Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга О.Болормаа,

            Улсын яллагч П.Нямцэцэг,

            Шүүгдэгч Ч.Мөнхбаяр, түүний өмгөөлөгч С.Намжилмаа, тэдгээрийн хэлмэрч С.Бямбадэлгэр,

            Шүүгдэгч Д.Мөнхдөл, түүний өмгөөлөгч С.Батжаргал, тэдгээрийн хэлмэрч П.Сайнбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бандиа овогт Чимэддоржийн Мөнхбаяр, Хар дэл овогт Дорждэрэмийн Мөнхдөл нарт холбогдох 201625030664 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хэлгүй, сонсголгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 77а-487 тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бандиа овогт Чимэддоржийн Мөнхбаяр (РД:ЙС82100811),

            2.Монгол улсын иргэн, 1982 оны 12 дугаар зүйлийн 18-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэлгүй, сонголгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 70 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хар дэл овогт Дорждэрэмийн Мөнхдөл (РД:СЭ82121815),

            нар нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын 04-нөөс 21-ний хооронд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжны 964А тоотод оршин суух П.Санжмятавын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоож эвдэж бусдын орон байранд нэвтрэн орж Фрестиж брэндийн 2 хаалгатай саарал өнгөтэй хөргөгч, 2 матрастай дэлгэгддэг модон ор нэг ширхэг, 2 ширэмтэй мечта брэндийн орос плитка 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 510.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүгдэгч нараас шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ:

            1.Д.Мөнхдөлөөс:-2016 оны 3 дугаар сард Ч.Мөнхбаяр манайд ирээд архи аваад, автобусаар Ч.Мөнхбаярынд очсон. Гэрт нь ороход ямар ч хоол хүнс байгаагүй. Тэгээд Мөнхбаяр манай хажуугийн айлд хүн байгаагүй их удсан. Намайг хоёулаа орох уу гэхэд нь би согтуу байсан. Тэгээд лоом  барьж гарч ирээд хаалгыг нь эвдэж ороод плитка, хөргөгч аваад гарсан. Плиткийг Дэнжийн 1000-д 5000 төгрөгөөр зараад архи уусан. Машин олоод хөргөгчийг ачаад Нарантуул зах дээр 110.000 төгрөгөөр зарсан. Хөргөгч зарсан мөнгөөрөө нүүрс, хоол хүнс авсан. Нөгөөдөр нь би шартаад нөгөө айлаас орыг нь аваад машин байгаагүй учир айлд 80.000 төгрөгөөр зарсан. Мөн ор зарсан мөнгөө өрөнд өгөөд, архи авч уусан. Мөнхбаярынх хоолгүй, өртэй байсан. Дахин ийм хэрэг хийхгүй. Айж байна гэв.

Мөрдөн байцаалтад Д.Мөнхдөл сэжигтнээр мэдүүлэхдээ:-Он сарыг нь сайн санахгүй байна. Найз Мөнхбаярын гэрт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын 84-н автобусны буудлын ойролцоо байдаг гэрт нь байж байхад Мөнхбаярын гэрт хоол унд байхгүй, бид хоёр хоолны мөнгө олох гэж гэрээс нь гарсан. Мөнхбаяр надад эндээс ойрхон эзэнгүй айл байна хоёулаа тэнд очиж хулгай хийгээд ирье гэхээр нь хамт дагаж очсон. Бид 2 эзэнгүй монгол гэрийн гадаа ирэхэд Мөнхбаяр тэр айлын цоожийг нь онгойлгосон, яаж онгойлгосныг би санахгүй байна. Бид хоёр тэр айлаас 2 хаалгатай том саарал хөргөгч, мечта гэсэн бичигтэй 2 ширэмтэй плиткийг хулгайлж аваад Мөнхбаярын гэрт оруулж тавьсан. Өглөө нь хөргөгчийг нь Мөнхбаяр, Мөнхбаярын эхнэр бид 3 таксигаар Нарантуул 1 зах руу аваачиж эмэгтэй хүнд 110.000 төгрөгөөр зарсан. Плиткийг өдөр нь Мөнхбаяр бид хоёр Дэнжийн 1000 руу явж Нарантуул 2 зах дээр аваачиж явуулын хүнд 5.000 төгрөгөөр зарсан. Хөргөгч авснаас хойш 2 хоногийн дараа нөгөө айл руу дахиж ороод эвхэгддэг модон орыг нь авч гараад Мөнхбаярын гэрийн хажуу талын айлд 80.000 төгрөгөөр зарсан гэжээ.

            2.Ч.Мөнхбаяраас:Мөнхдөлийн мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв байна. Би ер нь ажилгүй. Хөдөө ажиллаад оронд нь мах олдог байсан. Мөн эхнэр ажилгүй. Уучлал гуйж байна гэв.

Мөрдөн байцаалтад Ч.Мөнхбаяр сэжигтнээр мэдүүлэхдээ:-Өөрийн найз Мөнхдөлийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд манай гэрийн хажуу талд байрлах эзэнгүй монгол гэрийн хаалгыг нь эвдэн орж 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч ямар нэртэй гэдгийг нь мэдэхгүй, эвхэгддэг модон ор хулгайлж
авсан юм. 2 хаалгатай саарал өнгийн хөргөгчийг Нарантуул 1 зах дээр аваачиж
хөргөгч авдаг хүмүүсийн хажууд байсан эмэгтэйд 110.000 төгрөгөөр зарсан.
Хөргөгч хулгайснаас 2 хоногийн дараа орыг нь манай гэрийн хажуу талын айлд
80.000 төгрөгөөр зарсан. Хөргөгч хулгайпах үед жижиг 2 ширэмтэй, цагаан өнгийн хуучин оросын мечта гэсэн бичигтэй плитка хулгайлж авсан. Манай амбаарт байлгаж байгаад хөргөгч зарсаны дараа Мөнхдөл бид хоёр Дэнжийн 1000-н Нарантуул 2 захад аваачиж явуулын хүнд 5.000 төгрөгөөр зарсан гэжээ.

            Хохирогч П.Санжмятаваас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-…Би “Эм си Эс” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хөдөө тээвэрлэдэг машины жолооч хийдэг. 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Булган сум руу бараа хүргэхээр яваад 2016 оны 3 сарын 20-ны шөнө ирээд найз Барсболдын гэрт нь хоночихоод маргааш нь гэртээ ирэхэд монгол гэрийн хаалганы цоож эвдэн хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. Манай гэрээс Frestech брэндийн 2 хаалгатай саарал өнгөтэй доороо хөлдөөгчтэй, 159 литрийн багтаамжтай 160*160 хэмжээтэй хөргөгч 1 ширхэг, дэлгэгддэг модон ор нэг ширхэг, 2 ширэмтэй мечта брэндийн орос плитка 1 ширхэг тус тус алдагдсан. Хөргөгчийг 2012 онд Хятад худалдааны төвөөс 600.000 төгрөгөөр худалдаж авсан шинэвтэр хөргөгч байсан. Одоо 600.000 төгрөгөөр үнэлж байна. Гар хийцийн дэлгэгддэг модон ор Нарантуул захаас 2014 онд 500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. Харин плиткийн 30.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ.

            Гэрчүүдээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:

            1.Ө.Чимэдрэгзэнгээс:-…2016 оны 3 сарын яг хэдэнд гэдгийг санахгүй байна. Манай гэрийн урд байдаг хэлгүй залуу хажуудаа хэлгүй найзыгаа дагуулаад усны тэргэнд эвхэгддэг модон ор ачаад манайд ирсэн. Манай хөрш хэлгүй залуугийн хажууд явж байсан залуу нь надад цаасанд юм бичиж өгөхөөр нь уншихад манай найз эхнэрээсээ салж байгаа, шинэ ор хямд зарна, авах уу гэхээр нь за гэж хэлээд бид 2 бичгээр харилцаад 80.000 төгрөгөөр бодож худалдаж авсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирж хулгайн ор юм байна гэж хэлээд аваад явсан. Тэр орыг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, цагдаа нар ирэхэд мэдсэн. Би 80.000 төгрөгөө бүрэн гаргуулж авсан нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ.

            2.Ж.Золжаргалаас:-…2016 оны 3 сард манай нөхөр найз Мөнхдөлийн хамт шөнө 2 цагийн үед байх манай гэрт 2 хаалгатай том саарал өнгийн хөргөгч оруулж ирсэн. Юун хөргөгч юм гэж асуухад Мөнхдөлийн хөргөгч байгаа юм гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ манайд хоночихоод маргааш өглөө нь Нарантуул 1 зах руу аваачиж хөргөгч авах гэж байсан эмэгтэйд 110.000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөөр нь гэртээ идэж уух юм авсан. Би тухайн хөргөгчийг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, Д.Мөнхдөл нар нь бүлэглэн, 2016 оны 3 дугаар сарын эхээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжны 964А тоотод оршин суух П.Санжмятавын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, Фрестиж брэндийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгч, 2 матрастай дэлгэгддэг модон ор нэг ширхэг, 2 ширэмтэй Мечта брэндийн орос плитка 1 ширхэг зэргийг хулгайлж нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч П.Санжмятавын “2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Булган сум руу бараа хүргэхээр яваад 2016 оны 3 сарын 20-ны шөнө ... ирэхэд монгол гэрийн хаалганы цоож эвдэн хулгайч орж, ... Frestech брэндийн 2 хаалгатай саарал өнгөтэй доороо хөлдөөгчтэй, 159 литрийн багтаамжтай 160*160 хэмжээтэй хөргөгч 1 ширхэг, дэлгэгддэг модон ор нэг ширхэг, 2 ширэмтэй мечта брэндийн орос плитка 1 ширхэг тус тус алдагдсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Чимэдрэгзэнгийн “Манай гэрийн урд байдаг хэлгүй залуу хажуудаа хэлгүй найзыгаа дагуулаад усны тэргэнд эвхэгддэг модон ор ачаад ... шинэ ор хямд зарна авах уу гэхээр нь ... 80.000 төгрөгөөр бодож худалдаж авсан” гэх мэдүүлэг, гэрч Ж.Золжаргалын “манай нөхөр найз Мөнхдөлийн хамт шөнө 2 цагийн үед байх манай гэрт 2 хаалгатай том саарал өнгийн хөргөгч оруулж ирсэн. Юун хөргөгч юм гэж асуухад Мөнхдөлийн хөргөгч байгаа юм гэж хэлсэн. ... маргааш өглөө нь Нарантуул 1 зах руу аваачиж ...110.000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг, хэргийн газрыг хамгаалсан тэмдэглэл, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хураасан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авсан тэмдэглэл, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Бандиа овогт Чимэддоржийн Мөнхбаяр, Хар дэл овогт Дорждэрэмийн Мөнхдөл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192.000 төгрөгийг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон болно.

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Ч.Мөнхбаяр, Д.Мөнхдөл нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан тэдгээрт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч нарын хувийн байдал, амьдралын түвшин зэргийг нь харгалзан тэдгээрт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бандиа овогт Чимэддоржийн Мөнхбаяр, Хар дэл овогт Дорждэрэмийн Мөнхдөл нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, бүлэглэн үйлдсэнээс бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбаяр, Д.Мөнхдөл нарыг эд хөрөнгө хураахгүйгээр тус бүрийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбаяр, Д.Мөнхдөл тус бүрт оногдуулсан 2 жил хорих ялыг жирийн  дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Мөнхдөлийн цагдан хоригдсон 23 хоног, шүүгдэгч Ч.Мөнхбаярын цагдан хоригдсон 10 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ч.Мөнхбаяр, Д.Мөнхдөл нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэдгээрт  нарт хяналт тавих үүргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Мөнхбаяр, Д.Мөнхдөл нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ