Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/01072

 

Ц.У-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00642 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.У-гийн нэхэмжлэлтэй

            Хариуцагч: О.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэг 8 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц.У нь О.Отэй 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 90 хоногийн хугацаатай зээлдүүлсэн.  Зээлдэгч энэ өдрөөс үндсэн зээлээ төлөхгүй, мөн харилцан тохирсон хүү төлөх үүргээ зөрчиж 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хүүг хагас төлсөн. Зээлдэгчтэй 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сард зөвхөн үндсэн зээлийг төлж, зээлийн хүүг хасаж барагдуулахаар дахин тохиролцсон. Гэтэл өнөөдрийг хүртэл зөвхөн 1 600 000 төгрөг төлсөн. Иймд О.О-ээс 8 360 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Хариуцагч О.О нь иргэн Ц.Угаас 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, мөнгийг бэлнээр хүлээн авсан. Дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мөнгөө 2014 оны 9 дүгээр сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Ц.Угийн эзэмшлийн 575369810 тоот дансруу шилжүүлсэн. Үлдсэн төлбөрийг төлж барагдуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар О.Оээс 6.900.000 төгрөг гаргуулан Ц.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.460.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148.170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Оээс 125.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Зохигчдын хооронд 10 000 000 төгрөгний хүү тооцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 8 360 000 төгрөг байхад шүүх уг шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлээгүй. Нэхэмжлэгч зээлийн хүүгээ хассан талаар нэхэмжлэлдээ дурьдсан, нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлийн төлбөр гэж тодорхойлсон байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг 8 360 000 төгрөгний хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.У нь хариуцагч О.От холбогдуулан зээл 8 360 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “үүргээ гүйцэтгэсэн, дансаар мөнгөө шилжүүлсэн” гэж маргажээ.

 

Зохигчийн хооронд 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, зээл нь 3 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй байсанд талууд маргаагүй. Мөн зээлийн 10 000 000 төгрөгийг өмчлөлдөө шилжүүлэн авсанд хариуцагч маргаагүй.

 

Хэргийн баримтаар хариуцагч О.О нь нэхэмжлэгч Ц.У-гийн Хаан банкны 5753698160 тоот дансанд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нийт 4 600 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 4-8, 22-29 дүгээр хуудас/

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр зээл, хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч О.О нь Ц.Угаас 10 000 000 төгрөгийг зээлж, 4 600 000 төгрөгийг буцаан төлсөн нь банкны дансны хуулгаар тогтоогдсон тул төлсөн 4 600 000 төгрөгөөс зээлийн гэрээний дагуу 3 сарын зээлийн хүү 1 500 000 төгрөгийг хасч, 3 100 000 төгрөгийг зээлд суутган 6 900 000 төгрөгийг төлөх үүрэгтэй үлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Ш.ОЮУНХАНД