Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/252

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч А.Ариунтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ,

шүүгдэгч Б.Г , түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дэх хэсэгт зааснаар Д овогт Б-н Г ид холбогдох эрүүгийн 2234004160372 дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Д овогт Б-н Г , ......................... регистрийн дугаартай гэв.

 

Холбогдсон хэргийн агуулга: /яллах дүгнэлтэнд тусгагдснаар/

Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын 230/201 дэх тэмдгийн ертөнцийн зүгээр зүүн талд Тоёота Приус 20 маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг тус тус зөрчиж, замын хажуу тал руу тээврийн хэрэгслийг онхолдуулж, зорчигч Р.Н , Р.Д нарын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Г : “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж мэдүүлэг өгөхгүй.” гэв.

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б : “Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Нийт 7 сая төгрөг нэхэмжилсэн. Манай аав 5 сая төгрөгийн малчны зээлтэй байсан. Зээлийг нь ах бид хоёр ярилцаж байгаад аавынхаа малаар дарсан. 2 сая төгрөг ажил явдлын зардал гарсан. Одоо мөнгө нэхэмжиллээ гээд миний аав босоод ирэх биш. Тийм учраас нэхэмжлэлээсээ татгалзаж байна.гэв.

       

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Үүнд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-16 дугаар хуудас/, хохирогч С.Ч ийн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ийн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М гийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3132 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-43 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8326 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 дугаар хуудас/, "Цагаан шонхорын жигүүр" төрийн бус байгууллагын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-93 дугаар хуудас/, Дамно хөрөнгө үнэлгээ, зуучлалын компанийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Т22-92 дугаартай Тоёото Приус маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-ийн 72-75 дугаар хуудас/ зэрэг болно.

  

Хоёр: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Г ийн холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

“Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.Г ийн үйлдсэн 2022 оны 06 сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймаг Эрдэнэсант сум Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Toyota prius маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас н.Н , н.Дашпэлжээ нарын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4,2-т зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б  болон н.Ц нараас хохирол нэхэмжлэхгүй гэсэн учраас шүүгдэгч Б.Г оос гаргуулах хохирол төлбөр байхгүй. Мөн иргэний нэхэмжлэгч н.Ц д тээврийн хэрэгслийн эвдрэлийн 7,612,800 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Г ийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Миний үйлчлүүлэгч Б.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хоёр хүний амь нас хохироосон хэрэгт гэм буруу дээр маргахгүй байгаа. Маш их харамсаж байгаа. Өөрөө хүнд гэмтэл авсан. Хохирол төлбөрийн хувьд нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул өөр хэлэх зүйлгүй.” дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

-шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын 230/201 дэх тэмдгийн ертөнцийн зүгээр зүүн талд Тоёота Приус 20 маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг тус тус зөрчиж, замын хажуу тал руу тээврийн хэрэгслийг онхолдуулж, зорчигч Р.Н , Р.Д нарын амь нас хохирсон болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б ийн өгсөн: "Би талийгаач Д гийн төрсөн охин нь байгаа юм. Би эцгээс хоёулаа дээрээ нэг ахтай. Манай аав Д нь Н  гэх хүнтэй 2009 онд танилцаж нэг гэрт орж Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт мал маллан, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч ирсэн. Би өөрөө Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Сүүлд аавтай 2022 оны 05 дугаар сарын эхээр нэг утсаар ярьж байхад Улаанбаатар хот ороод машин худалдаж авч байна гэж ярьж байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 12 цагийн үед манай аавын дүү Отгонхишиг гэх хүн над руу залгаад Памба ах /аавын хоч юм/ Н  эгч хоёр машинтай явж байгаад онхолдоод нас барчихлаа гэж надад хэлээд би болсон явдлын талаар мэдсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.М гийн өгсөн: "Би талийгаач Н гийн төрсөн хүү нь байгаа юм. Би эхээс ганцаараа. Манай ээж Н  нь Дашпэлжээ гэх хүнтэй 2009 онд танилцаж нэг гэрт орж Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт мал маллан, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч ирсэн. Би өөрөө Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ээж Н тай утсаар ярихад ээжийн төрсөн дүү Г , ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр Ч  ах нар ирсэн байна гэж хэлж байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед ээжийн хамгийн бага дүү Лувсансугар ах над руу яирад Намжмаа эгч, Памбага ах машинтайгаа явж байгаад онхолдож, ээж аав хоёрыг нас барсан талаар хэлсэн. Машин бол манай ээжийн өөрийнх нь эзэмшлийн машин байсан. Би өчигдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр архи ууж байна гэж ярьж байсан. Осол болох үед архи уусан байсан эсэх талаар мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Хохирогч С.Ч ийн "Би хадам дүү болох Г  бид хоёр Хөвсгөл аймагт ажил хийж байгаад Төв аймгийн Дэлгэрхаан сум руу явах замд манай эхнэрийн эгч Н тай ярихад манайх 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хургаа хөнгөлнө та хоёр манайд яваад ир гээд Г  бид хоёр 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд байдаг Н гийн гэрт нь очоод, очсон өдрөө 0,75 литрийн Хараа нэртэй архи Н гийн нөхөр Дашпэлжээ, Г  бид гурав хувааж уугаад унтсан. Маргааш өдөр нь буюу 05 дугаар сарын 31-ний өдөр Г , Дашпэлжээ бид гурав хойшоо Булган аймгийн Баяннуур сум ороод 0,75 литрийн Хараа нэртэй архи, 2 литрийн 3 сав Нийслэл нэртэй пиво авчраад гэрт нь бид гурав хувааж уугаад тэр өдрөө унтаад 2022 оны 06 дугаар сарын 01-ий өглөө Н , Дашпэлжээ хоёр Эрдэнэсант сумын төв орж маргааш хурга засах учир ойр зуурын юм бэлдэнэ, дэлгүүрээс юм авна гээд бид дөрөв Н гийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр Эрдэнэсант сум руу хөдөлсөн. Гэрээс хөдлөхөд Н  эгч машинаа жолоодож явж байгаад засмал зам дээр гарахын наана машинаа зогсоогоод манай дүү Г ид жолоогоо шилжүүлээд 09 цагийн орчим Г  машинаа бариад, жолоочийн хажууд Н  эгч суугаад, жолоочийн хойд суудалд би суугаад, Н  эгчийн хойд талд Дашпэлжээ суугаад, засмал замд ороод 2 км орчим явж байхад цагаан жийп машин явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд хажууд нь зэрэгцэж ирж байтал замын урд руу яваад онхолдчихсон. Тэгээд би ухаан алдаад нэг сэрэхэд цагдаа нар ирсэн байсан.Тухайн үед бүгд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Г  6 сарын 01-ний өглөө архи уугаагүй харин 5 сарын 31-ний өдөр Дашпэлжээ Г  бид гурав 0.75 литрийн 3 том пиво уугаад унтсан. Би хэдэн км/цагийн хурдтай явж байсныг хараагүй учир мэдэхгүй байна. Ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явсан байж магадгүй. Би яг юунаас болж онхолдсоныг мэдэхгүй байна. Нэг машиныг гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд зэрэгцэж ирж байтал замын хажуу руу орчихсон. Надад ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Г ийн өгсөн: “2022 оны оны 05 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөлд Ч  бид хоёр Улаанбаатар хот руу явж байж байхад Чингэс Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт байдаг эгч Н гийн гэрт очоод явъя гээд бид хоёр тэдний гэрт очсон. 2022 оны 05 сарын 29-ний өдөр Ч , Н  эгч, Дашпэлжээ бид дөрөв хоёр литрийн хоёр сав пиво уугаад унтсан. Тэгээд 2022 оны 05 сарын 30-ны өдөр бид нар Булган аймгийн Баяннуур сум орж хоёр том пиво, нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад Н  эгчийн гэрт ирээд авчирсан юмнуудаа уугаад би нэг пивоны тал хүртэл нь уугаад машинд ороод унтсан. Тэгээд маргааш өглөө нь Н  эгч, Ч , Дашпэлжээ нар Жамбалдулам эгчийг нь тосох гээд явсан чинь олсонгүй гээд ирээд Н  эгч Эрдэнэсант сумын төв орж хоол ундны юм авна чи машин бариад яваад өг гээд намайг гуйхаар нь би Н  эгчээр өөрөөр нь засмал зам хүртэл жолоодуулаад засмал зам тулаад Н  эгч чи машин барь гэхээр нь би машин жолоодоод миний хажууд Н  эгч суугаад, миний хойд талд Ч  суугаад, түүний хажууд Дашпэлжээ суугаад 10 цаг 40 минут болж байхад бид нар засмал замд нийлээд миний урд саарал өнгийн Акуа маркийн 34-өөр эхэлсэн улсын дугаартай машин, хоёр шалдан залуу жолоодсон явж байхаар нь хажуугаар нь би гүйцэж түрүүлэх үйлдэл хийгээд баруун гар руу шилжих гэж байтал хажуугаар орж ирээд манай машины толийг дэлгээд би сандарсандаа тормос гишгээд зүүн гар тал руу дартал замын хажуу руу онхолдсон. Нэг ухаан ороход Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж байсан. Би уг өдрийн өмнөх орой нь нэг том савтай пивоноос хуваалцаж уусан байсан. Осол болдог өдөр архи уугаагүй байсан. Би хамгаалах бүсийг бүслэгдсэн байхаар нь дээд хэсгийг нь цээжээрээ давуулж дутуу зүүсэн байсан. Бусад зорчигч нар хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би зорчигч нартай хамт хамгаалах бүс хэрэглэх талаар анхааруулж хэлээгүй. Би ойролцоогоор 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед тэнгэр цэлмэг байсан бөгөөд замын үзэгдэх орчин чөлөөтэй, урдаас ямар нэгэн хөдөлгөөнгүй байсан. Миний 5 хавирга хугарсан,баруун мөр мултарч ар дээрээ гарсан, баруун шилбэ цууралт өгсөн, бүсэлхий хэсгээр битүү хөх няц болсон байсан.” гэх мэдүүлэг хх 116-117/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3132 дугаартай шинжээчийн "1.Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ. Ч  гэж хаягласан цусанд 0.9 промилли спирт, Г  гэж хаягласан цусанд 2,0 промилли спирт илэрсэн... 2.0 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8326 дугаартай шинжээчийн: “1. С.Ч ийн биед баруун мөр, бугалга, шуу, нуруу, баруун тохой, ташаа, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх дүгнэлт /хх 37/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаартай шинжээчийн: "1.Талийгаач Р.Дашпэлжээгийн цогцост суурь ясны далд хугарал, тархины баруун зүүн тал бөмбөлгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, хажуугийн ховдолд цусан хураа. Баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 дугаар хавирга, зүүн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы хоёрлосон болон гурвалсан хугарал, уушгины эдийн няцрал, шарх, цус хуралт, үнхэлцэг, зүрхэнд хатгагдсан шарх. Баруун бөөрөнд урагдсан шарх, өөхөн эдэд цус хуралт чацархай, сэмжинд цус хуралт, өвчүү ясны хугарал, баруун дунд чөмөгний хугарал, нүүр, цээж, хэвлий, баруун зүүн бугалга, шуу, баруун, зүүн гуя, шилбэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 5.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ." гэх дугнэлт /хх-ийн 40-43 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 05- ны өдрийн 116 дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Р.Н гийн цогцост баруун 3, 8, 9. 10 дугаар хавирга, зүүн 2, 3, 4, 6 дугаар хавирганы хугарал, баруун уушгины авчилт, цээжний баруун хөндийд 200 мл цус хуралдалт. Хэвлийн хөндийд 200 мл цус хуралдалт, чацархайн урагдал, цус хуралт, сэмжинд цус хуралт. Аарцаг ясны хугарал, нүүр, цээж, хэвлий, гуя, умдагт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Нас барах үедээ согтолтгүй байжээ. 5.Талийгаач нь хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ." гэх дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 3955 дугаартай шинжээчийн: “1. Б.Г -н биед баруун эгэм, 10,11,12,-р хавирганы сэлтэрсэн хугарал, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний баруун хөндийн цус хуралт, баруун мөрний үений мултрал, баруун бугалга, тохой, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт, баруун шилбэнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

“Дамно" ХХК-н 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Т22-92 дугаартай “Тоёото Приус маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр 7.612.800 төгрөг болно.” гэх дүгнэлт /хх-ийн 72-75 дугаар хуудас/

"Цагаан шонхорын жигүүр" НҮТББ-н гаргасан 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/55 дугаартай шинжээчийн "1.Тоёота Приус маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г  "Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мен дүрмийн 3.7а "тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Уг зам тээврийн осол, хэрэг болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. 3.Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 4.Нэмж тусгах санал үгүй." гэх дүгнэлт /хх- ийн 92-93 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /4-16/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрхи үйл баримт нэг мөр, ямар нэг эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн ханалттай тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Гомобдоржийн /Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно./  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангагдсан бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас Р.Н , Р.Д нарын хоёр хүний амь нас хохирсон нь шинжээчийн   140, 141 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул мөн зүйлийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн.” мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт  заасан “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.” гэж хуульчилсан хуулийн зүйл, хэсэгт буюу шүүгдэгч Б.Г ийн гэм буруутай үйлдэлд тохирсон, Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаас гадна мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт тооцохгүй.” гэж заасан байдаг.

 

Шүүгдэгч Б.Г  нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын 230/201 дэх тэмдгийн ертөнцийн зүгээр зүүн талд Тоёота Приус 20 маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэсэн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна.

 

Болгоомжгүй гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсныг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.Г  нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон нь шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Г  нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Г ийг Төв аймгийн Эрдэнэсант сумын Буянт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт замын 230/201 дэх тэмдгийн ертөнцийн зүгээр зүүн талд Тоёота Приус 20 маркийн 39-55 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" мөн дүрмийн 3.7а-д "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолооны дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно." гэсэн заалтыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийг замын хажуу руу онхолдуулж, зорчигч Р.Н , Р.Д нарын амь нас хохирсон нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан тул шүүх гэм буруутайд тооцов.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Б.Г ийн гэм буруутай үйлдлийн улмаас 2 хүний амь нас хохирсон бөгөөд амь хохирогч Р.Н гийн хууль ёсны төлөөлөгч түүний төрсөн эх Л.Ц ын шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон бөгөөд тэрээр шүүхэд “Б.Г ид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэх хүсэлтийг гаргасан.

Мөн амь хохирогч Р.Дашпэлжээгийн хууль ёсны төлөөлөгч Д.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэлээсээ татгалзсан” тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс тооцон гаргах гэм хорын хохирлын асуудал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас:Шүүгдэгч Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлт гаргасныг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс: “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлсөн байхыг шаарддаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг багасгаж 1 жил болгож өгнө үү. Б.Г  нь хувийн байдлын хувьд 6-9 насны 2 хүүхэдтэй, ээж болох хүн нь хүүхдээ хаяж явсан. Асрамж нь тодорхойгүй байгаа. Асрамж тогтоолгох талаар Сонгинохайрхан дүүргийн шүүхэд гомдол гаргасан  байгаа. Үүний дагуу асрамжийн талаар шийтгэх тогтоол дээр тусгаж өгнө үү. Гэм буруу дээр маргахгүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7.дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү.” гэх дүгнэлтийг,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б эс: “Хүүхдүүдийг нь бодож байна. Бага насны хүүхэдтэй гэж бодож нэг жилийн хорих ял оногдуулж өгнө үү.” гэх саналыг,

Шүүгдэгч Б.Г оос: “Миний буруу. Ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Б.Г  нь ам бүл 4, эх 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 26-р хороо 36-16 тоотод оршин суудаг /хх 101/, урьд ял шийтгэлгүй талаарх ял шалгах хуудас авагдсан, одоо 38 настай гэх баримт сэлт хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “ гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч  Б.Г  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Г ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан зүйл, хэсэг, заалтад хамаарагдаж байна.

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

Мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт ” энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах.” гэж тус тус хуульчлагджээ.

 

Эрүүгийн хуульд заасан “ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх” тухай ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, өөрийн үйлдлийн хор уршиг үр дагаварыг ухамсарласан гэмт этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийлэл гэж үздэг болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь заавал биелүүлэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн императив шинжтэй хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрхи хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаардаггүй болно.

       

Шүүгдэгч Б.Г ийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц аас гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн, хувийн байдлын хувьд төрсөн эх болон 2 хүүхдээ асран хамгаалж амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг шүүх харгалзан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаас доогуур ял буюу 1 /нэг/ жил 1 сарын хорих ял /ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял/ оногдуулж, оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар эрх хасах нэмэгдэл ялыг, хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,  биелэлтэд  хяналт  тавихыг  Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 2234004160372 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д овогт Б-н Г ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Г ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Г ид оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн 2234004160372 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б  нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц нь гомдол санал, нэхэмжлэх зүйл талаар тус тус дурдаж, шүүгдэгчээс гаргах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОТГОНЖАРГАЛ