Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/316

 

Л.Хд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Пүрэвдагва,

орчуулагч Цуй Хай Пин,

шүүгдэгч Л.Х, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай прокурорын эсэргүүцлээр Л.Хд холбогдох 200200000026 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Л.Х, 1955 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хэйлонг Жианг мужид төрсөн, эрэгтэй, 65 настай, дээд боловсролтой, цахилгаанчин, Хятад хэл судлаач, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Чан Чю” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Харбин муж, Хан Кү хот, Зень И гудамж, Хуа Иен хотхон, 114 дүгээр байрны 3 дугаар орцны 2 тоотод оршин суух бүртгэлтэй, Монгол улсад, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү 2222” хороолол, 114/1D байрны 114 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /паспортын дугаар:ЕЕ4247094/;

Л.Х нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Од албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын өрөөнд 20.000 юань буюу 7.822.400 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Л.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэх Л.Хд холбогдох хэргийг прокурор бодитой шалтгаангүйгээр тусгаарласан нь хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь тогтоох, хэрэг маргааныг шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэхэд саадтай байна. Хэргийн аль нэгэн яллагдагчийн хэргийг тусгаарлах нь бусад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хязгаарлах, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаар байвал хэргийг тусгаарлаж болохгүй. Шүүхэд шилжсэн яллагдагчийн хэргийн холбогдлыг тэлэх, ял сонсгоогүй үйлдэлд ял шийтгэх, хэргийг хүндрүүлэх болон ял сонсгоогүй, шүүхэд шилжээгүй этгээдэд ял шийтгэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хориглосон бөгөөд аль нэг яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэрэг дэх оролцоо буюу хахууль авсан, өгсөн оролцогчийн гэм бурууг нэг шүүх хуралдаанаар хамтад нь хэлэлцэх ёстой. Х.Од холбогдох хэргийг тусгаарлах үндэслэл бүхий шалтгаан хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй байх тул хэргийг нэгтгэж ирүүлэх нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр, Л.Хаас хахууль авсан гэх Х.О нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй” зэрэг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй нөхцөл байдлууд байсаар атал зөвхөн Л.Хд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Л.Хд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж буй мэт боловч нөгөө талаас “хахууль авсан” гэх Х.Оийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Энэ нь яллагдагч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах, өмгөөлөгчтэй харилцах зэрэг оролцогчийн эрхийг зөрчихгүй байх учиртайг харуулж байна. ...” гэж дүгнээд, Л.Хд холбогдох эрүүгийн 200200000026 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Л.Хд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Д.Пүрэвдагва бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хурдан шуурхай шийдвэрлүүлэх зорилгоор тусгаарлах болон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнийг прокурор шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-ыг алдагдуулсан гэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тодорхойлсон шударга ёсны зарчмын агуулга нь гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж, гэм бурууд тохирсон хариуцлага хүлээлгэх, ялгаварлан гадуурхахгүй байх, гэм буруутай хүнд хариуцлага хүлээлгэх, хариуцлагыг бусдад халдаахгүй байх, нэг гэмт хэрэгт нэг удаа хариуцлага хүлээлгэх гэсэн үндсэн агуулгатай байтал нэг хүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх шийдвэрлэхэд нөгөө хүний гэм буруутай эсэхэд нөлөөлж “шударга ёсны” зарчим зөрчигдөх мэтээр авч үзсэн нь агуулга, хууль зүйн хувьд илт үндэслэл муутай гэж үзнэ. Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг ноцтой зөрчиж, хахууль авсан яллагдагч Х.Оийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлнө гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Л.Х нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа нь зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр нотлогдсон үйл баримт биш, харин мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, бусад баримтат мэдээллээр хахууль авсан яллагдагч Х.Оийн үйлдлийн хамт хангалттай нотлогдсон юм. Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудыг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүхэлд нь нэгтгэж дүгнэхгүйгээр, зөвхөн нэг яллагдагчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь нөгөө яллагдагчийн эрх зүйн байдалд нөлөөлөх мэтээр авч үзсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөний зэрэгцээ яллагдагч Л.Хы эрх зүйн байдлыг дордуулж байгаа эсэхэд дүгнэлт хийх учиртай. Шүүхээс Л.Хд холбогдох хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Л.Х нь хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдсэн болох нь батлагдаж байхад аль үндэслэл нь хангагдаагүй гэж прокурорт буцаасан нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/365 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Л.Х “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Шүүгдэгч Л.Хы өмгөөлөгч А.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурортой санал нэг байна. Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Х хахууль өгснөө хүлээн зөвшөөрсөн. Учир нь, Л.Х “Би Бээжингээс мөнгөний дугтуй худалдан авч, дээр нь компанийнхаа нэрийг өөрийн нэртэй бичиж, 20.000 юань буюу 7.822.400 төгрөг өгөх гэж орсон. Ойр ойрхон хурал хийгээд манай компанийг хүнд байдалд оруулж, компанийн зөвшөөрлийг цуцлах гээд байсан учир үүнийг болиулахын тулд би мөнгө өгсөн” гэж мэдүүлсэн. Нэгэнт гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хариуцлагаа ойлгосон учир хэргийг тусгаарлаж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Өмгөөлөгчийн хувьд, хахууль өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байхад заавал өөр хүнтэй хамааруулж асуудлыг шийдвэрлэх гэж хэргийг буцааж буй шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Л.Хы асуудал яригдаж байгаа болохоос Х.Оийн асуудал яригдаагүй байхад шүүх ямар үндэслэлээр буцааж байгаа нь ойлгомжгүй байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Л.Хд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй. ...” гэж үзэж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь авилга өгөгч, авагч талуудын харилцан хүсэл сонирхол байдаг. Өөрөөр хэлбэл, хахууль өгөгч нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл хүрэлцэхгүй, аливаа ажил үүргээ шударгаар хийх боломжгүй нөхцөл байдлыг хялбар аргаар хийж бүтээхийн тулд эрх мэдэл бүхий албан тушаалтанд хахууль өгснөөр өөрийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос яллагдагч Л.Х, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан хүсэлтийг хянаад Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Л.Х, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын гаргасан хүсэлтийг хангаж, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 08 дугаартай прокурорын тогтоолоор 1941000260008 дугаартай эрүүгийн хэргээс яллагдагч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Л.Хд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2002000000026 дугаартай эрүүгийн хэргийг тусгаарласан нь нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг бүх талаас нь бүрэн бодитой тогтоож, шүүхээр хянан шийдвэрлэхэд боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Анхан шатны шүүхээс “... Л.Хд холбогдох хэргийг прокурор бодиттой шалтгаангүйгээр тусгаарласан нь хэргийн бодит үнэнийг тал бүрээс нь тогтоох, хэрэг маргааныг шударга ёсны зарчимд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэхэд саадтай байна. Хэргийн аль нэгэн яллагдагчийн хэргийг тусгаарлах нь бусад оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хязгаарлах, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулахаар байвал хэргийг тусгаарлаж болохгүй. Шүүхэд шилжсэн яллагдагчийн хэргийн холбогдлыг тэлэх, ял сонсгоогүй үйлдэлд ял шийтгэх, хэргийг хүндрүүлэх болон ял сонсгоогүй, шүүхэд шилжээгүй этгээдэд ял шийтгэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хориглосон бөгөөд аль нэг яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн хэрэг дэх оролцоо буюу хахууль авсан, өгсөн оролцогчийн гэм бурууг нэг шүүх хуралдаанаар хамтад нь хэлэлцэх ёстой. Х.Од холбогдох хэргийг тусгаарлах үндэслэл бүхий шалтгаан хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдахгүй байх тул хэргийг нэгтгэж ирүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно.” гэж заасан бөгөөд хахууль өгөх, авах гэмт хэрэгт холбогдсон яллагдагч нарт холбогдох хэргийг нэг яллах дүгнэлтийн хүрээнд хамтруулан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, хууль зүйн дүгнэлт хийхэд төдийгүй шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлнө гэж үзэв.

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нарыг дуудан оролцуулж, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан тайлбарт хэрэгт цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтын хүрээнд үнэлэлт, хууль зүйн дүгнэлт өгч, прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Харин, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл, 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хахууль өгөгч, авагч талуудыг хамтад нь шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тал бүрээс бүрэн тогтоох, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх чухал ач холбогдолтой.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Пүрэвдагвын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 365 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Д.Пүрэвдагвын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ