Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1030

 

2023       10         11                                    2023/ШЦТ/1030

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгорсүрэн,

Улсын яллагч: Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч: Х-Э, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан туг овогт Х-Эд холбогдох эрүүгийн 2309 00000 1771 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Д танхимд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19... оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ............................. тоотод оршин суух, урьд нь 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Цагаан туг овогт Х-Э /РД:...../,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Х-Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 760 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 8691 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт лавлагаа /хавтаст хэргийн 57 дугаар тал/, хохирогч Г.Эийн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дугаар тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурь илэрхийлж оролцсон болохыг дурдаж байна.

                                                                                                                                                              

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлгээс дүгнэн үзэхэд  Х-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн ........................тоот гэртэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Г.Эийг бусадтай хардсаны улмаас толгойн тус газарт нь олон удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун нүдний доод зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвалт, дээд уруулын салстад шарх, баруун бугалга, цээж, баруун гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулан үйл баримт тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Эийн "... 2023 оны 07 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед залгаж хаана байгаа талаар нь асуухад Билгээ ахын гэрт ирээд уучихлаа гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өглөө 04 цагийн үед ирсэн ба хаалга тайлж өгчхөөд унтах гэсэн чинь араас ирээд гар утаснаасаа ямар нэгэн газар гутал, малгай, цамц тавьчихсан бичлэг үзүүлээд энэ хэнийх юм бэ гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн чинь чи гүрийж байна уу гэсэн. Тэгэхээр нь би гайхаад чи чинь архины цагаан солио тусчихсан юм уу гэсэн чинь намайг зодсон. Нүүр нүдгүй буланд шахаж зодоод байсан. Цээж, толгой, баруун чих хөндүүр, баруун нүдний ухархайгаар өвдөж байна. Уруул задарч хавдсан байна. Бие бүхэлдээ хөндүүрлэж өвдөж байна, ер нь бол дан толгой руу голцуу цохиж зодсон....3 жил хамт амьдарч байх хугацаанд одоог хүртэл 20-30 удаагийн үйлдэл бол байгаа. 10-аад удаад нь цагдаагийн байгууллагад хандаж байсан. Хандаагүй чимээгүй өнгөрөөсөн нь өчнөөн байгаа..." гэх мэдүүлэг /хх 12-13/,

-Хүний биед хийсэн шүүх шинжилгээний газрын 8691 дугаартай "Г.Эийн биед баруун нүдний доод зовхинд цус хуралт, нүдний алимад цус харвалт, дээд уруулын салстад шарх, баруун бугалга, цээж, баруун гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун зовхинд цус хуралт, нүдний алиманд цус харвал, дээд уруулын салстад шарх гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... " гэх шинжилгээ  /хх 20-21/ зэргээр нотлогдсон байна.

 

3. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүрэн тус газарт олон удаа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан.

Хэрэг авагдсан баримтаар Х-Э, хохирогч Г.Э нар нь 2021 оноос хойш гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа, дундаасаа хүүхэдтэй хамтран амьдрагч нар байна.

Шүүгдэгч нь өөрийн хүч давамгай байдлыг ашиглан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Г.Эийн биед нь халдаж зодсон байх тул түүний үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцжээ.

 

5. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Х-Э нь хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдсээр байж хохирогчийн биед халдсан байх тул гэм буруугийн хувьд шууд санаатай гэж дүгнэлээ. 

 

6. Харин хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х-Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Г.Эийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

7. Прокуророос шүүгдэгч Х-Эийг 2022 оны 01 дүгээр сарын 02, 2022 оны 06 дугаар сарын 26, 2023 оны 02 дугаар сарын 25, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд болох хамтран амьдрагч Г.Эийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар бие махбодийн хүчирхийлэл буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд байнга халдаж зодсон үйлдлийг гэмт хэрэг тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн эрх зүйд гэмт үйлдлийн давтамжийн төрөл болох байнга гэх шинжийг гурав буюу түүнээс дээш удаагийн үйлдэл гэж тодорхойлдог.

Прокуророос шүүгдэгч Х-Эийг тус зүйлд зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ хохирогч Г.Эийн мэдүүлэг, Х-Эийн шийтгэл хүлээж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагааг үндэслэл болгож, дээрх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан.

Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын асап сангийн лавлагаагаар шүүгдэгч Х-Э нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Эийг зодож захиргааны журмаар баривчлах шийтгэл, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Эийг зодож захиргааны журмаар баривчлах шийтгэл эдэлж байжээ.

Харин 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад “...согтуу нөхөр агсам тавиад 1 ой 2 сартай хүүхэдтэй минь хөөгөөд гаргачихлаа...” гэх дуудлагыг ирүүлсэн байх боловч тухайн үйлдэлд нь арга хэмжээ авсан эсэх, Х-Э нь хохирогч Г.Эийн биед халдаж зодсон эсэх талаарх мэдээлэл агуулагдаагүй байх тул хохирогчийг зодсон гэх үйлдэл тогтоогдохгүй байна.

Хэдийгээр хохирогч нь “...3 жил хамт амьдарч байх хугацаанд одоог хүртэл 20-30 удаагийн үйлдэл бол байгаа...” гэж мэдүүлсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдлийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй, шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсныг дурдах нь зүйтэй.

 

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж буй гурав ба түүнээс дээш удаагийн үйлдлийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх нь гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинж байхаар хуульчилсан байна.  

Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэж заажээ.

Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тухайд дээрх үйлдлүүдийн хоорондын давтамж нь зургаан сарын хугацаа дотор байгаа тохиолдолд гэмт хэргийн шинжийг хангана.

 

9. Дээрхээс дүгнэн үзэхэд 2022 оны 01 дүгээр сарын 02, 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд хохирогчийг зодсон үйлдлийн хувьд хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх боловч 2023 оны 02 дугаар сарын 25-ны үйлдлийн хувьд хохирогчийн биед халдаж зодсон үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдохгүй, мөн цаг хугацааны хувьд 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

10. Иймд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн үндсэн шинж болох байнга зодсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х-Эд холбогдох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Х-Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд  тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

11. Хохирогч Г.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч Х-Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

12. Улсын яллагчаас шүүгдэгч Х-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргасан бол, шүүгдэгчийн өмгөөлөгч “...улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна...” гэж, шүүгдэгч “...торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

13. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа,  хувийн байдал зэргийг харгалзан Х-Эд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх үзлээ.

 

14. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

15. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Х-Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

16. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Х-Эийг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Цагаан туг овогт Х-Э /РД:...../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          3. Шүүгдэгч Х-Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-Эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-Э нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

          5. Шүүгдэгч Х-Эд нь энэ хэргийн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧАНЦАЛНЯМ