| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 117/2025/0014/З |
| Дугаар | 221/МА2026/0076 |
| Огноо | 2026-01-28 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2026/0076
“Ү” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан “Ү” ГХОХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г
Хариуцагч Д.Э
Гуравдагч этгээд Б.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, өмгөөлөгч П.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 117/2025/0014/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ү” ГХОХХК-иас Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан “Ү” ГХОХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 77 дугаар зүйлийн 77.1, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ү” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцагдах тус Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай “Иргэдийн саналыг дэмжих тухай” тогтоолын 1, 2 дахь заалтын “Ү” ГХОХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“... 3.1. Нэхэмжлэгч нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан “Ү” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
Гэвч нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад анхан шатны шүү нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй, харин “анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэв” гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөнтэй холбоотойгоор хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай холбогдуулан тайлбар авч, мэтгэлцүүлэхгүйгээр өмнөх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцүүлсэн.
3.2. Мөн шүүх хуралдааны явцад, шүүгч нэхэмжлэлийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт хийгдсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө” нэхэмжлэгчид байгаа эсэх талаар нэхэмжлэгчээс тодруулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс уг төлөвлөгөө нэхэмжлэгчид байгаа боловч хэрэгт нотлох баримтаар гарган өгөөгүй, хэрэв шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд уг баримтыг нотлох баримтаар гарган өгөх боломжтой талаар илэрхийлсэн.
Харин хариуцагч “уул уурхайн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө буюу байгаль орчны менежментээ сум орон нутагт ирүүлээгүйгээс нөхөн сэргээлтийг шаардаж байна” гэж харин хариуцагч гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “энэ хэрэгт нэхэмжлэгчийн байгаль орчны үнэлгээ төлөвлөгөө хэрэгтэй” гэж маргасан.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт хийгдсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г нэхэмжлэгчээс Дундговь аймгийн Баянжаргалан сумын Засаг даргад ирүүлээгүйг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2, 37 дугаар зүйлийн 37.1-д заасан журмыг хангаагүй гэж шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Гэтэл анхан шатны шүүх уг баримтыг нотлох баримтаар цуглуулаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүрэгтэй” гэж заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх мэдэж байсан боловч уг баримтыг цуглуулаагүй, мөн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс шаардсан.
Иймд нэхэмжлэгчийг шүүхэд анх гаргасан “маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүлхий захиргааны актыг хүчингүй болгуулах” болгож бичгээр өөрчлөх боломж олгож, улмаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд талуудыг мэтгэлцүүлэх болон мөн нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газарт хийгдсэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г нэхэмжлэгчээс гаргуулсны дараа хэргийг хянан хэлэлцүүлэх үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-т зааснаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Нэхэмжлэгч “Ү” ГХОХХК-иас “Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дугаартай тогтоолын 1 болон 2 дахь заалтад заасан “Ү” ГХОХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.2. Маргаан бүхий Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор тус сумын сонгуулийн насны иргэдийн 10-аас илүү хувь нь Энгэр-Ус хоёрдугаар багийн нутагт тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ү” ХХК (XV-020***), “З” ХХК (XV-01***, MV-022***)-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардсан саналыг хэлэлцэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх дэмжсэн тул “Ү” ХХК, “З” ХХК тус компаниудын үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглосон байна.
2.3. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч хайгуулын ажил явуулах зорилгоор уг талбайд хэзээ хэдэн удаа нэвтэрсэн эсэх, түр барилга байгууламж барихаар очсон бэлтгэсэн эсэх, үүний улмаас өөрийн эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх ямар үр дагавар үүссэн зэргээ тайлбарлаж нотлоогүйгээр хайгуулын ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлах нь нэхэмжлэгчид нэрлэн заасан итгэл хамгаалах болон хайгуулын эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байна, ... Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгт ирүүлээгүйг Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2, 37 дугаар зүйлийн 37.1-т заасан журмыг хангаагүй үзэх ба ... өөрт буй нотлох баримтаа өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэлгүй болохгүй, ... Баянжаргалан сумын 2 дугаар баг Энгэр ус хэмээх газрын оршин суугч иргэдийн гарын үсгээр баталгаажуулж тус сумын иргэн, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.А-ийн санал хүсэлтээр уг асуудлыг иргэдийн хурлаар олонхын саналаар хуульд заасан журмаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь иргэн хуулийн этгээдийн эрх ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэх нөхцөлийг үүсгэхгүй болох нь тус тус тогтоогдох тул маргаан бүхий акт илт хууль бус байх нөхцөл хангалттай тогтоогдохгүй байна” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
2.4. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.19-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага гүйцэтгэнэ”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох ...” эрхтэй талаар зааснаас үзвэл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа “хууль тогтоомж зөрчсөн” тохиолдолд хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын улсын байцаагч л үйл ажиллагааг зогсоох эрхтэй бөгөөд энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 259 дүгээр тогтоолд тодорхой тайлбарлан шийдвэрлэжээ.
2.5. Гэтэл Дундговь аймгийн Баянжаргалан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хяналт шалгалт хэрэгжүүлэх байгууллага, улсын байцаагчид хуулиар тусгайлан харьяалуулсан асуудлаар буюу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглох шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 35 дугаар зүйлийн 35.1-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарахгүй төдийгүй өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ийнхүү тогтоол гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
2.6. Харин уг хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эцсийн байдлаар тодруулан асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад, өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлээгүй” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 15 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.19, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Ү” ГХОХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 болон 2 дахь заалтын “Ү” ГХОХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН