Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2020/0440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Төрийн худалдан авах ажиллагааны газар

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Г ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, Г ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн Г ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.О, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Г ХХК нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зарласан ЭМЯ/201902023 дугаартай Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ тендерт оролцсон. Уг тендер 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээгдэж, тендер шалгаруулалтын үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар tender.gov.mn цахим сайтад тус тендертэй холбогдуулан ямар нэгэн мэдээлэл мэдэгдэл өөрчлөлт оруулаагүй байсан тул  банкны зүгээс цахим системд тендерийн баталгааг сунгасан мэдээлэл оруулж болохгүй байгаа талаар  манайд мэдэгдсэн. Иймд манай компанийн зүгээс тендерийн баталгааг цаасан хэлбэрээр авч, тендерийн баталгааг сунгасан тухай мэдэгдлийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэх гэсэн боловч тус газар бүтцийн өөрчлөлтөд орж, Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан гэсэн тул 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр холбогдох албан тоотыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн.

Төрийн худалдан авах ажиллагааны газарт манай албан тоотыг хүргэж өгсөн ажилтанд тус газрын албан хаагч тендерийн баталгааны хугацааг сунгах шаардлагагүй тухайн тендерийг хүчингүй болсонд тооцож дахин зарлах болсон. Шинээр байгуулагдаж байгаа Төрийн худалдан авах ажиллагааны газрын удирдлага томилогдсон үед танайд албан ёсны мэдэгдэл өгөх болно гэсэн хариуг амаар өгсөн.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас бидэнд дээрх хариуг амаар өгсөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сангийн яаманд хандан тус тендер шалгаруулалтын үнэлгээ хууль журмын дагуу хийгдсэн эсэх, гэрээг байгуулах эрх олгосон шийдвэр яагаад өдийг хүртэл гаргахгүй байгаа, дахин зарлах болсон бол хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоолгохоор гомдол гаргасан боловч Сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гомдолд захиалагчийн мэдэгдлийг хавсаргаагүй байгаа тул хянан үзэх боломжгүй тухай хариу ирүүлсэн байна.

     Тус хариуг аваад бидний зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахаар бэлтгэж байсан боловч Төрийн худалдан авах  ажиллагааны газраас 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр А-1/80 албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газар шинээр байгуулагдсантай холбогдуулан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 02-р сарын 02-ны өдөр дуусаж тухайн тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хүлээн авсан.

  Ингээд манай компанийн зүгээс уг мэдэгдлийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 01/98 дугаартай албан бичгээр дахин гомдол гаргасан. Сангийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 6-1/1663 дугаартай албан бичгээр ...Дээрх ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж, тендер шалгаруулалт бүхэлдээ хүчингүй болсон байх тул гомдолд дурдсан асуудлаар тендерийн үнэлгээг хянан үзэх боломжгүй байна гэсэн хариуг ирүүлсэн.

Уг хариуг Сангийн яамнаас бидэнд ирүүлэхдээ тухайн тендер шалгаруулалтын холбогдох баримт бичгүүд болох Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдийг хавсаргасан байсан бөгөөд уг үнэлгээний хорооны 2 дугаар хурлын дүгнэлтээр манай компани  уг тендер шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг манай компанид хүргүүлэхээр бэлтгэж байсан нь тодорхойлогдож байна.

Энэ хугацаанд манай компанид тус тендерт шалгарсан талаарх ямар ч мэдээлэл байхгүй байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шалгаруулалт болсон байхад тус газрын удирдлагууд тендерийг ямар ч шалтгаангүй, ямар ч арга хэмжээ авахгүй хүлээлгэж байсаар байгаад 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тендерийн хугацааг дуусгаж, тендерийн хугацаа дууссанаас хойш сарын дараа хүчингүй болгосон тухай Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргаас мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасан бөгөөд Үнэлгээний хороо 2019 оны 12 дугаар сарын 19-ний тендерийн шалгаруулалтыг хийсэн нь тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах бүрэн боломжтой байсан нь нотлогдож байна.

  Захиалагчийн зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр хойшлуулж тендерийн хүчинтэй хугацааг дуусгасан байгаа нь Монгол Улсад хугацаа алдалгүй зайлшгүй хэрэгжүүлэх нэн шаардлагатай байгаа сүрьеэгийн эмнэлгийн барилгын төсөл, арга хэмжээг хойшлуулж, өөрт ашигтай байдлаар буюу өөр бусад этгээдийг шалгаруулах зорилгоор үнэлгээний хорооны дүгнэлтийг хууль бусаар дарж, хүчингүй болгох шийдвэр гаргуулахаар зүтгэсэн байгаа нь илтэд харагдаж байна.

Захиалагч нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан шалтгаанаар манай компанийн ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа нь илтэд хууль зөрчсөн хэрэг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт Тендерийн үнэлгээг тендер хүчинтэй байх хугацаанд багтааж аль болох богино хугацаанд хийнэ гэж, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно. гэж тус тус заасан байдаг.

Түүнчлэн дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт бүх тендерээс татгалзах 4 тохиолдлыг хуульчлан зааж өгсөн бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газраас ирүүлсэн мэдэгдэлд хүчинтэй хугацаа дууссан гэх шалтгаанаар манай ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг бүдүүлгээр зөрчсөн, хуулиар зөвшөөрөгдөөгүй үндэслэлээр тендерийг хүчингүй болгосон, хуулийн дагуу хүлээсэн захиалагчийн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр байна.

... Иймд нэгэнт тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаанд багтааж үнэлгээний  хороо хуралдсан хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийг үнэлгээний хорооны дүгнэлтээр шалгаруулсан, гэрээ байгуулах мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэхэд бэлэн болсон байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож байгаа тул төрийн байгууллагын эрх мэдэл бүхий даргын үзэмжээр тендерт оролцогч этгээдэд мэдэгдэл хүргүүлэхгүй байсан эс үйлдэхүйг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2019 оны А/279 дүгээр тушаалаар XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий үнэлгээний хороо байгуулагдаж тендерийг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn/-ээр зарлаж 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээхэд 5 компани тендерт оролцсон бөгөөд Г ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмж, үнэлгээний тайлан дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дэд дарга буюу захиалагчид хүргүүлсэн боловч, Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир тендерт оролцогчдод гэрээ байгуулах болон татгалзах мэдэгдлийг манай байгууллагын зүгээс хүргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэх шалтгаанаар тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлээгүй болно.

Үнэлгээний хороо тендер шалгаруулалтын үнэлгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж хамгийн сайн үнэлэгдсэн тендерт оролцогчийг шалгаруулсан хэдий ч тендерт оролцогчдод тендер шалгаруулалтын үр дүнг мэдэгдэх боломжгүй нөхцөл үүссэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.2-т худалдан авах ажиллагаатай холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр захиалагчийг хангах гэж заасны дагуу уг асуудлаар зөвлөмж авах тухай 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А-1/15 дугаар албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.

Сангийн яам зөвлөмж хүссэн албан бичгийн хариуг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 6/247 дугаар албан бичгээр ... агентлагийн даргыг томилох болон түүний эрх хэмжээг хэрэгжүүлэх асуудлаар харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид хандан чиглэл авна уу гэсэн хариуг өгсөн болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасны дагуу тус тендерийн хүчинтэй байх хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд хүчинтэй хугацааг Сангийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл сунгасан болно.

Ерөнхий сайдын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаар захирамжаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Х.У-г томилж, тус газрын албан хаагчдыг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр албан тушаалд томилсон. Энэ хүртэлх хугацаанд тус газар улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ, тамга тэмдэг аваагүй учир ямар нэгэн шийдвэр гаргах эрх үүсээгүй байсан бөгөөд газрын удирдлага албан хаагчид томилогдон үйл ажиллагаа эхлэхэд тухайн төсөл, арга хэмжээний тендерийн хүчинтэй хугацаа дууссан байсан тул тендер шалгаруулалтыг цааш үргэлжпүүлэн зохион байгуулах боломжгүй нөхцөл үүсэн тендерт оролцогчдод 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаартай албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулах болсныг мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэсэн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Г ХХК-иас Төрийн худалдан авах ажиллагааны газарт холбогдуулан гаргасан Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Г ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, Г ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн Г ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 438 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 183 дугаар захирамжаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг баталж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 13 дугаар захирамжаар Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын албан үүргийг Х.Улам-Өрнөхөөр түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/279 дүгээр тушаалаар байгуулагдсан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) Төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо тендерийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад нээж, тендерт оролцогчдийн саналыг хянаж, Г ХХК-ийн ирүүлсэн тендерийг үнэлгээний хорооны гишүүдийн олонхийн саналаар шаардлагад нийцсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзэн, гэрээ байгуулах эрх олгохыг захиалагчид зөвлөмж болгосон байна.

Улмаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандан ...Г ХХК-тай 9,688,191,340.00  (есөн тэрбум зургаан зуун наян найман сая нэг зуун ерэн нэгэн мянга гурван зуун дөч) төгрөгөөр гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлж байна. гэсэн албан бичгийн төсөл, Г ХХК-д хандан ...тендер хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээний маягтад гарын үсэг зурж ирүүлнэ үү. гэсэн албан бичгийн төсөл бэлтгэсэн боловч ёсчлон холбогдох байгууллагад хүргүүлээгүй байна. 

Хариуцагч гэрээ байгуулах мэдэгдлээ хүргүүлээгүй шалтгаанаа Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсан учир мэдэгдлийг хүргүүлэх боломжгүй нөхцөл үүссэн гэж тайлбарлаж байх боловч энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрд шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл биш юм.

Өөрөөр хэлбэл тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр шаардлага хангасан, хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч Г ХХК-тай гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэх талаарх хуулийг захиалагч биелүүлээгүй бөгөөд хуульд мэдэгдэл хүргүүлэхгүй байх тохиолдлыг зохицуулаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Г ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Хэдийгээр хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон ч нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангах боломжгүй байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлээр Төрийн худалдан авах ажиллагааны газар байгуулагдсантай холбогдуулан Төрийн бодлого зохицуулалтын газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зарласан XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр дуусаж тухайн тендер шалгаруулалт хүчингүй болж, дахин зарлахыг үүгээр мэдэгдэж байна гэж Г ХХК-д  мэдэгдсэн байна. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна 29 дүгээр зүйлийн 29.2-т Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш  ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, биелэгдэх боломжтой байх учиртай.

Тус тендерийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нээснээс хойш  хуульд заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир XVII.1.41 Сүрьеэгийн эмнэлгийн барилга (Улаанбаатар) Төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер хүчингүй болжээ. 

Нэгэнт тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэлгүй тендерийн хугацаа дууссан учир хүчингүй болсон тендерт Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож, Г ХХК-д хүргүүлэхийг болон Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгах боломжгүй бөгөөд Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Г ХХК-д Гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоот, Эрүүл мэндийн яаманд Зөвлөмж хүргүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлээгүй, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож;

үлдсэн шаардлага болох Төрийн худалдан авах ажиллагааны газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А-1/80 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-ын үнэлгээний хорооны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг баталгаажуулан Гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг албажуулж, эрх зүйн харилцаа байгааг тогтоож,  ХХК-д хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах;

Төрийн худалдан авах ажиллагааны газар (Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар)-аас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхээр бэлтгэсэн Г ХХК-тай гэрээ байгуулах агуулга бүхий Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг албажуулж, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргагч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Н.ДАМДИНСҮРЭН