Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2026/0062

 

         

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Н.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Түлш, эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг манай зөвшөөрлийн хугацаанд оруулан давхардуулсан 1996 оноос хугацааг тооцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э” ХХК-ийн MV-000*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 726 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.С, өмгөөлөгч Н.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2024/0202/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Түлш, эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг манай зөвшөөрлийн хугацаанд оруулан давхардуулсан 1996 оноос хугацааг тооцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э” ХХК-ийн MV-000*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 726 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 27 дугаар зүйлийн 27.1.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.3, 39 дүгээр зүйлийн 39.1.3, 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...3.1. Архангай аймгийн Их тамир сумын Б-ны нүүрсний ордны 3.44 га талбай бүхий газрыг Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар захирамжаар манай “Э” ХХК-д олгож 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу манай “Э” ХХК-д тухайн үеийн Геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинэчлэн бүртгэж 223 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон болно.

            2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинэчлэн батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас шинэчлэн бүртгэж хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 291100**** тоот гэрчилгээтэй “Э” ХХК-д энэхүү зөвшөөрлийг 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2*** гэрчилгээгээр манай “Э” ХХК-д 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон юм. 1997 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Ашигт малтмалын тухай хууль батлагдсаны дагуу ашигт малтмалыг ашиглах лицензийг бүх уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд олгосон болно.

            Манай “Э” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрөө жил бүр бүрэн төлж, Ашигт малтмал газрын тосны газраас жил бүр шалгаж хэвийн ажиллаж байгаа талаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бүрэн тэмдэглэж баталгаажуулсан нотлох баримтууд нь захиргааны хэргийн материалд бүрэн авагдсан бөгөөд хариуцагч тал ч энэхүү зөвшөөрөл баримтуудын талаар маргаагүй болно.

            “Э” ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлийн 30 жилийн хугацаа дуусах болоогүй, тусгай зөвшөөрлийн төлбөр төлснөөр жил бүр гэрчилгээнд тэмдэглэл хийж баталгаажуулдаг бөгөөд 2021 онд хуульд заасан үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн төлбөр төлж материалыг Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн.

            Төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар өргөдлийн бүртгэснээс хойш 20 өдөрт багтаан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуульд заасан шаардлага хангаагүй бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэж энэ тухай бүртгэлд тэмдэглэж өргөдөл түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцаан өгөх тухай мөн хуулийн 26.8-д заасныг ноцтой зөрчиж 2 жил гаруй хугацаанд огт хариу өгөхгүй дарагдуулж Ашигт малтмал, газрын тосны газар хууль зөрчсөн болно.

            Энэ талаар “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал би өөрийн биеэр Ашигт малтмал, газрын тосны газрын холбогдох хүмүүстэй удаа дараа уулзаж хариу болон гэрчилгээнд тэмдэглэл хийлгэхээр албан бичгээр болон асууж танилцуулсны дараа Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, энэ тухай 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 10/3211 тоот албан бичгээр мэдэгдэж байна гэсэн хариу өгсөн.

            Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10/6107 дугаар албан бичгээр “Э” ХХК-ийн ашигт малтмалын MB-000*** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусгавар болсон тул танай 49 дугаартай хүсэлтийн дагуу гаргасан шийдвэрийг өөрчилж тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй байна гэж хариу өгсөн юм.

            Ашигт малтмал, газрын тосны газарт 2021 онд тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэж баталгаажуулах хүсэлт өгөхөд тус газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах тухай өргөдлийн маягтаар өргөдөл бичиж өг гэж бичүүлж авсан бөгөөд тухайн үел төрийн захиргааны эрх бүхий байгууллагын шахалт шаардлагаар өргөдлийн маягтад хугацаа сунгах гэдэг үгээр бичиж өгснөөс болж манай “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг зориуд хүчингүй болгож манай уурхайн газрыг хууль бусаар булааж авах арга байсан нь илэрхий болсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэр нь “Э” ХХК-ийн 30 жилийн хугацаа дуусгавар болоогүй байхад хугацааг зориуд 1997 он, 2006 онд Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан хугацаанд холбогдох баримт материалыг бүрдүүлэн шинэчлэн бүрдүүлж хуульд заасан нөхцөл журмын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 291100**** тоот гэрчилгээтэй “Э” ХХК-д 2*** тоот ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар 2007 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр олгосон зөвшөөрөл хүчинтэй хэвээр үйлчилж байна.

            Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай 2021 онд гаргасан өргөдлийг хүлээн авч зориуд шийдвэрлэхгүй хууль зөрчиж 2 жил хугацаа хэтрүүлэн дарагдуулж эцэст нь зөвшөөрлийн хугацаа дууссан гэж хугацааг буруу тооцож захиргааны акт гаргасан.

            Хэрвээ Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдөлд холбогдох баримтын бүрдүүлэлт дутуу байна бүрэн гүйцээж ирүүл гэж манай өргөдлийг авсан дариуд бүртгэхээс татгалзаж хариу өгөөгүй 2 жил өнгөрсний дараа 10 хоногт багтааж материал ирүүл гэж хэт богино хугацаанд шаардаж бид шаардлагатай материалаа бүрдүүлж өгөх бүрэн боломжгүй хугацаанд хариу өгсөн.

            Манай гаргасан өргөдөлд ямар ч хариу өгөхгүй 2 жил хууль зөрчиж дарагдуулсан. Бид Кадастрын хэлтсээс хариу өгнө гэж хүлээснээс болж хугацаа алдсан болно. “Э” ХХК-ийн хуулиар олгогдсон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож хохироож шийдвэрлэсэнд туйлын их гомдолтой байна. Энэ бол Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ажилтнуудын буруутай ажиллагаанаас болж манай компани олон жилийн турш хууль ёсны дагуу эзэмшиж ашиглаж, засаж сайжруулж хөрөнгө оруулсан хөдөлмөр бүтээлийг хууль бусаар хүчингүй болгож хохироох үндэслэл болгосонд гомдолтой байна.

            3.2. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд “2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан “Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ гэж заасан байна.

            “Э” ХХК нь 1997 он, 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр дээр тус тус шинэчлэн бүртгэснийг үгүйсгээгүй бөгөөд 2007 оны 1 сарын 29-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын 2*** дугаар тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгосныг захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ тодорхой заасан байна.

            Дээрх хуулийн заалт 1997 оноос өмнө Ашигт малтмалын тухай хуульд тус хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө олгосон аливаа тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тоолохоор зохицуулаагүй бөгөөд зөвхөн 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэхээр зохицуулсан байна.

            1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Түлш эрчим хүчний яамнаас “Ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглуулах зөвшөөрлийн 3 тоот гэрчилгээгээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар 5 жилийн хугацаагаар олгосон боловч Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 112 дугаар захирамжаар Б-ны нүүрсний ордын зөвхөн нэгж талбарын хэсэг болох 3.44 га газрыг “Э” ХХК-д олгосон.

            “Э” ХХК-д Геологи уул уурхайн Кадастрын албаны даргын 1997 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээг шинээр олгосон. Энэхүү 223 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд энэ хууль гарахаас өмнө олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэхээр зохицуулсан байна.

            Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгах тухай тодорхой заасан бөгөөд тус хуулийн 28.1.1, 28.1.2, 28.1.3-д заасан баримт бичгийг хавсаргаж өгөх ёстой байхад шүүхийн шийдвэрт тус хуульд заагаагүй үндэслэлүүд болох байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулах, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг ирүүлээгүй, нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй гэх зэрэг хуульд заагаагүй үндэслэл зааж хариуцагчийн шийдвэр үндэстэй гэж үзэж хуулиар зохицуулаагүй үндэслэл зааж Ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг тус тус буруу тайлбарлаж хэрэглэж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч үл зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “Э” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Түлш, эрчим хүчний яамнаас 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг манай зөвшөөрлийн хугацаанд оруулан давхардуулсан 1993 оноос хугацааг тооцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулж, “Э” ХХК-ийн MV-000*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 207 дугаар шийдвэрээр “Архангай аймгийн Ихтамир сумын Баянцагаан нэртэй 3.36 гектар талбай бүхий “Э” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын MV-000*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн ЕХ-0090** дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хянан үзэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж батлуулаагүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй, уурхай эхлүүлэх тухай улсын комиссын актыг тус тус ирүүлээгүй” гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хассан байна.

Дээрхийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “... манайх 1997 онд анх лиценз авч, үйл ажиллагаа явуулаад өнөөдрийг хүртэл лицензийнхээ төлбөрийг цаг хугацаанд нь төлөөж явж байгаа, ... ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 1993 онд Архангай аймгийн захиргаа, тамгын газрын нэр дээр гарсан, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль шинэчлэгдсэн гараад, ашигт малтмалын хүсэлт хүсэлт гаргахад бидэнд лиценз олгосон, 1993 онд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт олгосон 5 жилийн хугацааг “Э” ХХК-ийн хуулиар олгогдсон хугацаанд оруулсан тооцсон, бүх татвар хураамжууд, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ, ТЭЗҮ энэ бүх зүйлүүд бүрэн, ашигт малтмалын газрын хувийн хэрэг дотор бүрэн авагдсан байгаа, ашигт малтмалаас танайх зөрчилтэй учраас бүртгэхгүй эсвэл сунгахгүй гэдэг зүйл хэзээ ч тавьж байгаагүй, ... Ашигт малтмалын хуульд зааснаар 2 жилийн өнө хугацаа сунгуулах хүсэлтээ өгөх ёстой, ... өөрөөр хэлбэл 30 жилийн хугацаагаа 2 жилийн дараа 2027 оноор тооцож дуусгах ёстой, энэ хугацаандаа хуульд заасан бүх баримтуудыг бүрдүүлж олгох хүсэлтээ гаргах ёстой...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрөл бүхий тухайн уурхайн талбайд нүүрс олборлох буюу ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагааг 1993 оноос эхлэн хэрэгжүүлсэн болох нь, хуульд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө буюу 2021 онд хугацаагаа сунгуулахаар өргөдлөө гаргасан болох нь, харин өргөдөлд хавсаргавал зохих байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ байхгүй, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаар батлуулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөө байхгүй, байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг холбогдох дансанд байршуулаагүй болох нь хэрэгт авадсан нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, сонсох ажиллагааны зэргээр тогтоогдож байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

2.4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анх 1993 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаар ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар ашиглуулах зөвшөөрлийн гэрчилгээгээр “Түлш эрчим хүчний сайдын зөвлөлийн 1993 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг үндэслэн Архангай аймгийн Ихтамир сумын нутагт орших Б-ны нүүрсний ордыг ашиглах зөвшөөрлийг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаагаар олгосон байх бөгөөд Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар захирамжаар уг нүүрсний ордны V давхраасыг нээж ашиглах уурхай байгуулах зориулалт бүхий 3.44 га газрыг нэхэмжлэгч компанид олгож, улмаар Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2*** дугаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгосон болох нь тогтоогдож байна.

2.5. Хэдийгээр нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаанаас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацааг хасч тооцно гэх агуулгаар тайлбарлах боловч тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь түүнийг эзэмшигч солигдсон эсэхээс үл хамааран тоологддог төдийгүй “Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит хугацааны төлбөрүүдээ анх олгосон хугацаанаас буюу 1993 оноос тооцож, төлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй энэ тохиолдолд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

2.6. Түүнчлэн нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагын шахалт шаардлагаар 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдөл гаргасан гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тусгай зөвшөөрлийн хугацааг 1997 оноос тоолж эхэлнэ гэж тайлбарласан атлаа тусгай зөвшөөрлийн төлбөрөө 1993 оноос тооцож ээлжит жилийн төлбөрөө төлсөөр ирсэн нь өөр хоорондоо зөрчилдөж байна.

2.7. Нөгөөтээгүүр, тусгай зөвшөөрлийн 30 жилийн хугацаа 2027 онд дуусгавар болно гэж тайлбарлаж буй атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан хугацаанаас өмнө буюу 2021 онд хугацаа сунгуулахаар хүсэлт гаргаж, түүнчлэн MV-000*** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргаж буй ойлгомжгүй байна.

2.8. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд хугацаа сунгуулах өргөдөл гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар “байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт”-ыг хавсаргаж ирүүлэх бөгөөд нэхэмжлэгч компанийн хувьд дээрх баримтыг нэгэнт хавсаргаж ирүүлээгүй, бүрдүүлбэр дутуу байгаа энэ тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцжээ.

 

Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг дэвсгэрт орших Б-ны нүүрсний ордны V давхраасыг нээж ашиглах уурхай байгуулах зориулалт бүхий 3.44 га газрыг Б-ны нүүрсний уурхайд олгосон Архангай аймгийн Засаг даргын 1997 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 112 дугаар захирамж болон мөн өдрийн ижил дугаартай Архангай аймгийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосон захирамж авагдсан буюу ижил огноо, дугаартай 2 өөр этгээдэд эзэмшүүлсэн, хоёр захирамж авагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.[1]

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

                      ШҮҮГЧ                                                            М.ЦЭЦЭГ

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 7, 2 дугаар хавтаст хэргийн 221 дүгээр талуудад