Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч С.Энхтуул,

            Шүүгдэгч Х.Өнербек, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төлек овогт Хабайн Өнербекэд холбогдох 201625032325 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх толгойн 16 дугаар гудамж, 04 тоотод оршин суух бүртгэлтэй, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Төлек овогт Хабайн Өнербек (РД:БГ94031959),

            нь (яллах дүгнэлтэд тэмдэглэснээр) 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Б.Цоггэрэлийг орхиж явлаа гэх шалтгаанаар иргэн Ж.Анхбаатарын жолоодож явсан 91-75 УНЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины урд талын салхины шилийг гараараа цохин хагалж бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах талын болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

            Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс мэдүүлэхдээ:-Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Х.Өнербекээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өөрийн найз охин Гэрлээгийн хамтаар Баянгол дүүргийн модны хоёрт байрлах Инээмсэглэл нэртэй пабад орж суугаад пиво ууж байгаад 00 цаг өнгөрч байхад гараад найз охин Гэрлээг гэрт нь хүргэж өгөхөөр болоод модны хоёрын автобусны буудлын зам дээрээс такси барих гээд зогсож байхад саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсохоор нь найз охин Гэрлээгийн хамт сууж яваад 17-ын уулзвараар Хайлааст руу эргээд явж байгаад нэг их холдолгүй зогсоод би таксинаас буугаад тамхи татаад зогсож байсан чинь нөгөө Гэрлээ бид хоёрын сууж ирсэн таксинаас Гэрлээ буугаагүй хөдлөөд яваад холдолгүй зам дээр эргээд зогсохоор нь Гэрлээ буугаагүй болохоор нь намайг орхиод явчихлаа гэж бодоод уурандаа очоод зогссон газар нь очоод баруун гараа атгаж байгаад нөгөө таксины урд талын салхины шилийг нь нэг удаа цохьсон тэгэхэд уг машины урд талын салхины шил нь цуурсан гэжээ.   

            Хохирогч Ж.Анхбаатараас мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өглөөний 05 цаг 30 минутын үед вокзал орж хүн тосох гээд явж байгаад модны 2-ын автобусны буудал дээр үл таних 2 хүн гар өргөөд зогссон чинь Хайлааст явна гэж хэлэхээр нь суулгаад Хайлаастын эхний буудал орчим ирсэн. Тэгээд миний машинд сууж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 миний машинаас буугаад хоорондоо маргалдаад нөгөө эмэгтэй нь эрэгтэйгээ яв гээд байсан. Тэгсэн чинь эрэгтэй нь замын эсрэг талд гараад зогссон. Нөгөө эмэгтэй миний машин дотор суугаад эргээд наад залуугаа авчих, манай гэрийн үүднээс холдоё гээд би машинаа хөдөлгөөд зам дээр эргээд нөгөө тийшээ буюу хотын төв тал руугаа хараад зогссон чинь нөгөө эрэгтэй миний машин дээр гүйж ирээд урд талын салхины шилийг баруун гараараа нэг удаа цохьсон чинь машины урд талын салхины шил цуурсан. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө залууг барьж аваад куртикнээс нь зуураад утсаараа цагдаа руу залгаж байсан чинь баруун гар талын куртикны ханцуйнаас угз татсаар байгаад миний куртикны баруун гар талын ханцуйг нь юу ч үгүй урсан, тэгээд шууд өөрийнхөө өмсөж байсан куртикээ тайлж хаяад зугтаасан. Тэгээд зугтаагаад явахаар нь эргээд харсан чинь нөгөө цуг явсан найз охин нь алга болчихсон байсан гэжээ.

            Гэрч Б.Цоггэрэлээс мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:-Би өөрийн найз Өнербектэй ярьж байгаад модны хоёрт байрлах Инээмсэглэл нэртэй пабад уулзаад бид 2 тэнд сууж байгаад би 3 шил 0.5 литрийн тайгер нэртэй пиво Өнербек уугаад тэгээд тэндээсээ гараад Өнербек намайг хүргэж өгөх гээд зам дээрээс такси бариад манай гэрийн энд Хайлаастад ирээд буух гэсэн чинь Өнербек надаас түрүүлж буучихаад, цуг бууж эндээ үлдэнэ гээд байхаар нь би сууж ирсэн таксины жолооч ахад би эхэлж хүргүүлчихье, тэгээд эргээд энэ хүнийг аваад явчих гэж хэлээд бид 2 хөдлөөд цаашаа гудамжныхаа үзүүрт хүрээд зам дээр эргэж хараад зогссон чинь Өнербек араас ирээд нөгөө сууж ирсэн машины урд талын салхины шилийг гараараа цохьсон. Тэгээд таксины жолооч машинаасаа буугаад Өнербекийг барьж аваад тэгээд жолооч ах эрүүл ухаантай байгаа юм чинь тэгээд бас би урьд өмнө Өнербектэй цуг архи ууж үзээгүй, ааш зангийг нь мэдэхгүй болохоор хоорондоо учраа олох байх гэж бодоод айгаад шууд түрүүлээд гэр рүүгээ яваад өгсөн. Х.Өнербек тэр такси намайг аваад явчихлаа гээд бодоод л ирээд шилийг хагалсан гэж бодож байна гэжээ.

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Х.Өнербек нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт найз Б.Цоггэрэлийг орхиж явлаа гэх шалтгаанаар түүний сууж явсан  Ж.Анхбаатарын эзэмшлийн 91-75 УНЭ улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины урд талын салхины шилийг гараараа цохин хагалж бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн “Тэгээд миний машинд сууж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 миний машинаас буугаад хоорондоо маргалдаад нөгөө эмэгтэй нь эрэгтэйгээ яв гээд байсан. Тэгсэн чинь эрэгтэй нь замын эсрэг талд гараад зогссон. Нөгөө эмэгтэй миний машин дотор суугаад эргээд наад залуугаа авчих, манай гэрийн үүднээс холдоё гээд би машинаа хөдөлгөөд зам дээр эргээд нөгөө тийшээ буюу хотын төв тал руугаа хараад зогссон чинь нөгөө эрэгтэй миний машин дээр гүйж иэрээд урд талын салхины шилийг баруун гараараа нэг удаа цохьсон чинь машины урд талын салхины шил цуурсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Цоггэрэлийн “…Өнербек намайг хүргэж өгөх гээд зам дээрээс такси бариад манай гэрийн энд Хайлаастад иэрээд буух гэсэн чинь Өнербек надаас түрүүлж буучихаад цуг бууж эндээ үлдэнэ гээд байхаар нь би сууж ирсэн таксины жолооч ахад би эхэлж хүргүүлчихье, тэгээд эргээд энэ хүнийг аваад явчих гэж хэлээд бид 2 хөдлөөд цаашаа гудамжныхаа үзүүрт хүрээд зам дээр эргэж хараад зогссон чинь Өнербек араас ирээд нөгөө сууж ирсэн машины урд талын салхины шилийг гараараа цохьсон” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, халдлагад өртсөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлийн үнэлгээ, хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Төлек овогт Хабайн Өнербекийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчээс хохирогчид нийт 380.000 төгрөг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус харгалзан үзлээ.

Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа шүүгдэгч Х.Өнербекийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Төлек овогт Хабайн Өнербекийг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Х.Өнербекийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Өнербект оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Х.Өнербект оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын цагдаагийн тасагт даалгасугай.

6.Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Өнербект урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ