Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 1687

 

 

                                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.ХХК

 

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт нийт 66,448,741 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т ХХК болон Ц ХХК-нуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан 016-18-tp Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 30 хоногийн зээлийн нөхцөлтэй гэрээний төлбөрийн үлдэгдэл 53,329,647 төгрөг, алданги 13,119,094 төгрөг нийт 66,448,741 төгрөгийг худалдан авагч тал болох Ц ХХК-иас гаргуулах.

Т ХХК нь Ц ХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах №016-18/tp тоот гэрээ байгуулсан. Манай компанийн энэхүү гэрээний 3.1 дүгээр зүйлийн дагуу 30 хоногийн зээлийн нөхцөлтэй байгуулж бидний зүгээс гэрээний үүргээ ханган Ц ХХК-ийн хэрэгцээт түлшний захиалгыг цаг хугацаанд нь саадгүй нийлүүлсэн. Бидний хооронд байгуулсан №016-18/tp тоот гэрээний 3.5-д “Худалдан авагч нь гэрээний нэмэлтээр тодорхойлогдсон төлбөрийг хугацаанд төлөлгүй хожимдуулсан тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.15 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг худалдагчид төлнө” гэж заасны дагуу манай компани Ц ХХК-ийн төлөөгүй үлдэгдэл төлбөрөөс алданги тооцсон бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны эхний худалдан авалтаас 2020 оны 03 сарын 31-ний өдрийг хүртэл гэрээний төлбөр төлөх хугацаа 650 гаруй хоногоор хэтэрч төлбөрийг хугацаандаа төлөөгүй алданги 13,448,741 төгрөгт хүрсэн юм. Манай компаний зүгээс Ц ХХК-ийг үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа нэхэмжилсэн /албан тоот илгээх, очиж уулзах/ боловч 2020 оны 03 сарыг 31-ний өдөр хүртэл гэрээний үндсэн төлбөрийг 2 жил гаруй хугацаанд төлөөгүй тул №016/18-tp тоот гэрээний 6.4-д “Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргаан, санал зөрөлдөөнийг талууд эв зүйгээр, харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэх ба тохиролцоонд хүрэхгүй бол маргааныг Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд Т ХХК болон Ц ХХК-нуудын хооронд 2018 оны 03 дугаар сарын 16-ний өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах №016-18/tp тоот гэрээний төлбөрийн үлдэгдэл 53,329,647 төгрөг, алданги 13,119,094 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 490,200 /дөрвөн зуун ерэн мянга хоёр зуун/ төгрөгийн хамт тус тус Ц ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах худалдан авах гэрээний үндсэн төлбөр 53 329 647 төгрөг, алданги 13 119 094 төгрөг, нийт 66 448 741 төгрөг гаргуулна. 2018 оны 3 сард хариуцагчтай гэрээ байгуулсан. Гэрээнд алдангийг заасан. Хариуцагч нь хугацаандаа төлбөр төлдөггүй байсан. Төлсөн төлбөрийг хасаад нэхэмжлэл гаргасан гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барааны төлбөрт нийт 93,000,000 төгрөг авсан гэв.

 

Хариуцагч “Ц” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Т ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ц” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа. Ц ХХК нь нэхэмжлэгч компанитай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж төлбөрөө 100 хувь төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр, алданги нэхсэн. Гэтэл гэрээнд зааснаар 93 саяын бараа авсан. Энэ талаар хэргийн 23 дугаар талд байгаа баримтаар энэ тогтоогдоно. Хариуцагч нь төлбөрөө төлсөн. Алданги яаж тооцсон нь тодорхойгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 53,329,647 төгрөг, алданги 13,119,094 төгрөг, нийт 66,448,741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ц” ХХК нь гэрээний дагуу 93,000,000 төгрөгний бараа бүтээгдэхүүн авсан бөгөөд 93,000,000 төгрөгний төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 016/18-tp дугаартай худалдах худалдан авах гэрээ байгуулсан байна. /хэргийн 3-4 дүгээр тал/ Гэрээгээр газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

Гэрээнд худалдах зүйлийн хэмжээ, нэгжийн үнийн талаар заагаагүй нь гэрээний зүйлийн онцлогоос хамаарч тухай бүр тохиролцохоор заасан гэж нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийн хүртэлх хугацаанд нийт 50,000 литр газрын тосны бүтээгдэхүүнийг литр тутмыг нь 1,860 төгрөгөөр худалдсан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт байгаа дээрх хугацаанд хамаарах зарлагын падаан, бусад баримтаар тогтоогдож байна. /хэргийн 9-19 дүгээр тал/ Хариуцагч нь нэхэмжлэгчийн тайлбар болох 50,000 литр газрын тосны бүтээгдэхүүнийг литр тутмыг 1,860 төгрөгөөр худалдаж авсан гэх үйл баримтын талаар маргаагүй.

Үүнээс тооцвол нэхэмжлэгч нь нийт 93,000,000 төгрөгний зүйл худалдсан байна.

 

Хариуцагч нь энэ талаар маргаагүй боловч 93,000,000 төгрөгийг төлсөн тул алданги тооцох үндэслэлгүй, алданги тооцсон аргачлал нь ойлгомжгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гаргасан төлбөрийн үлдэгдлийн баталгаа, авлагын тооцоогоор нэхэмжилсэн гэж тайлбарласан. /хэргийн 20-21 дүгээр тал/

Гэвч дээрх баримтад хариуцагч талаас гарын үсэг зурж, тэмдэг дарагдаагүй бөгөөд хариуцагч нь төлбөрийг төлсөн гэж маргаж байна.

 

Худалдан авалтын тооцоо гэх баримтаас үзэхэд хариуцагч нь 93,000,000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бүрэн төлж дууссан байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна. Харин нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан үүргийн дагуу төлбөр төлөлт тус бүрийн баримтыг шүүхэд гаргаагүй тул бүтээгдэхүүн нийлүүлэлт тус бүрт хариуцагчийг гэрээний 3.1-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч нь 7 удаагийн үйлдлээр төлбөр төлсөн гэх боловч эхний алдангийг ямар үндэслэлээр 3 хувааж тооцсон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн төлөлт бүрээс эхэлж алдангийг хасаад үлдэх төлбөрт дахин алданги тооцож байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь төлбөр болон алдангийг төлсөн төлбөрөөс хэрхэн тооцох талаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар зохигчид тохиролцоогүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг төлбөр төлөх хугацааг удаа дараа хоцроосон гэх боловч хариуцагч үүнийг үгүйсгэж маргаж байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан худалдан авалтын тооцоо гэх баримтаар хариуцагч нь 2018 оны 05 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 93,000,000 төгрөг төлсөн гэх боловч төлбөр төлсөн хугацааны талаар хариуцагч маргасан. Ийнхүү төлбөр төлсөн баримтыг зохигч хэн аль нь шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан боловч гаргаж өгөөгүй. Иймд шүүх төлбөр төлөлт тус бүрд алдангийг нарийвчлан тооцох боломжгүй.

Түүнчлэн энэхүү баримт нь зохигч хэн аль нь шүүхэд гаргаж өгөх боломжтой, хэргийн оролцогчийн үүрэгт хамаарах тул шүүх өөрийн санаачлагаар гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байр сууринаас оролцох зарчимд нийцэхгүй юм.

 

Эдгээр үндэслэл болон дээрх баримт, хэрэгт байгаа бусад баримтыг харьцуулан үзээд хариуцагч нь төлбөрийг 101 хоногоор хэтрүүлсэн гэж үзлээ. Улмаар үүнээс гэрээний 3.5-д зааснаар алдангийг тооцвол 1 хоногт 139,500 /93,000,000*0,15%/ төгрөг, 101 хоногт 14,089,500 төгрөгний алданги тооцогдоно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нь хугацаа хэтрүүлсэн боловч үндсэн төлбөрийг төлсөн тул хариуцагчаас алдангид 14,089,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Ц” ХХК-с худалдах худалдан авах гэрээний үүрэгт 14,089,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,359,241 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 228,397.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД