Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2026/0016

 

 

 

 

“Дхш” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бэ, хариуцагч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бс

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: “Дхш” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Татварын газар, Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Ц, Ч.Мс, Б.Хб

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах, Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах, 2023 оны “Дхш” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх.

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аз, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бб, хариуцагч М.Ц, Б.Хб, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бс,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул

Хэргийн индекс: 119/2025/0007/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаар шийдвэрээр:

“Татварын Ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.1, 30.2.2, 30.2.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.6, 22.5.10, 22.5.10.а-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Дхш” ХХК-ийн Орхон аймгийн Татварын газарт холбогдуулан гаргасан “2023 оны “Дхш” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”, “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй. гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Давж заалдах гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Бэ дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

"Дхш" ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр №02 Орхон аймгийн Татварын газрын улсын байцаагч Ч.Мс, М.Ц нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох нэхэмжлэл, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр №21 нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, хамтран хариуцагч татах тухай хүсэлтийг Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

2.2.Татварын хяналт шалгалтаар нийт орлогоос чөлөөлөгдөх орлогыг хасаж тооцсон бөгөөд А1001 зам дагуу Эрдэнэт хотын хаалганы орчимд ногоон зурвас байгуулах талбайн 540 м хашаа барих 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж эхэлснээр нэмэгдсэн өртгийн албан суутган төлөгчийн болзол хангасан гэж үзэж байгаа юм.

"Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална", 8.3-т "Энэ хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батална", мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. Дараах барааг албан татвараас чөлөөлнө. 13.1.15. газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;" гэж тус тус зохицуулсан байна. Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын хамтарсан 2018 оны 12-р сарын 31-ний өдрийн 319 / А/160 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолтыг баталсан. 021, 0210 Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: ургуулсан тарьц, суулгацыг арчлах, услах, зэрлэг ургамлыг устгах үйл ажиллагаа, гуалин бэлтгэх зориулалттай мод тарих үйл ажиллагаа: суулгах, дахин суулгах, шилжүүлэн суулгах, зүсэх, ой хамгаалах, ойн зурвас байгуулах үйл ажиллагаа, зулзаган ой, жимсний төгөл, эх ургамлын төгөл тарих үйл ажиллагаа, навчит болон шилмүүст ойн үржүүлгийн үйл ажиллагаа Энэ хууль зүйн үндэслэлээр манайх хашаа болон өвс хадах ажил НӨАТ-чөлөөлөгдөх боломжтой борлуулалт гэж үзэж байгаа. Бүх салбарын ангиллын жагсаалт дээр "суулгацыг арчлах" гэж байгаа бөгөөд үүнд нь чөлөөлөгдөж болохгүй гээд байгаа хашаа, өвс хадах үйл ажиллагаа орно. Энэ нь тусдаа орлого олж байгаа хэлбэр биш манай үндсэн үйл ажиллагааны цогц шууд хамааралтай хэлбэр юм. Хуулийг үгчлэн тайлбарлаж дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зөвхөн үгчлэн тайлбар хийх нь хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, хууль тайлбарлах зарчимд харшилсан шийдвэр болно гэж үзэж байна. Иймд суулгацыг арчлах хашааны зардлыг НӨАТ-с чөлөөлж өгнө үү.

2.3.Татварын хяналт шалгалт нийтдээ 4 удаа сунгалт хийгдсэн.

1. 2024 оны 4-р сарын 25-аас 5-р сарын 15 хүртэл

2. 2024 оны 5-р сарын 15-аас 05- сарын 29 хүртэл

3. 2024 оны 5-р сарын 28-аас 6-р сарын 27 хүртэл

4. 2024 оны 6-р сарын 25-аас 9-р сарын 27 хүртэл

Хяналт шалгалт хийх явцад хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч талаас мэдүүлэг авч /мэдүүлэг хавтас хэрэгт хавсрагдсан байгаа/ урьдчилсан байдлаар акт танилцуулсан үүний дараа хяналт шалгалтыг 2 удаа сунгасан /2025.05.28-06.27, 2025.06.25-09.27 / боловч нэмэлт зөрчил илрүүлээгүй, идэвхтэй хяналт шалгалт явагдаагүй мөн энэ хугацаанд хяналт шалгалтын байцаагч нар ээлжийн амралтаа авсан. Дээрхээс харахад хяналт шалгалтын хугацааг үндэслэлгүй сунгаж ААН-н төлөх алдангийн хэмжээг нэмэгдүүлсэн нь илэрхий байна. Хууль тогтоогч Татварын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлтөөр тогтоосон хяналт шалгалтын ажил дээр хэрэв илэрсэн бол алданги тооцохгүй гэсэн зохицуулалт орсон байдаг. Хяналт шалгалтын ажил гэдэг нь төрийн захиргааны байгууллагын хүсэлт зоригоос хамаараад урт удаан хугацаанд явдаг. Урт удаан хугацааны үр дагаврыг татвар төлөгч алданги гэдэг байдлаар үүрч байгаа явдалд гомдолтой байна, иймд алдангийн хугацааг бодит тооцооллоор гаргуулж өгнө үү.

2.4.Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нар шүүх хуралд өгсөн хариу тайлбартаа: Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Ц байцаагч: Энэ бол тайлангаа өгөөд, тайлагнах явцдаа хөнгөлөлтөө эдлээд, хөнгөлөлтийнхөө шугамаар манай Орхон аймгийн 14 Татварын газрын даргын тушаал гарч хөнгөлдөг. Тэр хөнгөлөлтөд энэ компани ороогүй. Ийм учраас нөхөн татвар тавигдсан." гэв.

Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Хб шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Өөрт хамааралтай хэсэгт тайлбар өгье. Нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хзтай хамт хариу тайлбар ирүүлсэн. Үүн дээр тодорхой байгаа. Миний хийсэн үйлдэл бол яг хариу тайлбар дээр бичсэн шиг систем дээр би арифметик алдааг л хянадаг. Татварын нэгдсэн программ нь татварын тайлангийн алдаа, мэдээллийн зөрүү, материаллаг алдааг хянаад боловсруулдаг гэв.

Үндэслэх нь. Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2. Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ: 30.2.7. тайланд тусгасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль тогтоомжид нийцүүлэн тооцож, тодорхойлсон эсэх; 30.3. Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно. 30.4. Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.

"Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-д Гурав. Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх

3.2. Татварын ерөнхий хуулийн 30.2-т заасны дагуу татварын тайланг хянан, боловсруулалт хийх бөгөөд татварын тайлангийн төрөл тус бүрийн хянах, боловсруулалт хийх нарийвчилсан шалгуур үзүүлэлтийг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын татварын тайлан хүлээн авах чиг үүрэг бүхий нэгж тодорхойлно.

3.3.Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.

3.4.Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30.4-т заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.

3.5.Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 30.5-д заасан хугацаанд татварын тайлангийн зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах, эсхүл мөн хуулийн 30.6- д заасан тайлбарыг ирүүлнэ. гэж заажээ.

Татварын алба дээрх чиг үүргээ биелүүлсэн бол манай компани ААНОАТ хөнгөлөлт буруу эдэлсэн хэсэгт нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах нөхцөл бүрдэхгүй байх байлаа. Татвар төлөгч ногдлоо өөрөө тодорхойлох үүрэгтэй ч үүнийг хянан баталгаажуулах, шалган хүлээн авах дараагийн эрх бүхий эрх зүйн харилцаа нь татварын ерөнхий хуулиар татварын албанд байдаг.

2.5.Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын шүүхэд өгсөн хариу тайлбар нь татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 30.2.7, 30.3, 30.4, "Татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам"-н Гурав дах хэсэг. Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх журамтай нийцэхгүй байгааг харуулж байна

Хөнгөлөлтөд хамрагдах ААН жагсаалтад манай компани байхгүй, ороогүй гэдгийг мэдэж байсан байж тайланг буцаах үйлдэл яагаад хийгээгүй вэ, дээрх журамд тодорхой нарийн зааж тусгагдсан байна тухайн үед татвар төлөгчийн тайлагнасныг татварын алба хүлээн авч баталгаажуулсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах итгэл үүссэн гэж үзэж байна, мөн Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т "татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" зарчим байна. Энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг тодорхой төлбөр хураамж, торгуультай холбогдох асуудалд хэрэглэж болно гэж үзэж байна. Иймд ААНОАТ-н хөнгөлөлт буруу эдэлсэн зөрчилд холбогдох торгууль, алдангийн дүнг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

3.Хариуцагч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бс нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1.Орхон аймгийн Татварын газрын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч М.Ц, Ч.Мс нар 4417399 регистрийн дугаартай "Дхш" ХХК-ийн 2021.05.21-2023.12.31-ны өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 2024402143 тоот томилолтоор иж бүрэн хяналт шалгалтыг 2023.04.24-2024.09.18-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн.

3.2.2024 оны 09 сарын 18-ны өдрийн НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын актаар 126,939,218.79 төгрөгийн зөрчилд 45,411,431.56 төгрөгийн нөхөн татвар, 18,164,572.61 төгрөгийн торгууль, 4,917,208.14 төгрөгийн алданги нийт 68,493,212.31 төгрөгийн төлбөр ногдуулсан.

3.3.Үүнээс тус компани нь мод үржүүлэг, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Албан татварын хөнгөлөлт" 22.5.10 дахь хэсэгт "доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар: 22.5.10.а. үр тариа, төмс, хүнсний ногоо;" гэсэн заалтад хамруулан алдаатай тайлан илгээн төсөвт төлөх татварыг 40,057,224.71 төгрөгөөр бууруулан тайлагнасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг татвар төлөгч өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан эдлэх боломжтой бөгөөд үйл ажиллагаатай хамааралгүй хөнгөлөлтийн заалтыг сонгон тайлангаа цахимаар илгээн төсөвт төлөх татвараа бууруулсан дээрхи зөрчилд 40,057,224.71 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж 16,022,889.88 төгрөгийн торгууль, 4,298,540.78 төгрөгийн алданги нийт 60,378,655.37 төгрөгийн төлбөр ногдуулсан.

3.4.Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 119/ШШ2025/0040 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6-д Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.10.а-д заасан албан татварын хөнгөлөлт эдэлснийг зөрчил гэж үзэн татварын нөхөн ногдуулалтын акт тогтоосныг шүүх үндэслэлтэй гэж үзсэн учраас мөн хуулийн 22.5.6-д "хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагсдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг" заасан тул татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хязгаарлах боломжгүй.

3.5.4.7-д Учир нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:" 5.1.3." шударга байх;", 15 дугаар зүйлийн 15.1- д "Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй." заасан тул 2023 оны "Дхш" ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэн тус компанийн гаргасан "2023 оны Дхш" ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

3.6.Шүүхийн шийдвэрийн дээрх дурдсан хэсгүүдийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тус компани нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 79,537,154.15 төгрөгийн албан татвар ногдуулснаас 40,057,224.71 төгрөгийн албан татварын хөнгөлөлтийг хасаж 39,483,487.20 төгрөгийн албан татварыг төсөвт төлөхөөр тайлагнасан бөгөөд ногдуулсан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй. 2024 оны 04 сарын 29-нд хяналт шалгалтын хугацаанд байцаагчийн шаардлагаар хөнгөлөлт хассан татварын дүнгээр татвараа төлсөн байдаг. Татварын хөнгөлөлт эдлэх нь тайлангаар ногдуулсан албан татвараа хуулийн хугацаанд бүрэн төлсний үндсэн дээр хөнгөлөлтийг буцаан авах зарчмаар явагддаг процесс юм. Иймээс ногдуулсан татвараа хуулийн хугацаанд төлөөгүй нь хөнгөлөлт эдлэх шаардлагыг хангаагүй бөгөөд доорх хууль, журмын зохих заалтуудыг зөрчсөн байна. Үүнд:

3.7.Татварын ерөнхий хуулийн 28.1 дэх хэсэгт "Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө.", 29.2 дахь хэсэгт "Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.", 29.3 дахь хэсэгт "Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа долоо хоног бүрийн Бямба, Ням гараг, нийтээр тэмдэглэх баярын өдөртэй давхацсан тохиолдолд түүний өмнөх ажлын өдөр нь татвар төлөх, тайлагнах эцсийн өдөр байна.",

3.8.Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журмын 1.1 дэх хэсэгт "Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлд заасан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцааг зохицуулахад энэ журмыг баримтална,", 2.1 дэх хэсэгт "Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй тохиолдолд татварын хөнгөлөлтийг тухайн тайлант хугацаанд татвар төлөгчийн төлсөн татвараас буцаан олгох замаар эдлүүлнэ" гэж заасан заалтуудыг зөрчсөн тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн 4.6-д заасан "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.6-д "хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагсдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг" заасан тул татварын хөнгөлөлт эдлэх эрхийг хязгаарлах боломжгүй" гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

            1.1.Нэхэмжлэгч “Дхш” ХХК-иас Орхон аймгийн Татварын газар, Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.Ц, Ч.Мс, Б.Хб нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ. Үүнд:

1.1.1.Татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах,

1.1.2.Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах,

1.1.3.2023 оны “Дхш” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тарьж буй суулгацыг хамгаалах үүднээс хашаа барих, өвс хадах үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой байсан, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.6-д зааснаар татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байсан, хяналт шалгалтыг үндэслэлгүйгээр сунгаж, алданги, торгуулийг тооцох хоногийг нэмэгдүүлсэн” гэж тайлбарлан маргажээ.

 

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.“Дхш” ХХК нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13-р баг Бц, “Аи” ХХК-ийн үйлдвэрийн байранд “Ойн аж ахуйн туслах үйл ажиллагаа, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, нийтийн хоолны үйлчилгээний” чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 201102**** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж,  “Аи” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор үйл ажиллагааны чиглэл дээр “Мод үржүүлэг, ойжуулах ойг нөхөн сэргээх” үйл ажиллагаа явуулахаар нэмэлт өөрчлөлт оруулсан.

2.2.Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрөөс бүртгэгдээд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр татварын төрлөөс хасагдсан ба 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/19 тоот тушаалаар “Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх” чиглэлээр 3 жилийн хугацаатай гэрчилгээ авсан байна.

            2.3.Орхон аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Мс, М.Ц нар нь Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024402143 тоот томилолтын[1] дагуу “Дхш” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

            2.3.Маргаан бүхий 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн НА-20240000063 тоот нөхөн ногдуулалтын актаар[2] хяналт шалгалтын явцад нийт 126,939,218.79 төгрөгийн зөрчил илэрсэн гэж үзэж, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 45,411,431.56 төгрөгийн нөхөн татвар, 18,164,572.61 төгрөгийн торгууль, 4,917,208.14 төгрөгийн алданги нийт 68,493,212.31 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч “Дхш” ХХК-иар төлүүлэхээр тогтоосон.

           

            3.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 1 дэх заалтын тухайд:

3.1.Нэхэмжлэгч компани нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангаснаар 29,037,146.36 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д ““нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5 дугаар зүйлийн 5.2-д “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.”, 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, Албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээ”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.

3.3.Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгэгдээд, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус төрлийн бүртгэлээс хасагдсан байна.

3.5.Улмаар тус компани нь 2023 онд нийт 1,959,597,840.62 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байх бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангаснаас хойш нийт 31,940,861.000 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар ногдох ажил үйлчилгээг гүйцэтгэсэн болох нь 2023 оны Татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдсэн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогын жагсаалтууд зэрэг нотлох баримтуудаар[3] тогтоогдож байна.

3.6.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрснээр албан татвар суутган төлөгч байхаар зохицуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тухайд 2023 онд хийж гүйцэтгэсэн  ажил, үйлчилгээ Эрдэнэт хотод хашаа барих 50 сая төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэснээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангажээ.

3.8.Улмаар хариуцагч татварын байцаагч нар хяналт шалгалтын хүрээнд дээрх хашаа барих 50 сая төгрөг бүхий ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй бөгөөд бусад 31,940,861 төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан 29,0374,146.36 /цэвэр дүн/ төгрөгийн орлогод 2,903,714.64 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь хууль нийцжээ. 

3.9.Тодруулбал, нэмэгдсэн өртгийн суутган төлөгчийн болзол хангаснаас хойш “Аи” ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэрийн 10.8 км хайрган хучилттай автозамын усалгаа хийх 11,050,000.00 төгрөгийн, “Аи” ХХК-ийн Орхон аймаг дахь катодын зэсийн үйлдвэрийн 14 га талбайн зэрлэг өвс хадах 10,000,000.00 төгрөгийн, эко нойлын түрээс 2,000,000.00 төгрөгийн, “Шз” ХХК-ийн кемпд цахилгаан хэрэглүүлсний төлбөр 8,890,861.00 төгрөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн ба нийт 31,940,861.000 /НӨАТ-тэй дүн/ төгрөгийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан 29,037,146.36 /цэвэр дүн/ төгрөгийн орлогод 2,903,714.64 төгрөгийн нөхөн татвар ногдуулсныг хэвээр үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

3.10.Энэ талаарх хариуцагчийн “... нэхэмжлэгч нь А1001 зам дагуу Эрдэнэт хотын хаалганы орчимд ногоон зурвас байгуулах талбайн 540 м хашаа барих 50,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж эхэлснээр нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн болзол хангасан. Дээрх 540м хашаа барих үйл ажиллагаанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, түүнээс хойш хийж гүйцэтгэсэн бусад 31,940,861 төгрөгийн ажил үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар нөхөн татвар ногдуулсан” гэх тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс гаргасан “...хашаа барих болон өвс хадах ажил нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой борлуулалт гэж үзэж байгаа тул дээрх 540 м хашаа барьсан 50,000,000 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа. Гэтэл хариуцагч нар уг дүнг нэмж бодсоноор нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн 50,000,000 төгрөгийн босго оноог даваад байна” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

4.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 2 дахь заалтын тухайд:

4.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2022 онд 30,436,211.00 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг, 2023 онд 27,0408,636.72 төгрөгийн баримтаар нотлогдоогүй зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

4.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:”, 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.2-т “албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж заасныг нэхэмжлэгч компани зөрчсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд[4] нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

4.3.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дах хэсэгт нэхэмжлэгчийг баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдох орлогоос хассан зөрчил гаргасан гэж үзэж төлбөр төлүүлэхээр тогтоосон хариуцагчийн шийдвэрт нэхэмжлэгчээс үндэслэл бүхий гомдол, тайлбар гаргаагүй байна.

 

5.Маргаан бүхий актын Тэмдэглэх хэсгийн 3 дахь заалтын тухайд:

5.1.Аж ахуй нэгжийн орлогын албан татвараар 2023 онд модны үр суулгац нийлүүлсэн орлогод ногдуулсан албан татварыг “Үр тариа” гэсэн заалтад хамруулан 40,057,224.71 төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдэлсэн зөрчил нь холбогдох хууль тогтоомжийн заалтыг зөрсөн гэж үзжээ.

5.2.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйл. Албан татварын хөнгөлөлт: 22.5-д “Дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:”, 22.5.10-т “доор дурдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг 50 хувиар”, 22.5.10.а. “үр тариа, төмс, хүнсний ногоо” гэж,

Түүнчлэн Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319,А/160 дугаар “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллыг шинэчлэн батлах тухай” тушаалын хоёрдугаар хавсралтын 111-д “Үр тариа” (цагаан будааг оруулахгүйгээр), буурцагт болон тосны ургамал тариалалт, Тухайн ангид байгалийн (органик) болон генетикийн хувьд сайжруулсан хөдөө аж ахуйн ургамал ургуулах хэлбэрийг оруулаад задгай талбайд үр тариа, буурцагт болон тосны ургамал тариалалтын бүх хэлбэрийг хамруулна. Эдгээр ургамал тариалалт нь хөдөө аж ахуйн нэгжүүдэд хосолсон хэлбэрээр хийгдэх нь олонтой. Энэ ангид дараах ургамал тариалалт орно:

-үр тариа тариалалт: буудай, эрдэнэ шиш, сорго будаа, арвай, хөх тариа, овьёос /хошуу буудай/, бог будаа /шар будаа/ болон бусад үр тариа,

-буурцагт ургамал тариалалт: шош, тэжээлийн шош, хонин вандуй, үхэр вандуй, сэвэг зарам, чонон шош, вандуй, тагтаа вандуй болон бусад буурцагт ургамал,

-тосны ургамлын үр тариалалт: шар буурцаг, газрын самар, тосон туулган шош, хөвөнгийн үр, гичийн үр, тосон нуг, сармагийн үр, гүргэмийн үр, гүнждийн үр, наранцэцэгийн үр, тосны ургамлын бусад үр. гэж тус тус тодорхойлсон байна.

5.3.Дээрх тушаалын хавсралтаас үзэхэд “Далай хошууны шинэс” ХХК-ийн модны үр суулгацыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.10.а-д заасан үр тариа, төмс, хүнсний ногоо гэсэнд хамруулан хөнгөлөлт эдлэх эрх зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.4.Мөн хариуцагчийн “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг татвар төлөгч өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан эдлэх боломжтой бөгөөд хоорондоо харилцан хамааралгүй заалтыг сонгон хөнгөлөлтийг буруу эдэлж төсөвт төлөх татвар бууруулсан зөрчилдөө татварын албыг буруутгаж буй нь зүйд нийцэхгүй” гэх тайлбар үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан “...хөнгөлөлтөд хамрагдах аж ахуйн нэгжийн жагсаалтад манай компани байхгүй, ороогүй гэдгийг мэдэж байсан байж тайланг буцаах үйлдэл хийгээгүй, тухайн үед татвар төлөгчийн тайлагнасныг татварын алба хүлээн авч баталгаажуулсан үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үүссэн гэж үзэж байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.“Дхш” ХХК-ийн 2023 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, татварын хөнгөлөлт эдлэхийг хүлээн зөвшөөрөх” шаардлагын тухайд:

6.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Дараах орлогод албан татварын хөнгөлөлт үзүүлнэ”, 22.5.6-д “хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний ажилладаг аж ахуйн нэгжид нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээгээр тооцон уг аж ахуйн нэгжийн орлогод ногдох албан татварыг” гэж,

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 292 тоот тушаалын хавсралт “Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх үйл ажиллагааны журам”-ын 3.2-т “Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан ажлын байр бий болгож байгаа гэсэн шалгуурыг хоёр ба түүнээс дээш үндсэн ажилтныг 6 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан байхаар тодорхойлно.”, 3.3-т “Татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэхтэй холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн гэсэн шалгуурыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт, харьяалагдах сум, дүүргийн Засаг даргын олгосон үнэмлэхийг үндэслэн, ажиллагчдын тоог цалин, хөдөлмөрийн хөлснөөс суутгасан албан татварын тайлан, нийгмийн даатгалын тайланг үндэслэн тодорхойлно. Нийт ажиллагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эзэлж байгаа хувь хэмжээг тооцохдоо хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа нийт хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийт ажиллагчдад хувь тэнцүүлэн тооцно.” гэж тус тус заасан.

6.2.Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар[5] нэхэмжлэгч хуулийн этгээд нь үндсэн болон туслах 49 ажилтантайгаас хөдөлмөрийн чадвараа 50 хувиас дээш алдсан хөдөлмөрийн бэршээлтэй 3 иргэн ажиллуулдаг болох нь тогтоогдож байна.

6.3.Иймд хууль болон журмын дээрх зохицуулалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй 2 ба түүнээс дээш үндсэн ажилтныг 6 сараас дээш хугацаагаар ажлын байраар хангасан болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчаас гаргасан “хөдөлмөрийн гэрээтэй байх шаардлагыг хангасан байх ёстой” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

6.4.Иймд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.3-д “шударга байх”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж заасны дагуу “Далай хошууны шинэс” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

6.4.Иймд хариуцагчаас гаргасан “...татварын хөнгөлөлт гэдэг нь төлсөн татварыг улс хөнгөлөх ойлголт бөгөөд нэхэмжлэгч татвар төлөлтөө хугацаандаа өгөөгүй хоцроосон учраас тус хөнгөлөлтөд хамрагдахгүй” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

7.Түүнчлэн Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Б.Хбад холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-д “Татварын алба нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэн, татвар ногдуулах, төлөх, тайлагнах үйл ажиллагаатай холбогдуулан түүнийг хууль тогтоомжийн дагуу мэдээллээр хангаж, туслалцаа үзүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж, тайланг залруулах, зөвтгөх үйлдэл хийлгүй тайлан хүлээн авч баталгаажуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, тайлан баталгаажуулсан үйлдлийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

7.1.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.”, 30.2-т “Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ”, 30.2.1-д “тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх”, 30.2.2-т “тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх”, 30.2.3-т “тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэх” гэж тус тус заасан.

7.2.Хуулийн дээр зохицуулалтын дагуу татварын алба нь татвар төлөгчийн тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж, татвар төлөгч болон холбогдох бусад этгээд гарын үсэг болон тамга, тэмдэг дарж баталгаажуулсан, эсхүл цахимаар холбогдох журмын дагуу илгээсэн эсэх, тайланг хуулиар тогтоосон хугацаанд тушаасан эсэх, тайлангийн хавсралт баримт мэдээлэл бүрэн эсэхэд хяналт тавьдаг байна.

7.3.Иймд хариуцагч татварын улсын байцаагч Б.Хбын “...Татварын нэгдсэн программ нь татварын тайлангийн алдаа, мэдээллийн зөрүү, материаллаг алдааг хянаад боловсруулдаг. Тайлан ирэхэд миний үүрэг бол тайлангаа хараад систем дээр шалгуур хангасан байвал арифметик алдаа, тооны зөрүү байгаа эсэхийг хянадаг. Түүнээс цааш ухаад хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж болохгүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байх тул дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 40 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                   ШҮҮГЧ                                                          М.ЦЭЦЭГМАА

 

                                  ШҮҮГЧ                                                        Н.ХОНИНХҮҮ

 

       ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 61 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 68-72 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 76-80 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 103-105 дахь тал

[5] Хэргийн 2-р хавтас 22 дахь тал