| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/00772/И |
| Дугаар | 101/ШШ2020/01609 |
| Огноо | 2020-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2020/01609
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ш
Хариуцагч: А.Х
Зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Б.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, А.Хтай 2018 оны 8 дугаар сарын 30-нд зээлийн гэрээ байгуулж 6,000,000 төгрөгийг хүүгүй, 6 сарын хугацаатайгаар 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч А.Х нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 3,000,000 төгрөгийн алданги, үндсэн зээлийн 6,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Х нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ш нь хариуцагч А.Хт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эдлэх эрх, үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Б.Ш нь 6,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлж, 6,000,000 төгрөгийг зээлдэгч А.Хын ******* дугаарын дансанд мөн өдрөө шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 232 дугаар зүйлийн 232.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.” 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Хариуцагч нь дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлд заасан анз буюу гэрээгээр тохиролцсон алдангийг зээлдэгч шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн шаардаж буй анзын хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцжээ.
Хариуцагч нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаас хойш шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй, хэргийн материалтай танилцаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Тодруулбал, хэргийн оролцогч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2.-т зааснаар, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 25.2.3-т зааснаар, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх эрх, үүрэгтэй бөгөөд энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-т тус тус заасныг баримтлан, хариуцагч А.Хаас 9,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Шд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Хаас улсын тэмдэгтийн хураамж 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Шд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА