Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 09

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч А.Намдаг,

Шүүгдэгч Ш.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Цогууд овогт Ширэндэвийн Алтангэрэлд холбогдох эрүүгийн 201615000358 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сумын Онги-8 дугаар баг, Жаргалант хороолол, 18-17 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цогууд овогт Ширэндэвийн Алтангэрэл, /РД:ЙО88011510/.

Шүүгдэгч Ш.Алтангэрэл нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хорооллын нутаг дэвсгэрт иргэн Г.Сайнбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Ш.Алтангэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Г.Сайнбилэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 23 цагийн үед би гэртээ унтаж байтал манай гэрт гаднаас Ш.Алтангэрэлийн эмэгтэй хүүхэд нь орж ирээд Сайнбилэг ахаа аав ээжийг зодоод байна, та очоод ээжийг салгаад өг гэсэн юм. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гараад явтал эхнэр нь манайх руу зугтсан бололтой гэрээсээ гараад эхнэрийгээ зам дээр унагачихсан, гэдсэн дээр нь мордчихсон зодож байсан. Тэгэхээр нь би очоод зүүн гараараа Алтангэрэлийн баруун гарын мөрөн дээрээс нь таттал эргэж харахдаа зүүн гараараа миний хамарны хэсэгт хөлдүү малын баасаар нэг удаа цохисон, тэгээд гартаа барьсан байсан хөлдүү малын баасаа хаячихаад дахин хөмсөгний хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гараад байхаар нь гэр рүүгээ явсан. Алтангэрэл ганцаараа гэр рүүгээ яваад өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй, би хохиролд нэхэмжилсэн 500000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан. Иймд Ш.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/,

Гэрч Б.Анхтуяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэртээ унтаж байсан чинь 23 цаг өнгөрч байх үед Алтангэрэлийн охин Янжинлхам манай гэрт орж ирээд аав ээжийг зодоод байна гэсэн. Тэгэхээр нь манай нөхөр Сайнбилэг босоод гэрлээ асаагаад хувцсаа өмсөөд байж байтал Цэрэнтогтох гадаа “авраач ээ, намайг аллаа” гээд орилоод байсан. Тэгээд манай нөхөр гүйгээд гарсан. Нэг их удалгүй манай нөхөр “яаж байгаа юм чи, намайг цохичихлоо шүү дээ” гээд орилоод байсан. Тэгээд би гэрээс гарч байтал Цэрэнтогтох охиноо дагуулаад манайд ороод ирсэн. Тэгээд нэг их удалгүй манай нөхөр Алтангэрэл намайг цохичихлоо гээд хамраас нь цус гарсан ороод ирсэн юм. Тэгээд манай нөхөр цусаа тогтоогоод байж байтал Алтангэрэл манай гэрт орж ирээд чи энэ гичийг өмөөрдөг хэн юм, чи наад гичийгээ аваад зайлаарай гээд манай нөхрийг зодох гээд байхаар нь би “чи өөрөө гар, төрснийгөө өмөөрөхгүй яадаг юм” гэж хэлээд Алтангэрэлийг гаргасан. Тэгээд байж байтал Цэрэнтогтох цагдаа дууд, цагдаад өгөхгүй бол эргэж ирээд намайг дахиад зодно гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Гэрч Б.Цэрэнтогтохын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр манай нөхөр архи ууж согтуу гэртээ 23 цагийн үед ирэхээр нь чи яагаад архи уучихав, ууж идэхээ багасга гэсэн чинь ууж идэхээ чамаар заалгахгүй гэсэн. Тэгээд намайг зодоод байсан чинь манай охин Янжинлхам гарч яваад айлын Сайнбилэг гэх залууд хэлчихсэн байсан. Тэгээд намайг салгаж авах гэтэл Сайнбилэгийг манай нөхөр Алтангэрэл цохиод авсан юм шиг байна лээ. Тэгээд би Сайнбилэгийн гэр лүү нь охиноо дагуулаад орсон. Алтангэрэл согтуу байсан. Сайнбилэг бид хоёр бол эрүүл байсан. Урьд нь Сайнбилэгийг бол зодож байгаагүй, гэртээ согтуу ирэх болгондоо хэрүүл маргаан хийж байдаг. Одоо миний биед гэмтэл шарх байхгүй, би гэмтлийн зэрэг гаргуулахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Гэрч Ш.Ичинхоролын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Ш.Алтангэрэл нь миний төрсөн дүү байгаа юм. Тухайн хэргийн талаар бол надад мэдэх юм байхгүй. Манай дүү 4 дүгээр анги төгссөн. Сургуульд байхдаа ангидаа болон найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай, хүнтэй харьцахдаа харьцаа сайтай, архи хэрэглэдэг. Архи хэрэглэсэн үедээ манайд орж ирдэггүй юм. Архи уусан үедээ ямар зан ааштай болдгийг бол мэдэхгүй. Эрүүл үедээ бол хүний өмнөөс хар буруу үг хэлдэггүй хүн байгаа юм. Зан аашын хувьд төлөв даруу хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Гэрч Н.Болдбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Ш.Алтангэрэл нь манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм. Уг хүн нь төлөв даруухан зантай. Хүнтэй харилцах харьцаа сайтай, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, архи, тамхи хэрэглэдэг, архийг нэг их уудаггүй, архи уусан үедээ манайд орж ирж байгаагүй учраас ямар зан авир гаргадаг талаар би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Шүүгдэгч Ш.Алтангэрэлийн хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ гаднаас жаахан архи уучихсан орсон чинь манай эхнэр “чи яагаад архи уугаад байгаа юм” гэсэн. Тэгээд эхнэртэйгээ гэртээ жаахан хэрүүл маргаан хийгээд байж байсан чинь манай охин гэрээс гараад явчихаар нь эхнэртэйгээ хоёулаа охиныхоо араас гараад явж байхдаа хоорондоо бас маргалдаад барилцаж аваад байж байтал миний араас нэг хүн барьж аваад татахаар нь би эргэж хараад гараараа нэг удаа цохиод авсан. Тэгсэн Сайбилэг “чи намайг цохьчихлоо шүү дээ, хамарнаас цус гараад байна” гэсэн. Тэгээд би босоод иртэл эхнэр босоод Сайнбилэгийн гэр рүү нь яваад орсон. Тэгэхээр нь би эхнэрийнхээ араас Сайнбилэгийн гэр рүү нь ороод эхнэрээ авч гарах үедээ бас Сайнбилэг болон эхнэр Анхаа гэх эмэгтэйтэй нь бас хэрэлдэж маргалдсан. ...Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирогчтой эвлэрсэн. Хохирогч Сайнбилэгийн хохирлыг бүрэн барагдуулж ямар нэгэн маргаангүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-39, 42 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 379 дугаартай шинжээчийн: “…Г.Сайнбилэгийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 24 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11/,

Шүүгдэгч Ш.Алтангэрэлийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх 43/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /хх 44/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2015 оны тооллого /хх-ийн 45-46/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 47/,

Хохирогч Г.Сайнбилэгийн шүүхэд ирүүлсэн: “...Миний бие Ш.Алтангэрэлээс хохиролд 500000 төгрөг авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ш.Алтангэрэл бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул Ш.Алтангэрэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Алтангэрэл нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн орчимд Уянга сумын Онги 8 дугаар баг Жаргалант хорооллын нутаг дэвсгэрт иргэн Г.Сайнбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Сайнбилэгийн шүүгдэгч Ш.Алтангэрэлд зодуулсны улмаас биедээ гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Анхтуяа, Б.Цэрэнтогтох нарын мэдүүлэг, хохирогч Г.Сайнбилэгийн бие махбодид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 379 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ш.Алтангэрэлийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Цогууд овогт Ширэндэвийн Алтангэрэлд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.Алтангэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Алтангэрэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-т “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх тул, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Алтангэрэл нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогч Г.Сайнбилэгийн шүүхэд ирүүлсэн “хохиролд 500000 төгрөг авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай” хүсэлт зэргийг үндэслэн шүүгдэгч Ш.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрэхдээ түүний эрхшээлд байгаа буюу бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадаагүй гэх үндэслэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Хэрэгт Ш.Алтангэрэлийн эзэмшлийн 7 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:           

1. Цогууд овогт Ширэндэвийн Алтангэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Ш.Алтангэрэлд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Алтангэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Ш.Алтангэрэлийн эзэмшлийн 7 тооны ямааг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Алтангэрэлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Алтангэрэлд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦЭЦЭГЭЭ