| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2023/0118/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/245 |
| Огноо | 2023-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Наранхүү,
хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Р.Мөнхбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г-н Бт холбогдох эрүүгийн 2334000000068 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ........................ регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн агуулга: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Б : “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Үүнд:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-12-р хуудас/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-13/, хохирогч Д.М ын мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, гэрч Ч гийн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ү. А ийн мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, Зам тээврийн ослын шалтгааныг тогтоох зорилгоор хөндлөнгийн "Цагаан шонхорын жигүүр" нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллагын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 23/16 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/, ял шалгах хуудас /хх 58/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл /хх 62/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 63/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 64/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх 65/, жолоочийн лавлагаа /хх 66/, дээд боловсролын дипломын тодорхойлолт /хх 67/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 68-105/, Төв аймгийн Цагдаагийн газрын албан тоот /хх 106/ зэрэг болно.
Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.Б нь гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сонор худалдааны” төвийн зүүн талын шороон зам дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тоёото Приус 20 маркийн 65-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч иргэн Д.М ыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь.
Хохирогч Д.М ын өсгөн: "Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 45 минутын орчимд ажилдаа явахаар ач охин Амин-Эрдэнийн хамт гэрээсээ гараад явж байтал Чимэгээ гэх эмэгтэй таараад би охиныхоо хамт машинд нь суугаад Сонор дэлгүүрийн үүдний цементэн талбай дээр машинаас буугаад сумын засаг даргын тамгын газар луу охины хамт явган хүний шороон зам дээр явж байтал миний араас 62-59 УНЦ улсын дугаартай улаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл сигнал дохио өгөхгүй миний баруун хөлийг дайрсан би газар унасан. Тэр машин намайг мөргөөд зогссон жолооч нь манай ажлын Б гэх охин байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг Б ийн машинд суулгаад Жаргалант сумын эрүүл мэндийн төвд хүргэсэн. Б надад ярихдаа миний машины цонх цантай, хажуу цонхоо онгойлгох гэж байгаад таныг харахгүй мөргөчихлөө гэж байсан. Намайг машинаас буугаад алхаж байх үед төв засмал замаас улаан өнгийн машин салж байгаа харагдсан. Яг араас ирж байгаа эсэхийг нь мэдээгүй. Тухайн үед нар арай гараагүй гэгээтэй үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний явж байсан газар нь гудамжны шороон зам байсан. Ямар нэгэн явган хүний зам, тэмдэг тэмдэглэгээ байгаагүй. Миний баруун хөл 2 газар хугарсан, баруун хөлний шилбэний доод ирмэг цуурсан, мөн хагалгаа хийж хөлөө шүрүүпдүүлсэн. Мөн баруун хөлний өвдөгний үе хэсгээр хавдартай өвдөлттэй мөн бүсэлхий нуруу өвддөг болсон. Осол болсноос хойш байнга эмнэлгээр явж байна. Би тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гараагүй Г.Б тэй нэг албан байгууллагад ажилладаг, нялх нойтон хүүхэдтэй, залуу хүмүүс гэж бодоод миний эмчилгээний зардлыг өгчих гэж хэлсэн. Б надад томографикийн зурагны үнэ 360.000 төгрөг тухайн эмнэлэгт тушаасан, эмнэлэгт хэвтэхэд ор хөнжлийн даавуу тавчиг, аяга халбаг, сэрээ, ариун цэврийн хэрэглэл зэрэг зүйл авч өгсөн. Түүнээс хойш намайг хагалгаанд орох үед 300.000 төгрөг, коронагийн шинжилгээний 40.000 төгрөг өгсөн. Манай хүү Идэрбат хоолны мөнгө гэж 70.000 төгрөг, бинт боолтны үнэ гэж 50.000 төгрөг өгсөн, хэвтээ коршок 20.000 төгрөг өгсөн, түшүүргэ зэрэг зүйл авч өгсөн. Өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Би үлдсэн эмчилгээний зардлыг өөрөөсөө гаргасан байгаа. Мөн миний ажлын хөлс орохгүй байна. Би гомдолтой байна.
Надад нийт 2.692.825 төгрөгийн хохирол учирсан. Г.Б намайг ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэх үед хэвтэн эмчлүүлэхэд шаардлагатай зүйлсийг өөрөө бэлдэж өгсөн. Тэдгээр зүйлсийг бэлтгэхэд нийт 1.461.000 төгрөг болсон." гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 169 хуудас/,
Гэрч Ч гийн өгсөн: "Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 50 минутын үед өөрийн машинтайгаа ажилдаа явж байтал Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг гол зам дээр М эгч хүүхэдтэйгээ зогсож байхаар нь машиндаа суулгаад миний ажилладаг Сонор худалдааны төвийн гадна зогсоол дээр зогссон юм. Тэгээд М эгч хүүхэдтэйгээ миний машинаас буугаад ажил руугаа явсан. Би Сонор худалдааны төв орох гэж байтал ард хүн орилоод байхаар нь буцаад очсон чинь М эгч газар уначихсан намайг дайрчихлаа хөл гишгэж болохгүй байна гээд байсан. Хажууд нь улаан өнгийн приус маркийн машин жолооч нь гээд нэг танихгүй охин зогсож байсан. Би яг осол болох үеийг хараагүй. Тэгээд М эгчийн тухайн мөргөсөн гэх улаан өнгийн приус машинд суулгаад эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед М ын эгчийг хүмүүс өргөж машинд суулгасан гишгэж чадахгүй байсан. Ил харагдах шарх мэдэгдээгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Ү. А ийн өгсөн: "Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн төрсөн эмээ Д.М ын хамт Төв аймгийн Жаргалант сум Буурал 1 дүгээр баг Билүүтийн 8-5 тоот гэрээсээ гараад өглөө сургууль руугаа явж байхад замд эмээ Д.М ын араас улаан өнгийн нэг машин мөргөж гэмтээсэн юм. Тэгээд эмээ бид эмнэлэг дээр ирсэн юм.Улаан өнгийн машинд нэг эгч байсан. Би эмээтэйгээ хамт явж байхдаа эмээгийн урд тал зайтай явж байсан учраас гэмтэл бэртэл аваагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
Шүүгдэгч Г.Б ийн өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө 08 цаг 55 минутын үед Төв аймгийн Жаргалант сум Буурал 1 дүгээр баг Овоотын 2-12 тоот гэрээсээ ажилдаа явахаар өөрийн эзэмшлийн 62-59 УНЦ улсын дугаартай улаан өнгийн приус 20 маркийн машинаа жолоодоод ганцаараа сумын төвд Сонор худалдааны төвийн зүүн талаар хашааны булан тойроод эргэх гэж байтал гэнэт түг гээд нэг юм мөргөчихсөн би машинаасаа бууж ирээд хартал М эгч газар уначихсан хажууд нь хүүхэд нь зогсож байсан. Миний машины урд салхины шил цантай, байсан болохоор би урдаа явган хүн явж байгааг хараагүй. Тэгээд би М эгчийг машиндаа суулгаад сумын эрүүл мэндийн төвд хүргэсэн. Тэгээд эрүүл мэндийн төвөөс Улаанбаатар хот руу авч явж үзүүл гээд би өөрийнхөө машинтай аваад Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж үзүүлэхэд хөл нь хоёр удаа хугарсан байна гэж байсан. М эгчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтүүлсэн. Би тухайн үед сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байсан юм. Өглөө ажлаасаа хоцрох гээд байсан учраас машиныхаа урд салхины шилний цанг бүрэн арилгаж амжаагүй байх үед замын хөдөлгөөнд оролцсон юм. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. Би осол болох үед ойролцоогоор 10 км/цагийн хурдтай явж байсан. Миний унаж явсан приүс-20 маркийн 62-59 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Нэткапитал Ликинг ХХК-ны нэр дээр лизингээр 2022 оны 11 дүгээр сарын 01-нд авч байсан миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Миний машинд эвдрэл гэмтэл учраагүй би М эгчийн баруун хөлөн дээгүүр машиныхаа баруун урд дугуйгаар гарсан байсан. Би урдах замаа хараагүй учраас осол болсон.
Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би осол болсноос хойш 1.700.000 төгрөгийг хохирогч Д.М т өгсөн. Цаашид баримтаар нэхэмжилсэн эмчилгээний төлбөрийг барагдуулна. Шүүх хохирогчид хэдэн төгрөгийн хохирол төлүүлэх шийдвэр гарна би тэр гарсан хохирлыг бүгдийг нь барагдуулна. Хохирогч одоо ажлаа хийгээгүй байгаа. Би хохирогчид хохирол төлбөр барагдуулах боломжтой. Би өөрийн малын А данс газрын гэрчилгээний хуулбараа бүрдүүлж өгсөн. Миний хувьд гэм буруугийн асуудал дээр байгаа зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 20-21/,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын харьяа Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч И.Ганболорын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн: "1.Д.М ын биед баруун тахилзуур яс, баруун шаант ясны толгойн сэртэн ясны хугарал, бүсэлхийн L4/L5-р нугалмын жийргэвч мөгөөрс нугасны суваг руу цүлхийлт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээнээс хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/,
"Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан 23/16 дугаартай шинжээчийн: "1.Тоёота Приус 20 маркийн 65-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 2.Явган зорчигч Д.М ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 3.Тоёота Приус 20 маркийн 65-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4.Уг зам тээврийн осол болох үед замын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна." гэх дүгнэлт /хх-ийн 33-34-р хуудас/ зэрэг болно
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх- ийн 9-12-р хуудас/, жолооны үнэмлэх болон тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх 13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сонор худалдааны” төвийн зүүн талын шороон зам дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тоёото Приус 20 маркийн 65-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангагдсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас иргэн Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн 13 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан.” гэж хуульчилсан хуулийн зүйл, хэсэгт буюу шүүгдэгч Г.Б ийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт тооцохгүй.” гэж заасан байдаг.
Шүүгдэгч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.
Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.
Шүүгдэгч Г.Б ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.Б ийг Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сонор худалдааны” төвийн зүүн талын шороон зам дээр 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Тоёото Приус 20 маркийн 65-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.М ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан тул шүүх гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “миний үйлчлүүлэгч Д.М нь баримтаар 3.846.796 төгрөг нэхэмжилснээс эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 1.263.000 төгрөгийг хасаж 2.583.796 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн миний үйлчлүүлэгч нь хөлдөө төмөртэй босож чадахгүй байгаа бөгөөд цаашид томографикийн зураг авхуулах шаардлагатай гэх тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг
шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 1.700.000 төгрөгийг өгсөн хавтаст хэрэгт авагдсан хх-ийн 48-56, хх-ийн 142-149, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 340.205 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүгдэгчээс 2.583.796 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нь төлсөн тул шүүгдэгчээс тооцон гаргах гэм хорын хохирлын асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Мөн хохирогч Д.М нь цаашид гаргах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Миний үйлчлүүлэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байх тул хуулийн зүйл хэсэгт заасан хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс “тусгайлан гаргах саналгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Б ээс: “тусгайлан гаргах саналгүй” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б ийн тухайд 24 настай, ам бүл 3, нөхөр 3 хүүхдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын Буурал 1 дүгээр баг Овоот 2-12 тоотод оршин суудаг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэнэ гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тэдгээрийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Ийнхүү шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2334000000082 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Г-н Бийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б т оногдуулсан 500 тэнцэх хэмжээний буюу 500 000-н төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б т шүүхээс оногдуулсан торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүгдэгч Г.Б т шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Хохирогч Д.М нь цаашид гаргах эмчилгээний зардлаа тухай бүр нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн 2334000000068 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.М т 4.283.796 /дөрвөн сая хоёр зуун наян гурван мянга долоон зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг төлсөн, шүүгдэгчээс түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ