| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 121/2025/0015/З |
| Дугаар | 221/МА2026/0060 |
| Огноо | 2026-01-21 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2026/0060
Б.Э-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн Б.Э, өмгөөлөгч Г.А
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Х
Хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга Х.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 121/2025/0015/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э-өөс Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авах”-аар маргасан байна.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17, Төсвийн тухай хуулийн 4.1.6, 4.1.27, 6 дугаар зүйлийн 6.6.5, 6.6.6, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгох журмын 2.1, 2.4, 2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, Өвөрхангай аймгийн Уянга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... миний бие тус аймгийн Татварын газрын Уянга сум хариуцсан улсын байцаагчаар 2009 онд томилогдсоноос хойш одоог хүртэл 16 дахь жилдээ тус сумандаа ажиллаж байна. Миний бие тус сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад олгох орон нутгийн нэмэгдлийг олгохыг удаа дараа амаар болон бичгээр шаардаж хүсэхэд үл ойшоож, Тамгын газрын ажилчдадаа 90 хувийн нэмэгдэл олгоод төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгохгүй ямар ч үндэслэлгүй шалтаг зааж ялгаварлан гадуурхаж хуулийг заалтыг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй гаргасан гэж үздэг. Сумын Засаг даргаас 2025 оны 8 дугаар сарын 01-ээс эхлэн орон нутгийн нэмэгдлийг 30 хувиар олгох болсон ч надад олгогдоогүй.
Сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал албан хаагчдаа 2024 оны 04 дүгээр сараас хойш улсын төсвөөс өгч байгаа 40 хувийн нэмэгдэл дээр 50 хувь нэмж нийт 90 хувиар нэмэгдэл олгоод явж байна. Гэтэл орон нутагт адилхан ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдад тус нэмэгдлийг огт олгоогүй, олгох тухай асуудал гарахаар орон нутгийн орлого давж биелэх эсэхээс хамаарна, орлогоо хангалттай давуулж оруулах баталгааг Б.Э-өөс гаргуул гэсэн хууль бус шаардлага гаргаж байсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Монгол Улсын иргэн төрийн алба хаах, адил тэгш боломжоор хангагдах, Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-т ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байх гэж заасныг тус тус зөрчиж ялгаварласан.
Шүүх хуралдаанд хариуцагч нар Тамгын газрын ажилчдадаа орон нутгийн 50 хувийн нэмэгдэл олгоод явж байгаа тогтоол шийдвэрээ шүүхэд хүргүүлсэн гэж хариулж байсан энэ нотлох баримтыг надад шүүхээс огт танилцуулаагүй оролцогчийн эрхийг хязгаарласан, Засаг дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд дагуулж орж ирж зэрэгцэн мэдүүлэг тайлбар өгч байгаа зэрэг нь хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн. Шүүхээс намайг өөрийн харьяа улсын төсвийн байгууллагаас орон нутагт ажилласны 40 хувийн нэмэгдэл авч байгаа учир орон нутгийн төсвөөс давхардуулан нэмэгдэл олгохгүй гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Б.Э-өөс Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар нь орон нутгийн нэмэгдэл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу 2024 оны 04 дүгээр сараас эхлэн олгогдох байсан орон нутгийн нэмэгдлээ нөхөн гаргуулах, цаашид үргэлжлүүлэн авах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... миний бие тус аймгийн Татварын газрын Уянга сум хариуцсан улсын байцаагчаар 2009 онд томилогдсон одоог хүртэл 16 дахь жилдээ тус сумандаа ажиллаж байна, ... Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолын дагуу орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны хаагчдад олгох орон нутгийн нэмэгдлийг олгохыг удаа дараа амаар болон бичгээр шаардаж хүсэхэд үл ойшоож, Тамгын газрын ажилчдадаа 90 хувийн нэмэгдэл олгоод төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгохгүй ямар ч үндэслэлгүй шалтаг зааж ялгаварлан гадуурхаж хуулийн заалтыг ноцтой зөрчсөн эс үйлдэхүй гаргаж байна” гэж тайлбарлан маргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... улсын төсвийн байгууллагын захиргааны албан хаагчийн цалин хөлсийг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд цалин хөлсний бүрэлдэхүүнд орох “орон нутгийн нэмэгдэл”-ийг орон нутгийн төсвөөс шууд санхүүжүүлэх үүрэг хариуцагч нарт хуулиар ногдуулаагүй, ...мөн нэхэмжлэгч нь нэгэнт өөрийн харьяалан ажилладаг улсын төсвийн байгууллагаас орон нутагт ажилласны 40 хувийн нэмэгдлийг авч байх тул орон нутгийн төсвөөс давхардуулан авах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
2.3. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д “Захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг өөрчлөн баталсан бөгөөд тус журмын 2.1-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг хөдөөгийн сум (тосгон)-д ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 40 хувиар, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны, үйлчилгээний болон улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид тухайн эрхэлж байгаа албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тус тус бодож, сар бүр олгоно”, 2.3-д “Орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн орон нутгийн хөгжлийн бодлогын хүрээнд орон нутгийн болон улсын төсвийн байгууллагын төрийн захиргааны, үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид нэмж олгох асуудлыг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвтөө тусган шийдвэрлэж болно”, 2.5-д “орон нутагт ажилласны нэмэгдлийг тухайн байгууллага жил бүр төсөв тусгаж олгоно” гэж тус тус заажээ.
2.4. Мөн түүнчлэн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д ““орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг” ойлгох бөгөөд төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д зааснаар батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр байна. Нөгөөтээгүүр, Төсвийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-т зааснаар орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч нь үндсэн чиг үүрэгт хамаарах зардлыг төсөвт төсөвлөх бөгөөд батлагдсан төсөв болон орон тооны хязгаартаа багтаан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагч нарт орон нутгийн нэмэгдэл олгохоор байна.
2.5. Тодруулбал, аливаа цалингийн төсөв нь гагцхүү тухайн байгууллагын албан хаагчдад хамааралтай бөгөөд нэхэмжлэгч Б.Э-ийн хувьд улсын төсвийн байгууллагад ажилладаг захиргааны албан хаагч байх буюу хариуцагч Өвөрхангай аймгийн Уянга сумын Засаг дарга болон тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай шууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ордоггүй, орон нутгийн захиргааны албан хаагч биш байгаа энэ тохиолдолд орон нутгийн төсвөөс өөр байгууллагын ажилтанд цалин хөлсний бүрдэлд орох “орон нутгийн нэмэгдэл” олгохыг ийнхүү шаардах нь хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Хариуцагч нарын хувьд батлагдсан төсөвтөө багтаан, орон нутгийн нэмэгдлийг тухайн орон нутгийн захиргааны албан хаагч нартаа олгож Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.17-д заасныг хэрэгжүүлсэн байхад энэ тохиолдолд “...Тамгын газрын ажилчдадаа 90 хувийн нэмэгдэл олгоод төрийн захиргааны албан хаагчдад нэмэгдэл олгохгүй ямар ч үндэслэлгүй шалтаг зааж ялгаварлан гадуурхаж хуулийн заалтыг ноцтой зөрчсөн...” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй юм.
2.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Б.Э нь өөрийн харьяалан ажилладаг улсын төсвийн байгууллагаас орон нутгийн нэмэгдлийг 40 хувиар авч буй нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсоор байхад орон нутгийн нэмэгдлийг орон нутгийн төсвөөс давхардуулан авах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Эдгээрээс үзвэл Засгийн газрын тогтоолд заасан сонгох боломжийн хүрээнд тухайн орон нутгийн хөгжлийн бодлого, төсвийн байдлыг харгалзан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргатай гүйцэтгэлийн төлөвлөгөө батлуулж, ажлын гүйцэтгэл, үр дүнгээ үнэлүүлдэг албан хаагчдад олгосон гэх хариуцагч нарын тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Хэдийгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэгт хамааралтай, ач холбогдолтой зарим хуулийн зохицуулалтыг баримтлахгүй орхигдуулсан, шаардлагагүй хэм хэмжээний актыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 4.1.27, 6 дугаар зүйлийн 6.6.5, 6.6.6, 16 дугаар зүйлийн 16.5.3, 31 дүгээр зүйлийн 31.1.3-д заасныг тус тус баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН