| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 167/2019/0132/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2020-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 11
Б.Л, З.И, С.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;
Хяналтын прокурор: Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ю.Нямсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ууганбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаар цагаатгах тогтоолтой, шүүгдэгч Б.Л, З.И, С.М нарт холбогдох, эрүүгийн 1919000000208 дугаартай, 1 хавтас, 239 хуудас бүхий хэргийг хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “**” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ... овогт Б.Л,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “**” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 2, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ... овогт З.И,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ... мэргэжилтэй, “**” ХХК-д харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 3, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт С.М нарт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
Шүүгдэгч Б.Л, З.И, С.М нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ... аймгийн ... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг **ХХК-ийн кемпээс автомашины сэлбэгийг 51-98 УБ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан хулгайлж 3 834 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Прокурорын газраас С.М, Б.Л, З.И нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж хэргийг прокурорт буцааж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч С.М, Б.Л, З.И нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М, Б.Л, З.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор Б.Мөнгөнтуяа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...С.М, З.И, Б.Л нарыг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
Түүнчлэн шүүгдэгч нар нь төмөр зарж ашиг хонжоо олох зорилгоор 2019 оны 11 сарын 06-ны өдөр харуй бүрий болсон үед **ХХК-ийн кемп байрлаж байсан газарт очиж, өөрсдийн үйлдлийг хялбарчлах зорилгоор мотоцикл ашиглан хаягдал гэх төмрүүдийг 5-6 удаагийн явалтаар зөөвөрлөсөн, мөн өөрсдийн хамгаалж буй объектод буулгасан бөгөөд хамт ажилладаг гэрч Ш.Т, Д.Ш нарт өөрсдийнхөө хулгайн үйлдлийг далдлах зорилгоор “хаягдал төмөр түүхээр явлаа, түүсэн” гэсэн ташаа ойлголтыг төрүүлсэн зэргээс үзэхэд С.М, З.И, Б.Л нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна. Гэтэл шүүх хулгайд алдагдсан төмрүүдийг зөвхөн “хаягдал төмөр байсан учир шүүгдэгч нар хулгайлах субъектив санаа зорилго байгаагүй” гэж дүгнэлт хийсэн нь хэт өрөөсгөл болсон, хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцээгүй гэж дүгнэхээр байна. Учир нь хаягдал төмрүүд нь **ХХК-ийн байрлаж байсан кемп дээр орхигдсон машины сэлбэг хэрэгслүүд байсан, мөн хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч А.И, гэрч Б.Н нарын мэдүүлэгт “...хаягдал төмөр байсан ч зарим нь ашиглагдах боломжтой...” гэж мэдүүлсэн, мөн эд зүйлийн үнэлгээгээр хулгайд алдагдсан төмөрнүүд нь 3834000 төгрөгөөр үнэлэгдсэн, хохирогч байгууллага хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авсан зэргээс үзэхэд шүүгдэгч нар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Гэтэл хулгайд алдагдсан төмрүүдийг “хаягдал төмөр” гэж мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэл болгож шүүхээс шүүгдэгч нарыг цагаатгасан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй. Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн хууль зүйн ойлголтыг нэг тогтоолд хольж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн гэмт хэргийн шинжгүй, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх хоёр салаа утгатай шийдвэр гаргаад хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж байгаа нь процессийн алдаатай шийдвэр гэж үзэхээр байна. Иймд 17 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.
Хяналтын прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн санаатай хэлбэр нь тухайн хаягдал гээд байгаа төмрүүд бүгд эдийн засгийн үнэлгээтэй, хохирогчийн зүгээс ашиглах боломжтой гэсэн мэдүүлгүүдээр тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс тухайн төмрүүдийг хаягдал гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолд хохирогч байгууллага тухайн төмрүүдийг дахин ашиглахыг хүсээгүй, хаягдал хог гэж үзэж байгууллагад хохирол учраагүй гэж мэдүүлсэн байхад 3834000 төгрөгийн хохирол учирсан гэдэг нь үндэслэлгүй юм гэж дүгнэсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Н мэдүүлгээр тухайн төмрүүдийн зарим нь ашиглах боломжтой байсан нь тогтоогдсон. Мөн тус компаний ажилтан нь тухайн төмрүүдийг тогтмол эргэж тойрч байсан нь тухайн төмрүүд нь хэрэгцээтэй, хаягдал төмөр биш байсан гэдгийг нь харуулдаг. Тухайн эд зүйл нь хогийн цэг дээр байсан эд зүйл биш тухайн компаний хашаанд байсан гэдгийг шүүгдэгч нарын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдсэн гэдгээ мэдүүлсэн. Хулгайд алдагдсан эд зүйлийг хураан авч цагдаагийн байгууллага хохирогч байгууллагад өгснөөр одоо хохирол гомдолгүй гэж мэдүүлснийг шүүх тухайн байгууллагад хохирол учраагүй мэтээр цагаатгах тогтоолдоо дүгнэсэн. Тогтоолын 6 дугаар хуудсанд А.И нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсний маргааш нь төмрүүдийг хаягдал болохыг мэдээд эргэж мэдээллэсэн гэж яриад байдаг. Гэтэл энэ хэрэг маань 2019 оны 11 сарын 06-ны өдөр бүртгэгдсэн. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн албан тоотын хувьд 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 023 дугаартай албан тоотыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Гэтэл шүүх дүгнэлт хийхгүй хэрэг гарсны маргааш нь хохирогч байгууллага албан тоот өгсөн юм шиг хэрэг нотлогдсон мэтээр цагаатгах тогтоол бичиж байгаа нь учир дутагдалтай байна. Хоёрдугаарт уг цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт цагаатгах тогтоол гаргах 2 хууль зүйн үндэслэлийг тогтоож өгсөн. Гэтэл цагаатгах тогтоолд гэмт хэргийн шинжгүй, шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэж дүгнээд байгаа нь 1 тогтоол дээр хуулийн 2 өөр агуулгыг давхардуулан ойлгомжгүй байдлаар бичсэн гэж үзэж байгаа бөгөөд уг цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд 3 байр суурьнаас саналаа хэлж байгаа. Хамгийн гол нь энэ 3 хүний үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэсэн шинжүүдийн нэг болох нууцаар гэдэг шинжийг хангахгүй байгаа бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгддэг. Учир нь тус хохирогч байгууллагын захирал Б.Н гэрчээр өгсөн мэдүүлэг, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч А.И мэдүүлэг, гэрч Шархүүгийн мэдүүлэг, гэрч Ш.Т мэдүүлэг, гэрч Б-н мэдүүлэг зэргээр нууцаар гэх шинж өөрөө үгүйсгэгдэж байдаг. Яагаад гэвэл тухайн 3 шүүгдэгч нь эд зүйлийг авахдаа тухайн өдөр гэрчээр байсан Ш, Т нарт ийм хаягдал эд зүйл байх шиг байна, энийг бид хэд түүхээр явлаа, түүж тушаагаад ойр зуурын тамхи тариандаа хэрэглэе гэж авахаасаа өмнө хэлсэн байдаг. Авсан зүйлээ нуугаагүй хаанаас авснаа хэлдэг, мөн өөрсдийн амьдардаг харуулын байрныхаа гадаа төмөрнүүдээ буулгаад тавьсан нь нууж хаасан, нууцаар гэх шинжийг үгүйсгэдэг. Эрүүгийн эрх зүйн онолын хувьд нууцаар гэдэг нь бусдын эд хөрөнгийг хулгайлж буй гэмт этгээд өөрийнхөө эд зүйл хулгайлж байгаа гэмт үйлдлээ тухайн эд зүйлийг өмчлөгч этгээд болон өөр бусад этгээдэд мэдэгдэхгүй байхыг хэлнэ гэж тайлбарладаг. Түүнчлэн гэрч Б ирээд та 3 юу хийж суугаа юм бэ гэхэд хаягдал төмөр түүгээд сууж байна гэхэд, хаягдал юм бол би ч гэсэн түүе гээд өөрөө нэмэгдээд орсон байдаг. Хохирогч байгууллагын төлөөлөгч А.И ирээд юун хүмүүс вэ, хэн та нарыг явуулсан юм бэ гэж асуухад бид нар хаягдал төмөр байна гэж бодоод аваад байж байна гэсэн гэж хавтаст хэрэгт анхнаасаа шударгаар үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Энэ нь гэмт хэргийн нууцаар гэдэг шинжийг үгүйсгээд байгаа юм. Хоёрдугаарт санаа зорилго буюу субъектив тал болох мөнгө олох гэж хулгайлах санаа зорилго байсан уу, эсхүл мөнгө олох гэж хаягдлыг тушаах гэж байсан уу гэдгийг ялгах ёстой. Авсан болгон хулгай биш, хамгийн гол нь тэр хүний субъектив санаа юу байсан бэ, хулгайлж аваад эзэнд нь мэдэгдэхгүй ашиг олох гээд байгаа юм уу, хаягдал гэж өөрсдөө ойлгосны үндсэн дээр өөрсдөө ашиг олох гээд байна уу гэдэг нь гол ялгаа юм. **ХХК-ийн захирал Б.Н гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...кемп нүүхдээ төмрийн хаягдал хогоо үлдээгээд явсан. Манай ажилтан И үлдээсэн зүйлсийг шалгаад явж байхад нарны эрчмийн харуулууд төмрийн хогийг ачиж зөөж байсантай таараад И хаягдал төмрийг мэдэхгүй байсан учраас дуудлага өгсөн юм билээ. Ер нь бол эд зүйл гэдэг утгаараа үнэлгээ гарсан, үнэлэгдсэн болгон хохироод байдаг юм биш хамгийн гол нь хохирогч үнэхээр тэр эд зүйлээрээ хохироод байгаа юм уу гэдэг нь асуудал. Үнэлгээ гарсан учраас танайх хохирсон л байх ёстой гэсэн үг биш. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч байгууллага удаа дараа албан бичиг өгсөн гэж ярьдаг. Хохирогч байгууллага албан бичгээ аваад очихоор цагдаа засаад ир болохгүй байна гээд буцаагаад явуулаад байдаг гэсэн. Тийм учраас хог хаягдал гээд байхад мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийвлэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дэх хэсэгт заасныг зөрчиж мэдүүлгийг тулгаж авсан. Кемп хариуцсан менежер хамгийн анхны гэрчээр өгсөн мэдүүлэгтээ тухайн эд зүйлийг хэрэгтэй, хэрэггүйг би мэдээгүй, техник хариуцсан хүн би биш гэж хэлсэн байдаг. Ийм учраас нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан байвал нотлох баримтаар үнэлэгдэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Тухайн төмөрнүүд хог хаягдал байсан бол хууль бусаар эд зүйлийг авсан гэх үндэслэл үгүйсгэгдэх бөгөөд хог хаягдлыг заавал эзэнд нь хэлж зөвшөөрөлтэй авахгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/17 тоот цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.
Учир нь: Прокурор Б.Мөнгөнтуяагийн бичсэн эсэргүүцэлд үндэслэн түүнд бичигдсэн асуудлуудад хязгаарлагдалгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцвэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд гэмт хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоох ажиллагааг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна.
Шүүгдэгч С.М, Б.Л, З.И нар нь 2019 оны 11-р сарын 06-ны өдөр ... аймгийн ... сумын 3-р багийн нутаг дэвсгэрт ... сумын нефть үйлдвэрлэлийн далан шорооны ажлыг хийж байгаад нүүгээд явсан байсан ** ХХК-ийн кемп байсан гэх газарт ил задгай хаягдсан байдалтай байсан автомашины сэлбэг төмрүүдийг хаягдал төмөр гэж ойлгон ** УБ улсын дугаартай Даюун маркийн мотоцикл ашиглан авсан ба прокуророос тэдний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар буюу машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүлэглэж авсан гэж үзсэн.
Хэргийн бүх ажиллагааг хянан хэлэлцвэл хохирогчоор тогтоогдсон **ХХК-ийн төлөөлөгч А.И нь 2019 оны 11-р сарын 06-ны орой 18-19 цагийн орчимд кемпээ эргэх, нохойдоо хоол өгөхөөр очиход 4 хүн байсан, “юун хүмүүс вэ, машины дугуйг хэн авахыг зөвшөөрсөн юм” гэхэд тэд нар “бид нар хаягдал төмөр, эд зүйл юм байх гэж бодсон юм” гэсэн тул цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдсэнээр мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, 11-р сарын 15-ны өдөр С.М, Б.Л, З.И нарт прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба ингэхдээ яллагдагч нарыг хулгайлах гэмт хэргийн улмаас **ХХК-д 3.834.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэж прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн, анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нотолбол зохих байдлын зургаан шинжийн нэг болох гэмт хэргийн улмаас хохирогч **ХХК-д учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн байцаалт, прокурорын шатанд зайлшгүй тогтоож шүүхэд ирүүлэх байтал бүрэн гүйцэт тогтоолгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Тодруулбал: Хэргийн эд мөрийн баримтууд болох автомашины сэлбэг бүхий төмрүүдийг буцаан ашиглах боломжтой эсэх, зах зээлийн үнийг тогтоолгохоор мөрдөгч хөрөнгийн үнэлгээний “*” ХХК-ийг шинжээчээр томилжээ.
Гэтэл томилогдсон шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэсэн аргачлал, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар “шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх” гэсэн шинжилгээ хийх арга, зарчмыг тус тус зөрчиж шинжилгээ хийсэн, үүний улмаас гэмт хэргийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй байна гэж үзэхээр байна.
Хэрэгт хулгайлагдсан гэх 11 нэр төрлийн эд зүйлийн үнэлгээг “*” ХХК элэгдэл тооцсон байдлаар зах зээлийн үнээр 4050000 төгрөгөөр тооцсон, прокурорын яллах дүгнэлтээр хохирлын үнийг 3834000 төгрөгөөр тооцож яллагдагч нарыг буруутгаж байгаа боловч хохирогч **ХХК-ийн захирал Наранбаярын гэрчээр өгсөн мэдүүлэгт “...кришка 1 ширхэг, дугуй 4 ширхэг, обуд, карданы 52 таахай 1 ширхэг эд зүйлсийг дахин ашиглах боломжтой байсан, бусад эд зүйлс нь ашиглаж болохооргүй байсан” гэж /хх-ийн 181-р хуудасны доод хэсэгт/ мэдүүлснээс үзэхэд “*” ХХК-ийн №ТХҮ-819/048 тоот үнэлгээний дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй ба эд зүйлүүдийг бодитойгоор үзэж үнэлээгүй, зөвхөн гэрэл зургийг харж хийсвэрээр зах зээлийн үнэлгээ тогтоосныг мөрдөгч, прокуророос анхаараагүй орхигдуулсан, уг үнэлгээг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тооцож яллах үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэсэнд нийцэхгүй байх ба хууль зөрчиж хийгдсэн шинжээчийн дүгнэлт нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй нөхцөл байдал бий болжээ.
Ашиглах боломжтой гэсэн дээрх зүйлүүдийн үнэлгээ ч мөн бодит байдалд нийцэж байгаа эсэх нь эргэлзээтэй буюу тухайн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, эсхүл өөр зориулалтаар ашиглах зэрэг тохиолдлуудад эдгээр хөрөнгийн үнэлгээ ижил байх, эсхүл үнэ өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй, мөн **ХХК-ийн ашиглагдах боломжтой гэсэн эд хөрөнгүүд нь тухайн компаний хөрөнгийн бүртгэлд одоо ямар үнэ өртгөөр үнэлэгдэж бүртгэгдсэн байгаа эсэхийг тодруулаагүй зэргээр энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй тул энэ талаарх ажиллагааг хийх, **ХХК-ийн захирал Б.Н, ажилтан А.И нараас энэ талаар дахин тодруулах шаардлагатай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүхээс шинжээчийг томилж үнэлгээг дахин гаргуулах боломжтой боловч шүүхэд эд мөрийн баримтууд ирээгүй учир энэхүү шинжилгээг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас эд хөрөнгийн хохирол учруулсан байх шинжээр үйлдэгддэг ба энэ шинж буюу хохирлын хэмжээ нь гэмт хэрэг мөн эсэхийг дүгнэх гол шалгуур шинжийн нэг тул дээрх эд хөрөнгийн үнэлгээг бодитой, бүрэн, үнэн зөв тогтоох нь “хууль ёсны“ болон “шударга ёсны зарчим”-д нийцнэ.
Эдгээр нөхцөл байдлуудын улмаас шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох, эсхүл гэм буруугүйд тооцох үндэслэлүүдийн аль аль нь хэрэгт хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангахгүй байна гэж үзэж шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон ба энэхүү дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт дээрх ажиллагаануудыг хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх хуулийн шаардлагад нийцэж байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болсон.
Мөн энэ үндэслэлээр прокуророос гаргасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай эсэргүүцэл нь үндэслэлгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2020/ШЦТ/17 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, хяналтын прокурор Б.Мөнгөнтуяагаас гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Л, З.И, С.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.2, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС