Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0611/З |
Дугаар | 128/ШШ2018/0786 |
Огноо | 2018-12-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2018/0786
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,
Нэхэмжлэгч: Б.Х
Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, Х.Д, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжаар Улаанбаатар хот, Б******* дүүргийн ******* хороо, ******* дугаар гудамжинд байрлах Б.Д-д эзэмшүүлсэн 700 м.кв газар, Б.Б-д эзэмшүүлсэн 700 м.кв газар, Б.Д-д эзэмшүүлсэн 700 м.кв газар, Я.О-т эзэмшүүлсэн 700 м.кв газрын эзэмших эрхийг Б.Х миний нэр дээр шилжүүлсэн. Би Бүгд Найрамдах Солонгос Улсын хөрөнгө оруулалтаар үйлдвэрийн байгууламж барьж, Монгол Улсын холбогдох байгууллагуудаар нэгэнт баталгаажиж, зөвшөөрөгдсөн Эко ойл нэртэй шатахуун хэмнэгчийг үйлдвэрлэх зорилгоор дээр дурдагдсан газруудыг Б.Б-с 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр худалдан авсан.
Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамж гарсны дараа үйлдвэрийн байгууламж барих зөвшөөрлүүдийг авахаар холбогдох байгууллагуудад хандахад тухайн газруудын дээгүүр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Зуслан чиглэлийн 10,000.00 /арван мянган/ вольтын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын үндсэн шугам дайран өнгөрдөг бөгөөд баригдахаар зураг төсөл нь хийгдэж, баталгаажсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэртэй Туулын хурдны хатуу хучилттай авто зам, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даалгавартай 31 дүгээр нэгж хорооллын хатуу хучилттай авто замууд дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн нь тодорхой болсон.
Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 06 дугаар сарны 27-ны өдөр байгуулсан Б.Д, Б.Д нар нь хамгийн сүүлд 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн Са-902 дугаарын аяллын онгоцоор Монгол Улсын хилийн Б******* боомтоор гарснаас хойш 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд буцаж ирээгүй болох нь тогтоогдоод байна.
Монгол улсын Газрын тухай, Эрчим хүчний тухай, Автозамын тухай зэрэг хууль тогтоомжоор өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дайран өнгөрдөг газар, баригдахаар зураг төсөл нь хийгдэж, баталгаажсан автозамын зурваст багтсан болон үерийн суваг, жалган дээрх газруудыг бусдад ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглодог.
Монгол улсад 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр оршин сууж байгаагүй, гадаад улсад байсан Б.Д, Б.Д нарын нэрээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар байгуулсан Б.Б-ийн үйлдэлд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж хангалттай агуулагддаг.
Холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчиж гарсан Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжаар эзэмших эрх нь шилжин ирсэн газруудыг миний бие ямар нэгэн зориулалтаар хэээ ч ашиглаж чадахгүй бөгөөд уг газруудыг худалдан авахад зарцуулсан ихээхэн хэмжээний мөнгөн хөрөнгөөрөө хохирч байна.
Хэрэв Б******* дүүргийн Засаг дарга хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ өөрийн ажлын алба болон Б******* дүүргийн Газрын албаар дамжуулан бүрэн, зохих ёсоор биелүүлсэн бол Б.Б нарын зохион байгуулсан хууль бус үйлдлүүдийг захирамж гарахаас өмнө таслан зогсоох бүрэн боломжтой байсан.
Б.Х би Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, тухайн дүүргийн Засаг даргын захирамжид тусгагдсан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий тус бүр 700 м.кв, нийт 2800 м.кв хэмжээтэй 4 газрыг өмнөх эзэмшигчид болох Б.Д, Б.Б, Б.Д, Я.О нарт хэвээр үлдээлгэх шийдвэрийг гаргуулахтай холбогдсон гомдлыг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн Газрын албаар уламжлуулан Нийслэлийн Засаг даргад гаргасан.
Гэтэл Нийслэлийн Газрын албаны дарга Э.Б нь гаргасан гомдлыг маань Б******* дүүргийн Газрын албанд шилжүүлж, тухайн дүүргийн Газрын албанаас 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13/795 дугаар албан бичгээр хариу өгч, асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвлөсөн болно.
Иймд Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.4-т заасан үндэслэлүүдээр Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б******* дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Т.Б шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 тоот захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 38 дугаар зүйл, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам батлах тухай тушаалыг тус тус үндэслэн гаргасан.
Иргэн Б.Х нь Б******* дүүргийн Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх талаар 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ... Я.О-ийн Б******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* газар эзэмших гэрчилгээ, кадастрын дугаартай 700 м.кв газар, Б.Д-ы Б******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000605487 газар эзэмших гэрчилгээ, кадастрын ******* дугаартай 700 м.кв газар, Б.Д-ий Б******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ******* газар эзэмших гэрчилгээ, кадастрын ******* дугаартай 700 м.кв газар, Б.Б-ийн Б******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамж, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 000605489 газар эзэмших гэрчилгээ, кадастрын ******* дугаартай 700 м.кв газрыг тус тус худалдан авсан тул газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү гэсэн өргөдөл гаргаж иргэн Б.Д, Я.О, Б.Д, Б.Б нартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулан эдгээр 4 хүний газар эзэмших эрхийг Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/23 тоот захирамжийн дагуу шилжүүлэн авсан байна.
Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлийг зохицуулсан байх бөгөөд иргэн Б.Х-ын гаргасан нэхэмжлэлийн хувьд уг хуулийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Туул гол дээгүүрх хурдны хатуу хучилттай автозам өөрийнх нь шилжүүлэн авсан газар дээгүүр дайран өнгөрөх нь тодорхой болсон гэж нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Гэтэл иргэн Б.Х-ын шилжүүлэн авсан газар нь Б******* дүүргийн Газрын албаны Б******* дүүрэг, ******* хорооны газар төлөвлөлтийн зургаас харахад хатуу хучилттай авто замын трасст ороогүй болно.
Нэхэмжлэгч Б.Х нь нэхэмжлэлдээ Б.Б нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б.Д болон Б.Д-ий нэрээр өөртэй нь хуурамчаар байгуулсан гэж дурдсан байдаг. Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд Гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зохицуулсан байх бөгөөд дээрх хоёр хүнтэй байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг харахад Б.Д Б.Д болон Б.Х нар нь тухайн гэрээнд гарын үсгээ зурж, түүнийг нь Нотариатч баталгаажуулсан болох нь Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс нь харагдаж байгаа тул энэ нь уг гэрээг хуурамчаар байгуулсан гэх зүйл тогтоогдохгүй байна. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийг зохицуулсан бөгөөд Б.Х болон Б.Д Б.Д нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндэслэл тогтоогдохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус гэгдээд байгаа Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамж нь дээр дурдсанчлан холбогдох хууль журам болон Б.Х-ын өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу гарсан учир хууль зөрчөөгүй юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйл хамаарахгүй байгаа тул Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Уг захирамж гарснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х-с Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Хд холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах[1] тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/634 дүгээр захирамжаар[2] Б******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамжинд байрлах 700 м.кв газар эзэмших эрхийг иргэн Я.О-т, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/30 дугаар захирамжаар[3] Б******* дүүрэг, ******* хороо, ******* дугаар гудамжинд байрлах тус бүр 700 м.кв газар эзэмших эрхийг иргэн Б.Д, Б.Б, Б.Д нарт 15 жилийн хугацаатай олгож, газар эзэмших эрхийн 000605448, 000605489, 000605487, ******* дугаар гэрчилгээнүүдийг тус тус олгосон байна.
Нэхэмжлэгч Б.Х 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Б (Я.О, Б.Б, Б.Д, Б.Д, С.Г нарыг төлөөлсөн)-той Худалдах, худалдан авах гэрээ, мөн өдөр иргэн Б.Б, Я.О, Б.Д, Б.Д нартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.
Улмаар нэхэмжлэгч Б.Х, иргэн Я.О, Б.Д, Б.Д, Б.Б нараас газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон шаардлагатай бусад баримтуудыг хамт гаргасны дагуу Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжаар[4] иргэн Б.Д, Б.Б, Б.Д Я.О нарын тус бүрийн 700 м.кв газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.Хд шилжүүлсэн байна.
Ийнхүү шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана. гэж заасантай нийцжээ.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж тодорхойлсноор Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамж нь Б.Х-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлсэн, түүнд эрх олгосон буюу эерэг нөлөөлөл үүсгэж байгаа захиргааны акт гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:, 48.2.1-д хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн;, 48.2.3-т захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй;, 48.2.4-т захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авилга өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн;, 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан. гэж эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлүүдийг хуульчилсан ба Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно. гэж заасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн бол шүүх захиргааны актыг хүчингүй болгодог.
Нэхэмжлэгч Б.Х нь Б******* дүүргийн Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргахдаа иргэн Б.Б, Я.О нарын хамт очсон гэдгээ шүүх хуралдааны явцад мэдүүлсэн бөгөөд Б.Д, Б.Д нар одоогоор Монгол Улсад байхгүй болох нь Хил хамгаалах газраас ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2-5а/8798 дугаар албан бичгээр[5] тогтоогдох боловч эерэг нөлөөлөл бүхий Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамж хууль бус болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5/178 дугаар захирамжаар Б******* дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Б-г томилсон бөгөөд төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг үндэслэн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан иргэн Б.Х-д газар эзэмших эрх олгосон захирамж гаргасан Б******* дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-тэй холбогдуулан шилжүүлэн авсан газар дээгүүр өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дайран өнгөрдөг, зураг төсөл нь хийгдэж, баталгаажсан автозамын зурваст багтсан болон үерийн суваг, жалган дээрх газруудыг бусдад ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэхийг хориглосон газар учраас би ямар нэгэн байдлаар тухайн газрыг ашиглах боломжгүй хохирч байна гэх үндэслэлээрээ хуульд заасан журмын дагуу харьяалах байгууллага, шүүхэд хандах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 37.6, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Х-с Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/23 дугаар захирамжийн Б.Х-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН