Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Б.Одсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Бээлийн хошуу овогт Баттөмөрийн Одсүрэнд холбогдох эрүүгийн 201615000333 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хотын "Алтан дорнод" ХХК-д жолооч ажилтай, ам бүл-6, аав, ээж, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 36-03 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Бээлийн хошуу овогт Баттөмөрийн Одсүрэн, /РД:ЙЮ98092519/

Шүүгдэгч Б.Одсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Арвайн тал" баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж О.Амарыг зодож, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

    ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Б.Одсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч О.Амарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Самдансүрэн намайг 1 дүгээр хорооны бааранд хүрээд ир гээд дуудсан. Намайг яваад очтол Самдансүрэн нэг танихгүй хүнтэй 0.75 гр-ын Хараа архи, 3 лаэз пиво авчихсан сууж байсан. Тэгээд Самдансүрэн намайг түлхүүрээ өгч бай нэгжинд явчихаад ирье гэхээр нь өгөөд явуулсан. Удалгүй явчихаад ирлээ май энэ түлхүүр чинь гээд надад өгсөн. Би архинаас нь нэг л татсан ахиж уугаагүй. Хэсэг байж байтал Самдансүрэн мотоцикль чинь алга байна гэхээр нь би гарч харах гээд баарны хаалга онгойлгоод гарсан чинь баарны гадаа зогсож байсан хоёр залуугийн нэг нь /Одсүрэн/ шууд миний нүүрлүү өшиглөчихсөн. Хэсэг зуур манараад нэг ухаан ороход 2 залуу зогсож байсан, нэг нь болиоч ээ гэж байх шиг байсан. Тэгээд би босоод зугтаасан араас чулуу шидээд байсан. Би Санчир найзындаа ирээд цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгээд Санчир бид хоёр цагдаа дуудаад 1 дүгээр хорооны баар /Арвайн тал/ буцаж ирэхэд цагдаа ирчихсэн байсан. Би анх тэр бааранд очихдоо эрүүл байсан харин Самдансүрэнгийн авсан байсан архи, пивоноос нь нилээн уусан. Тэнд болсон үйл явдал, болсон зүйлийг бол санаж байна. Ойлгож мэдэх чадвартай байсан. Намайг гарахад өмнөөс өшиглөчихлөө л гэж бодсон. Яг тухайн үед бол гадаа харанхуй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21 хуудас/,

Гэрч Д.Алтантуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 10 сарын 22-ны орой 23 цагийн үед Амар манай бааранд ирсэн. Тэгээд бааранд сууж байсан хоёр залуутай хамт суугаад 0.75 граммын “Хараа” архи аваад уусан. Амар анх ирэхдээ согтуу байх шиг байсан. Гадна харагдах байдлаасаа ажиглагдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Амар миний мотоцикль алга болсон байна гээд гараад явсан. Хамт байсан хоёр хүн нь араас нь гарсан. Удалгүй манайх хаах цаг болоод хаалга барих гээд дотор байсан хүмүүсээ гаргасан. Караокед байсан хоёр банди бас гарсан. Удалгүй хүмүүс шуугилдаад байхаар нь гарж харахад Амар караокед байсан хоёр залуу руу миний мотоциклийг авсан байна гээд дайраад байсан. Тэгээд караокед байсан хоёр залуу, Амар гурав хоорондоо зодолдсон. Тэр хоёр залуу нийлээд Амарын толгой түрүү рүү нь цохиод хоёр талаас нь зодсон. Тэгээд би больцгоо, цагдаа дуудлаа шүү, цагдаа ирэхээр үнэнээ олцгоо гэсэн. Хэсэг зууралдаж байгаад Амар яваад өгсөн тэр хоёр залуу тэндээ зогсоод байсан. Бид хоёр аваагүй гээд байхад авсан гээд гүтгээд байх юм гэж хоорондоо ярилцаж байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Амар нилээн их согтуу байсан анх манайд ирэхдээ согтуу ирсэн, ирээд дахиж нэмж архи уугаад улам их согтсон байсан. Нөгөө хоёр залуу бол гайгүй байсан. Тэр хоёр залуу нийлээд дайраад, хоёр талаас нь цохиж нүдээд байсан. Гараараа л цохисон гартаа юм барьсан харагдаагүй. Амарын толгойн хэсэг рүү нь цохиод байсан. Амарын нүүр нь цус болсон харагдаж байсан өөр ямар гэмтэп учирсныг мэдэхгүй байна. ....Тэр үед Амар манай бааранд хамт архи ууж байсан хүмүүс рүүгээ миний мотоциклийг авсан байна гээд эхлээд дайраад байсан. Амар баарнаас гараад явсны дараа 2-3 минутын дараа караокед байсан хоёр залуу гарсан. Удалгүй хүмүүс шуугилдаад байхаар нь гараад харсан. Тэгэхэд Амар, караокед байсан хоёр залуутай барьцалдаад авсан зогсож байсан. Яг ямар байдалтай барьцалдаж авсныг харж чадаагүй. Манайх гадаах гэрлээ унтраачихсан байсан. Би яг хэнтэй нь Амар зодолдож байсныг бол мэдээгүй. Барьцалдаад авсан байсан болохоор нь зодолдож байна гэж бодсон. Тухайн үед харанхуй байсан болохоор хэн нь хэнтэйгээ зодолдож байгааг бол сайн харж чадаагүй. Гэхдээ Амарын нүүр нь цус болсон харагдаж байсэн. Хаалга хаах гэж байхад хаалганы гэрэлд Амарын нүүр цус болсон харагдахаар нь хоорондоо зодолдож гэж л бодсон. Тухайн үед гадаа харанхуй байсан хүмүүс шуугилдаад Амарын нүүр цус болсон байхаар нь зодолдож гэж бодсон. Зориуд худал мэдүүлэг өгөөгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 хуудас/,

Гэрч Ч.Самдансүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Архангай аймгийн Шийрт гэх газраас хамт ажилладаг Адууч гэх хүнтэй цуг Өвөрхангай аймагт ирсэн. Тэгээд оройн 22 цагийн үед Арвайн тал бааранд Адууч гэх хүнтэй хамт орсон. Бааранд нь байж байгаад Амар руу яриад хүрээд ир гэж дуудсан. Амарыг ирэхэд нь би 0.75 граммын архи 1 ширхгийг авчихсан байсан. Амар ирээд би дахиад 3 лааз пиво авсан. Амар ирэхдээ согтуу байсан нилээн уучихсан байсан. Тэгээд Амар хамт уусан, удалгүй би мотоциклиор нь дэлгүүр рүү нэгжинд явсан. Тэгээд буцаж ирээд мотоциклийг нь баарны хашаанд оруулж тавиад Амарт түлхүүрийг нь өгсөн. Удалгүй буудлын үйлчлэгч эгч хашааны хаалга онгорхой байна гэхээр нь гарч харсан. Амарын мотоцикль алга байсан, тэгэхээр нь би цагдаа дуудсан. Гадаа зогсож байхад баарнаас 2-3 залуу гарч ирсэн. Харахад сургуулийн хүүхдүүд шиг л байсан. Тэгсэн Амар тэр хүүхдүүд рүү миний мотоциклийг та нар авсан гээд архиныхаа халуунаар дайраад барьцалдаж аваад байсан. Тэр хүүхдүүдийн араас нь Амар баарны хашааны гадаа хөөж гүйгээд гүйж байхдаа хальтирч нүүрээрээ унаад байсан. Тэгээд би болиулаад салгасан. Амар засмал уруудаад яваад өгсөн, нөгөө хүүхдүүд мотоцикль дээрээ суугаад яваад өгсөн. Би буцаад баар руу орсон. Түүнээс тэгж их зодолдож барилцсан асуудал бол болоогүй. Нөгөө хоёр залуу нь жаахан халамцуу байх шиг байсан. Одсүрэн гэх залуутай барилцаж л авсан, нөгөө хүүхэдтэй нь бол барипцаж аваагүй. Намайг харж байхад бол зодоон болоогүй, тэр залуучууд Амарыг цохиж аваагүй намайг өөр тийшээ харах хооронд цохисон байж болох юм. Одко гээд /Одсүрэн/ залуу л орилоод Амар руу, бас над руу дайраад байсан. Өшиглөсөн асуудал бол байхгүй хэрвээ өшиглөсөн бол би Амартай хамт тэнд байсан учраас мэдэх байсан. Амар өөрөө эхэлж тэр хүүхдүүдийг өдөж мотоцикль авчихлаа та хоёр гэж дайрснаас хэрүүл маргаан үүссэн. Тэр хоёр залуугийн араас нь хөөж гүйж байхдаа Амар харуулдаж нүүрээрээ унасан. Тэгээд удалгүй нүүр нь цус болчихсон байсан. Амар их согтуу байсан, анх бааранд над дээр ирэхдээ согтуу, миний өгсөн архийг ууж чадахгүй асгаж цутгаад, бөөлжих гээд авсан байсан архинаас 50 граммын хундгаар 2-3 удаа уусан. Ер нь их муудсан байсан. Бид хоёртой хамт байсан Адууч гэх хүн нь надтай хамт Архангайд Шийрт гэх газар алтны уурхайд ажиллаж байгаад тэр өдөр Өвөрхангайд ирээд маргааш нь Дархан руу явсан. Дарханы хаана амьдардаг талаар бол мэдэхгүй. Би танихгүй. Бие нь муудаад гэр рүүгээ явж байхад нь би ажлаасаа чөлөө аваад хамт ирж таарсан. Тэр өдөр очих айл, таньж мэдэх хүн байхгүй гэхээр нь би “Арвайн тал” баарны буудалд хонуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 хуудас/,

Гэрч Ж.Ганчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Б.Одсүрэн нь манай 4 дэх хүүхэд байгаа юм. Би ээж нь. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 10 жилийн дунд сургуулийг 2016 оны 06 дугаар сард төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Одоогоор тусдаа гэр бүл болж гараагүй. Аав, ээж, ах нартайгаа хамт амьдардаг. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи дарс хэрэглэдэггүй, хааяа нэг найзуудтайгаа пиво уусан гэртээ ирдэг. Согтсон үедээ бол элдэв ааш зан гаргаад байдаггүй, үгэнд ороод унтаад өгдөг хүүхэд байга юм. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

Гэрч Ж.Сандагжавын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би Б.Одсүрэнгийн нагац эгч нь байгаа юм. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын 10 жилийн дунд сургуулийг 2016 оны 06 дугаар сард төгссөн. Бүрэн дунд боловсролтой. Одоогоор тусдаа гэр бүл болж гараагүй. Аав, ээж, ах нартайгаа хамт амьдардаг. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Архи дарс хэрэглэдэггүй. Надад архи уусан байж харагдаагүй. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 хуудас/,

Шүүгдэгч Б.Одсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтнээр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн үед найз Бямбадоржтой уулзаад Арвайн тал гэдэг баарны караокед ороод дуулж суусан. Тэндээ байж байгаад орой 22 цагийн үед гэр рүүгээ харах гээд баарнаас гарах гэтэл үүдэн дээр Амар гэгч залуу зогсчихоод миний мотоцикль алга болчихлоо, та хоёр авсан байна гэхээр нь бид хоёр аваагүй, таны мотоцикль ямар мотоцикль байсныг мэдэхгүй байна гэсэн чинь худлаа яриад бай, та хоёр авсан байна гээд намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь цохиод авсан. Тэгээд барилцаж аваад баарны үүдэнд гараад би дахиад хоёр удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Бямбадорж миний араас гараараа татаад боль, явъя гээд бид хоёр Амараас салаад шууд зугтаагаад явсан. Тэрнээс хойш Амарыг яасныг мэдэхгүй байна. Би ерөөсөө өшиглөсөн асуудал байхгүй. Гараараа л нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. О.Амар тухайн үед их согтолттой байсан. Хөл дээрээ ч сайн зогсож чадахгүй байсан. Бямбадорж бид хоёр нэг нь 2 шил, 0.5 литрийн пиво уусан байсан. Согтолт бол гайгүй байсан. Болсон бүх явдлыг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Г.Бямбадоржийн сэжигтнээр өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 20 цагийн үед Одсүрэнтэй уулзаад 21 цагийн үед Арвайн тал баарны караокед нь суусан. Нэг нэг лааз пиво уусан. Тэгээд байж байгаад орой баар хаах үеэр Одсүрэн бид хоёр баарнаас гарах гэтэл үүдэнд нь Амар зогсчихсон гаргахгүй байсан. Мотоцикль аваад ир, та хоёр авчихлаа гээд дайраад байсан. Тэгсэн Амар Одсүрэнгийн нүүрэн тус газар цохиод авсан. Бид хоёр явах гэсэн чинь явуулахгүй хэрүүл гуйгаад, мотоцикль та хоёр авсан гээд байсан. Одсүрэн, Амар хоёр тэнд барилцаж аваад Одсүрэн Амарын нүүрэн тус газар 2 удаа цохиж авсан. Би тухайн үед Одсүрэнг салгах гээд зогсож байсан. Тэгээд би Одсүрэнг боль, явъя гээд салгаад явсан. Тэндээс яваад харахад Одсүрэнгийн нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Тэгээд ийм нүүртэй яаж гэртээ харьдаг юм гээд буцаад Арвайн тал баарны буудалд очиж хоноё гээд эргээд очиход цагдаа ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58 хуудас/,

Г.Бямбадоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Тэр орой 21 цаг өнгөрч байхад намайг гэртээ байж байсан чинь Одсүрэн ирсэн. Одсүрэн намайг караоке орж дуулах уу гэхээр нь гэрийнхэн гаргахгүй байгаа гэсэн чинь нэг цаг л дуулчихъя гээд байхаар нь хамт дагаад гарсан. Тэгээд Арвайн тал гээд 1 дүгээр хороонд байдаг баар руу очиж караокед нь орсон. Тэнд 2 литрийн 2 ширхэг “Нийслэл” пиво ууж дуусгаад баарнаас гараад ирсэн чинь нэг ах зогсож байсан. Үүдэнд зогсоод гаргахгүй байсан. Мотоциклио алдсан гээд юм яриад байсан. Тэгээд Одсүрэнтэй барилцаж аваад байснаа Одсүрэнг цохиод авсан. Тэгэхээр нь би зугтаагаад гүйсэн. Тэгтэл тар ах араас хөөж гүйж байгаад өөрөө өнхөрч ойчоод байсан. Тэр ах их согтуу байсан. Тэгээд тэр Арвайн тал баарны буудалд нь Одсүрэнг оруулах гээд байж байсан чинь цагдаа нар хүрээд ирсэн...” гэсэн тайлбар /хх-ийн 8 хуудас/,

Б.Одсүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Уянга сумын уурхайгаас ирээд маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр найз Бямбадорж дээр очоод караокед оръё гэсэн чинь тэгье гээд гарсан. Тэгээд бид хоёр 1 дүгээр хороонд байдаг Арвайн тал баарны караокед нь орсон. Тэнд нэг цаг л дуулсан байх. Гарах гэж байсан чинь хүмүүс гаргахгүй байсан. Мотоцикль алга болсон гээд байсан. Тэр хүн нь шал согтуу байсан. Тэгээд Бямбадорж бид хоёрыг мотоцикль авсан гээд байсан. Тэгээд нэг нь хажуунаас намайг цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохиод авсан. Хэд хэд цохиж аваад Бямбадорж бид хоёр зугтаад яваад өгсөн. Тэгээд Бямбадорж бид хоёр тэр Арвайн тал баарны буудалд нь хонох гээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. О.Амар нилээн согтуу байсан. Бямбадорж бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. 2 том пиво л уусан. Нээх их согтоогүй, гайгүй байсан...” гэсэн тайлбар /хх-ийн 9 хуудас/,

Шинжээч эмч Ц.Халтархүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...О.Амарын биед үүссэн тархины доргилт нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, өөрөөр хэлбэл цохисон, өшиглөсөн гэх мэт үйлдлүүдээр үүсгэгдэнэ. Мөн хамрын ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дух, баруун шанаа, хамрын хэсгийн зөөлөн эдийн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр буюу цохилт доргилтоос болж үүсгэгддэг. Дух, баруун шанаа, баруун нүдний зовхины  зулгаралт нь цохилтоос болж үүсгэгдэхгүй. Хатуу мохоо зүйл дээр хүн нүүрээрээ унаснаас болж үүсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл цементэн шал, шат, хатуу газар гэх мэтийн зүйл дээр унаснаас болж үүсгэгдэнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаартай шинжээчийн: “…О.Амарын биед тархины доргилт, хамрын ясны зөрөөтэй хугарал, хамрын таславчийн муруйлт, дух баруун шанаа, баруун нүдний зовхины зулгаралт, дух баруун шанаа, хамрын хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 38 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хохирогч О.Амарын Г.Бямбадорж, Б.Одсүрэн нараас хохирол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 22/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 119-120/,

Шүүгдэгч Б.Одсүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх-ийн 85/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 97/, суралцагчийн хувийн хэрэг /хх-ийн 99-105/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/,

 Хохирогч О.Амарын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн: “...Миний бие Б.Одсүрэнгээс хохиролд 1500000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Одсүрэн бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Б.Одсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү..” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Одсүрэн нь 2016 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Арвайн тал" баарны гадна хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, хохирогч О.Амарын нүүрэнд түлээгээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтэнд хохирогч О.Амарын шүүгдэгч Б.Одсүрэнд зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Д.Алтантуяа, Ч.Самдансүрэн нарын мэдүүлэг, шинжээч эмч Ц.Халтархүүгийн мэдүүлэг, хохирогч О.Амарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 337 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.Одсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Г.Бямбадоржийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Бээлийн хошуу овогт Баттөмөрийн Одсүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Одсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Б.Одсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,  хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Одсүрэн нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.Амар, гэрч Д.Алтантуяа, Ч.Самдансүрэн нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Одсүрэнгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Г.Бямбадоржийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Одсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Одсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч О.Амарын хохиролд 1500000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Одсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1879 АМАR M/27Ү/ гэсэн бичигтэй хохирогч О.Амарын гавлын ясны зургийг хохирогч О.Амарт буцаан олгож, Б.Одсүрэнгийн AA5983646 серийн дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:           

1. Бээлийн хошуу овогт Баттөмөрийн Одсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Б.Одсүрэнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Одсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1879 АМАR M/27Ү/ гэсэн бичигтэй хохирогч О.Амарын гавлын ясны рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч О.Амарт буцаан олгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Б.Одсүрэнгийн AA5983646 серийн дугаартай 5000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Одсүрэнд буцаан олгосугай.

   6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Одсүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Одсүрэнд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                    

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ