Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1029

 

2023        10         11                                    2023/ШЦТ/1029

 

                         

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгорсүрэн,

Улсын яллагч: Б.Өнөбат /томилолтоор/,

Шүүгдэгч: П.Ж, түүний өмгөөлөгч Л.Банзрагч нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авга овогт П.Жт холбогдох эрүүгийн 2209 00885 1653  дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Д танхимд энэ өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Х И” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 54 дүгээр байр, 20 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Авга овогт П.Ж /РД:...../,

 

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч П.Ж нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах К ХХК-ийн Санхүүгийн газарт тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 17.939.796 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 868 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ яллагдагч П.Жын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 122 дугаар тал/, “Х И” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 151 дүгээр тал/, хөдөлмөрийн гэрээ /хавтаст хэргийн 152-155 дугаар тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч П.Ж нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс К ХХК-ийн Санхүүгийн газарт тооцооны нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлсэн байна. Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хооронд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэтрүүлэн харилцагчийн хэтэвч рүү цэнэглэлт хийх, цэнэглэгдсэн мөнгийг өөрийн хамаарал бүхий хүний данс руу татан авалт хийх замаар К ХХК-д нийт 17.939.154 төгрөгийн хохирол учруулан, дээрх мөнгийг хувьдаа захиран зарцуулсан гэх үйл баримт тогтоогджээ.

Энэ нь “К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/05 дугаар "П.Жыг ажилд авах тухай" тушаал /хх 25/,

-2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №2021/05 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх 26-28/,

-Ажлын байрны тодорхойлолт /хх 29-31 /,

-“К” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаар "П.Жыг ажлаас чөлөөлөх тухай" тушаал /хх 34/,

-“К” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5111648086 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 35-37 /,

-“К” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 2705.............. тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 38/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мийн "...П.Ж нь манай байгууллагад нягтлан бодогчоор ажил хийдэг байсан. Асуулт: П.Ж нь цахим сүлжээнд шивэлт буюу цэнэглэлтийг бүртгэх эрх олгогдсон уу? Хариулт: Эдгээр зүйлс нь Жанчивт бүртгэгдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх 133/,

-Гэрч Э.Эын "...П. Жанчив нь манай байгууллагад 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр "Нягтлан бодогч"-оор анх ажилд орж 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр АНУ руу явах болсон тул хүндэтгэн үзэж үүрэгт ажаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг ирүүлж, ажлаас чөлөөлсөн билээ... Гүйлгээ бүрийг шалгаж үзэхэд банкны дансаар шилжиж ороогүй бөгөөд харилцагчийн хэтэвч рүү [email protected] нь гараар орлогын гүйлгээнүүдийг бүртгэсэн байсан... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 17:42:51 цагт 5.500.000 төгрөгийн гүйлгээг 2 удаагийн гүйлгээгээр Г.Мгийн Хаан банкны 5431......... тоот данс руу 2.985.000 төгрөгөөр, 2.487.500 төгрөгөөр шилжүүлж авсан...П.Ж нь Хаан банкны 5227............ тоот өөрийнхөө данс руу 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 4.995.796 төгрөгийг шилжүүлэн авсан байна. 2022 оны 02 дугаар сарын 15-ны 1 удаагийн шилжүүлгээр Г.Мгийн Хаан банкны 543.............. тоот данс руу 2.495.858 төгрөгөөр шилжүүлж авсан. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 13:03:14 цагт 5.000.000 төгрөг, Г.Мгийн Хаан банкны 5431......... тоот данс руу 4.975.000 төгрөгөөр шилжүүлж авсан. Нийтдээ 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Г.М нь 18.000.000 төгрөгийг манай компанийн аль ч данс руу шилжүүлээгүй бөгөөд уг мөнгийг шилжүүлсэн болгон нягтлан бодогч П.Ж нь зориудаар бүртгэл үүсгэж, хуурамч гүйлгээг бодит гэж байгууллагаас мөнгө завшсан байна." гэх мэдүүлэг /хх 14-17/,

- Гэрч Г.Мгийн “... Тухайн үед П.Ж над руу яриад чиний данс руу мөнгө орсон байгаа. Тус мөнгийг миний данс руу шилжүүлчхээрэй гэсний дагуу дээрх мөнгөнүүдийг миний дансанд орох үед нь П.Жын 5227............... тоот данс руу шилжүүлдэг байсан. Би түүнээс ямар учиртай мөнгө орж ирээд байгаа талаар огт асууж үзээгүй, тэр ч энэ талаар надад тайлбарлаж хэлж байгаагүй..." гэх мэдүүлэг /хх 136-137/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, “завших” гэмт хэрэг нь нэгэнт өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эрхийг өөртөө хариу төлбөргүйгээр нэг мөсөн шилжүүлэн авсан байхыг шаарддаг.

            Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад харилцагчийн хэтэвчийг цэнэглэх нь түүний өдөр тутам хийх ажил үүрэгт хамаардаггүй, зөвхөн гүйлгээний утга буруу бичигдсэн тохиолдлыг засаж залруулах зорилгоор олгосон байсан эрхийг ашиглан дээрх цэнэглэлтийг хийж байсан талаар мэдүүлжээ.

            Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Ж нь өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэтрүүлэн, өөрийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан байх тул түүний үйлдлийг “албан тушаалын байдлаа ашиглаж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчимд нийцэж байна.

 

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч П.Жыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, төлбөрийн талаар:

5. Гэмт хэргийн улмаас хохирогч “К” ХХК-д 17.939.154 /арван долоон сая есөн зуун гучин есөн мянга нэг зуун тавин дөрөв/ төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч П.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 25.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өөртөө дүгнэлт хийсэн, шүүгдэгчийн хувийн байдал болон хохирогч гомдол, саналгүй, хохирол төлбөрийг барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэргийг харгалзан үзэж 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...”, шүүгдэгч “....хуульд заасан хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү....” гэжээ.

 

7. Шүүгдэгч П.Жт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Шүүхээс шүүгдэгч П.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлоо төлж барагдуулсан, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял  оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Авга овогт П.Ж /РД:...../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар албан тушаалын байдлаа ашиглан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Жыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

                

         5. Шүүгдэгч П.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧАНЦАЛНЯМ