| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 188/2020/0107/Э |
| Дугаар | 2020/ДШМ/314 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2020/ДШМ/314
Г.Бод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Нямбат,
хохирогч П.Г,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 2020/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч П.Гын гаргасан давж заалдах гомдлоор Г.Бод холбогдох 1908050930075 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Гын Б, 1986 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрхан 1 дүгээр гудамжны 2а тоотод оршин суух бүртгэлтэй;
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 2 дугаар гудамжны 56 тоот нийтийн байрны 4 тоот өрөөнд “чамаас болж миний эхнэр, хүүхэд надаас салсан” гэх шалтгаанаар П.Гын нүүрэн тус газар цохиж, хутгаар хөл рүү нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Гын Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бод 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 2 хоног х 8 цаг = 16 цагаар тооцож, түүнд оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б нь намайг удаа дараа хутгалж, зодсон мөртлөө нэг төгрөг ч өгөөгүй. Нэг удаа өнгөрөөсөн, хоёр дахь удаа гэж байхгүй. Миний толгойг оёдолтой байхад бие чинь яаж байна гэж эр хүн шиг нэг удаа ч асууж байгаагүй. Миний зүүн талын эрүүл нүд, толгой тархинд хутга, мэсээр гэмтэл учруулж, эрүүл мэндээр хохироосон Г.Боос бие махбодийн хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилж байна. Иймд миний гомдлыг барагдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Д.Нямбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Бын П.Гыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Уг ялыг биелүүлж, бүрэн эдэлж дууссаныхаа дараа П.Гыг дахин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Прокуророос хохирол төлбөр байхгүй тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тохиролцсон яллагдагч, хохирогч нарын хүсэлтийн дагуу хялбаршуулж, 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тохирч шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх нэг хүнийг удаа дараа зодсон үйлдэл, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл нь прокуророос гаргасан ялын саналтай тохирохгүй байна гэж үзээд тухайн зүйл, хэсэгт заасан хамгийн дээд буюу 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн агуулга бүхий гомдол гаргасан. Шүүгдэгч, хохирогч нарын гэр ойролцоо байдаг бөгөөд нийлж архи уудаг, архины хамааралтай хүмүүс юм. Прокурорын зүгээс Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гаргсан гэж үзэж байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 21 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дунд нарангийн 2 дугаар гудамжны 56 тоот нийтийн байрны 4 тоот өрөөнд “чамаас болж миний эхнэр, хүүхэд надаас салсан” гэх шалтгаанаар П.Гын нүүрэн тус газар цохиж, хутгаар хөл рүү нь хутгалж, эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч П.Гын “... Б ... надад агсан согтуу тавьсан. ...Манай гэрийн хөргөгчин дээр байсан хутгыг аваад ... зүүн өвдөг тус газар хутгалсан. ...” /хх 22-23/,
гэрч Б.Наранцогтын “...Манай хажуу өрөөний Г согтуу ... “Б гэрт орж ирээд байна.” гэж хэлсэн. Өрөөндөө ... зодолдоод байх шиг болохоор нь ... цоожны нүхээр хартал Б ... Гыг зодож байгаа харагдсан. ...” /хх 26-27/,
Г.Бын яллагдагчаар өгсөн “...Хөргөгчин дээр байсан хутгыг аваад зүүн өвдөг тус газар нь хутгалсан. Ер нь айлгах санаатай хутгалсан. ...” /хх 65/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11914 дугаартай “...П.Гын биед баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын дотор салстын язрал, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, дээд уруулын дотор салстын язрал, шүдний сулрал гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. . ...” /хх 32/ гэх дүгнэлт,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-11/, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-13/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийжээ.
Шүүгдэгч Г.Бын согтуурсан үедээ, хохирогч П.Гын нүүрэн тус газар цохиж, хөл рүү нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн хүний эрүүл мэндэд хутга хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсан байдалд дүгнэлт хийж, тухайн зүйл, хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч П.Г нь “...Г.Б нь надад 100.000 төгрөг өгсөн. Би уг нь гомдол гаргахгүй гэж бодож байсан боловч цагдаагийн байгууллага заавал шүүх эмнэлэгт үзүүл гэхээр нь үзүүлсэн. Надад гомдол санал байхгүй. ...” гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр анхан шатны шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцоогүй, хохирлын талаар баримт гаргаж өгөөгүй байна.
Хохирогч П.Г “...Г.Боос бие махбодийн хохиролд 3.000.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. ...” гэсэн агуулгатай гомдол гаргасан байх боловч энэ талаарх нотлох баримтуудаа эрүүгийн хэрэгт гаргаж өгөөгүй байх тул эмчилгээ, эм тариатай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн гэм хорын хохирлоо шүүгдэгч Г.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бын баривчлагдсан 2 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцохдоо биечлэн эдлэх ялын хэмжээг ойлгомжгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч П.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бын сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, нийтэд тустай ажил хийлгэх ялаас 16 цагийн ялыг хасаж, түүний эдлэх ялыг 704 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хохирогч П.Г нь өөрт учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Боос жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч П.Гын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ