Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2020/01648

 

 

 

 

 

 

 

 

  2020         05            11                                        101/ШШ2020/01648

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.С

 

Хариуцагч: Д.П

Хариуцагч: Б.Н

Хариуцагч: Б Х К ХХК

 

36,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбарт: Д.П, Б.Н нар нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд “Б Х К” нэртэй барилгын компанитай. Б.С нь 2018 оны 7 дугаар сарын 03-нд энэ компанийн Богд уулын аманд барьж байгаа “Жаргалант вилла” хотхоны 8 тоот барилгын захиалгын гэрээг хийхээр тохиролцон урьдчилгаа 70,000,000 төгрөгийг Д.П, Б.Н нарт бэлнээр өгсөн боловч уг барилга нь таалагдаагүй учраас мөн тэр өдрөө гэрээ байгуулахаас татгалзаж байгаагаа Д.Пүрэворж, Б.Н нарт мэдэгдэн 70,000,000 төгрөгөө эргүүлэн авахаар шаардсан.

Д.Пүрэвлорж, Б.Н нар 70,000,000 төгрөг бэлнээр хүлээн авсан өдрөө буюу 2018 оны 7 дугаар сарын 03-нд Б.Сд 90,000 юанийг 33,210,000 төгрөгт бодон буцааж өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг санхүүгийн эргэлтэд оруулсан тул 2018 оны 7 дугаар сарын 20-нд 36,790,000 төгрөгийг эргүүлэн өгөхөөр тохирч, барьцаанд нь Ү-2205030755 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үлдээж энэ талаараа тэмдэглэл үйлдэн гарын үсэг зурцгаасан боловч удаа дараа шаардсаар атал өнөөдрийг хүртэл мөнгөө өгөөгүй тул “Б Х К” ХХК-иас болон Д.П, Б.Н нараас 36,790,000 төгрөг гаргуулан Б.Сд олгож өгнө үү.

“Б Х К” ХХК-иас 36,790,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Гэхдээ хариуцагч Д.П, Б.Н нараас татгалзахгүй. Гурван хариуцагчаас шаардсан шаардлага хэвээрээ гэв.

 

Хариуцагч Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч “Б Х К” ХХК болон Д.П нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Д.П, Б.Н нарт холбогдуулан, 36,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед “Б Х К” ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, 36,790,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 36,790,000 төгрөгийг гурван хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлагаа дэмжсэн.

Хариуцагч Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбараа шүүхэд бичгээр гаргасан ба хариуцагч “Б Х К” ХХК болон Д.П нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Б.С нь “Б Х К” ХХК-тай 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар бариулах хэлцэл байгуулж урьдчилгаа төлбөр 70,000,000 төгрөгийг тус компанийн захирал Д.П болон Б.Н нарт 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өгч, мөн өдрөө уг хэлцлээсээ татгалзаж 33,210,000 төгрөгт тооцогдох юанийг буцаан авсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 33,210,000 төгрөгт тооцогдох 90,000 юанийг Д.Поос Б.Сд буцаан олгосон  ба үлдэгдэл 36,790,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр буцаан өгөх тухай “Б Х К” ХХК-ийн тамга дарагдсан, тэмдэглэлээр тогтоогдож байна.

Талууд буюу Б.С нь “Б Х К” ХХК-ийн хооронд хэлцэл хийгдэж, улмаар урьдчилгаа төлбөр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд энэхүү хэлцлээс захиалагч тал татгалзаж, шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар шаардсаныг ажил гүйцэтгэх тал хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.С нь дээрх хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлага 36,790,000 төгрөгийг хариуцагч “Б Х К” ХХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин хариуцагч Д.П, Б.Н нар нь барилгын засвар хийх, гадаад худалдаа хийх үндсэн үйл ажиллагаа эрхлэх компаниа төлөөлж хэлцэл хийсэн буюу иргэнийхээ хувьд Б.Стэй аливаа хэлцэл хийгээгүй тул тэдэнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч “Б Х К” ХХК-иас 36,790,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгож, хариуцагч Д.П, Б.Н нарт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б Х К” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 342,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Сд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА