Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/00823

 


 

 

2020 оны 04 сарын 03 өдөр                    Дугаар 183/ШШ2020/00823                            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч-  Н с и с о у х нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Б.А холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл, бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал, эрэн сурвалжуулахад гарсан зардал, баримт бичиг нотариатаар баталгаажуулсан зардал зэрэгт нийт 34.282.055,70 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Г.А, хариуцагч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, гэрч Д.П, М.Д, нарийн бичгийн дарга Т.Г нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч 2019-10-11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага Нүүдлийн соёл түүний дэлхийн соёл иргэншилд оруулсан хувь нэмрийн тухай мэдлэгийг хөгжүүлэх нүүдэлчдийн өвөрмөц аж төрөх хэв маягийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах шинжлэх ухааны салбар дундын болон интеграль судалгааны бааз суурийг бий болгож түүний үр дүнд эрдэмтдэд холбогдох салбарын судалгааны ажпаа урамшуулах боломж бүрдүүлэх зорилготой ажилладаг судалгааны байгууллага. Захиалагч нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай “Монголын нүүдэлчдийн уламжпалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь“ нэртэй суурь судалгааны төслийг 2016 оны 2-р сараас 2018 оны 12-р сард багтаан хийж гүйцэтгэхээр 2016.03.09-ны өдөр SSA/036/2016 тоот Суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.

Энэ гэрээний календарьчилсан төлөвлөгөөний дагуу Б.А нь Атлас бичилт 2016 оны 1-12 сард 20%-н бичилтийг эхлэн гүйцэтгэх, атлас бичилт 2017 оны 1-12 сард 60%-н бичилтийг хийсэн байх, 2017 оны 8-11 сарын хооронд хээрийн шинжилгээнд зүүн бүсэд мал, маллагааны уламжлалт аргын судалгааг хийх, 2018 оны 1-12 сард судалгааны Атласыг дуусгаж хүлээлгэн өгөхөөр төлөвлөгдсөн боловч атлас бичих бичилтийн болон судалгааны ажлын тайланг зохих ёсоор хүлээлгэн өгөөгүй, ажлыг хийж гүйцэтгээгүй болно.

Манай байгууллага нь “Монголын нүүдэлчдийн уламжпалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь“ нэртэй суурь судалгааны төслийн хүрээнд “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” нэртэй ном бичих зорилгоор номын 3-р бүлгийг бичүүлэхээр, Б.А нь уг ажлыг 2018.12-р сард дуусган хүлээлгэн өгөхөөр тохиролцож, 2018.01.16-ны өдөр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээг Б.Атай байгуулсан. Гэрээгээр тохиролцсон судалгааны “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” нэртэй номын 3-р бүлгийг зураг, хавсралтын хамт бичиж хугацаанд нь хүлээлгэн өгөх, дээрх ажлуудыг өнөөгийн судалгааны олон улсын түвшинд хийж гүйцэтгэх, бичсэн зүйлээ 1 хувь цаасанд принтэлж, бас файлаар үсгийн New Times New Roman фондоор бичиж жилд 2 удаа тайлан өгнө, гүйцэтгэсэн судалгааны ажил нь тоо хэмжээ, чанарын шаардлага хангахгүй тохиолдолд тодорхой хугацаанд гүйцээж, сайжруулж егөхөөр тус тус үүрэг хүлээсэн боловч уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 45 нүүр тайланг саяхан бусдаар дамжуулж өгсөн нь чанар, хэмжээний хувьд шаардлага хангахгүй, урьд нь гарсан зохиолоос авсан, хуулбарласан зүйлс байсан тул түүнийг 3 жилийн тайлан гэж тооцох бололцоогүй юм. Б.Аын бичих ёстой зүйлүүдийг бид бусадтай гэрээ хийж, хөлс төлөн бичүүлж, хүрээлэн давхар хохирч байна. Б.Ааас гүйцэтгэсэн судалгааны ажил чинь судалгааны шаардлага хангахгүй, тоо хэмжээ, чанарын шаардлага хангахгүй байна үүнийгээ сайжруулж өг гэхэд дургүйцэж, түүнийгээ сайжруулж өгөөгүй. 2016-2018 онд 3 жил “Монголын нүүдэлчдийн уламжпалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” 2016-2018 оны суурь судалгааны төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа буюу 2016 оны 1-р сараас 12-р сар хүртэл 10.183.865,85 төгрөг, 2017 оны 1-р сараас 12-р сар хүртэлх хугацаанд цалинд авсан 10.284.798,70 төгрөг, “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” нэртэй 20 хавтас ном бичих зорилгоор 2018-01-16-ны өдөр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээний дагуу 2018 оны 1-р сараас 12-р сар хүртэл 9.118.189,85 төгрөг, нийт 29.586.854,40 төгрөгийн цалинг авсан.

Хэдийгээр Б.А дээрх төслөөс цалин, томилолт авч бүтэн 3 жил ажилласан боловч, жилийн болон 3 жилийн нэгдсэн эрдэм шинжилгээний тайлан, бас томилолтын тайлан өгөөгүй. Зүй нь бол Б.А жил бүрийн тайланг хүрээлэнгийн захиргаа, эрдмийн зөвлөлд өгч хэлэлцүүлэн, үнэлэлт дүгнэлт гаргуулж ажиллах ёстой бөгөөд “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” суурь судалгааны жилийн болон 3 жилийн нэгдсэн тайланг хүлээлгэж өгөөгүй учир манай хүрээлэн санхүүжүүлэгчийн өмнө тайлангийн өрөнд орж, уг төслийг одоо болтол хүлээлгэн өгч чадахгүй чирэгдэж, хохирч байна. Мөн Б.Ат холбогдуулан иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад түүний оршин суух хаяг тодорхойгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Аыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, холбогдох баримт бичгийг ноториатаар батлуулахад 66.600 төгрөгийг ноториатад төлж нэмж хохирсон гэжээ /1-р хх-1-4/.

 

Хариуцагч Б.А 2019-12-20-нд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд Монгол улсын Боловсролын их сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгсөөд 2002-2009 онд Н с и с о у хд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилласан. Тус хүрээлэнд ажиллах хугацаанд буюу 2003-2005 онд Монгол улсын Боловсролын их сургуулийн магистрантурт суралцаж археологийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. 2009-2015 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд суралцаж түүхийн тусгай салбар ухааны доктор зэрэг хамгаалсан. Н с и с о у хгийн захирлын 2016-01-29-ний өдрийн 02 тоот тушаалаар эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдож, мөн захирлын 2019-01-28-ны өдрийн 02 тоот тушаалаар эрдэм шинжилгээний ажилтнаас 2018-12-31-ний өдрөөс чөлөөлөгдсөн. Тус хүрээлэнд ажиллах хугацаандаа тус хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн дарга, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, профессор А.Очирын эрдэм шинжилгээний удирдлага дор 2004-2008 онд Монгол-ОХУ-ын хамтарсан '‘Чинтолгой төсөл”-д судлаач, 2007 онд Монгол-ОХУ-ын хамтарсан “Хүннүгийн хот суурины судалгаа төсөл”-д судлаачаар, 2005-2017 онд Монгол-БНХАУ-ын хамтарсан “Монгол улсын хилийн доторх нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа төсөл-1”, “Монгол улсын хилийн доторх нүүдэл иргэншлийн талаарх археологийн хайгуул, малтлага судалгаа төсөл-II”-д тус тус судлаач, талбайн ахлах судлаачаар ажиллаж монгол нутаг дахь нүүдэлчдийн археологийн дурсгалыг судлах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ажилд оролцож явсан.

Н с и с о у хд ажилласан дээрх хугацаандаа би зөвхөн археологийн судалгааны ажлыг хийж, сар бүр 828.926,35 төгрөгийн цалин авч байсан. Өөрөөр хэлбэл тус хүрээлэнгээс өгсөн томилолтын дагуу археологийн хээрийн судалгаанд оролцож, үр дүнгээр нь судалгааны ажлын тайлан боловсруулж бичих, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлэх, эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх, эмхэтгэл бүтээлд оролцох зэрэг эрдэм шинжилгээний ажилтны хийх ёстой үүрэгт ажлыг хийж, цалингаа авч байсан.

Миний оролцсон Монгол-Хятадын хамтарсан судалгаа ихэвчлэн жил бүрийн зун 6-аас 9-р сарын эхэн хүртэл хээрийн судалгаа хийж 9-р сарын сүүлээс дараа оны 2 сар хүртэл хээрийн судалгааны тайланг боловсруулан бичиж, 2-6-р сар хүртэл тус ажлын талаар судалгааны өгүүлэл бичих, эрдэм шинжилгээний хуралд оролцож үр дүнг нийтлэх, олдвор хэрэглэгдхүүнийг судалгааны эргэлтэд оруулах зэрэг гасралтгүй ажил үргэлжилдэг байсан. Нэхэмжлэлд намайг 2017 оны 8-11 сард Зүүн бүсэд мал маллагааны уламжлалт аргыг судлан орон нутагт томилолтоор ажиллах, ажлын тайланг хүлээлгэн өгөөгүй, ажлыг хийж гүйцэтгээгүй гэжээ. Гэвч нэхэмжлэлд дурдсан хугацаанд буюу 2017 оны 7-9 сард миний бие хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан А.Очирын удирдсан Монгол-Хятадын хамтарсан археологийн хээрийн шинжилгээний ангид оролцож Архангай аймгийн нутагт ажилласан. Хээрийн судалгаа дууссаны дараа буюу 9-р сараас 2018 оны 2-р сар хүртэл тус хээрийн шинжилгээний ажлын тайланг тус хүрээлэн дэх ажлын өрөөндөө бичиж байсан билээ. Өөрөөр хэлбэл, надад хүрээлэнгийн зүгээс “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” төслийн томилолт өгч зүүн бүсийн нутагт томилж явуулаагүй, би ч энэ тухай мэдээгүй болно.

Би “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” номын 3-р бүлгийг 2018 ондоо хүлээлгэн өгч чадаагүй, 2019 оны хавар бэлэн болгож хүрээлэнгийн ажилтан М.Наранчимэгээр дамжуулан өгсөн. Миний гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангахгүй гэж хугацаа зааж буцаагаагүй. Харин миний хийсэн ажлыг тус хүрээлэнгийн ажилтан М.Дорждагвад өгч сайжруулж авсан байсан бөгөөд гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар надад ажлын хөлс 2.490.000 төгрөг олгоогүй. Миний бие хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны хувьд хүрээлэнгийн удирдлагаас өгсөн үүрэг, даалгавруудыг гүйцэтгэж, хийсэн ажлынхаа цалинг сар, сард нь авч ирсэн бөгөөд дээрх хоёр гэрээний дагуу ямар ч ажлын хөлс аваагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ /1-р хх-83-86/.

 

Нэхэмжлэгч 2020-03-09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлэхдээ: Манай байгууллага нь Б.Ат холбогдуулан гаргасан шаардлагаа 2016.03.29-ний суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх SSA-036/2016 тоот гэрээгээр Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь" нэртэй суурь судалгааны төслийн хүрээнд уг гэрээний хавсралт 2-т заасан ажлыг хэрэгжүүлэх судалгааны ажилд Б.А нь 2016-2018 онд 3 жил "Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь" суурь судалгааны төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 01-12-р сарын ажлын хөлс 10.183.865,85 төгрөг, 2017-06-22-нд Хөх хотод болох олон улсын уулзалтад оролцохоор явахдаа томилолтын зардалд авсан 3.280.000 төгрөг, 2018-01-16-ны өдөр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээний Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас" нэртэй /20 хх/ ном бичих зорилгоор 2018 оны 1-12-р сар хүртэл авсан ажлын хөлс 9.118.189,85 төгрөг, Монголын нүүдэлчдийн уламжпалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь" нэртэй суурь судалгааны төслийн тайлангаа цаг хугаандаа өгч чадахгүйд хүрсэн учир уг суурь судалгааны төслийн үр дүнгийн даалгаврыг гүйцээж бичүүлэх зорилгоор М.Дорждагватай байгуулсан бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээг байгуулж, ажлын хөлсөнд төлсөн 3.500.000 төгрөг, Н.Хатанбаатартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж төлсөн 5.600.000 төгрөг, Б.Долоонжинтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын хөлсөнд төлсөн 2.600.000 төгрөг, Б.Аын оршин суух хаяг тодорхойгүй байсан тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулахад төлсөн 70.200 төгрөг, холбогдох бичгийг ноториатаар батлуулахад төлсөн 66.600 төгрөг, нийт 34.282.055,70 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ /1-р хх-210-215/.

 

Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч миний гаргасан хүсэлтийн дагуу 2016, 2017, 2018 онд Н с и с о у хтэй хамтарсан археологийн судалгааны үр дүнд гаргасан бүтээлд шүүх үзлэг хийсэн. Нэхэмжлэгч үзлэгт ирэхдээ шүүхийн шаардсан материалын заримыг зориуд орхисон, авчраагүй, 2016 оны тайлангийн төгсгөлд хүрээлэнгийн томилолт, археологийн судалгаа хийх зөвшөөрлийг шүүхэд авч ирэхээсээ өмнө зориуд сугалж авсан бололтой. 2018 оны хамтарсан судалгаанд Монголын талаас миний бие уг хүрээлэнд ажиллаж байхдаа төслийн удирдагчаар, Н с и с о у х, Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, БНХАУ-ын Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэн хамтарсан судалгааны гэрээ байгуулж оролцсон юм. Гэрээний нэг хувь Н с и с о у хд бий. Эрх бүхий байгууллагаас 2018 оны судалгааг явуулах зөвшөөрлийг Н с и с о у хд олгосон бөгөөд бид судалгааны тайланг бичиж Н с и с о у х, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн. Тайлангийн Н с и с о у хгээс Б.Аыг томилсон тухай хавсралт бий. Археологийн судалгаа хийх томилолтод аймаг, сум, газрын нэр, хугацаа, бүрэлдэхүүн зэргийг заавал бичиж, очсон газрын нутгийн удирдлагад зорилгоо танилцуулж, зөвшөөрлөө үзүүлэн томилолтоо бөглүүлдэг тул маш чухал шаардлагатай бичиг баримт юм. Нэхэмжлэлгч талаас “2016, 2018 онд томилолтгүй явсан, бид мэдээгүй” гэх мэтээр гүтгэх нь хэтэрхий бүдүүлэг явдал юм. Энэ хамтарсан археологийн судалгааны 2016, 2017 он Монголын талын тайлангийн 90 хувийг би бичсэн. Харин 2018 оны тайлангийн 60 хувийн бичилтийг  би гүйцэтгэсэн. Хамтарсан судалгааны хээрийн шинжилгээ явагдаж буй төслөөс цалин олгодог. Харин археологийн судалгааны эрдэм шинжилгээний тайлан боловсруулж бичих, өгүүлэл, ном зохиол, илтгэл бичих зэрэг ажилд хамтарсан төслөөс цалин олгогддоггүй. Тиймээс археологийн хээрийн судалгаанаас гадна түүний үр дүнг гаргах ажилд ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардсан ажлын хөлсөнд хүрээлэнгээс олгодог цалинг авч байсан. 2017 оны 6-р сарын 22-нд Хөх хотод болсон олон улсын уулзалтад оролцохоор явсан тухайд тухайн үеийн хүрээлэнгийн захирал Д.Пүрэвжав намайг дуудаж хөх хотод уулзалтад оролцохоор явах болсон учир төслийн мөнгө гарч ирээгүй нягтлангаас тодруулахад манай хүрээлэнгийн хүмүүсээс чамаас бусад нь цалингийн зээлтэй байна. Чи 3.500.000 төгрөгийн зээл авч туслах уу? Чи л хүрээлэндээ нэг удаа тусалж үз” гэж, мөн “Хөх хот руу явахад хэл, газар мэдэхээр нь чамайг бас хамт авч явна энэ тооцоогоор зардлын төсөв хийгээд нягтланд өгөөрэй” гээд бичиж өгсний дагуу би цалингийн зээл авч, тэр мөнгөөр Хөх хотод 5 сарын 24-26 хүртэл 3 хонохдоо ажил хэргийн холбоотой гэж хэд хэдэн хүнтэй уулзсан. Миний санаж байгаагаар, энэ удаагийн уулзалтын нэг үр дүнд тус хүрээлэнгийн судлаач профессор А.Очир Эрээн хотод болсон Цайны замын олон улсын хуралд оролцсон. Намайг Хөх хот руу талаар тайлан бичих үүрэг огт өгөөгүй. 7-р сард миний Хаан банкны дансанд хүрээлэнгээс дээрх цалингийн зээл төлөхөд зориулсан 3.280.000 төгрөг орсон. Гэвч үндсэн зээлийн 3.500.000 төгрөгийг би 2019 оны 5 сар хүртэл буюу банктай хийсэн гэрээний хугацаанд төлж дуусгасан. Хөх хот руу явсан зардлын баримтыг талийгаач захирал бүрдүүлж авсан гэдгийг баттай санаж байна. Энэ явсан ажлын талаар санхүү, эрдмийн зөвлөлд “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” төслийн удирдагч талийгаач захирал тайлагнасан эсэхийг би мэдэхгүй тул нэхэмжилсэн 3 280 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Н с и с о у хд 2016, 2017, 2018 онд ажиллаж байх үеийн цалин болон Хөх хотод захирлын хамт явсан томилолтын зардалыг миний бие эргүүлэн төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ /2-р хх-29-30/.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь

 

Зохигчдын хооронд тодорхой эрх, үүргийг үүсгэсэн, энэхүү шаардах эрх, хүлээх үүргийн агуулгыг тодорхойлсон, шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болж буй харилцаа нь маргаантай эрх зүйн харилцаа гэж үзэх бөгөөд аливаа нэхэмжлэлийн шаардлага тодорхой үндэслэлтэй байдаг ба энэхүү үндэслэл нь маргаантай харилцааг тодорхойлох учиртай.

 

Тиймээс нэхэмжлэгч тал хариуцагчийг Н с и с о у хд ажиллаж байхдаа Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны захиалгатай, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй, суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний дагуу 2016 онд авсан цалинд 10.183.865,85 төгрөг, 2018 онд авсан цалинд 9.118.189,85 төгрөг, 2017 онд Хөх хот явсан томилолтын зардалд 3.280.000 төгрөг, хариуцагчийн хийх ажлыг бусдаар гүйцэтгүүлж М.Дорждагвад төлсөн ажлын хөлс 3.500.000 төгрөг, Н.Хатанбаатарт төлсөн ажлын хөлс 5.600.000 төгрөг, Б.Долоонжинд төлсөн ажлын хөлс 2.600.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандахад төлсөн 70.200 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулахад гарсан зардалд 66.600 төгрөг зэргийг хариуцагч Б.Ааас гаргуулна гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлон тайлбарласан.

 

Дээрх шаардлагын нийлбэр дүн нь 34.418.855,7 төгрөг байх боловч нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд 34.282.055,70 төгрөгийн шаардлагаа дэмжсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжсэн шаардлага 34.282.055,70 төгрөгийн хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч “Н с и с о у х” нь төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар байх бөгөөд /1-р хх-93/ Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019-04-23-ны өдрийн Б/14 тоот тушаалаар тус хүрээлэнгийн захиралын үүрэг гүйцэтгэгчээр А.Очирыг томилсон байна /1-р хх-7/.

Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан, ажиллах хугацаандаа хөх хотод сургалтад хамрагдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Хариуцагч тал ...хөдөлмөрийн харилцааны үндсэн дээр ажиллаж цалингаа авч байсан бөгөөд төсөл хөтөлбөрт ажилласнаар нэмэлт хөлс өгдөггүй, 2018-01-16-ны өдөр байгуулсан бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээнд Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас нэртэй номны 3-р бүлгийг бичихээр тохирсон боловч уг ном хэвлэгдээгүй буюу гараагүй, ажлын хөлсөнд 2.490.000 төгрөг аваагүй, М.Дорждагва, Б.Долоонжин, Н.Хатанбаатар нараар гүйцэтгүүлсэн гэх ажил нь уг номны ажил мөн болох нь Б.А тухайн сэдвээр бүтээл бичихээр үүрэг хүлээсэн болох нь тодорхойгүй, хариуцагчтай байгуулсан гэрээнд ажлын хөлсийг 2.490.000 төгрөг гэсэн атлаа бусадтай байгуулсан гэрээний нийлбэр дүн 11.700.000 төгрөг болж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй. Хариуцагчийг ажилд авахдаа хөдөлмөрийн хуулийн дагуу эрдэм шинжилгээний ажилтнаар ажилд авсан, цалингийн шатлалыг төрийн үйлчилгээний ТҮШУ гэж тогтоосон, ажлаас чөлөөлсөн тушаалд холбогдох тооцоо хийхийг нягтлан бодогчид үүрэг болгосон байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан 3 сарын хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Аыг Н с и с о у хгийн захиралын 2016-01-29-ний өдрийн 02 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-г үндэслэн 2016-01-01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, эрдэм шинжилгээний ажилтанаар томилсон /1-р хх-67, 174/ байх боловч хүрээлэнгийн захиралын 2019-01-04-ний өдрийн Б/01 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 болон хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлын 2018-12-14-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Б.Аыг 2018-12-31-ний өдрөөр ажлаас чөлөөлсөн байна /1-р хх-175/.

 

Нэхэмжлэгч байгууллагын ажилтан Б.Аыг ажилд авсан Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан зохицуулалт нь “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан зохицуулалт нь “18 насанд хүрээгүй ажилтны цалин хөлсийг цагаар, эсхүл хийснээр нь бодож, ажлын өдрийн хорогдуулсан цагт нь ногдох үндсэн цалинг нэмж олгоно” гэх зохицуулалтыг тус тус үндэслэл болгосон байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааралтай тул ажил олгогчийн тушаалын үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалтад нийцсэн байх учиртай.

 

Нэхэмжлэгч байгууллага 4 орон тоотой үүнд “эрдэм шинжилгээний ажилтан”-ны ажлын байр байхгүй, хариуцагч Б.А нь үндсэн ажилтан биш, төслийн мөнгөөр цалинжиж байсан гэж тайлбарлаж байх боловч аль ажлын байр үндсэн буюу байнгын ажлын байр, аль нь гэрээтээр ажиллах түр ажлын байр болохыг нотолсон баримтыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр”-нд ажиллаж буй ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ нь ажилтантай тохиролцсоноос бусад тохиолдолд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар хугацаагүй байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т “...улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор тус тус заасан.

 

Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2 дахь хэсгийн заалт нь ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах нөхцөлийг зохицуулсан боловч ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан.

 

Тиймээс мөн хуулийн 24.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Аыг эрдэм шинжилгээний ажилтанаар ажилд томилсон тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан гаргасан атлаа түүнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул түүнээс ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.

 

Иймд хөдөлмөрийн гэрээ байгуулан эрдэм шинжилгээний ажилтанаар томилсон талаарх тушаалыг гаргасан байх боловч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасан 18 насанд хүрээгүй ажилтаны цалин хөлсийг бодож олгох зохицуулалтыг баримтлан 1978 онд төрсөн Б.Аыг ажлаас чөлөөлсөн, ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байх тул энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд нь ажилтан буруугүй болно.

 

Харин нэхэмжлэгч байгууллага нь иргэн М.Дорждагватай бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээг 2019-06-01-ний өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр /1-р хх- 66, 233/ байгуулсан,

иргэн Б.Долоонжин, Н.Хатанбаатар нарыг 2019-05-22-ны өдрийн Б/07 тоот тушаалаар төслийн гэрээт ажилтанаар ажилд томилж, сарын 750.000 төгрөгөөр цалинжуулахаар томилсон /1-р хх-98/ атлаа Б.Долоонжинтэй 2019-05-14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ /1-р хх-61-62, 234-235/, Н.Хатанбаатартай 2019-05-14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг /1-р хх-63-64, 236-237/ тус тус байгуулсан байна.

 

Гэтэл хариуцагч Б.Атай 2017-01-16-ны өдөр байгуулсан бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээнд нэг талаас НСИСОУХ, нөгөө талаас Б.А гэж, гүйцэтгэгчийн эрх, үүрэг хэсэгт “Монгол нутаг дахь эртний уйгурчуудын археологийн дурсгалууд” нэртэй номын 4-р бүлгийг бичнэ гэж /1-р хх-14/,

2018-01-16-ны өдөр байгуулсан бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээнд нэг талаас НСИСОУХ, нөгөө талаас Б.А нар гэж, гүйцэтгэгчийн эрх, үүрэг хэсэгт “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” нэртэй номын 3-р бүлгийг бичнэ гэж /1-р хх-13/ гэрээний талууд тохирсон байна.

 

Дээрх гэрээгээр тохирсон “Монгол нутаг дахь эртний уйгурчуудын археологийн дурсгалууд” нэртэй ном бүтээл 2019 онд гарсан болох нь, зохиогч нь А.Очир, Ц.Одбаатар, Л.Эрдэнэболд, Б.А гэсэн нэр бичигдсэн болох нь 2020-02-28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож /1-р хх-198-199, 102/ байх бөгөөд “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” нэртэй ном бүтээл гарсан эсэх нь тодорхойгүй энэ талаарх баримтыг талууд нотлох баримтаар гаргаагүй болно.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны захиалгатай, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй, “суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх санхүүжүүлэх 2016-03-29-ний өдрийн SSA-036/2016 дугаартай гэрээ”-ний /1-р хх-15-17/ хоёрдугаар хавсралтад заагдсан 2016 онд бүх гишүүд атлас бичилт 20 хувийн бичилтийг эхлэн гүйцэтгэнэ гэж, 2017 онд бүх гишүүд атлас бичилт 60 хувийн бичилт хийнэ, Б.А, П.Чүлтэмсүрэн, М.Дорждагва нар зүүн бүсэд мал маллагааны уламжлалт аргын судалгааг хийнэ гэж, 2018 онд атлас бичилт бүх гишүүд атласыг дуусгаж, редакторлан хэвлэж захиалагчид хүлээлгэн өгнө гэж төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө /1-р хх-19/ батлагдсан байх бөгөөд уг төлөвлөгөөнд тусгасан ажлыг хариуцагч Б.А хийгээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж, шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч хариуцагч уг төлөвлөгөөнд дурдсан ажлыг ганцаар гүйцэтгэх үүрэг хүлээсэн болох нь, атлас бичилт нь уг гэрээний үр дүн болсон нь тодорхойгүй буюу атлас бичигдэж хэвлэгдэж бодитоор бий болсон эсэх нь мөн тодорхойгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан НСИСОУХ-ийн эрдмийн зөвлөлийн тайлан эцэслэх 2019-12-23-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” суурь судалгааны төслийг хүлээн авсан /1-р хх-222/ байх боловч М.Дорждагваар гүйцэтгүүлсэн “малын тоног хэрэгсэл бэлтгэх, уламжлалт арга, малаас гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт арга” нэртэй бүлэг 1-р хх-233/,

Б.Долоонжинтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгүүлсэн “монголын бүс нутгуудын уламжлалт бэлчээр ашиглалт, тэдгээрийн ялгаа, өөр өөр байгаагийн учир шалтгаан, уламжлалт бэлчээр ашиглалтанд сүүлийн үед гарч байгаа өөрчлөлт, цаашдын хандлага, монголчуудын мал маллагааны уламжлалт технологи түүний бүс нутгууд дахь ялгаа, учир шалтгаан, уламжлалт нүүдлэлт, түүнд гарч буй өөрчлөлт, цаашдын хандлага, тогтвортой хөгжил ба мал аж ахуй” нэртэй бүлэг /1-р хх-234/,

Н.Хатанбаатартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгүүлсэн “бэлчээр ашиглах уламжлалт арга, малд тарга хүч авахуулах нь, мал маллагааны уламжлалт хандлага, түүнд гарч буй шинэ хандлага, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох монголчуудын уламжлалт мэдлэг, дөрвөн улирлын нүүдэл, өөрчлөлт, бэлчээрийг хамгаалж, нөхөн сэргээх нүүдэлчдийн уламжлалт мэдлэг” нэртэй бүлэг /1-р хх-236/ буюу эдгээр бүтээлүүд нь дээрх “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” суурь судалгааны төсөлд орсон эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримтаа нэхэмжлэгч нотлох баримтаар шүүхэд гаргаагүй.

 

Түүнчлэн хариуцагч Б.Атай 2017-01-16-ны өдөр байгуулсан гэрээнд “Монгол нутаг дахь эртний уйгурчуудын археологийн дурсгалууд” нэртэй номын 4-р бүлэг гэж, 2018-01-16-ны өдөр байгуулсан гэрээнд “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийн атлас” нэртэй номын 3-р бүлэг гэж тусгасан байх бөгөөд дээрх М.Дорждагва, Б.Долоонжин, Н.Хатанбаатар нараар гүйцэтгүүлсэн бүтээл нь дээрх гэрээнд тусгагдсан бүтээл мөн болох нь,

2019-12-23-ны өдөр хүлээн авсан “Монголын нүүдэлчдийн уламжлалт мэдлэгийг бүс нутгийн түвшинд харьцуулан судлах нь” суурь судалгааны төсөлд хариуцагч Б.Атай 2018-01-16-ны өдөр байгуулсан гэрээний 3-р бүлэг байгаа эсэх, уг 3-р бүлэгт нь М.Дорждагвын бичсэн “малын тоног хэрэгсэл бэлтгэх, уламжлалт арга, малаас гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт арга” нэртэй бүлэг, Б.Долоонжингийн бичсэн “монголын бүс нутгуудын уламжлалт бэлчээр ашиглалт, тэдгээрийн ялгаа, өөр өөр байгаагийн учир шалтгаан, уламжлалт бэлчээр ашиглалтанд сүүлийн үед гарч байгаа өөрчлөлт, цаашдын хандлага, монголчуудын мал маллагааны уламжлалт технологи түүний бүс нутгууд дахь ялгаа, учир шалтгаан, уламжлалт нүүдлэлт, түүнд гарч буй өөрчлөлт, цаашдын хандлага, тогтвортой хөгжил ба мал аж ахуй” нэртэй бүлэг, Н.Хатанбаатарын бичсэн “бэлчээр ашиглах уламжлалт арга, малд тарга хүч авахуулах нь, мал маллагааны уламжлалт хандлага, түүнд гарч буй шинэ хандлага, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох монголчуудын уламжлалт мэдлэг, дөрвөн улирлын нүүдэл, өөрчлөлт, бэлчээрийг хамгаалж, нөхөн сэргээх нүүдэлчдийн уламжлалт мэдлэг” нэртэй бүлэг орсон буюу дээрх төсөлд хамаарч байгаа эсэх нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч “суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх санхүүжүүлэх 2016-03-29-ний өдрийн SSA-036/2016 дугаартай гэрээ”-ний хоёрдугаар хавсралтын дагуу Б.А нь 8-11-р сард зүүн бүсэд мал маллаагын уламжлалт аргын судалгааг хийхээр байсан ч яваагүй гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт явуулсан археологийн судалгааны 2018 оны ажлын тайлангийн хавсралт 3-т Б.А удирдагчтай судалгаа хийх зөвшөөрлийг 2018-05-11-ний өдөр олгож, зөвшөөрлийн хугацааг 2018-07-01-ний өдрөөс 2018-09-01-ний өдөр гэж, ажилласан газрын тэмдэглэлд галуут 2018-07-10-нд очсон, 2018-08-25-нд буцсан талаарх тэмдэглэл хийгдсэн /1-р хх-249, 250/ байх бөгөөд дээрх гэрээний дагуу орж ирсэн санхүүжилтийн мөнгөөр хариуцагч Б.Аыг цалинжуулсан гэж шаардлагын үндэслэлээ тайлбарласан боловч уг төслийн захиалагч нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яам, санхүүжүүлэгч нь Шинжлэх ухаан технологийн сан байх бөгөөд уг сантай гүйцэтгэсэн ажлын талаар болон санхүүжилтийн зарцуулалтын талаар тооцоо нийлсэн болох нь тухайн санхүүжүүлэгч байгууллагыг төлөөлөн түүний мөнгийг бусдаас шаардах эрхтэй болох нь мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээна” гэж заасан бөгөөд уг гэрээний онцлог нь гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэх, захиалагч ажлын гүйцэтгэлийн үр дүнг хүлээн авснаар хөлс төлөх үүрэг байдаг тул ажил гүйцэтгэх үйл ажиллагаа бус харин түүний үр дүн нь чухал байдаг.

 

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн гарах, хөлс нь тухайн үр дүн гарах өртөг тул ажлын үр дүн нь захиалагчийн өмч болдог тул гэрээнд оролцогч талууд гүйцэтгэх ажлын хугацаа, ажлын хөлс төлөх арга, журам хугацааг гэрээгээр тохирсон байхад гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгчийн үүрэг байдаг онцлогтой.

 

Гэтэл хариуцагч Б.Аыг хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гэж ажилд авсан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан гаргасан байхад иргэн Б.Долоонжин, Н.Хатанбаатар нарыг 2019-05-22-ны өдрийн Б/07 тоот тушаалаар төслийн гэрээт ажилтанаар ажилд томилж, сарын 750.000 төгрөгөөр цалинжуулахаар тушаал гаргасан атлаа Б.Долоонжинтэй 2019-05-14-ний өдөр хөдөлмөрийн гэрээ, Н.Хатанбаатартай 2019-05-14-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, М.Дорждагватай бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний гэрээг 2019-06-01-ний өдөр байгуулсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Пүрэвжав, хариуцагч Б.А нар 2017 оны 5-р сард Хөх хотод болох цайны замын олон улсын хуралд оролцсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд эрдэм шинжилгээний албан томилолтыг захирал Д.Пүрэвжав бичсэн /1-р хх-184/, төсвийг мөн захирал Д.Пүрэвжав баталж, тооцоог нягтлан бодогч Д.Пүрэвдулам хянасан /1-р хх-185/ байх бөгөөд хариуцагчийн хаан банкны дансанд 3.280.000 төгрөгийг “томилолтын зардал” гэж нэхэмжлэгч байгууллагын төлбөрийн хүсэлтээр шилжүүлсэн /1-р хх-186/ байна.

 

Н с и с о у хгийн ажилтан гадаад болон дотоодод томилолтоор ажилласан тохиолдолд томилолтын ажлын тайлан гаргаснаар томилолтын зардал олгохоор хөдөлмөрийн дотоод журам эсхүл хөдөлмөрийн гэрээгээр тохирсон эсэх нь тодорхойгүй, энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” оролцоно.

 

Хариуцагч Б.Аыг нэхэмжлэгч буюу ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг баримтлан ажлаас чөлөөлсөн тушаалыг 2019-01-04-ний өдөр гарснаар ажил олгогч нь ажилтанд өгсөн цалин, томилолтын зардал, ажилтаны хийх ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардал зэргийг шаардсан шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д заасан шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаанд хамаарах бөгөөд уг хуулийн 128.1.3-т ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн шаардах эрх нь хөөн хэлэлцэх хугацаатай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргахаар заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажилтан ажлаас гарснаар түүнд 2016, 2018 онд олгосон цалин, 2017 онд олгосон томилолтын зардал, 2019 оны 5, 6 дугаар сард бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардлын талаар гурван сарын дотор шаардлагаа гаргах эрхтэй байжээ.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж зохицуулсан бөгөөд хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан ба хөдөлмөрийн маргааны талаар шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар зохицуулсан гэж үзнэ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно” гэж, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан ...үеэс үүснэ” гэж заасан ба нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй буюу ажил олгогч ажилтаны хоорондох хөдөлмөрийн харилцаа ажлаас чөлөөлсөн Б/01 тоот тушаал 2019-01-04-ний өдөр гарснаар дуусгавар болсон байхад энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2019-10-11-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Зохигчдын тайлбар өөрөө нотлох баримт болох хэдий ч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал үгүйсгэж байгаа тохиолдолд үндэслэлээ нотлох үүрэгтэй тул хуулиар тогтоосон хугацаанд өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд хандах боломжгүй байсан хүндэтгэн үзэх шалтгаантай байдлын талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд нотлох баримтаар гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Тиймээс хариуцагч Б.А нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээсэн болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул түүний эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад гарсан 70.200 төгрөгийн зардлыг, нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлохоор гаргасан баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангах үүргээ биелүүлсэнтэй холбогдон гарсан зардлыг Б.А мөн хариуцах үндэслэлгүй байна.

 

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн ба нэхэмжлэгч байгууллагын өмнө хариуцагч Б.А үүрэг хүлээсэн болох нь, нэхэмжлэгч байгууллагын бусдын өмнө  гүйцэтгэсэн ажлын санхүүжилтын үүргийг хариуцах үүрэгтэй болох нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Дорждагва нь нэхэмжлэгч байгууллагад судлаач, эрдэм шинжилгээний ажилтанаар ажилладаг бөгөөд мал, маллагаа уламжлалт арга, малаас гарах бүтээгдэхүүн үйлдвэрлэх уламжлалт аргын хүрээнд судалгаа хийдэг бөгөөд судалгааны бэлэн материал байсан тул гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэж өгсөн, ажлын хөлс авсан талаар, гэрч Д.Пүрэвдулам нь тухайн байгууллага батлагдсан 4 орон тоотой, хариуцагч Б.А нь ТҮШУ зэрэглэлээр цалинжиж байсан талаар, хөх хот руу томилолтоор явсан зардлыг шилжүүлсэн болон томилолтын зардал авсан боловч тайлангаа өгөөгүй тул томилолтын зардал шаардсан нэхэмжлэл гаргасан талаар тус тус мэдүүлсэн /2-р хх шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2019-10-11-ний өдөр төлсөн 307.000 төгрөг, 2020-03-10-нд хоёр баримтаар төлсөн 100.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б.А-аас Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны захиалгатай, Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилттэй, суурь судалгааны төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээний дагуу 2016 онд авсан цалинд 10.183.865,85 төгрөг, 2018 онд авсан цалинд 9.118.189,85 төгрөг, 2017 онд Хөх хот явсан томилолтын зардалд 3.280.000 төгрөг, хариуцагчийн хийх ажлыг бусдаар гүйцэтгүүлж М.Д төлсөн ажлын хөлс 3.500.000 төгрөг, Н.Х төлсөн ажлын хөлс 5.600.000 төгрөг, Б.Долоонжинд төлсөн ажлын хөлс 2.600.000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандахад төлсөн 70.200 төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулахад гарсан зардалд 66.600 төгрөг зэрэгт нийт 34.282.055,70 төгрөг гаргуулахыг хүссэн Н с и с о у х УТҮГ/2512807/-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 407.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                       Д.ЯНЖИН