товлож өгнө үү. Хариу тайлбар авах 14 хоног авах шаардлагагүй.

2 259 900.53 төгрөгтэй маргаангүй. Анх зээл авахдаа дүүгийн эхнэрийн бие муудаад миний нэр дээр байдаг машиныг барьцаалж зээл авсан. Би дүүдээ машиныг унаж яваад зээлээ төлөөрэй гэсэн. Би хөдөө явж ажиллаж байсан. Урагшаа хил гарахад утас барьдаггүй юм. Дүү болохоор зээлээ төлж байгаа л гэдэг байсан. Хил хаагдаад ирээд утсаа асаахад нэхэмжлэгчээс залгаад төлбөрөө төлөөгүй байна гэсэн. Ингээд би очиж уулзсан. Би төлөөгүйг нь мэдсэн бол ажилтай байхдаа төлж болох байсан. Би 1 сард уулзаад ажил эхлэхээр төлнө гэсэн боловч хорио цээр сунгагдаад байсан тул төлж чадаагүй. Мөнгө авсан талаар маргаангүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 2,259,900.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,259,900.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй боловч цаг үеийн байдалтай холбогдуулан төлбөр төлөх хугацааг хойшлуулах талаар тайлбар гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3,500,000 төгрөгний үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хэргийн 15-17 дугаар тал/ Гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу зээл олгосон эсэх талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй боловч хариуцагч уг гэрээний дагуу 3,500,000 төгрөгний зээл авсан талаар маргаагүй, зөвшөөрсөн тул зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг зээлийн үйл ажиллагаа гээд, хуулийн этгээдийн хэлбэрийг ББСБ, ХХК гэсэн байх тул зохигчийн хооронд үүссэн харилцаа нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа байна.

 

Улмаар зохигч хэн аль нь зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн төлбөрийн талаар ямар нэг баримт гаргаагүй боловч хариуцагч нь зээлийн үлдэгдэл төлбөр 2,259,900.53 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцээний зарчимаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

 

Харин хариуцагч нь цаг үеийн буюу хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан төлбөр төлөх хугацааг хойшлуулах санал гаргасан боловч нэхэмжлэгч, түүний төлөөлөгч эс зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 2,259,900.53 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А ББСБ” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,109 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 51,109 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД