Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1027

 

 2023       10          11                                    2023/ШЦТ/1027

 

                              

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгорсүрэн,

Улсын яллагч: П.Итгэл,

Хохирогч С.Г, түүний өмгөөлөгч П.Амгаланбаатар,

Шүүгдэгч: Г.Б, түүний өмгөөлөгч Х.Баатарбилэг нарыг оролцуулан Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд Адуун овогт Г.Бд холбогдох эрүүгийн 2303 00422 0357 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Д танхимд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 20....оны ... дугаар сарын 2.-ны өдөр. Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн .......................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Зээрд Адуун овогт Г.Б /РД:...../,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 383 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-8 дугаар тал/, осол болсон газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 9 дүгээр тал/, гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон датгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8188 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/, Компьютер, томографикийн оношилгоо /хавтаст хэргийн 58-61 дүгээр тал/,  эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 65-67 дугаар тал,  69-70 дугаар тал/, Америкийн Монгол судлалын төвийн тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дүгээр тал/, мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 75 дугаар тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 92-94 дүгээр хуудас/, шинээр гаргаж өгсөн эмчилгээний төлбөрийн баримтууд, “Ecole Francaise De Mongolie” Франц сургуулийн тодорхойлолт, эмчилгээний баримт баримтууд, дуудлагын таксигаар үйлчлүүлсэн баримт,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар тал/, Г.Бын холбоотой эрүүл мэндийн баримтууд /хавтаст хэргийн 38-45 дугаар тал/, Г.Бын эмнэлэгт хэвтэн үйлчлүүлсэн баримт /хавтаст хэргийн 46-53 дугаар тал/, эмчилгээний баримтууд /хавтаст хэргийн 65-67 дугаар хуудас хохирлын баримтууд/, Сургуулийн тодорхойлолт /хавтаст хэргийн 71 дүгээр тал/, Г.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 89 дүгээр тал/, шинээр өгсөн эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг төлсөн баримт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, хохирол төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

                                                                                                                                                              2.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд  Г.Б нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, "Улаанбаатар их дэлгүүр" худалдааны төвийн хойд талын замд бусдын эзэмшлийн  "Toyota Corolla" маркийн ..-.... УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч С.Гыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч С.Гын “..2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Франц улсын элчин сайдын яаман дээр ажилтай байж байгаад тэндээсээ 18 цагт гараад Мөнгөн завьяагийн автобусны буудлаас автобусанд суугаад баруун зүгт явж байгаад Энхтайван найрамдлын ордны автобусны буудал дээр буусан. Баруун зүгт замын хойд талын явган хүний замаар алхаж яваад Голомт банкны зээлийн төвийн урд талд байх гэрэл дохиогүй явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах үед зүүнээс баруун зүгт явж байсан автомашинууд зогсоод зам тавьж өгөхөөр нь би өөр бас хүмүүстэй зам хөндлөн гарсан. Тэгээд урагшаа явган хүний гарцаар гараад явж байгаад зүүнээс ирж байгаа автомашинуудын эгнээг гараад цагаан зураас тэмдэглэл дээр ирээд баруунаас ойртон ирсэн автомашин байгаа эсэхийг харахад хоёр цагаан өнгийн автомашин гарц руу ирж байгаа нь харагдсан. Тэгээд хөндлөн гарахаар үргэлжлүүлэн алхаж явтал би орилоод газар унасан. Унахдаа зүүн талаараа газарт унасан. Тэр үед би гартаа компьютер жижиг цүнх барьсан байсан. Тэгээд би машинд мөргүүлсэн гэдгээ мэдсэн. Тэр орчимд явж байгаа хүмүүс ирсэн, тойроод зогссон байдалтай байсан...Миний биед баруун, зүүн өвдөг явахад, хөдөлгөөн хийхэд саадтай байна. Компьютер ажиллагаа хэвийн байгаа. Эрүүл мэндэд гэхээс эд хөрөнгөнд учирсан эвдрэл гэмтэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх 14/,

- Хүний биед хийсэн шүүх шинжилгээний газрын 8188 дугаартай "... С.Гын биед зүүн өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, өмнед чагтан холбоосны бүрэн бус урагдал, тойгны хэмт эдийн хаван, баруун өвдөгний дотор, гадна жийргэвч мөгөөрсний урагдал, урд чагтан холбоосны бүрэн бус урагдал, баруун шилбэ, баруун өгзөг, зүүн гуя, баруун шагайнд цус хуралт, баруун тохойнд язарсан шарх, баруун мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна..." гэх шинжилгээ /хх 56-57/,

-Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 1824 дугаартай “ Жолооч Г.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна “ гэх мөрдөгчийн магадалгаа /хх 75/,

-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шүүх шинжилгээний газрын 22 дугаартай “ 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэмт хэргийн улмаас хохирогч С.Гын сэтгэцэд стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд илэрч байна. С.Гын стресст үзүүлэх сэтгэл хөдлөлийн хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлт /хх 92-94/

-Тусгай 102 дугаарын утсанд ирсэн дуудлага, мэдээллийн бүртгэл /хх 4/,

-Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-11/,

-2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын • Жолоочийн үнэмлэхийн төлөв: Хүчинтэй..." гэх Г.Бын жолоодох эрхийн лавлагаа /хх 35/,

- Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 04/3090 дугаартай албан бичиг, хавсралт /хх 18-19/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

3.  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч яваа явган зорчигчид зогсож зам тавьж өгөх үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.

Шүүгдэгч Г.Б замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гарган хохирогч С.Гыг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Быг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

6. Хохирогч С.Гаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.868.978 /есөн сая найман зуун жаран найман мянга есөн зуун далан найм/ төгрөгийг нэхэмжилжээ.  

Шүүхээс хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас 7.055.970 /долоон сая тавин таван мянга есөн зуун далан/ төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 Харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй, давхардсан, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бусад баримтыг хохирлын баримтаар үнэлээгүй болно. 

 Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон байх тул гэмт хэргийн шинж, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар зэргийг харгалзан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчээс хохирлын төлбөрт 2.401.000 /хоёр сая дөрвөн зуун нэг мянга/ төгрөгийг төлж барагдуулсан, энэ талаар талууд маргадаггүй, төлбөрийн баримт хэрэгт авагдсан байна.

Иргэний нэхэмжлэгч Д.Ггаас гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 595.000 /таван зуун ерэн таван мянга/ төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч Г.Баас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 10.154.650 /арван сая нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Гд олгож шийдвэрлэв.

 

7. Шүүгдэгч Г.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

 

8. Хохирогч С.Г нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

9. Улсын яллагчаас Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоох саналыг гаргасан бол,  

хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн хувьд эмнэлгийн тусламж авах яаралтай шаардлага гарч болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

10. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

11. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Г.Бд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

  

12. Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж, биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулан, ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

13. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Зээрд Адуун овогт Г.Б /РД:...../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих буюу эмнэлгийн хяналт, эмчилгээнд очихоос бусад тохиолдолд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баас 10.154.650 /арван сая нэг зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавин/  төгрөг гаргуулж хохирогч С.Г /Сүхбаатар дүүргийн .......................... тоотод оршин суух, РД:..................../-д олгосугай.

 

            6. Хохирогч С.Г нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          7. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧАНЦАЛНЯМ